“Сонгуулийн нэгдсэн хуулийн Ажлын хэсэг төслийн ерөнхий “араг яс”-ыг бэлэн болгочихсон. Бодлогын чанартай, шийдээгүй зарим асуудлаа нэмж тусгаад хуулийн төслийг хаврын чуулганд өргөн барина”. УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа ийм мэдэгдэл хийснээс хойш 20 орчим хонож байна.
Өнгөрсөн мягмар гаригт УИХ-д суудалтай, суудалгүй намууд хамтарч энэ асуудлаар хэлэлцүүлэг хийсэн. Чуулганы завсарлагаанаар ийм хэлэлцүүлэг хэдэн ч удаа болов. Шинэ мэдээлэл, санал Ажлын хэсгийн зүгээс ч, улс төрийн намуудаас ч гарсангүй. Ажил ер нь урагшилж байна уу, эсвэл төслийн ерөнхий суурийг бэлэн болгосноор сэтгэл “ханачихсан” уу. Эсвэл бүр хугацааг нь тулгаж байгаад “чоно борооноор” гэдэг зарчмаар хууль батлах сонирхол нь дийлээд ирэв үү. Эргэлзэж эхлэв. Цаг хугацаа нисээд байдаг. Сонгуулийн синдром дараа жилээс эхэлнэ. Түүнээс өмнө амжиж энэ хуулийг баталбал хийрхэл, хардлага багатай, бодит хууль гарах магадлалтай.
ХАРЬЦАА, САНХҮҮЖИЛТ, СУРТАЛЧИЛГААНЫ ХУГАЦАА
Энэ бол Ажлын хэсгийн шийдэж чадахгүй яваа гол асуудлууд юм. Одоохондоо Ажлын хэсгийнхэн найрсаг байгаа. УИХ-д суудалгүй намуудын саналыг сонсож, хэлэлцүүлэгт нь оролцон мэдээлэл хийж буй. Тэгээд “Саналаа нэгтгээд албан бичгээр явуулчих” гэсэн үгийг төгсгөлд нь хэлдэг. Сонгуулийн холимог тогтолцоо дотроо 38:38, 48:28 гэсэн хоёр хувилбартай байгаагаас ихэнх нам эхнийхийг нь дэмжих хандлагатай явна. Мөн жижиг намууд сонгуулийн сурталчилгааны 21 хоногт тойрогтоо хамаарах бүх сум, хороогоор орж амждаггүй учраас гурван сар хүртэл болгож сунгах санал хэлж байна. Бүх намыг төрөөс санхүүжүүлж, гарааны ижил нөхцөл бүрдүүлэх ёстой гэж жижиг намынхан үзэж буй юм. Дээрээс нь тэд саналын хуудас тоолох явцад маш их ач холбогдол өгдөг.
Ямар ч хууль баталсан, иргэд ямар ч сонголт хийсэн санал тоолох явцад л “но” орчихдог учраас гараар давхар тоолох ёстой гэсэн саналаа удаа дараа хэлэв. Ажлын хэсгийнхэн “Саналаа хэлэх нээлттэй” л гээд байдаг, хэчнээн ч удаа намуудын санал сонсов. Одоо нэг шийдэлд хүрэх хугацаа болсон баймаар. Гэтэл ахиц гардаггүй. Эндээс л хардлага эхэлж байна. УИХ-ын сонгууль болсны бараг маргаашнаас хуулийг нь өөрчлөх талаар ярилцдаг. Гэвч хэлэлцүүлэг сунжирсаар сонгууль болохоос зургаан сарын өмнө тулгаад сэм баталж орхидог. Сонгууль болохоос зургаан сарын өмнө уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглодог юм.
Сонгуулийн хуульд УИХ 2007, 2011 оны арванхоёрдугаар сард өөрчлөлт оруулж байсан нь үүний баталгаа. Шинэ жилийн баярын уур амьсгал орчихсон, олон нийтийн анхаарал суларсан тэр өдрүүдэд л УИХ Сонгуулийн хуулийг баталж орхидог. Ингэхдээ тухайн үеийн эрх баригчид өөрсдийн эрх ашгаа түлхүү тусгахаа мартахгүй. Учир нь энэ хууль дараагийн сонгуульд дахин ялах хөшүүрэг нь болж өгдөг шүү дээ. Энэ удаа ч бас ийм зүйл давтагдах вий хэмээн улс төрийн бусад намынхан болгоомжилж байна. Ард түмний хувьд хөрсөн дээр буусан, шударга сонгууль зохион байгуулах боломжийг бүрдүүлсэн хууль батлахыг л хүлээж суугаа.
