УИХ хууль тогтоож, Засгийн газар түүнийг нь хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ бол Үндсэн хуулиар тунхагласан засаглалын эрх, үүргийн хуваарилалт. Гэвч уг зарчим алдагдах болсоор уджээ. Засгийн газар гүйцэтгэгч байгууллага гэхээсээ илүү УИХ-ын хоёр дахь хувилбар болчихсон. УИХ эсрэгээрээ Засгийн газраас оруулж ирж буй дутуу дулимаг төслийг шүүн тунгааж, боловсруулдаг “туслах” нь болох тохиолдол ч гарч байна. Засгийн газар УИХ-аас баталсан хууль, тогтоолыг хэрэгжүүлдэггүйн хамгийн сүүлийн жишээ бол Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай 72 дугаар тогтоол. 2010 оны арванхоёрдугаар сард баталсан уг тогтоолд эрчим хүчний салбарт үнэ чөлөөлөх бодлогыг шат дараатайгаар хэрэгжүүлэхээр заасан юм. Ингээд энэ оны нэгдүгээр сараас эхлэн тус салбарын үнийг зах зээлийн горимд шилжүүлэх учиртай байлаа. Гэвч гуравдугаар сар гарчихаад байхад Засгийн газар тогтоолыг хэрэгжүүлээгүй л сууна.
.jpg)
Уг тогтоолын дагуу 2010 оноос цахилгаан станцууд, дамжуулах сүлжээний компаниудад татаас өгч эхэлсэн. Тогтоолын заалт ёсоор төвийн бүсийн эрчим хүчний системд 2010, 2011 онд тус бүр 7.5 тэрбум, 2012, 2013 онд тус бүр 15 тэрбум төгрөгийн татаас олгожээ. Гэвч өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар 20 гаруй компани нийт 50 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Харин энэ оны нэгдүгээр сараас үнэ чөлөөлнө гэж тооцсон учраас татаасыг зогсоохоор заасан аж. Засгийн газар үнийг нь чөлөөлөөгүй атлаа төвийн бүсийн эрчим хүчний системд өгдөг татаасыг он гармагц зогсоосон байна. Тиймээс энэ оны эхний улирлын дүнгээр тэд “хөөрхөн” алдагдалтай гарах биз. Харин баруун болон Дорнод бүсийн, Алтай-Улиастай, Даланзадгадын эрчим хүчний системд энэ онд үргэлжлүүлэн 30 тэрбум төгрөгийн татаас өгөх юм билээ. Татаас аваад буй атлаа л төрийн өмчийн компаниудад байдал хүнд байна. Тэгвэл тонн нүүрсээ 20 мянган төгрөгөөр буюу бодит өртгөөс доогуур үнээр станцуудад нийлүүлдэг Багануур, Шивээ-Овоо, Шарын гол, Налайхын гээд гол хэдэн уурхайд байдал ямар байх нь ойлгомжтой.
Өнгөрсөн онд Багануурын уурхай 7-8 тэрбум, Шивээ овоогийн уурхай дөрвөн тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Энэ нь түлш нийлүүлж, тэсэлгээ хийдэг компаниудад өр болж үлддэг байна. Тухайлбал, ШивээОвоогийн уурхай өнгөрсөн онд түлшний болон сэлбэг, материал нийлүүлдэг компаниудад тус бүрт нь тэрбум гаруй, тэсэлгээ хийдэг компанид 700 сая төгрөгийн өр тавьж байж, станцуудад нүүрс нийлүүлсэн байх юм. Төр хувийн хэвшлээ дэмжинэ гэдэг ч үйлдэл нь эсрэг буужээ. Түлш, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулагчид он гармагц ЭХЯ болон Эрчим хүчний зохицуулах хороонд УИХ-ын 72 дугаар тогтоолыг биелүүлээч гэсэн хүсэлт тавьсан ч хариу өгөөгүй байгаа гэнэ. УИХын тогтоолыг хэзээ хэрэгжүүлэх вэ хэмээн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягаас асуухад “Үнийг шууд чөлөөлөх боломж алга байна” гэж шуудхан хариулсан.
Харин УИХын дарга З.Энхболд “УИХ-ын шийдвэрийг биелүүлэхгүй бол Засгийн газрыг огцруулах арга хэмжээ авдаг шүү дээ” гэсэн ч “Халаалтын улирал дуусаж, ачаалал буурахаар эрчим хүчний салбарын үнийг зах зээлийн горимд шилжүүлэх байх” хэмээн “өршөөнгүй” хариулсан. Хэрэв 72 дугаар тогтоолыг хэрэгжүүлбэл компаниуд тонн нүүрсний үнийг 3000-4000 төгрөгөөр нэмнэ, улмаар алдагдалгүй ажиллах боломж бүрдэнэ. Нөгөө талаар цахилгаан, дулааны үнэ өснө. Ингэвэл иргэд дургүйцнэ. Тиймээс үе үеийн Засгийн газар иргэддээ тал олохын тулд энэ салбарын үнийг хүчээр барьж, улмаар дампуурахад ойрхон болгожээ. Эрчим хүчний салбарын үнийг зах зээлийн горимд шилжүүлэх цаг болчихсонтой холбоотой юу, цахилгааны үнэ 10-15 хувиар өснө гэсэн мэдээлэл гарсан. Үүнд Ерөнхий сайд “Цахилгааны үнэ нэмэх талаар Засгийн газар ч, ЭХЯ ч яриагүй, ярих ч үгүй” гэсэн итгэлтэй хариулт өгөв. Энгийн иргэдийн хувьд энэ таатай мэдээ мөн. Гэхдээ олонхоос оноо авахын тулд эдийн засгийн салбарыг улстөржүүлэх учиргүй.
Үнэ чөлөөлнө гэдэг нь цахилгаан, дулааны төлбөрийг зах зээлийн бодит үнээр төлнө гэсэн үг. Ингэхдээ 150 кВтаас дээш хэрэглээгээр тооцож нэмдэг, харин нийт өрхийн 68 хувь нь энэ босгондоо багтдаг байна. Хэрэглээ нь 150 кВт-аас илүү гарч, их мөнгө төлөх гээд байгаа бол хэмнэх зарчимд шилжих учиртай. Засгийн газар нь ийнхүү том толгой гаргаж, УИХ-аа үл тоож, УИХ нь ч өршөөсөөр суух зуур эрчим хүчний салбар нурж унах нь. Гэхдээ шинэчлэлийн Засгийн газар нурж унасных нь дараа сэргээх гэж зүтгэснээс хөл дээрээ дэнжигнэж байхад нь түшээд авах “зориг” гаргана гэж хүлээе. Нөгөө талаар ийнхүү засаглалын эрх, үүрэг “бантан” болсны шалтгаан нь Үндсэн хуультай холбогддог. 2000 онд уг хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүн сайдаар ажиллах эрхийг нээсэн нь “том толгойт” Засгийн газруудтай байх үндсийг тавьсан билээ. УИХ-аас байгуулсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсэг ийм эрх олгосон заалтыг хасна, тэрийг нь Парламент батална хэмээн бас харзная.