Хаврын синдром гэдэг холбоо үг монгол хэлний үгсийн санд гэнэтхэн орж ирээд тун амархан нутагшсан. Жилийн жилд хавар болохоор л энэ үг гарч ирдэг. Морин жилийн хавар синдромын шинж тэмдэг бага байна. Жагсдаг, гороолдог, Төрийн ордон руу улаан лооль шиддэг, зарим улстөрчийн дүр, нэрийг шатаадаг гэх мэт олон өнгө төрхтэй энэ үзэгдэл харин гаднаас дотогш шилжих магадлал өндөр байгаа. Энэ шилжилт Засгийн газрыг тойрон өрнөх төлөвтэй. 2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан “Шинэчлэлийн” гэх тодотголтой Засгийн газарт итгэх итгэл аажим аажмаар бөхөж байгаа нь ингэж дүгнэх үндэслэл болж байгаа юм. Улс орны эдийн засаг хямарч, ард иргэдийн амьжиргаа доройтсон нь хэнд ч илэрхий болов. Гэтэл Засгийн газрын тэргүүнээсээ эхлээд Танхимын гишүүд нь “Бүх зүйл сайн байгаа. Бид бүтээж, хөгжүүлж байна. Битгий муу амлаад бай” хэмээн билбүүр үгээр хуурсаар өнөөг хүргэв. Ердөө ганцхан хоногийн өмнө энэ Засгийн газрын ирээдүйг, хөгжил тэтгэх мөнгөний авдрыг манаж суугаа сайд Н.Батбаяр “Муу юм битгий ярь. Ярих нь байтугай битгий бод” хэмээн гэгээнтэн, номлогчийн дүрээр айлдав. Гэтэл нөгөө талд нь Сангийн сайд Ч.Улаан нь болохоор “Төсвийн орлого 20 хувиар тасраад байна.
Манай эдийн засагт амаргүй хүнд сорилтууд тулгарлаа” гэж байх жишээтэй. Юутай ч эрхэм Сангийн сайд улс орны эдийн засаг хэцүүдсэнийг анх удаа хүлээн зөвшөөрөв. Улс орныхоо эдийн засгийг удирдаж, төлөвлөж, хөгжүүлж чадахгүй байгаа бол тухайн Засгийн газар ажиллаж чадахгүй байна аа л гэсэн үг. Аль ч орны, ямар ч Засгийн газрын огцрох нэг гол шалтгаан чухамхүү энэ л байдаг. Уг нь Н.Алтанхуягийн Засгийн газар дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь 12.3-д хүрсэн, 3.0 тэрбум шахам ам долларын валютын нөөцтэй, 10 орчим (2011 оны дүнгээр 10.0) хувийн инфляцтай, Монголын түүхэнд хамгийн их бэлтэй улс орныг хүлээж авсан. Нэг жил хагасын дараа эдийн засгийн өсөлт 11.7 хувь болон буурч, гадаад валютын нөөцөө нэг тэрбумаар дундруулав. Хэрэв гадаад улс орнуудаас зээл авч чадахгүй бол 2014 оны сүүл гэхэд Монгол Улс хомсдолд орно хэмээн “Moody’s Investors Service” байгууллагаас саяхан мэдэгдлээ. Энэ бол Монголын эдийн засаг эрсдэлд орсны дохио. Гэтэл дахиад зээл авах лимит нь дуусчихсан байдаг. Инфляцыг нэг оронтой тоонд барина гэсэн Засгийн газрын амлалт биелсэнгүй.
