Өнгөрсөн өдрүүдэд Төрийн ордны Их танхимыг “эзэгнэсэн” Монголын эдийн засгийн чуулган сүр дуулиан багатайхан өрнөв, өндөрлөв. Өмнөх жил энэ чуулганыг “Монгол брэнд” уриан дор зохион байгуулж байсан бол харин өнөөгийнх нь “Монголдоо бүтээцгээе” гэсэн уриатай байлаа. “Монголын эдийн засгийн форум” төрийн бус байгууллага тав дахь жилдээ зохион байгуулсан энэ чуулганы үр нөлөө, олны анхаарлыг татах нь оноос онд багасссаар байгааг оролцогчдын байдал, өнгө төрхөөс харж болно. Энэ чуулга бас л уул уурхайгаа хэрхэн хөгжүүлэх вэ? Хөрөнгийн зах зээл хөгжихөд юу чухал байна вэ?, Арилжааны банкууд том төслүүдэд зээл олгож чадахгүй байгаа учраас ямар арга чарга хайх вэ? Эдийн засгаа төрөлжүүлэхгүй бол болохоо байлаа, Эдийн засгаа хэрхэн ногооруулах вэ гэсэн сэдвийг улиглан ярьсаар төгсөв. Чуулганаас гарсан санал санаачилга зөвл өмжийн дагуу гэхээсээ ганц нэг мэргэжлийн холбооны хүчин зүтгэлээр боловсруулан баталсан Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль гэх мэтийг төрийн агентлаг нь өлгөн авч том ажил амжуулж, тус нэмэр болж байгаагаа гайхан ярих нь шоглоомтой. Ингэж жилдээ нэг чуулж эдийн засгаа ярьж, хэлэлцэж, шинжиж байгаа нь буруу биш.
Харин чуулганаас гарсан санал, зөвлөмж ажил хэрэг болж, эдийн засгийн хөгжлийг тэтгэхэд тус нэмэр болж байна уу гэвэл эргэлзээтэй. Санал санаачилгыг нь төр засаг бодлого чиглэлдээ тусгаж байна уу гэвэл үгүй. Чуулганы малгай болгон өмсгөдөг уриалга нь ч ажил хэрэг болдоггүй. Тэрийг ч төр засгийн болоод хувийн хэвшлийнхэн бүгд мэддэг. Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл энэ удаагийн чуулганы нэлээд бухимдалтай оролцогчдын нэг байв. Тэрбээр “Өнг өрсөн жилийн чуулганаар дэвшүүлсэн монголд брэнд бүтээх уриалга ажил хэрэг болоог үй гэдгийг баттай хэлье” гэсэн юм. Үнэхээр монголд брэнд болсон бүтээгдэхүүн байна уу, бий болгохын төлөө хэн хэрхэн ажилласан бэ. Өнгөрсөн жил брэнд гэж том “бүлтэрснээсээ” ичээд энэ жил зүгээр л юу ч хамаагүй “Монголдоо бүтээцгээе” гэсэн уриа дэвшүүлсэн юм болов уу. Үндэсний үйлдвэрийг төр бодлого, дэмжлэгтэй хөгжүүлэх учиртай. Гэвч бодлого, дэмжлэг нь хурдан шуурхай байж чадаж байгаа юу? Нэгэн жишээ дурдахад, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас арьс, ширний үйлдвэрлэлийг дэмжих 280 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор 2012 онд шийдвэрлэжээ.
Гурван жил өнгөрсөн ч дэмжлэгийн мөнгө нь арьс боловсруулагчдын гарт хүрээгүй гэнэ. Яам нь бодлогоор дэмжсэн ч зээл авах төслүүдийг арилжааны банкууд шалгаж байна гээд “гацаачихаж”. Дэмжлэгийн зээлийг хурдан шуурхай олгох асуудал Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын эрх мэдлээс ч халих хэрэг явдал гэнэ. Тэгэхээр Ерөнхий сайд, цаашилбал УИХ-ын түвшинд шийдвэрлэх бэрхшээл бололтой. Уг нь гурван жилийн өмнө зээлээ өгчихсөн бол арьс ширний салбарынхан хятадуудад дээрэлхүүлэхээргүй чадалтай болсон байх санж. Чуулганд оролцох эрхээ худалдаж авсан хувийн хэвшлийнхэн заншил ёсоор баахан гомдол, санал хэлэв. Тэдний гомдол, санал үйлдвэр эрхлэхэд татварын дарамт их байна, жаахан хөнгөлж өгөөч, бондын хөрөнгөөс мөнгө зээлмээр байна, хүний нөөцийн дутагдалд орлоо, чадвартай ажилтан олдохгүй нь гэх мэтээр хөвөрнө. Зарим оролцогч санал хэлнэ. “Манай уул уурхайн техникүүд бүрэн хүчин чадлаараа ажиллахаар өдөрт 200 сая төгрөгийн шатахуун хэрэглэж байна. Монголдоо шатахуунаа үйлдвэрлэвэл бид худалдан авахад бэлэн” гэсэн ажил хэрэгч санал гаргаж байхад бухимдлаа тэвчиж чадалгүй төр засгийн төлөөлөл, салбарын мэргэжилтнүүдийг толгой тархигүй загнах хүн ч таарах.
