“Шинэчилж шийдье” ээлжит уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат болон холбогдох яамдын хэлтэс, албадын дарга нар оролцож, импортыг орлож, экспортыг дэмжих 888 төслийн эзэд болох үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй ярилцлаа. Уулзалтын эхэнд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат дээрх төслүүдийн санхүүжилт хүрэлцээтэй эсэх талаар мэдээлэл өгсөн. Учир нь олон нийтийн дунд Засгийн газар мөнгөгүй болсон, “Чингис” бондын мөнгө дууссан гэх ойлголт байгаатай холбоотойгоор ийн онцолж буйгаа тэрбээр тэмдэглэсэн юм. 888 төслийг нэг их наяд төгрөгөөр санхүүжүүлнэ. Үүнээс 400 орчим тэрбум төгрөгийг нь “Чингис” бондоос гаргана. Мөн огт гар хүрээгүй байгаа “Самурай” бондын 400 орчим тэрбум төгрөгийг бүхэлд нь импортыг орлож, экспортыг дэмжих төслүүдэд зориулах гэнэ. Харин одоо хэрэгжиж буй төслүүдийг өөр эх үүсвэрээс санхүүжүүлэх маягаар үлдсэн 200 орчим тэрбум төгрөгийг нь гаргах юм. Тухайлбал, “Голомт” банкаар дамжуулан олгож буй хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр “Чингис” бондоос хуваарилсан 269 тэрбум төгрөгөөс 161.7 тэрбумыг нь огт хэрэглээгүй байгаа тул 888 төслийн санхүүжилт рүү шилжүүлэх боломжтой гэж үзжээ. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Банкууд мөнгөө гаргахгүй байна. Тэдэнтэй тулж ажиллах шаардлагатай. Мөнгө байсаар байтал 269 тэрбум төгрөгөөс дөнгөж талыг нь гаргасан гэсэн чинь юу гэсэн үг вэ” гэж байсан юм. 888 төслийг хэрхэн шалгаруулж, санхүүжүүлэх нь төслийн эзэд, үйлдвэрлэгч нарт хамгийн чухал. Шалгаруулалтыг арилжааны банкууд хийнэ. Ингэхдээ банкууд төслүүдийг үндсэн таван бүлэгт ангилах үүрэг хүлээж буй. Тодруулбал,
1. Төслийн нийт санхүүжилтийн гуравны нэгийг зээлэх хүсэлтэй,
2. Төслийн нийт санхүүжилтийн гуравны нэгээс давсан буюу гуравны хоёр хүртэл хувийг зээлэх хүсэлтэй,
3. Барьцаа хөрөнгө дутуу ч амжилттай хэрэгжих боломжтой,
4. Тооцоо судалгаа дутуу ч амжилттай хэрэгжих боломжтой,
5. Огт хэрэгжих боломжгүй гэж ангилах юм байна. Нийт санхүүжилтийн гуравны нэгийг зээлэх хүсэлт гаргасан ангиллын төслүүдийг нэн даруй санхүүжүүлэхээ Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат хэлсэн. Урьдчилсан судалгаанаас харахад төсөл санаачлагчдын олонх нь санхүүжилтийнхээ гуравны хоёрыг зээлэх хүсэлтээ илэрхийлсэн байна. Харин барьцаа хөрөнгөний хувьд асуудалтай байгаа төслүүдийг Үндэсний даатгалын корпорацаар дамжуулан баталгаажуулах аж. Тооцоо судалгаа дутуу гэдэг үндэслэлээр буцаахад харамсалтай багагүй төсөл байгаа учир эздэд нь дэмжлэг үзүүлж, МҮХАҮТ болон бусад гадаад, дотоодын санхүүгийн байгууллагаас туслалцаа хүсэх талаар ярилцаж эхэлжээ. Ингэж төслийг дахин боловсруулах зардлыг төсөл санаачлагч хариуцах бөгөөд сайжруулсан төслүүдийг санхүүжүүлэхэд эрсдэлгүй гэж үзэж байгаа аж. Түүнчлэн хоёр тэрбум төгрөгөөс бага санхүүжилт шаардлагатай 579 төсөл бий гэнэ. Эдгээрийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас санхүүжүүлэхээр болжээ. Үүнд зориулж “Чингис” бондоос 100 тэрбум төгрөгийг тус санд шилжүүлэх юм байна. Харин үлдсэн буюу хоёр тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй томоохон төслүүд нь эл чиглэлээр байгуулагдсан, Ерөнхий сайдын ахалсан Ажлын хэсгийн мэдэлд очно. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Хөгжлийн банк арилжааны 13 банктай санамж бичиг байгуулжээ. Эдгээр мэдээллийг сонссон үйлдвэрлэгчид санал бодлоо илэрхийллээ. Тухайлбал, дотоод- доо үйлдвэрлэл хөгжүүлэхийн тулд түүхий эд, сав баглаа боодлоос эхлээд дагалдах олон зүйлийг импортоор оруулж ирсээр байна. Түүхий эд оруулж ирэхэд гаалийн болон НӨАТ гэхчилэн нийтдээ 15 хувийн татвар төлж байгааг эргэн харах, барьцаа хөрөнгөгүй үйлдвэрлэгчдэд давуу байдал олгох боломжийн талаар лавлаж байсан юм.