Иргэн, өрх гэр бүр баг, хороонд харъалагдаж, төрийн үйлчилгээг засаг захиргааны анхан шатны энэ нэгжээр дамжуулан авдаг. Энэ нэгжээс үзүүлэх төрийн үйлчилгээг чанартай, шуурхай, хүртээмжтэй болгохын тулд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн санаачилгаар багийн шинэчлэлийн бодлого боловсруулж эхлээд байна. Шинэчлэлийн бодлогод багийн Засаг дарга нарын санал бодлыг сонсч тусгахаар “Баг-иргэний засаг захиргаа” сэдэвт хэлэлцүүлгийг аймгуудад ээлжлэн зохион байгуулж байгаа юм. Энэ сарын 14-15-ны өдрүүдэд Орхон, Булган аймгийн 100 багийн Засаг дарга багийн шинэчлэлийн асуудлаар санал бодлоо хэлсэн бол энэ удаад Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн 21 сумын 78 багийн Засаг дарга нар “Баг-иргэний засаг захиргаа” хэлэлцүүлэгт оролцож байна. ЗГХЭГ-аас зохион байгуулж байгаа хоёр дахь удаагийн хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат багийн Засаг дарга хүн Засгийн газрын орон нутаг дахь бүрэн эрхт төлөөлөгчийн үүргээ биелүүлэхэд тулгардаг саад бэрхшээлээ төрийн бодлого боловсруулагч дээд байгууллагад биечлэн дуулгах боломжоо идэвхтэй ашиглахыг оролцогчдод захилаа.
Багийн Засаг дарга нарын үгийг сонсдог газар, албан тушаалтан бараг байдаггүй учир ийм тусгайлсан хэлэлцүүлэг явуулж байгаад орон нутгийнхан талархалтай байна. Гагцхүү хэлэлцүүлгээс гарсан саналуудад тулгуурлан тодорхой шийдэл гаргаасай гэж хүсч байгаагаа хэллээ. Төв рүү чиглэсэн их нүүдлийн улмаас хөдөөгийн болон суурин багийн хүн амын тоо эрс ялгаатай болсон, гэтэл Засаг дарга нарын ажил үүргийн хуваарь, цалин хөлс адилхан байна. Хөдөөгийн алслагдсан зарим баг 43-хан өрхтэй байхад Дархан, Орхон гэх мэт төвлөрсөн суурингийн баг 2200 өрхтэй байна.
Социализмын үед бригадын төвийг анх байгуулахдаа 100-гаас доош тооны өрхтэй байхаар тооцоолж, мал аж ахуйд түшиглэн нутаг дэвсгэрийн зохион байгуулалт хийсэн байдаг. “Бригад” нэрийг “баг” болгосноос өөр дорвитой өөрчлөлт өнөөг хүртэл ороогүй, иймд мал аж ахуйн суурин маягийн биш ардчилсан улс иргэндээ шуурхай үйлчлэх орчин цагийн шаардлагад нийцүүлэн зохион байгуулалтыг нь өөрчлөх хэрэгтэй. Өрхийн тоог төв, хөдөөгийн багт ялгавартай тогтоож, тэнд ажиллах хүмүүсийн ажлын ачаалал, урамшууллыг нь тэнцвэржүүлэх шаардлагатай гэж Засаг дарга нар үзлээ. Монгол Улсын нүүр царайг харуулах статистикийн бүх мэдээг багийн Засаг дарга нар гаргаж байна. Сум, аймаг, яам, агентлаг гээд дээд шатны байгууллагуудаас байсхийгээд л элдэв тайлан мэдээ нэхэж, ганц хоёр хоногийн дотор гаргаж өг гэж шаарддаг. Ийм мэдээ тайланг нэгдсэн журмаар цөөн удаа авдаг болгомоор байна. Үүн дээр нэмээд сүүлийн үед банкинд зориулж тодорхойлолт бичих ажилд дарагдаж, ажлын 8 цагт өрөөнөөсөө гарч чадахгүй байна гэж багийн Засаг дарга нар учирлалаа.
Багийн Засаг дарга иргэнтэй тулж харилцдаг хэрнээ асуудлыг нь өөрөө шийдэх эрх мэдэлгүй, зарцуулах төсөв хөрөнгөгүй байна. Иргэний санал хүсэлтийг цааш дамжуулж уламжлахын оронд газар дээр нь шийдье гэтэл гар дээрээ төсөвгүй, гаргасан шийдвэр нь дээд шатанд тоогддоггүй. 2000-аас доош хүнтэй баг хэсгийн ахлагчгүй, Засаг дарга, нийгмийн ажилтан гэсэн хоёр орон тоотой ажилладаг учраас ажлын өрөөгөө цэвэрлэхээс эхлээд айлын нохойгоор хүн уруулахгүй байх хүртэлх бүх шат түвшинд ажиллаж байна гэлээ. Хөдөөгийн багийн айл өрхүүд өвөл, зундаа хэдэн зуун км-ээр алслаад нүүчихэд сарын норм 25 л шатахуун хаанаа ч хүрдэггүй тул ихэвчлэн хувийн унаагаа дайчилж, цалингаараа бензин хийгээд явдаг. Иймд багийн Засаг дарга нарыг унаажуулж, ажил үүргийн хуваарийг нь тодорхой болгож, биднийг төрийн жинхэнэ албан хаагч болгож өгөөч гэсэн хүсэлтийг оролцогч бүр тавилаа.
Өнөөгийн хуулиар багийн Засаг дарга улс төрийн албан хаагч бөгөөд уулзалт өдөрлөгт хүн цуглуулж өгөх зэргээр намуудын арын алба болж дайчлагддаг гэнэ. Энэ мэтчилэн олон асуудлыг хөндөн хэлэлцэж байгаа “Баг-иргэний засаг захиргаа” хэлэлцүүлэг маргааш үргэлжилнэ. Хэлэлцүүлэг зохион байгуулахад ХБНГУ-ын Конрад-Аденауэрын сан санхүүгийн дэмжлэг үзүүлж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.