Шинэчлэлийн Засгийн газарт хүүшилсэн сүүдэр мөддөө арилахгүй шинжтэй. Улс төрийн шинэ хүчин засгийн эрхийг барьснаар өмнөх засгуудын алдааг засна, Монголын улс төр, эдийн засагт ужгирсан өвчнийг илааршуулна хэмээн тэсвэртэйгээр хүлээсэн ард олны итгэл найдвар алдарч эхлэв. Эдийн засгийн өсөлтийн хувь хэмжээ зогсолтгүй уруудаж, инфляцыг амласан хэмжээндээ барьж чадаагүйгээс үүдэн бараа бүтээгдэхүүний үнэ аажим боловч тасралтгүй нэмэгдэж, валютын ханш оргил цэг рүүгээ тэмүүлэхийн хэрээр үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн чадавхи шалдаа буулаа. Үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөгжлийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх нэрээр хариас бадар барьж авчирсан бондын хөрөнгө л ягтаа тулсан эдийн засагт маань амь зогоох дусал болж байна.
Эрх баригчид эхэндээ бүх бурууг өмнөх Засгийн газар луу чихэж байв. Ганц ийм аргаар хол явахгүй нь нэгэнт тодорхой болмогц дэлхийн эдийн засгийн хямралын нөлөө, экспортын гол түүхий эдүүдийн үнийн бууралт хэмээх буруутныг барьж авав. Буруугаа бусдаас хайх, бэлэн зэлэн амлалт, түргэн түүхий шоудалтаар амиа аргацаах арга барил амь аврахгүй нь нэгэнт тодорхой болжээ. Суудал нь өнцөгдсөн энэ Засгийн газарт засал хийж, гүрэм дором уншуулахгүй бол болохгүй нь гэсэн яриа аль ноднингоос эхэлсэн.
Сөрөг хүчин МАН Засгийн газрыг, зарим сайд нарыг огцруулах асуудлыг нэг биш удаа тавьсан боловч амжилт олсонгүй. Угаасаа дутуу хийсэн мэх нь өөрийгөө шороодуулахаас өөр үр дүн авчраагүй. Харин энэ он гарсаар санаачилгыг эрх баригч АН өөрөө гаргах нь зүйтэй гэсэн байр суурь давамгайлах болжээ. МАН оочин цоочин довтолгоо хийхээс татгалзаж, нэгэнт буруу замаар буцалтгүй орчихсон Засаг гарах гарцгүйгээр мухарт тулахыг хүлээхээр шийдсэн сурагтай. Суларсан эдийн засаг сэргэнэ гэх найдвар хонгилын үзүүрээс огт харагдахгүй байгааг АН ч мэдэрсэн байна. Тийм учраас Засгийн газартаа засал хийхээр шийджээ. Харин бүрэлдэхүүнээр нь огцруулах замаар мэс засал хийх үү, “шүд сугалах” аргаар тохинуулах уу гэдэг дээр жаахан маргасан ч сүүлчийн хувилбарыг эхний ээлжинд туршиж үзэхээр тогтсон байна. Хамгийн түрүүнд сугалах ёстой “шүд”-ээр Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар тодорч, дараагийн ээлжийн эхэнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Сангийн сайд Ч.Улаан нарын нэр бичигджээ. “Бридж” Ганхуягийг Уул уурхайн сайдын сэнтийгээс татан буулгах нь зөв гэдэгт эргэлзэх хүн төдий л олонгүй болов уу. Монголын эдийн засаг уруудсан шалтгааныг түүнтэй холбож ойлгох гээд байдаг нь ч аргагүй. Тэр энэ цагийн Монголын хувь заяа шууд хамааралтай салбарыг нэн хариуцлагагүй удирдан хөтөлсөн нь аль хэдийнэ, үнэндээ бол бүр эхнээсээ тодорхой болсон билээ.
Монголын эдийн засаг байгалийн баялгаасаа шууд хамааралтай болсон. Энэ хамаарал ойр мөддөө өөрчлөгдөхгүй. Манай улсын дотоодын нийт бүтээгдэх үүний 17, экспортын 81, улсын төсвийн 23 (зарим тооцоогоор 40 шахам хувь), гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73 хувь нь уул уурхайд ногдож буй. Тэгэхээр баялгаасаа хараат амьдрах зам шулуудсан гэсэн үг. Намын дарга Н.Алтанхуяг Засгийн тэргүүн болоод ийм амин чухал салбарыг заавал Ганхуягаар удирдуулах хачин шийдвэр гаргасанд гайхаад баршгүй. Түүнийг томилогдсоны маргаашаас л гаднын хэвлэлүүд шуугиж эхэлсэн. Тэрхүү шуугиан “Монголын уул уурхайн нөхцөл байдал хэцүү боллоо. Шинэ сайд гадаадын хөрөнгө оруулагчдад таагүй ханддаг. Популист, үндсэрхэх үзэлтэй хүн. Уул уурхайн бодлогод “үндэсний” үзэл баримтлал давамгайлах магадлал өндөр боллоо” гэсэн агуулгатай байв. Гэтэл сайдын тамга атгасандаа саваа дүүртэл баярласан сайд маань Танхим бүрэн бүрдээгүй, Засгийн газар анхны хуралдаанаа ч хийж амжаагүй байхад “Оюутолгойн гэрээг өөрчилж чадахгүй бол би огцорно” хэмээн том дуугарлаа. Жирийн иргэн, хэн нэгэн УИХ-ын гишүүн хэлж болох, харин Уул уурхайн сайдын хувьд хэлмээр байвч амаа жимийгээд өнгөрөх ёстой энэ сүржин мэдэгдлийн дараахан Монголд хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia” чуулга уулзалт Улаанбаатарт болов. Засгийн газар төдийлэн ач холбогдол өгсөнгүй. Сайд Д.Ганхуяг нээлтэн дээр нь хэдэн үг хэлж, харагдсан болоод хээв нэг гараад явчихсан. “Даарин дээр давс үрэх” хэрэг явдал үүгээр дууссангүй. “Би Оюутолгойн гэрээг өөрчилж чадахгүй бол огцорно гэж хэлээгүй” хэмээн сэтгүүлчидтэй хэрүүл хийж эхлэв. Энэ бүгдийг харсан, сонссон хөрөнгө оруулагчдын цөөнгүй нь буцах тийзээ захиалсан биз ээ. Оюутолгойн гэрээг өөрчилж сайжруулах нь зүйтэй юм байна гэдэг нэгэн цул ойлголт төр засагт ч, түмэн олонд ч бий болсон. Энэ бол нэг ёсны том ололт, дэвшил.
