Баянхонгор аймгийн нэрийг сольж, өөрчлөх талаар нутгийн удирдлагууд ярилцаж байгаа сурагтай. Болохгүй нь ч юу байхав. Хэлэхэд сонсголонтой биш гэж “голоогүй” л байлгүй. 1941 онд БНМАУ-ын Бага хурлын шийдвэрээр гурван аймаг нэмж байгуулсны нэг нь Баянхонгор. Аймгийг Баянхонгор хайрхан уулаар нэрлэсэн гэдэг. Байгуулагдсан цагаасаа эхлэн одоогийн Бөмбөгөр, Баян-Овоо, Галуут сумдын нутаг дамжин суурьшсаар Номгон уулын хормой, Түйн голын хөндийд төвхнөөд даруй хагас зууныг үдэж буй.
Баянхонгор хайрхан уулын өвөрт Галуут сумын төв бий. Тэгэхээр тэртээ 50, 60 жилийн өмнө төвөө болгож, хормой юуг нь бараадаж асан хайрхны нэрийг одоо заавал хэрэглэх албагүй гэж үзээд өөрчлөх бодол төрсөн бол үгүйсгэх аргагүй юм. Аймгаа Ламын гэгээн, магадгүй Номгон гэхчлэн нэрлэх хувилбар бишгүй л байгаа байлгүй. Аймгийн нэрийг “адалж” байгаа анхны тохиолдол энэ биш. Хэдхэн сарын өмнө Хэнтий аймгийн ИТХ-аас аймгийн төв Өндөрхааныг “Чингис” гэж нэрлэхээр шийдвэрлэсэн. Үүний хамт Хэрлэн сумыг Өндөрхаан гэж нэрлэх саналаа Засгийн газарт хүргүүлэхээр болсон.
Аймгаас сонгогдсон УИХын гишүүд, аймгийн удирдлагууд нь өдрийн сайныг сонгон байж Чингис хотын ууган иргэнд хүндэтгэл үзүүлж, шинэ байр хүртэл бэлэглэж байлаа. Ийн нэрлэх тухай санал нэлээд дээрээс үе үе гарч байсныг ёсоор болгосны зэрэгцээ өмнөд хөршид Чингис хот байгуулахаас өрссөн шийдвэр байсан гэх яриа ч гарав. Тэр ч бүү хэл Улаанбаатарыг Чингис болгохоос урьтсан гэж хүртэл ярьж байсан. Юутай ч аймгийнхаа нэрийг солих марафон эхэлсэн бололтой. Энэ үйл явц Хэнтийгээр эхэлж, Баянхонгороор дуусахгүй юм даг аа. Учир нь Завханыг Дилав хутагт, Хөвсгөлийн Мөрөнг Чингүнжав гэж нэрлэх талаар нутаг орны хэмжээнд албан бусаар яригдсан юм билээ. Сүхбаатарын талбайг “Чингисийн” болгон өөрчилж чадаж байгаа хойно хамгийн “улстөржсөн” агуулга бүхий нэртэй аймаг Сүхбаатарыг Алтан-Овоо, эсвэл Шилийн богд болгочихвол тэгтлээ гайхах хэрэггүй. Үүнд Сэлэнгийн Сүхбаатар ч хамаатай. Энэ өнцгөөс харвал Дорнодын Чойбалсан ч тун удахгүй нүд үзүүрлэгдэх болно.
Өвөрхангайн Арвайхээрийг адгуусны нэртэй гэж адалдаг хүмүүс цөөнгүй бий. Ер нь нэр солих хийрхэл нэг хэсэг намжуу байснаа дэвэрдэг хачин зуршил бидэнд байдаг бололтой. 1990-ээд оны эхээр сонин, хэвлэлийн нэрийг толгой дараалан өөрчилсөн. Сэлэнгийн “Сүхбаатарын туг”-ийг “Сэлэнгийн мэдээ”, Дарханы “Найрамдлын Дархан”- ыг “Бурхантын мэлмий”, “Залуучуудын үнэн”-ийг “Монголын залуучууд”, “Лениний зам”-ыг “Шинэ зам” болгож Архангайн “Архангайн үнэн”, Төв аймгийн “Анхдугаар таван жил”, Дорноговийн “Ялалт” гэх мэт социалист нэртэй сонинууд энэ хийрхэлд хамгийн түрүүнд өртсөн. Цаг үеийн шаардлагаар зайлшгүй өөрчлөх ёстой заримд нь зөв, зүйтэй нэр оноосон ч өөрчлөхийн тулд өөрчилсөн гэмээр зүйлүүд олон ажиглагддаг. Тиймээс аймгуудын нэрийг хэрвээ өөрчлөх гэж байгаа бол “Чингис” нэрэнд хайр зарласан шиг замбараагүй хандаж боломгүй санагдана. Нэр, хаягаа өөрчлөх тэрхүү үйл явц нь цэгцтэй байх учиртай. Орон нутгийн удирдлагууд нь дур дураараа өөрчилж, солиод байвал орвонгоороо эргэнэ, энэ улс. Өөрөөр хэлбэл, бүх үйл явц хуулийн хүрээнд явагдах ёстой. Учир нь үүнийг зөвхөн ИТХ-ын хэмжээнд шийдчихдэггүй. Сум, дүүрэг, аймаг шинээр байгуулах, татан буулгах, нэрийг нь өөрчлөх асуудлыг УИХ шийддэг. Харамсалтай нь Өндөрхааныг “Чингис” гэж нэрлэхдээ хууль баримтлаагүй. Тэр ч бүү хэл тэд өнөөд өр “Чингис хот” хэмээн ярьж байгаа нь хуульд нийцэхгүй. Тиймээс аймгийн нэрийг солих энэ санаархалд УИХ, Засгийн газар анхаарлаа хандуулахгүй бол нэг л өдөр Дорнод нь Тэмүжин, Өвөрхангай нь Өндөр гэгээн, Булган нь Түвшинбаяр, Увс нь Цэдэнбал аймаг болчихож магадгүй нь байна шүү.
Б.НОМИН