Монголын ногоон нам (МНН)-аас өчигдөр УИХ-д суудалгүй намуудын дунд Сонгуулийн нэгдсэн хуулийн төслөөр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа хэлэлцүүлэгт оролцож, улс төрийн намын төлөөллүүдэд мэдээлэл өгсөн. Техникийн Ажлын хэсэг төслийн суурийг бичиж дуусгажээ. Үүндээ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусгасан дэвшилт заалтуудыг оруулсан байна. Одоо үүн дээр сонгуулийн тогтолцооны холимог системийн харьцаа, санхүүжилт зэрэг бодлогын гол зүйлүүдээ нэмэх дутуу байгаа гэнэ. Бодлогын асуудлаар намууд, төрийн бус байгууллага, судлаачид, иргэдийн саналыг авсаар байгаа юм. Аймаг, нийслэл, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуулийг зохион байгуулах нийтлэг харилцаанаас ижил зүйлүүдийг төсөлд нэгтгэж байгаа. Төсөл боловсруулахдаа анхаарч өөрчлөх гол зүйлсийн нэг нь сонгуулийн зардлыг бууруулах явдал гэдгийг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Р.Бурмаа онцолсон.
Сүүлийн хоёр ч удаагийн УИХ-ын сонгуулиар нэр дэвшигчээс гарах зардал хоёр дахин өссөн гэнэ. 2012 оны сонгуулийн зардлын албан ёсны тайлангаас харахад нэг нэр дэвшигч дунджаар 200 сая төгрөг сурталчилгаандаа зарцуулсан байжээ. Зардлын 80-90 хувийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зориулдаг гэнэ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сонгуульд зориулан сурталчилгааны тусгай тариф гаргаж, хаалтын гэрээ хийдэг учраас тэр гэнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, бусдыг гүтгэсэн мэдээ нэвтрүүлсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн тусгай зөвшөөрлийг цуцлахаар тусгасан. Энэ заалт үр дүнгээ өгч, Ерөнхийлөгчийн сонгууль соёлтой болсныг гишүүн онцлов. Тиймээс энэ зохицуулалтыг шинэ төсөлд бас оруулах юм байна. Зардлыг багасгахын тулд Герман, Канад, БНСУ зэрэг орны туршлагаас хэрэгжүүлэх боломжтой аж. Тухайлбал, Германд нэр дэвшигчдийн сурталчилгааны зурагт хуудас наах газрыг зааж өгдөг гэнэ. Тэр нь гэрлийн шон, гудамжны зүлэгний дэргэдэх жижиг самбар зэрэг байдаг бөгөөд үүнд зурагт хуудсыг үнэгүй наалгадаг юм байна. БНСУ-д нэр дэвшигчдийн сурталчилгааны материалыг сонгуулийн хэсгийн хорооны ажилтнууд нэгтгэж байгаад айлуудад тараадаг. Сурталчилгаа тараах ажлыг төр хариуцан өөрийн зардлаар хийнэ гэсэн үг. Эдгээр туршлагыг манайд хэрэгжүүлэх боломжтой байх нь.
Мөн сонгуулийн зардал өндөр байхаар намууд компаниудаас хандив авч, дараа нь тэднийхээ “атганд” орчихдог учраас “захиалгын” хууль үйлдвэрлэхэд хүрдэг. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллагаас хандив авахыг хориглож байгаа юм. Сонгуулийн сурталчилгааны зардлаа намууд өөрсдөө даана, иргэдийн хандиваар шийднэ. Харин зохион байгуулалтын зардлыг нь төрөөс гаргана гэж Сонгуулийн нэгдсэн хуулийн Ажлын хэсэг үзсэн аж. Энэ нь Улс төрийн намуудын тухай хуулийн төслийн Ажлын хэсгийн саналтай зөрчилдөж байв. Тэнд сонгуулийн ихэнх зардлыг төр даана гэж буй юм. Энэ талаар Р.Бурмаа гишүүн “Улс төрийн намуудын тухай хуулийн Ажлын хэсэгтэй холбоотой ажиллаж байгаа. Тэд Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хуулиа тусдаа гаргахаар бол сонгуулийн зардлын асуудлыг тийш нь нэгтгэчихэж болно” гэлээ. Сонгуулийн тогтолцооны хувьд холимог байна. Харин 48:28, 38:38 гэсэн хоёр хувилбар ярьж, мажоритар тогтолцоо нь нэг тойрог-нэг мандатын системтэй байхаар тохиролцжээ. Энэ талаар гишүүн “Тойрог том байх тусам зардал их гардаг. Дээрээс нь сурталчилгааны хугацаа 21 хоног учир бүх сумаар тойрч амждаггүй” гэлээ. Мөн сонгуулийн маргааныг 60 хоногт багтаан шийдэхээр өөрчлөлт оруулж буйгаа ярилаа. Саналын хуудсан дээр нэр дэвшигчдийн зургийг хэвлэдэг болсон. Үүн дээр нэмээд тухайн намын логог байрлуулахаар Ажлын хэсэг ярьж буй аж. Намуудын нэрийг саналын хуудаст байрлуулахдаа Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг биш, өмнөх сонгуульд авсан саналын тоог харгалздаг байх хувилбар ч ярьж эхэлжээ. Үүний дараа намын төлөөллүүд саналаа хэлсэн. Сонгуулийн сурталчилгааны хугацаа 21 хоног байгааг 2-3 сар болгож уртасгах саналыг тэд хэлсэн юм.
БНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ганхуяг “Дөрвөн жилийн турш сурталчилгаа хийчихсэн УИХ-ын гишүүдтэй өрсөлдөж, 21 хоногт багтаан өөрийгөө таниулах боломжг үй” гэв. Хяналтын тооллогын талаар намууд нэлээд сонирхсон. Одоогийн хуульд сум, дүүрэг тус бүрт хоёр хэсгийн хороог сугалааны аргаар сонгож, хяналтын тооллого хийхээр тусгасан. Үүн дээр нэмээд ялсан, ялагдсан хоёр хүний саналын зөрүү 0.5 хувиас бага байвал дахин тоолдог байх саналыг Ажлын хэсэг гаргасан байна. Намын төлөөллүүд төслийг “Гайг үй” хэмээн үнэлэв. Гэхдээ сонгуулийн хэсгийн хороодод төрийн албан хаагч нар гэхээс илүү энгийн иргэдийг ажиллуулвал хардлага бага” гэсэн санал хэлж байлаа. МУНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Өнөрбаяр “Нэр дэвшигчид иргэдтэй хийх уулзалт, мөн сурталчилгааны материал тараах явцыг нэгдсэн журмаар зохион байгуулахаар хуульчилбал яасан юм бэ. Ингэвэл иргэдэд мэдээлэл тэгш хүрнэ, сонголтоо хийхэд хялбар болно. Бас байн байн айлуудын хаалгыг тогшиж, түвэг удахгүй болно” гэлээ. “Уулзалтын тухайд намууд хүлээн зөвшөөр өх магадлал муу байх, харин сурталчилгааны материалыг хэсгийн хороодын ажилтнууд нэгтгэж байгаад хамт тараах талаар бид ярьж байна” гэж Ажлын хэсгийн ахлагч хариулсан.
БНН-ын дарга Б.Жаргалсайхан “Сурталчилгааны хугацааг гурван сар болгох хэрэгтэй. Телевиз, радиод сонгууль болохоос өмнө гурван сарын турш өдөрт нэг цагийг улс төрийн үйл ажиллагаанд нэг цагийг үнэгүй гаргуулчих хэрэгтэй. Үүний оронд тэдний татвар, цахилгааны төлбөрөөс хөнгөлөх замаар урамшуулж болно” гэсэн санал гаргав. Мөн хяналтыг иргэд, олон нийтэд шилжүүлэх нь зөв гэсэн юм. МНН-ын тухайд холимог тогтолцооны 38:38 хувилбарыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Ингээд улс төрийн намууд саналаа бичгээр Ажлын хэсэгт илгээхээр болсноор хэлэлцүүлэг өндөрлөсөн. Үүний дараа Ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаагаас зарим зүйл тодрууллаа.
-Үндсэн хуулийн Ажлын хэсгийн ахлагч нь УИХ-д нэр дэвших насны босгыг 40 болгоно гэсэн байна лээ. Та түрүүн насны босго 25 хэвээр байна гэж хэлсэн...
-Бид Үндсэн хуулийн Ажлын хэсгийг хүлээж нэлээд цаг алдсан. Тэгээд одоо хүчин төгөлдөр байгаа Үндсэн хуульдаа нийцүүлж төслөө боловсруулж байна.
-Жагсаалтаар сонгогдсон хүм үүсийг 2016 онд тойрогт өрсөлдөх боломж олгохгүй гэсэн мэдээлэл гараад байна. Үнэн үү?
-Тэрийг хуулиар заахгүй, нам дотроо хэнийг, хаана нэр дэвшүүлэхээ шийднэ.
-Нэг мандат, нэг тойрог гэсэн зарчим баримтлахаар тохирсон. Нэг тойрог хэдэн сонгогчтой байх юм бэ?
-Хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, засаг захиргааны нэгжийг харгалзаж тойргоо байгуулна. Одоо судалгаа хийж байгаа учраас тодорхой тоо гараагүй байна. Өмнө нь СЕХ-ноос тойрог байгуулах саналаа ирүүлж, УИХ баталдаг байсан бол одоо тусгай нэгж байна.
-Бүсгүйчүүдийн нэр дэвших квотын хэмжээг 20 хувиас илүү тусгах бодолтой байгаа гэж байсан. Хэдэн хувь болгох вэ?
-Улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагынхан болон төрийн бус байгууллагаас 30 хувийн квот тогтоох санал гаргасан.
С.ТУУЛ