Харин төрийн төлөөллүүд хувийн хэвшлийнхний бэрхшээлийг мэдэж байх нь сайшаалтай ч шийдвэрлэдэггүй нь тоогүй. Энэ удаагийн чуулган өмнөхүүдээ яг хуулбарлан, ерөнхийдөө хоосон яриа өрнөөд замхарах шинжтэй. Эдийн засгийн чуулган заавал уриатай байх ёстой юм бол “Монгол брэнд” гэх мэт хөвсөргөн зангаа орхиод дараагийнхыг нь “Гарц хэлье” гэсэн малгай дор явуулья. Хоосон ярих биш, гарц хэлэх чуулган болгоё. Азийн бар болтлоо хөгжсөн Сингапур улсад олон нийтийн хурал чуулганд гарц хэлэх хүнд л микрофон олддог юм гэсэн. Дараагийн эдийн засгийн чуулганд хөгжилд тушаа болсон бэрхшээлийн гарцыг олцгооё. Төр хамгийн зөв гарцыг хөгжлийн бодлого, хөтөлбөртөө тусгаж байг. Гэхдээ дараагийн эдийн засгийн чуулганд Монголын бизнес, эдийн засаг, улс төрийн толгой цохидог лидерүүдийг урьж, ямар гарц хэлэхийг сонсох хэрэгтэй.
Эдийн засгийн чуулганд “МCS холдинг”-ийн захирлуудын зөвл өлийн дарга Ж.Оджаргал, ерөнхийлөгч Ж.Од, МАК-ын ерөнхийлөгч Б.Нямтайшир, “Номин холдинг”-ийн ерөнхийлөгч Ш.Баярсайхан нарын нэртэй бизнесмэнүүдийг оролцуулж хөгжлийн гарцыг нь сонсъё. Дэлхийн эдийн эдийн засгийн форум их гүрнүүдийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар, Билл Гейтс, Жорж Сорос нарын алдартай бизнесмэнүүд оролцдог. Монголын эдийн засгийн чуулганд уг нь лидерүүд оролцож, эх орныхоо хөгжлийн төлөө санал бодлоо хуваалцах учиртай баймаар. Гэтэл Уул уурхайн сайдаас бусад эдийн засгийн салбарын бодлогыг тодорхойлдог сайд чуулган хавиар харагдсангүй. Эдийн засгийн хөгжил, Барилга, хот байгуулалт, Зам, тээвэр, Үйлдвэр, хөдөө аж ахуй, Хөдөлмөрийн сайд нь чуулганд идэвхийлэн оролцож, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын үгийг сонсож, бодлого шийдвэрээ тайлбарлан таниулж, гарц шийдэл хайдаг баймаар сан. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга ч үзэгдсэнгүй. С.Одонтуяа, Д.Зоригт, С.Дэмбэрэл нарын эдийн засагч мэргэжилтэй УИХ-ын гишүүд ганц нэг салбар хуралдаанд сууж, санал бодол чагнаад гарч байгаа харагдсан. Сү.Батболдын Засгийн газрын үед эдийн засгийн чуулганыг арай дориун оролцоотой зохион байгуулдаг байжээ.
Төрийн өндөрлөгүүд заавал оролцдог байсан юм даг. Саяын чуулганы идэвхтэй оролцогчдын тоо Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг, эдийн засагч Д.Жаргалсайхан, “Урбаник”-ийн Б.Лхагважав, Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийл өгч Ө.Ганзориг, Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Р.Копа, “Монголын бизнесийн зөвл өл”-ийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан, МУИС-ийн докторуудаар хязгаарлагдаж байв. Энэ улсад тэднээс өөр эх оронч алга уу. Дараагийн чуулганд Монголын лидерүүд олноороо оролцоно гэж найдъя. “Монголдоо бүтээцгээе” уриатай эдийн засгийн чуулганы зохион байгуулагчид Хятадад үйлдвэрлэсэн нийлэг цүнх оролцогчдодоо “бариулж” дург үйг нь хүргэсэн. Магадгүй дараагийн чуулганаар Монголд бүтээсэн цүнхээр чуулганд оролцогчдоо “мялаах” гарцыг ярилцаасай. Их үйл өчүүхнээс эхэлдэг гэдэг.
Т.ЭНХБАТ