2013 оны дүнгээр 12 хувьтай гарсан инфляц энэ оны эхний улирлын байдлаар 13 руу дөхөж явна. Албан бус тооцоогоор 20 гарчихсан тухай ч яригдаж байгаа. Валютын ханшийн өөрчлөлтийг тогтоон барих аргагүй болов. “Чингис” бондын 1.5 тэрбум, “Самурай” бондын 600 сая гээд 2.1 тэрбум ам долларын өр тавьчихсан. Хөгжлийг тэтгэх, богино хугацаанд үр ашгаа өгөх, бүтээн байгуулалтын чиглэлтэй төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилготой хэмээн авчирсан мөнгөө Улаанбаатар хотын зам, талбайг засаж шинэчлэх, оёдол, арьс ширний үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэх мэт дагавар гэмээр төсөлд тараагаад өгчихсөн. Төмөр зам тавих хамгийн гол ажил нь урагшлахгүй, Тавантолгойд өмнийн говийг эрчим хүчээр хангах ДЦС барих ажил нь бас бүрхэг, түүнд зориулж гаргасан 50.0 сая ам долларынхаа ихэнхийг Эгийн голыг боомилох УЦС-ын төсөлд зарцуулж байх жишээтэй. Гадаадын хөрөнгө оруулалтыг үргээж, Монголын эдийн засгийн гал хамгаалагч болсон “Оюутолгой” төслийг зогсоогоод удлаа. Гэрээг өөрчлөх шаардлага байгааг хэн хүнгүй л ойлгож байгаа. Гэхдээ энэ бол төслийн амыг барь гэсэн үг биш билээ.
Бүтээн байгуулалтыг дэмжих, Монголдоо баялаг бүтээх, бүтээмжийг дээшлүүлэх гэх мэт гэгээтэй зүйл ярьж байгаа ч хэлсэн, хийсэн хоёрын хооронд асар их зөрөө байсаар байна. Үнийн өсөлтийг хязгаарлах, 0.8 хувийн хүүтэй зээлээр иргэдээ орон сууцжуулах зэрэг ач холбогдолтой хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн нь үр дүн барагтай. Засгийн газрын гишүүдээ ажил хэргийн биш, фракц бүлэглэлийн, хатавч хаяанаас хамтрах шалгуураар сонгосноос хариуцсан яамных нь ажил урагшаа явж өгөхгүй жил долоон сарыг үдэж байна. Хөрөнгө оруулагчдад харшилтай улстөрчөөр Уул уурхайн яамыг удирдуулснаар гаднынхан үргэсэн гэсэн дүгнэлт тийм ч хоосон үг биш. Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо гэж байсныг яам болгосон нь Н.Батбаярт зориулсан суудал гэдэг ч үнэний ортой. Сангийн яамыг бараг л насаараа удирдаад гавиагүй нөхрийг дахиад тэр суудалд залсан нь, эмч мөн ч Эрүүл мэндийн салбарыг бодлогоор удирдах чадваргүй хүнээр Эрүүл мэндийн яамыг толгойлуулсан нь алдаа байсныг олж харах цаг болж. Ядаж байхад Танхимын гишүүн нь Ерөнхий сайдаасаа, сайд нь дэд сайдаасаа, агентлагийн дарга нь салбарын яамныхаа бодлогоос өөр юм ярина.
Сангийн сайд нь “50000-тын дэвсгэрт гаргах гэж байгаа” гэхэд Ерөнхий сайд “Үгүй” гэх. Эдийн засгийн хөгжлийн сайд “Бүх зүйл сайн байгаа” гэхэд Дэд сайд нь “Болохоо байчихаад байгаа нь үнэн” гэж байх жишээтэй. Хууль зүйн сайд, Цагдаагийн ерөнхий газрын дарга хоёрын хэрүүлийг олон нийт өдөр бүр сониноос уншиж байна. Энэ бүхэн бол Засгийн газар болохоо байсны шинж төрх мөн. Эдийн засаг хямарсан нь худлаа биш. Засаг ч гүйдэл суудлаа олохгүй байгаа нь үнэн. Тэгэхээр Засгийн газарт засвар хэрэгтэй. Энэ засварыг Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж шийдэх үү, Алтанхуягаа авч хаях уу, зарим сайдыг өөрчилж хийх үү гэдэг бол харин сонголтын асуудал. Төр улсын, нам хүчний, улс төр эдийн засгийн, байгууллага иргэний аль алины эрх ашгийг хэрвээ бодолцвол засвар шинэчлэлт хийх нь зайлшгүй шаардлага болчихжээ.
С.БАТ