Олон улсын санхүүгийн зах зээлээс босгосон “Чингис” бонд, хожуухан арилжсан “Самурай” бондын мөнгө байгаа юу, үгүй юү гэх асуултын хариуг хайгсад олширч байна. Энэ эрэл “Давхар дээл”-тэй хуулийн хоморгонд өртөн, огцорч магадгүй болоод буй Н.Алтанхуягийн танхимд түвэгтэй байдал үүсгэх нь гарцаагүй. Энэ Засгийн газар гадаад зах зээлд бонд гаргаж, эдийн засгийн хувьд харьцангуй таатай орчин бүрдүүллээ гэх ойлголтыг нийгэмд өгч чадсан ч ердөө жилийн дараа улс орны эдийн засгийг элгээр нь мөлхүүлсэн зэм хүртээд байгаа. Өнгөрсөн оны намраас Монголын эдийн засаг хямралд өртсөнийг эдийн засагчид сануулж эхэлсэн. Гэвч энэ дохиог огт тоогоогүй Засгийн газар саяхнаас хямрал бодитоор нүүрлэсэн гэдгийг аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрөх болсон. Ингээд хаврын чуулган эхэлмэгц УИХ-ын дарга Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газар, УИХ-аар яаралтай хэлэлцүүлж эхэллээ.
Үйл явдалтай зэрэгцэн “Засгийн газар бондын хөрөнгийг төлөвлөсөн төсөл арга хэмжээнд зориулахгүй байна” гэж сайд, дарга нар гомдол мэдүүлж эхэлсэн. Хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй Эдийн засгийн хөгжлийн сайд, Хөгжлийн банкийг “Бондын хөрөнгийг наанаас нь харахад салбар салбарт хувааж байгаа юм шиг, цаанаа бол эдийн засаг, улс төрийн бүлэглэлийн амыг хаах зорилгоор жижиглэн хуваалаа” гэж хардаж байгаа юм. “Энэ жил хотын зам шинэчлэх ажилд бондын мөнгөнөөс ганц ч зоос гаргахгүй” гэсэн Эдийн засгийн хөгжлийн сайдтай Хотын захирагч Э.Бат-Үүл “Хоёр сая 900 мянган монголчуудыг барьцаанд тавьж байж авсан “Чингис бонд”, “Самурай бонд”-ын мөнгө дан ганц чиний шийдэж зарцуулдаг хөрөнгө юм уу” хэмээн муудалцсан сураг бий. Энэ маргааныг Хотын дарга үгүйсгээгүй. Хэд хоногийн өмнө хэвлэл мэдээллийнхэнтэй уулзахдаа “Би Н.Батбаяр сайдыг зодоогүй. Харин муудалцсан нь үнэн” гэж хэлсэн. Зам, тээврийн сайд А.Гансүх “Шинэ төмөр замын төсөлд хуваарилсан 400 сая ам.долларын хагасыг Эдийн засгийн хөгжлийн яам өгөөгүй” гэж мэдэгдээд байгаа. Засгийн ажил цалгардаж, хоорондоо ямар ч уялдаагүй болсныг энэ мэдээлэл харуулж байгаа бол МАН-ынхан “Чингис”, “Самурай” бондын хөрөнгөөс мөнгө авч ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээг олон нийтэд ил болгох, эргэн төлөлтийн талаар мэдээлэх, бондын мөнгийг захиран зарцуулагч Хөгжлийн банкинд аудитын шалгалт хийх, зарцуулалтад хяналт тавих, Бондын бодлогын зөвлөлийн гишүүдийн нэр, албан тушаалыг нийтэд зарлах шаардлага тавиад байна. Энэ шаардлагын ард улс төрийн тоглолт явж байгаа ч энэ бол сөрөг хүчний зүгээс тавих ёстой хяналт мөн.
Үйл явдлыг эргэн харвал “Чингис” бондын хөрөнгөөр төсвөө зузаалсан Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг 2012 оны арванхоёрдугаар сарын 07-нд УИХ-ын чуулганы танхимд гишүүдэд амлалт өгч байжээ. Тэрбээр “Одоо бидний амнаас гарч байгаа үг бүр үнэтэй болсон. Популизм хийвэл ард нийтэд хортой тусна. Бонд арилжаалах тухай асуудлыг заавал Засгийн газраар хэлэлцэж, үүнийгээ УИХ-д хүргүүлнэ. Шаардлагатай гэвэл гишүүд Засгийн газрын хуралдаанд сууж болно. Бондын мөнгө ил тод байх ёстой. Ганц УИХ-ын гишүүдэд бус, олон нийтэд ил байх юм. Мөн олон нийт, мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцсон Бодлогын зөвлөл ажиллуулах талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл санал оруулсан” гэж хэлсэн нь албан ёсны протоколд тэмдэглэгдэн үлджээ.
