Энэ хаврын улс төрийн синдром Н.Алтанхуягийн Засгийн газарт халгаатай эхлэв. УИХ хаврын ээлжит чуулган эхэлмэгц “Давхар дээл”-ийг тайлах хуулийн төсөл гишүүдийн ярианы гол сэдэв болж, Шинэчлэлийн Засгийн газрыг сандаргаж байна. Харин гадна талаас АТГ Ерөнхий сайдын охиныг авлигын хэрэгт шалгаж, зөвлөхийг нь ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэж зарлав. Энэ бүгд Шинэчлэлийн Засгийн газрын “хойдох”-ыг унших ажлыг сөрөг хүчний зүгээс ч биш АН дотроос өрнүүлж буйг харуулж байгаа. Үүнээс гадна Н.Алтанхуягийн танхимын сайд нар өөр хоорондоо ойлголцохоо больж, шуудайд хийсэн үхрийн эвэр шиг болжээ.
Шинэчлэлийн Засгийн газарт АН-ын бүх фракц, бүлэглэлийн төлөөлөгч багтсан. Үүгээрээ өмнөх Засгийн газруудаас ялгардаг. Гэвч засагт багтсан АН-ын фракцууд тус тусын ашиг сонирхлоо илүүд үзэх болж, тэдний хоорондын зөрчил төрийн ажлыг гацааж, төсөл, хөтөлбөрт зарцуулах хөрөнгө оруулалт хүлээгдэх болов. Ашиг сонирхлоо тэнцүүлж чадаагүй зарим сайдынх нь тэвчээр барагдаж, саяхнаас нэг нэгнээ матаж, Н.Алтанхуягийн засаг энэ удаа огцордоггүй юм гэхэд хэд хэдэн сайдаа замын дунд гээхгүй бол цааш алхахад улам хэцүүдэж мэдэхийг дохиолж байна.
Энэ мэт олон шалтгаанаар “Давхар дээл”-ээ тайлж магадгүй болсон Засгийн газрыг анх 2012 оны наймдугаар сард байгуулагдаж байхад УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Энэ Засгийн газрын хөшигний ар дахь бялуу хуваарилалт ирээдүйд өөрийг нь боомилно” хэмээн хэлж байсан билээ. Түүнчлэн “Засгийн газрын шинэ бүтэц, агентлагийн бүдүүвч, эрх, үүргийн хуваарилалтын цаана засагт багтсан бүлэглэл, фракцын эрх ашиг нуугдаж, засаг дотор “мини” Засгийн газар байгуулагдлаа” гэж байсан нь үнэн болохыг цаг хугацаа харуулав.
Н.Алтанхуяг засгаа байгуулахдаа бүлэглэл, фракц болон эвсэлд нэгдэж, засгийн эрхийг хамтран барьж буй улс төрийн хүчнийхээ амыг үдэхийн тулд есөн яамыг 16-д хүргэж “өндөглүүлсэн”. Ингээд салбарын тамга атгасан сайдууд төрийн албанд тус тусын бүлэг фракц, эвсэл, хамтрагч, тойрон хүрээлэгчдээ “шахаж”, яам, тамгын газрууд ажлаа мэдэхгүй газар, хэлтсийн дарга, мэргэжилтнээр дүүрч, төрийн шийдвэр гаргах тогтолцоог сульдаав. “Чингис”, “Самурай” бондоор халаасаа зузаалсан Ерөнхий сайд “Одоо л бид ажиллана. Үр дүнг нь та нар удахгүй харна” хэмээн сүртэй амласан. Үүнээс хойш ам.долларын төгрөгтэй харьцах ханш огцом өсөж, эдийн засагт ач тусаа өгөх төмөр зам гацаанаас гарсангүй. Нүүрсний экспорт зогсож, уул уурхай бүхэлдээ хямралд автаж, Оюутолгойгоос олигтой мэдээ дуулдахаа болив. Улсын хэмжээнд татвар төлж үйл ажиллагаа явуулж байсан олон мянган аж ахуйн нэгж хаалгаа барьж, төсвийн орлого тасарч, иргэдийн амьжиргаа хүндэрсэн ч Засгийн газар хямралд хэн, хэзээ цэг тавихыг хэлж мэдэхгүй байна. Эдийн засагт хямрал бодитоор нүүрлэж байгаа ч Засгийн газар үнэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
Засгийн тэргүүнд нийгэм, эдийн засгийг яаралтай сэргээх бодлого биш ашиг сонирхлын зөрчлөөсөө болж танхимаа самарч мэдэхээр болсон амбийцтай сайд нарынхаа арга эвийг олох нь чухал байгаа бололтой. Мөн ойрын өдрүүдэд УИХ болон Ерөнхийлөгчийн зүгээс илгээж буй ил далд цохилтод хариу өгөх мэх боловсруулахаар завгүй яваа байх. Ерөнхий сайд өдгөө энэ мэт арга саам хайж, ашиг сонирхол, аваа өгөөгөө сануулж, засгаа авч үлдсэн ч түүний танхимд нийгэм, эдийн засгийг сэргээхүйц бодлого тодорхойлох хүсэл алга. Сэтгэл гаргаж салхи оруулсан ч хэрэгжүүлэх найдлага бага байгаа юм. “Ерөнхий сайдын эрүүл мэнд, цаг завыг бодсон ч ядраахгүй байхыг боддог. Ажлаа аваад удаагүй учраас анхаарч судлах зүйл их байна” гэж яриад сууж байгаа Эрүүл мэндийн зөвлөхтэй, “Эдийн засгийн хүндрэлийн ёроол нь 2014 он” хэмээн мэдэгдэж буй Эдийн засгийн зөвлөхтэй Н.Алтанхуягийн багаас шинэ бодлого хүлээгээд нэмэр бий юү.
