Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барьсан Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудал “оров”. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр төслийг танилцуулж, УИХ-ын гишүүдийн асуултад салбарын сайд болон Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нар хариуллаа. Хэлэлцүүлгийг тоймлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: -Засгийн газар нэн яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай төслийг нэн яаралгүй оруулж ирлээ. Хоёрдугаарт, Засгийн газар өөрийнхөө хийх ёстой ажлыг яагаад ийм байдлаар УИХ-д оруулж ирж байгаа юм бэ. Дээрээс нь нэн яаралтай гэчихээд хугацаагүй, ерөнхий зүйл оруулж иржээ. Валютын ханшийг яг яах гээд байгаа юм бэ. Хөрөнгө оруулагчдад ямар хариу өгөх гэж байна вэ. Татварын реформын асуудлыг яагаад оруулж ирсэнгүй вэ. Энэ мэтчилэн яагаад гэсэн асуулт их олон байна. Миний эдгээр асуултад битгий хариул. Зүгээр л төсөлдөө тусгачих.
УИХ-ын гишүүн Д.Зоригт: -Уул уурхай, аялал жуулчлал, мөнгөний урсгал, үнэт цаас, хөрөнгийн зах зээл, хөгжлийн зээл, бизнесийн эрх чөлөө, түлш, эрчим хүчний салбар гээд бүгд хаалттай байна. Монгол, Куба, Хойд Солонгос гурваас бусад оронд гадаадын банк үйл ажиллагаа явуулдаг. Манай эдийн засаг зэвэрч, бөглөрсөн, дусал дуслаар ус нь гардаг цорго шиг болчихож. Үүний буруутан нь парламентыг олон жил бүрдүүлсэн улс төрийн намууд, Засгийн газрууд. Зөвхөн Ардын намыг буруутай гэж хэлэхгүй. Энэ хаалттай цоргонуудаа хэзээ нээх вэ?
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр: -Өнөөдөр бид үндсэндээ банкны зээл, төсвийн хөрөнгө, “Чингис” бондоор амьдарч байгаа. 2014 онд дахин мөнгө босгох боломжийг УИХ хаачихсан. Цөөнх уг асуудлыг унагаагүй бол мөнгө босгох бололцоо байсан. Мөнгө босгосон бол валютын ханш ингэж өсөхгүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд тулгуур хуулийг баталсан. Гэхдээ хууль баталсны маргааш нь мөнгө ороод ирдэг юм биш. Ер нь Монгол Улсын хөгжил биднээс л хамаарна шүү дээ.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал: -Гадаадын банкны салбар байгуулах тухай албан ёсны хүсэлт Монголбанкинд ирээгүй. Дэлхийн топ 50 банкны тавынх нь төлөөлөгчийн газар манайд бий. Монголын үнэт цаас, Засгийн газрын болон компаниудын үнэт цаасыг олон улсын зах зээлд гаргахад эдгээр банк идэвхтэй оролцдог.
УИХ-ын гишүүн Д.Зоригт: -Гадаадын банкны салбар байгуулах эрх зүйн орчин хангалттай бий. Сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гараад байгаа “Bank of China”-гийн хувьд Засгийн газрын оролцоо давамгайлсан банк учраас давхар зохицуулалт шаарддаг. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тусгай зөвшөөрөл шаардлагатай. Бусдад нь Засгийн газрын оролцоо байхгүй учир Монголбанкны ерөнхийлөгч эцсийн шийдвэрийг гаргах боломжтой. Эдгээр төлөөлөгчийн газар танд хандвал зөвшөөрөл олгох уу.
Н.Золжаргал: -Нэг зүйлийг тодорхой болгох хэрэгтэй. Зөвхөн Засгийн газрын давхар зохицуулалттай юм биш. Бүр гурван давхар зохицуулалттай. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвл өмж бий. Ийм зохицуулалттай асуудлын талаар ямар нэг хариу өгөхөд хэцүү. Зохих журмын дагуу шийднэ. Энэ нь эдийн засгийг эрчимж үүлэх асуудалтай яагаад холбогдоод байгаа нь тусдаа зүйл гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг эрчимжүүлэх асуудалтай холбоотойгоор Засгийн газраас иймэрхүү санал орж ирээгүй учраас дэлгэрүүлж ярих нь зохимжгүй байх.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: -Ажлын байрыг хадгалахын тулд юу хийх вэ. Эцэст нь Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг бид батлах нэг хэрэг. Хөрөнгө оруулалт, худалдааны талаар АНУ-ын Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу тэднээс санал авах ёстой. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байна уу. АНУ-ын талд саналаа өгсөн бол ямар хариу ирсэн бэ.