Харин энэ үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Бондын тухай мэдээллийг УИХ-ын гишүүдийн гар утас, эсвэл и-мэйл хаягаар өдөр бүр хүргэдэг байх зохицуулалт хийж байна” гэж амласан байх юм. Гэвч эрх баригчид бондын хөрөнгө шаардлагатай төсөлд зарцуулагдаж, төл өвлөгдсөн зардлаас үлдсэн мөнгө бүрэн, эсэх тухай баримтыг олон нийтэд дэлгэх нь бүү хэл УИХ-ын гишүүдэд үзүүлээгүй байгаа. Манай улс Их хааны нэрийг барьж арилжсан өрийн бичгийн хүүд 2012 оны арванхоёрдугаар сараас хойш өдөр бүхэн 273 сая төгрөгийн хүү төлж байгаа. 2014 он эхэлж байхад 108 тэрбум төгрөг буюу 325 цэцэрлэг, 108 сургууль барих мөнгийг хүүнд төлсөн байдаг. Бид энэ удаа бондын хөрөнгийн зарцуулалтын талаар албаны хүмүүсийн хэлсэн үгийг түүвэрлэн хүргэж байна.
Н.Алтанхуяг (Ерөнхий сайд)
-Нийт 1.5 тэрбум ам.долларын бонд гаргаснаас 700 орчим саяыг зарцуулсан. Үлдсэн 800 орчим сая ам.доллараас тодорхой зүйлд зарцуулахаар шийдвэр нь гарсан 500 орчим сая ам.доллар бий. Цаана нь 300 сая ам.доллар үлдэж байгааг үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд зарцуулахаар төлөвлөж байна. Эцсийн шийдвэр хараахан гаргаагүй.
Ерөнхий сайдын 30 минут уулзалтад хэлсэн үгнээс... 2013-09-26
Н.Батбаяр (Эдийн засгийн хөгжлийн сайд)
-Бондын мөнгөний тал нь байгаа. Хөгжлийн банкинд валютаар орж ирсэн. Одоо төгрөгийн эх үүсвэрээр байгаа.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд хийсэн мэдэгдэл
2014-04-23
А.Гансүх (Зам, тээврийн сайд)
-Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн 267 км төмөр замын газар шорооны ажил 70 хувьтай байна. “Чингис” бондоос 400 сая ам.доллараар санхүүжүүлэхээр 2013 оны гуравдугаар сард Засгийн газар шийдсэн.
Өнөөдрийн байдлаар 173 сая долларын ажил хийгээд байна. Дараагийн 200 сая ам.долларын санхүүжилт хүлээгдэж байгаа. Гэтэл ЭЗХЯ, Хөгжлийн банк мөнгөгүй болсон гээд санхүүжилт өгөхгүй гэсэн.
“Өнөөдөр” сонин 2014-04-04
Б.Гарамгайбаатар (УИХ-ын ЭЗБХ-ны дарга)
-Бондын мөнгийг төслүүдэд хуваарилаад дууссан. Бондын хөрөнгийг ашиглах гэж байгаа яамд энэ мөнгийг ямар салбарт оруулах вэ гэдэг шаардлага хангасан төслөө оруулж ирэхгүй удааж байна. Бонд буюу зээлийг зүгээр өгнө гэж байхгүй. Зээл авахын тулд тодорхой нөхцөл, шаардлага хангасан байх ёстой. Яамд энэ шаардлагыг биелүүлнэ гэж мөнгө авсан хэрнээ шаардлага хангасан төслөө өнөөдрийг хүртэл гаргаж чадахгүй байна.
Одоогийн байдлаар бондын мөнгөнөөс хэд нь үлдсэн гэдгийг сайн мэдэхгүй. Ямар ч байсан бондоос үлдсэн хөрөнгийг хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам руу шилжүүлсэн.