“Шинэчлэл” гэх үгээр малгай хийсэн энэ танхим өнгөрсөн хугацаанд нийгэм, эдийн засгийг авч явах зөв бодлого барьж чадсангүй. Энэ засгийн сайд нараас шинэ санаа гарна гэж итгэхэд ч бэрх болоод байна. Р.Амаржаргалын сануулсан “Засгийн доторх “мини” Засгийн газар”-т одоо шинэ бодлого биш бондын мөнгөний хуваарилалт чухал байгаа гэвэл хэтр үүлсэн болохгүй. Бонд “моод” болж, яамдын сайд нараас эхлээд АН-ын бүлэглэл, фракц бүр Эдийн засгийн хөгжлийн яам руу “хандарч” байгаа.
Сайдын өрөө рүү гүйлдэх зам тод дурайх тусам Н.Батбаяр шиг хэрэгтэй түшмэл засагт байхгүй болсон гэх. Бондоос зээлэх сонирхолтой хүн ихсэхийн хэрээр сайд асуудлыг хувийн үзэмжээр шийдэж, нэг танхимд хамтран ажиллаж буй сайд нартаа хүнд суртал гаргаж, хийх ёстой ажилд төл өвлөгдсөн хөрөнгийг зогсоох, шилжүүлэхгүй гацаадаг болсон талаар эх сурвалжууд мэдээлж байна. Эдийн засгийн хөгжлийн сайдын зан авирыг тэсвэрлэхээ больсон Хотын удирдлага тэсэлгүй УИХ-ын гишүүдэд хандсан бол ҮХАА-н сайд Х.Баттулга, Э.Бат-Үүл нар Н.Батбаяртай хувийн тооцоо бодох шахсан.
Тэдний араас Зам, тээврийн сайд “Замын ажлыг би биш Эдийн засгийн хөгжлийн сайд мэднэ. Энэ хүнээс асуу” гэж тунирхсаныг хэвлэлүүд дамжуулсан. Бондын мөнгийг үйлдвэрлэлийг сэргээх арга хэмжээнд зарцуулна гэж Засгийн газар тооцож байгаа. Үүнээс 888-ыг шалгаруулж зээл олгоно гэсэн Эдийн засгийн хөгжлийн сайдын үгэнд итгэсэн бизнесмэнүүд Н.Батбаяр сайдад олон зуун шинэ санаа тээсэн төслөө илгээсэн гэдэг. Гэвч үнэн хэрэгтээ 888 төслийн эзнээр сайдын найз нөхөд, танилууд тодорч байна гэсэн сураг дуулдах болов.
Энэ засгийн үед огцом уруудсан бас нэг салбар бол уул уурхай. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, эдийн засгийн 50 хүртэлх хувийг нуруундаа үүрэх хэмжээнд хүрсэн энэ салбарын уналтыг эрх баригчид гадна, дотнын компаниуд уул уурхайгаас хөрөнгөө татсантай холбон тайлбарлаж байгаа. Гэвч тэд 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө “Гаднын хөрөнгө оруулагчдыг хөөгөөд явуулах хэрэгтэй” гэж мэдэгдэж байсан Ц.Ганхуяг сайдаас болж “дүрвэсэн” гэж үзэх хүмүүс бий. Түүнчлэн уран зохиолын хичээлийг Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрөөс хасах талаар яриад сууж буй газрын дарга, томилогдсоноосоо хойш эрүүл мэндийн салбарыг өөд нь татах биш эмнэлгийн хэдэн дарга нарыг томилгоотой зууралдаж суугаа Н.Удвал сайд, шүлхийтэй малын мах идэж болно хэмээн зөвлөж суугаа ҮХАА-н яамны Төрийн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалтнуудад хариуцлага тооцож, кабинетдаа засвар хийхг үй л бол Н.Алтанхуягийн Засгийн газар энэ удаа огцордоггүй юм гэхэд дараагийн удаад УИХ уучлахгүй байж мэдэх нөхцөл үүсээд байна.