УИХ-ын 2013 оны намрын ээлжит чуулган энэ оны нэгдүгээр сарын 30-нд завсарласан. Чуулганы завсарлагаанаар буюу хоёрдугаар сарын 10-нд Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарт хаягласан албан бичгийг Монголын банкны холбооноос илгээжээ. “Монголын банкны холбооны үндсэн зорилгын нэг нь гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах асуудал байдаг учраас энэхүү албан бичгийг хүргүүлж байна” хэмээн оршил болгосон тус албан бичигт чухам юуг онцолсон бэ. АНУ-ын Конгресс тус улсын нутаг дэвсгэрээс гадна орших оффшор данстай иргэдээсээ татварыг нь бүрэн цуглуулах зорилгоор FATCA (Foreign Asset Tax Compliance Act) буюу Гадаад дахь дансны хөрөнгийг татварт хамруулах тухай хуулийг 2010 онд баталсан. Үүгээр АНУ-ын иргэн, хуулийн этгээдийн гадаад дахь дансны талаарх мэдээллийг Холбооны татварын төв байгууллага (IRS)-д холбогдох улс орон нь саадгүй гаргаж өгөхийг хуульчилсан юм.
АНУ-ын иргэдийн дансны талаарх мэдээллээр хангах тухай Засгийн газар хооронд, эсвэл Холбооны татварын төв байгууллагатай гэрээ байгуулаагүй байхад оффшор дансны асуудал сөхөгдвөл тухайн банк, санхүүгийн байгууллагын АНУ-ын зах зээлээс олж буй орлогын 30 хувийг шууд суутгах тухай заалт дээрх хуульд буй аж. Ер нь тус хуулийг хэрэгж үүлэхээс татгалзсан улс орны хувьд гадаад төлбөр, тооцоо саатах, гүйлгээний өртөг нэмэгдэх, банк, санхүүгийн байгууллагуудын хамтрагч, түншлэгчид нүүр буруулах зэрэг сөрөг үр дагавар бий болох магадлалтай гэнэ. Цаашлаад олон улсын үнэлгээний байгууллагаас банк, санхүүгийн байгууллагад өгөх дүн, үнэлэмжид нөлөөлж, зээлжих зэрэглэлийг бууруулах, үйл ажиллагааны тогтвортой байдалд нь эргэлзээ төрүүлж болзошгүй аж. Нөгөө талаас энэ хууль нь олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх бодит хөшүүрэг болно гэж үзэж буй.
Одоогоор 50 гаруй улс АНУ-тай мэдээлэл солилцохоор Засгийн газар хоорондын гэрээ байгуулаад байна. Гэхдээ дээрх хуулийг хэрэгжүүлэхийг зөвшөөрч, хамтран ажиллах гэрээ байгуулахаа мэдэгдэх хугацаа энэ оны дөрөвдүгээр сарын 25-нд дуусгавар болж байгаа юм байна. Тиймээс яаралтай ямар боловч нэгдсэн шийдэл гаргаж өгөхийг хүсэж УИХ-д хандсан нь энэ бололтой. Өөрөөр хэлбэл, Монголын арилжааны банкууд Холбооны татварын төв байгууллагатай шууд гэрээ байгуулах замаар хамтран ажиллах гэхээр Банкны тухай хуулийн 7.2-т заасны дагуу харилцагч өөрийн нууцыг задруулахыг бичгээр зөвшөөрөөгүй бол түүний нууц гэж үзсэн аливаа мэдээллийг гаргаж өгөх үндэслэл болохгүй байгаа юм. Нөгөө талаас Банкны тухай хуулийн 2.2 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээнд банкны тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан тул FATCA-д нэгдсэн бусад улсын жишгээр Монгол Улсын Засгийн газар АНУ-ын Засгийн газартай гэрээ байгуулчихвал Холбооны татварын төв байгууллагад мэдээлэл өгөх хууль, эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Нэг ёсондоо АНУын Засгийн газартай дээрх хуулийн асуудлаар гэрээ байгуулах явдалд төрийн эрх барих дээд байгууллагын зүгээс онцгой анхаарал хандуулахыг энэхүү албан бичгээр уламжилжээ. УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 20-нд эхэлнэ. Харин хаврын ээлжит бус чуулган дөрөвдүгээр сарын 5-наас эхлэх хуультай. Дээрх асуудал нь цаг хугацааны хувьд давчуу учир ээлжит бус чуулганаар, эсвэл ээлжит чуулганы эхэнд хэлэлцэх боломжтой. Монголын банкны холбооны албан бичигт үндэслэл болгож дурдсаны дагуу “тэгэлгүй яах вэ” гээд АНУ-ын Засгийн газартай уухайн тас гэрээ байгуулах уу. Ингэж асуусан нь манай улс хэрэгтэй, хэрэггүй конвенц, олон улсын гэрээнд мэдэх, мэдэхг үйн дунд явж байгаад элсэн орж, эцэст нь асуудалд унадагтай холбоотой. Тун саяхны нэгэн жишээ авъя.