“Улстөрийн тойм” сонин 2013-08-27
О.Чулуунбат (Эдийн засгийн хөгжлийн дэд сайд)
-Чингис бондын хүү бас л хямдарсан байгаа. Арван жилийнх нь ная гаруй, таван жилийнх нь ерэн хэдэн хувьтай. Монголын бондыг бид худалдаж авахгүй, Монгол бол итгэл муутай гэсэн анхааруулга өгөөд байна л даа. Бүх орны Засгийн газар дэлхийн зах зээлд бондоо гаргасан байгаа.
Засгийн газрын бондын үнэлгээ нь тухайн улс бизнес, хөрөнгө оруулалт, улс төрийн хувьд хэр найдвартай түнш вэ гэдгийг харуулсан гол үзүүлэлт болдог юм. Ямар ч хөрөнгө оруулагч Монголд орж ирэхийн тулд “Moody s”, “Standart&Poors”-ийн рейтингийг уншихаас гадна манай бондын үнэлгээг хардаг. Бүх хөрөнгө оруулагч, банкуудын дэлгэц дээр байж байгаа зүйл шүү дээ. Тэндээс хараад л манайхыг шууд үнэлчих тийм тогтолцоо дэлхийд үйлчилж байна. Бид зах зээлээ хэр зохицуулж байна, ямархуу аяг авир үзүүлж байна, хэр тогтвортой байна вэ гэдгээ энэ үнэлгээн дээрээсээ харах хэрэгтэй.
Өдрийн сонин 2014-01-31
Н.Мөнхбат (Хөгжлийн банкны захирал)
-”Чингис” бондын зарцуулааг үй үлдэгдэл 1.4 их наяд төгрөг байгаа. Үүнээс 400 орчим тэрбум нь хуваарилагдаагүй эх үүсвэр юм. Тиймээс энэ эх үүсвэрийг 888 төслийг санхүүжүүлэхэд зарцуулж болох юм. Шинэ төмөр зам төслийн тухайд “Чингис” бондын мөнгөнөөс 200 сая ам.доллар, Хөгжлийн банкны өөрийнх нь эх үүсвэрээс 55 сая ам.долларын санх үүжилт олгохоор шийдэж, хуваарийн дагуу санхүүжүүлж байгаа.
Дэд бүтцийн ажлын санхүүжилтийг эхний авсан мөнгөө зарцуулж, гүйцэтгэл нь гарсны дараа дараагийн санхүүжилтийг олгож байгаа. Бидний зүгээс санхүүжилтийг зогсоосон зүйлгүй. Хэвийн явж байгаа. Төмөр замын төсөлд “Чингис” бондоос олгох 200 сая ам.долларын 164.2 саяыг нь олгосон. Хийвэл зохих ажлын гүйцэтгэл 24 хувьтай байгаа. Далангийн ажлын 70 хувийг гүйцэтгэсэн.
Зангиагүй уулзалт 2014-04-21
Э.Бат-Үүл (Нийслэлийн Засаг дарга)
-“Чингис” бонд Н.Батбаярын мөнгө биш, ард түмний хөрөнгө. Тодорхой төслүүдийн санхүүжилтийг зогсоох эрх түүнд байхг үй. Гудамж төслийг аймгуудад хэрэгж үүлэх нь ямар ч ашигг үй. Анхнаасаа л хотод хийхээр төлөвлөсөн төсөл.
Зангиагүй уулзалт 2014-04-09
Нийслэлийн удирдлагуудын УИХ-ын гишүүдэд илгээсэн ил захидлаас...
...Нийслэлчүүдийн аж амьдрал, тав тух, ирээдүйг өөрчлөн баяжуулах, түүхийг шинээр эхлэх бүтээн байгуулалтуудыг хийхэд бэлэн болсон. Хөрөнгө оруулалтын төслүүдээ ач холбогдлоор нь эрэмбэлэн Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг эрс сайжруулах 110 кВт-ын цагираг, Яармагийн гүүр, Нисэхийн хурдны хос зам, Биокомбинат-Шувуун фабрикийн 22 км авто зам гэх мэт нийслэлч үүдэд амин хэрэгцээтэй байгаа, хойшлуулж боломгүй бүтээн байгуулалтад оруулах хөрөнгө оруулалтыг зогсоохгүй байх бүх талын арга замыг хайх хэрэгтэй байна. Сүүлийн өдрүүдэд “Гудамж” төслөөс нийслэлд хэрэгжүүлж буй ажлууд, орон сууцны санхүүжилтийг ч зогсоох тухай болчимгүй үгс зарим сайд, дарга нарын амнаас унах болов...
2014- 04-03