Манай улс өнөөдөр 331 сумтай. Засаг захиргааны энэ нэгж цаг үедээ нийцэхгүй байгаа учраас өөрчлөх, цөөлөх талаар үе үе ярьдаг. Тэгвэл шинэчлэлийн Засгийн газар энэ асуудлыг хөндөлгүй өнгөрөхгүй бололтой. Тэд 331 сумыг 70 болгож цөөлөх талаар ярьж эхэлсэн сураг байна. Гэхдээ АН талаас энэ санаачилга гарсан бололтой. 2006 онд энэ яриа эрчимтэй өрнөж, бүр загвар, төлөвлөгөө ч гарч байсан удаатай. Төсвийн үрэлгэн зардлыг хэмнэх, орон нутгаа бүсчилэн хөгжүүлэх замаар иргэдийнхээ тав тухтай амьдрах орчныг хангах нь энэ өөрчлөлтийн зорилго юм.

ХООРОНДОО 13-35 КМ ЗАЙТАЙ 58 СУМ БИЙ
331 сумын 58 нь хоорондоо ойрхон байрладаг аж. Бас аймгийн төв өөс өө 6-35 км зайтай 22 сум бий. Яг ийм сумдыг нь хооронд нь болон аймагтай нь нэгтгэх асуудлыг хөндөж буй юм. Ингэвэл ядаж л Засаг дарга, түүний орлогчоос эхлээд орон тоо хэмнэнэ. Ойр зайнаас гадна хүн ам нь хэтэрхий цөөн сум олон. Нийт сумын 51.7 хувь нь жижиг буюу 3000-аас доош, 30.1 хувь нь жижгэвтэр буюу 3001-5000 хүртэл, 8.5 хувь нь дундаж буюу 5001-7000 хүртэл, 9.7 хувь нь том буюу 7001-ээс дээш хүн амтай гэсэн судалгаа байна.
Хэт олон жижиг сум байгаагаас бие даан хөгжих эдийн засаг, санхүүгийн чадавхгүй болж буй. Зах зээл нь бага учраас үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжихөд хэцүү, тиймээс ажилгүйдэл, ядуурал бий болж, улмаар төв суурин газар бараадан нүүх нь их болсон. Бага сургууль нь 10 хүрэхгүй хүүхэдтэй сум ч байна. Ийм тарж бутарсан, “сөнөж” буй сумдын ирээдүйг аврахын тулд хооронд нь нэгтгэж, засаг захиргааны оновчтой бүтэцтэй болгох явдал. 2006 онд Засгийн газраас энэ талаар судалгаа хийжээ. Ингээд сумын хүн ам 5000 ба түүнээс дээш байгаа нөхцөлд сургууль, цэцэрлэгт анги дүүргэлт хэвийн, мэргэжлийн багш, ажилтнууд харьцангуй тогтвортой ажиллах, зах зээлийн багтаамж нэмэгдэх, нийгмийн үйлчилгээ тогтвортой, чанарын шаардлагатай түвшинд хүргэх боломжтой гэж үзсэн юм билээ. Одоо нийт сумын 80 гаруй хувь нь энэ ангилалд хүрэхгүй байгаа учир томсгох замаар цөөлөх нь зайлшг үй, улмаар сумдын тоог 100 гаруйгаар цөөлж болох юм гэж тэр үед тооцож байсан аж. Гэхдээ энэ төлөвлөгөө хэрэгжээгүй. Харин одоо бол бүр бараг тав дахин цөөлж, 70 болгох яриа гарч буй. Цаасан дээр буугаагүй, зөвхөн яриа, саналын түвшинд яваа бололтой. Тухайлбал, Булган аймгийн 16 сумыг тав болгож цөөлөх санал гарчээ. Үүн дотроо Хялганат тосгон, Сэлэнгэ, Хангал зэрэг таван сумыг нэгтгэх талаар ярьж байгаа гэнэ. Аль сум нь төв болж үлдэх вэ гэдэг өрсөлдөөн ч тэнд сэм өрнөж буй сурагтай.
НУТГАРХАХ ҮЗЭЛ, ИРГЭДИЙН ОЙЛГОЛТЫГ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ
Сумдыг цөөлөх тухай яриа зөвхөн Засгийн газраас гадна Ерөнхийлөгчийн түвшинд ч гарч байжээ. 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар Ажлын хэсэг байгуулж, засаг захиргааны нэгжийг дөрвөн аймаг, 68 хошуутай болгох санал гарч байсан билээ. Гэхдээ иргэдээс санал асуулгүйгээр аймгуудаа автоматаар нэгтгэсэн тэр загвар нь олон нийтэд таалагдаагүй юм. Мөн Үндсэн хуультай зөрчилдс өн. Энэ туршлагаас 2006 оны Засгийн газар санаа авч, шинэчлэлийг шатлалтайгаар хийх арай оновчтой санал боловсруулж байжээ. Иргэд хэдийгээр ойрхон байрлах олон сумыг нэгтгэх замаар орон нутгаа хөгжүүлэх боломжийг дэмждэг ч тэдний сэтгэхүй өөрчлөлтийг хүлээн зөвшөөртөл бас цаг хугацаа шаардах нь мэдээж. Одоо ярианы түвшинд байгаа дээрх асуудлыг ажил хэрэг болгохоосоо өмнө Засгийн газар олон нийтээс саналыг нь асуух учиртай. Ингэж байж аль аль сумыг хооронд нь нэгтгэх, төв нь хаана байхыг шийдвэл шинэ бүтэц амьдралд хурдан суурьшина.
Мөн сум нэгтгэхийн давуу талыг ч ухуулан сурталчлах ажил чухал. Манай сонин хэдэн жилийн өмнөөс энэ сэдвийг хөндөж, “Сум, баг цөөрч, сул Монгол хөгжих”- ийг сануулж бичиж байгаа билээ. Ийм өөрчлөлтийг зөвхөн Монгол Улс хийх гээгүй. Олон улсад засаг захиргааны нэгжээ томсгон цөөлөх замаар төрийн үүрэх ачааг орон нутагтаа хуваалцаж, тэр хэрээр санх үүгийн болон бусад бие даасан байдлыг хангасан туршлага бий. Одоо улсын төсвөөс жил бүр нэг суманд 50 сая төгрөг олгож буй. Сумын тоо эрс цөөрвөл энэ мөнгийг илүү бүтээлч, том зүйлд зарцуулах, хэмнэх боломж ч бүрдэнэ. Аль 2009 оны улсын төсвийг батлах үед ерөнхий аудитор төсвийн зарлага хэмнэх нэг шалтгаан нь сумдыг томсгох явдал гэдгийг УИХ-д зөвл өж байсан. Ингэвэл бараг дөрвөн тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэж тэд үзэж байсан юм. Гэхдээ үе үеийн Засгийн газраас гаргадаг энэ мэт санаачилга хараахан ажил болоогүй л байна.
С.ТУУЛ