Улс үндэстнээрээ нэгдэн нэгэн зүгт харж чадсан энэ үйл явдалд “Оюутолгойгоо бид ломбарданд тавьчихжээ” хэмээн 2011-2012 оныг дамнуулан хашгирсан гишүүн Д.Ганхуягийн хувь нэмэр ч орсон байх. Гэхдээ тэр одоо бол УИХ-д дахин сонгогдохын төлөө улайрсан гишүүн Ганхуяг биш, Монголын уул уурхайн салбарын жолоог атгасан сайд, хөрөнгө оруулагчид түүгээр дамжуулан шинэ Засгийн газрын судсыг чагнаж байгаа гэдгийг умартсанаараа том гай чирсэн. 2011 онд мань эр Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, Стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг санаачлан батлуулж, Оюутолгой тойрсон популизмынхаа оргил дээр туг хатгаж байв. Энэ хууль ямар үр дагавар дагуулсныг, хөрөнгө оруулагчид хаашаа одсоныг ярих хэрэггүй биз. Хаяад явсан тэднийг буцаад ирээч гэж Ганхуяг гар далласаар байгаа ч түүнд итгэх тэнэг хөрөнгөтөн олдохгүй л байна. Оюутолгойн гэрээгээр оролдох мөр өөдл өө тэр биелүүлсэн. Үр дүнд нь эхний ээлжийн бүтээн байгуулалт өндөрлөн, хоёр дахь шатандаа шилжиж, зэсийн баяжмалаа экспортолж эхэлж байсан Оюутолгой нам зогсоод удаж байна. 2013 он өнгөрлөө. 2014 онд ч найдах юм алга. Хоёр талын ажлын хэсэг амсхийх завгүй ажиллаж байна гэж тэр мэдэгддэг ч гэрээг өөрчлөх яриа хэлэлцээ мухардалд орсон нь тодорхой байна. Тавантолгой бас таг зогссон. Түүнийг дагаад “Энержи ресурс” гэх мэтийн уул уурхайн томоохон компаниуд тодорхойгүй хугацаагаар хаалгаа барьж, Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьцааны үнэ Хөрөнгийн бирж дээр үнэгүйдээд байна.
БНХАУ-д нүүрсний эрэлт хэвээрээ байхад саахалтын зайд саваар дүүрэн байгаа Монголын нүүрсний экспорт буурсаар. Монгол Улс 2011 онд 22.5 сая тонн нүүрс Хятад руу гаргаж байсан бол 2012 онд 20.5 сая тонн болж, 2013 онд 18.2 сая тонн руу унав. “Монгол Улс Хятадын нүүрсний импортын зах зээлийг Австралиас булааж байна” гэж дэлхий даяар шуугиж байсан сайхан цаг мартагдав. 2009 онд Хятадын коксжих нүүрсний зах зээлийн 11 хувь нь Монголд, 65 хувь нь Австралид ногдож байснаа 2011 онд Монголынх 45, Австралийнх 23 хувь болж, бид хүч түрж эхэлсэн үе ард хоцров. 2013 онд Австрали Хятадад 30.1 сая тонныг нийлүүлсэн байхад манайх 18.2 сая тонн буюу бараг хоёр дахин багыг ачуулж, атга дүүрэн барьж аваад байсан барьцаа алдчихжээ. Тив алгасан нүүрсээ зөөж байгаа Австралийнх нэмэгдээд, хэдхэн километрийн цаана байгаа Монголынх багасдаг нь бидний бодлогогүйнх, арчаагүйнх. Асуудал зөвхөн нүүрсэнд ч байгаа юм биш. Манай улс 2013 онд найман тонн алт, 18 сая тонн нүүрс, 645 мянган тонн зэсийн баяжмал, 6.7 сая тонн төмрийн хүдэр экспортолсон бөгөөд төмрийн хүдрээс бусад нь төлөвлөсөндөө хүрээгүй. Монголыг тэтгэж эхэлсэн, ирээдүйд ч тэжээх уул уурхайн салбар ингэтлээ уналтад орсны хариуцлагыг Засгийн газар, уг салбарыг толгойлж буй Сайд үүрэх ёстой. Тиймээс хэрвээ “Шүд сугалах” гэж байгаа бол хамгийн түрүүнд Д.Ганхуяг сайдыг “сугалах” нь шударга ёсонд нийцнэ.
С.БОЛД