УИХ-ын ээлжит бус чуулган энэ долоо хоногт эхэлнэ. Үүгээр хэлэлцэх гол зүйл нь энэ оны төсөвт царцаасан барилгуудын санхүүжилтийг үргэлжлүүлэх үү, үгүй юү гэдэг асуудал. Засгийн газар түүхэндээ анх удаа төсвийн төслийг боловсруулахдаа “авлигажсан” буюу гүйцэтгэл удааширч, төсөвт өртөг нь анхныхаасаа өссөн 272 төслийг үлдээж, аудит хийлгэсэн юм. 250 сая төгрөг зарцуулан байж Үндэсний аудитын газраас эдгээр төслийг шалгаад Төсвийн байнгын хороонд танилцуулсан. 272 төслийн 70 гаруй хувь нь зураг нь бэлэн болоогүй зөрчилтэй байсан аж. Аудитын дүгнэлтээр нийт төслөөс 518.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий 146 төслийг энэ оны төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад тусгах боломжтой гэж үзсэн байна. Учир нь эдгээр ажилд төсвийн хөрөнгийг нэгэнт зарцуулж, ажлын гүйцэтгэл 60-аас дээш хувь болсон аж. Гэхдээ үүний ердөө 25 хувийг нь гэрээнд заасан өртгөөр санхүүжүүлнэ. Бусдынх нь өртгийг нэмснээр нь гаргаж өгнө гэсэн үг. Боломжийн гэж үзсэн 81 төслийг ирэх оны төсөвт суулгая гэжээ. Энэ мэтээр аудитаас ерөнхийдөө “өгөөмөр” дүгнэлт гарсан байна. Одоо шийдвэрийг УИХ гаргана. Дээрх “бантан” үүссэн шалтгааныг ерөнхий аудитор А.Зангад “Хөрөнгө оруулалтыг төлөвлөх, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, хянаж баталгаажуулах, техникийн нөхцөл хангах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, барилга объектыг барьж ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих гэхчилэн бүхий л үе шатанд нэгдсэн бодлого зохицуулалтгүй, мөрдөж буй хууль, журам, стандартууд уялдаа холбоогүй байна.
Мөн захиалагч, гүйцэтгэгч, зураг төслийн болон холбогдох мэргэжлийн байгууллагууд, төрийн албан хаагчдын ажил хариуцах чадвар, хариуцлага сул, хууль журам мөрддөггүй, хяналт тавьж хариуцлага тооцдоггүй байдал давамгайлж ужгирсан нь ийм байдалд хүргэсэн” гэжээ. Мөн өмнөх Засгийн газрууд барилгын компаниуд ийнхүү дур зоргоороо аашлан төсвөө санаснаараа нэмэх боломжийг бүрдүүлж өгснийг онцолсон. Тухайлбал, Засгийн газрын 2010 оны 336, 2012 оны 109 дүгээр тогтоол, Барилга, хот байгуулалтын сайдын 2007 оны 210, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 263, 18, 181 дүгээр тушаал ийм “хөрс” бэлдсэн байна. Үнэ өсгөхийг дэмжиж орхисон ийм буруу шийдвэрүүдийг яаралтай залруулахыг аудитор зөвлөсөн юм. Улсын төсвийг Засгийн газар боловсруулдаг. УИХ хянаж, хэлэлцээд баталдаг. Гэвч өмнөх Засгийн газрууд ч, УИХ ч “найзан дундаа” явж ирсэн. Засгийн газар нь төсөв боловсруулахдаа хяналт тавьдаггүй, УИХ нь үүнийг хянахын оронд гишүүд тус бүрийн тойрог руу ахиухан мөнгө хуваарилуулж, дараагийн сонгуулиар сонгогдох нүхээ малтахаар ажилладаг байсан нь нууц биш. Яг ийм хувийн ашиг сонирхол нь танилынхаа компанийн төсвийг дуугүйхэн нэмэхийн төлөө ажиллах шалтаг болдог биз.
Тухайлбал, Говь-Алтай аймгийн 500 хүний суудалтай “Алтай” чуулгын барилгын ажил 1.8 тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр 2008 онд эхэлсэн ч төсөв нь нэмэгдсээр 6.2 тэрбум төгрөг болсон. Хамгийн сүүлд эргэдэг тайзтай болно гэж 1.6 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардсан аж. Хэнтий аймгийн “Хан Хэнтий” чуулгын барилгыг анх 3.5 тэрбум төгрөгөөр барихаар 2011 оны төсөвт суулгасан ч одоо болтол дуусаагүй, дээвэртээ хүрээд “гацчихсан”. Учир нь одоо төсөвт өртөг нь 8.3 тэрбум төгрөг болж өсөөд буй. Иймэрхүү “но”-той барилгуудыг он дамжуулан санхүүжүүлэхээр төсөвт тусгадаг өмнөх Засгийн газрууд, тэдний далбаан дор даварч орхисон компаниудын балгийг шинэчлэлийн Засгийн газар цэвэрлэхээ зарласан. Аудитын тайланд татвар төлөгчдийн мөнгийг тэрбум тэрбумаар нь урсгахад гол үүрэгтэй оролцсон төсөвчин, хариуцлагагүй гүйцэтгэгч нарыг нэг бүрчлэн нэр усаар нь дурдаж, хавсаргасан байна. УИХ-ын дарга “Ийм хар жагсаалтад орсон компаниудын дахин барилга барих, зураг төсөл хийх эрхийг хааж, хариуцлага тооцно” хэмээн мэдэгдсэн. Засгийн газраас хяналтгүй оруулж ирсэн төсвийн төслийг найзан дундаа баталдаг зарчмаас энэ удаагийн УИХ ухарч байгааг ч тэр онцолсон байна лээ.
“Авлигажсан” төсвийг шүүсэн гавьяагаа шинэчлэлийн Засгийн газар хамгаалж, хүчтэй эхлүүлсэн далайлтаа буулгахдаа ч хэвээр хадгалах ёстой. “Но”-той төслүүдийн санхүүжилтийг үргэлжлүүлээд баталчихвал шинэчлэлийн Засгийн газар шинэчлэх биш, шоудахын төлөө энэ бүхнийг хийсэн нэр зүүнэ.
С.ТУУЛ