ЖИЖИГ НАМУУД АЖЛЫН ХЭСЭГТ ОРОХЫГ ХҮСЭВ
УИХ-д суудалгүй намууд саналаа нэгтгээд Ажлын хэсэгт илгээнэ гэсээр бас багагүй хугацааг үдэж байна. Тэгвэл МНН-аас хамгийн сүүлд буюу энэ сарын 21-нд зохион байгуулсан хэлэлцүүлгээс арай өөр шийдэлд хүрсэн гэнэ. МНН-ын дарга О.Бум-Ялагч “Бид Үндсэн хууль, Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн талаар УИХ-ын дарга З.Энхболдод, Ажлын хэсгийн ахлагч нарт саналаа албан бичгээр явуулж байсан ч хариу өгөөгүй. Хэлэлцүүлэгт ирдэг ч бидний саналыг сонсоод л өнгөрч байна. Төсөлдөө бидний саналыг тусгах магадлал муу байгаа. Тиймээс саналаа нэгтгэж, албан бичиг илгээхээ болиод УИХ-д суудалгүй намуудаас Ажлын хэсэгт орох санал гаргасан. Өнөөдөр энэ саналаа илгээнэ” гэв.
Анх Ажлын хэсэг байгуулж байхад нь яагаад энэ тухай хэлээгүй юм бэ гэхэд О.Бум-Ялагч “Тийм Ажлын хэсэг байгуулж байгааг бид мэдээгүй, тэд ч бидэнд санал тавиагүй” гэсэн хариулт өгсөн. Дээрх хэлэлцүүлэгт АН-аас хүн ирээгүй, МАН-аас генсек Ж.Мөнхбат нь оролцсон юм. МАН-ынхан сөрөг хүчин болсноосоо хойш жижиг намуудтай “найзалж”, хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ажлын хэсэгт орж ажиллах нь бичиг илгээгээд хариу хүлээж сууснаас илүү үр дүнтэй, бас явцыг нь хурдасгах ач холбогдолтой гэсэн жижиг намуудын саналыг МАН дэмжиж буй аж.
БОЙКОТЛОХ ТӨЛӨВЛӨГӨӨ
Хэрэв дээрх намуудын саналыг УИХ хүлээж авахгүй, Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахгүй гэвэл МАН тэдэнд “туслах” гэнэ. Энэ нь Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн хэлэлцүүлгийг бойкотлох төлөвлөгөө. Бүр УИХыг тараах хүртэл хэмжээнд улс төрийн акц өрнүүлэхээр ярилцсан гэнэ. Гэхдээ ингэх нь хэнд ашигтай байх бол, тэд бас бодож боловсруулж байгаа гэж найдъя. УИХ дахь олонх үнэхээр өмнөх жишгээ дагаж, ирэх оны сүүлчийг хүлээж буй бол МАН-ын энэ төлөвлөгөө тэдэнд харин ч завшаан болмоор санагдана. Бас “Өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлсэн хууль батлах гэж цаг тулгалаа” гэсэн шүүмжлэлд хэлэх бэлэн хариулттай ч болно. “Сөрөг хүчин завсарлага авчихсан шүү дээ” гээд л болох нь тэр.
Үнэхээр улс төрийн ашиг сонирхол багатай, шударга сонгууль зохион байгуулах, сайн хууль батлах хүсэл байгаа бол ажлаа яаравчлаач Р.Бурмаа гишүүн ээ. Сонгуулийн синдромгүй цор ганц жилийг алдах эрх УИХ-д байхгүй. Нэг нь саналаа хэлсэн, бичгээр илгээсэн болж, нөгөөх нь сонссон дүр эсгээд ахиц гарахгүй сууж байхын оронд УИХ-д суудалтай, суудалгүй намуудын төлөөлөл хамтраад асуудлыг хэлэлцэж шийдэх нь үр дүнтэй биз ээ. Хэн хэн нь Ажлын хэсэгт орсон, саналаа оруулсан, дараа нь гомдоллох, хардах шаардлагагүй болно. Сонгуулийн синдромгүй жилийн эхний улирал дуусчихлаа шүү, УИХ-ын дарга аа.