Монгол Улс 2000 онд НҮБ-ын Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг, 2005 онд Авлигын эсрэг, 2008 онд Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенцид тус тус нэгдэн орж, соёрхон баталснаар олон улсын өмнө мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үүргийг илүү өргөн хүрээгээр хүлээх болсон. Тиймээс ч тусгайлсан хууль санаачилж, холбогдох хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад байна. Учир нь Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага (ФАТФ)-аас Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг энэ оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс өмнө оруулахыг Монгол Улсад үүрэг болгож, биелүүлээгүй тохиолдолд ФАТФ-ын хар жагсаалтад оруулахаа мэдэгдэж байсан юм. Гэтэл Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дурдсанаар иргэд, аж ахуйн нэгжүүд 20.0 сая төгрөгөөс дээш бэлэн мөнгөний болон гадаад төлбөр тооцоог банкаар дамжуулан хийвэл юун мөнгө болохыг мэдүүлэх, нотлох шаардлагатай болж байгаа юм. Нотолж чадахгүй бол асуудал үүснэ. Нотлохын тулд долоон булчирхайгаа тоочих шаардлагатай. Өөрөөр хэлбэл, магадгүй Та гадаадад сурдаг хүүхдийнхээ сургалтын төлбөрт 20.0 сая төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний валют шилжүүлэх болбол банк таныг мөнгө угаасан байж магадгүй, эсвэл алан хядагчийг санхүүжүүлж байж болзошгүй гэж заавал хардах хэрэгтэй болох нь.
Эцэст нь та нэр цэвэр гарч ирсэн ч хувийн мэдээлэл тань Монголоор тогтохгүй дэлхийгээр тэнэх боломжтой. Энэ мэт сонин, жигтэй заалт дээрх хуульд нэгээр тогтохгүй бий. FATCA-гийн тухайд ингэж улс орнуудын Засгийн газар, санхүүгийн байгууллагад иргэдийнхээ талаар мэдээлэл гаргаж өгөхийг тулгаж байгаа нь олон улсад маргаан дэгдээдэг. Дэлхийн улс орнуудаас гадна АНУ-ын гадна амьдарч буй зургаан сая америк иргэний эрх ашгийг хамгаалдаг “Хилийн чанад дахь америк иргэдийн холбоо” байгууллагаас дээрх хуулийг хүчингүй болгохыг удаа дараа шаардаж буй. Тэр ч бүү хэл энэ оны нэгдүгээр сарын 24-нд АНУ-ын Парламент дахь сөрөг хүчин Бүгд найрамдах намын зүгээс FATCA-г хүчингүй болгох хуулийн төсөл санаачлаад байгаа юм байна. Тус хуулийг хэрэгжүүлэх явцад манайх шиг нөхцөл байдал олон улс оронд үүссэн. Гэсэн хэдий ч Герман, Франц, Итали, Испани, Их Британи, Швейцарь, Япон, Өмнөд Африк тэрг үүтэй улс орнууд АНУ-ын Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу FATCA-г хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Харин БНХАУ үүнийг эрс эсэргүүцэж, шууд татгалзсан.
Б.НОМИН