Н.Батбаяр: -Дэлхий дахинд эдийн засаг хямарсныг ДНБ-ий өсөлт хасах дүнтэй гарч, ажилгүйдэл нүүрлэж, бараа, үйлчилгээний үнэ өсөж, валютын ханш алдагдсанаар нь тогтоодог. Эдгээрээс манайд хамгийн хүндрэлтэй тусаж байгаа нь валютын ханшны тогтворгүй байдал, үүнийг дагасан бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт. Тиймээс валютын ханшийг тогтвортой байлгах бодлого гаргах үүднээс дээрх төслийг оруулж байгаа юм. Энэ оны эхний улирлын дүнгээр гадаад худалдааны алдагдал буурсан нь Монголын эдийн засаг ерөнхийдөө эерэг хандлагатай байна гэсэн үг. Цаашид төлбөрийн тэнцэл эерэг гарна гэж үзэж байгаа. Ингэхээр валютын ханш тогтворжих ерөнхий нөхцөл бүрдэж байгаа юм. Үүнийгээ баталгаажуулах зүйлийг бид хамтдаа хийх ёстой. Эдийн засаг өсөлттэй байна гэдэг чинь ажлын байр хадгалж байгаа хамгийн том суурь үзүүлэлт. АНУ-тай холбоотой асуудлыг УИХ л шийдэх асуудал шүү дээ. Монгол бол тусгаар тогтносон улс. Төрийнхөө бодлогыг төр нь мэддэг байх ёстой. Гаднынхантай санал солилцолгүй яахав. Гэхдээ шийдвэр нь Монголынх байх ёстой гэдгийг л хэлье.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: -Манай эдийн засаг ямар байх нь Оюутолгойгоос ихээхэн хамааралтай. Байдал нь ямархуу байна вэ.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг: -Оюутолгойн гэрээ, компанийн хууль, санхүүжилт, төслийн удирдлагын асуудлын аль аль нь 100 хувь хөрөнгө оруулагч талд байгаа. ТУЗ нь шийдээд явах л асуудал. Ер нь Монголын бусад компани яаж явж байна вэ гэхээр ТЭЗҮ-ээ өгч, бүтээн байгуулалтаа хийдэг. Уг нь ингэж л явах ёстой. Ашигт малтмалын тухай хуульд оруулж байгаа өөрчлөлтөөр ТЭЗҮ бол хуулийн баримт бичиг. Хийх ёстой зүйлээ хийхгүй бол шахаж, шаарддаг, хариуцлага тооцдог байдлаар өөрчилж байна. Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт нь өнөөдрийн хүчинтэй байгаа ТЭЗҮ-ийн дагуу бол одоо олж буй орлогоос, шаардлагатай бол нэмэлт байдлаар босгох ёстой. Нэмэлт санх үүжилтийн талаар компани дээрээ ярилгүй тал тал тийш хандаад байгаа нь л бодит үнэн.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: -Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй хүн шиг байна. Тулгамдсан асуудлуудын талаар төсөлд тусгаагүй байна. Мөнгөний болон төсвийн бодлого, эдийн засгийн бүтцэд ямар өөрчлөлт оруулахаа зааж өгөөгүй. Төсөлд “Эрдэс баялгийн урт хугацааны гэрээ хийнэ” гэжээ. Үнэ унасан байхад урт хугацааны гэрээ хийнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ.
Д.Ганхуяг: -Зах зээлийн нийгэмд хамгийн чухал нь худалдан авагч. Тийм учраас урт хугацаанд худалдан авах тоо хэмжээгээ тохирох нь тухайн компанид чухал байдаг. Ямар нэг гэрээ байгуулаагүй.
УИХ-ын гишүүн Г.Уянга: -Монголбанк хуулиараа төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах цорын ганц үүрэг хүлээгч. Монголбанк УИХ-ын мэдлийн байгууллага. УИХ үүнд хариуцлага тооцох ёстой. “Монголын баялаг холдинг” компани байгуулахаар тусгажээ. Энэ нь “Эрдэнэс Монгол”-оос юугаараа ялгаатай юм бэ. Төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжийг хувьчлах талаар заасан байна. Үүнд ямар аж ахуйн нэгжүүд багтсан юм бэ. “Оюутолгой”-н 34 хувь байгаа юм уу.
Н.Батбаяр: -Сингапурын төрийн өмчит компаниудыг нэгтгэсэн “Темасек” холдингийн загвараар “Монголын баялаг холдинг”-ийг байгуулна.
Д.Ганхуяг: -”Оюутолгой”-н 34 хувь үнэлэгддэггүй, үнэ цэнэ нь ойлгомжгүй байдаг нь утгагүй. Өмч хувьчлалын асуудлыг УИХ шийддэг. Үүнээс өмнө Засгийн газар юу ч хийх боломжгүй.
Б.НОМИН