Эдийн засгийг эрчимжүүлэх санал “эрчимжсэн мал аж ахуй” гэдэг шиг этгээд сонсогдон шүүмжлүүлсээр “идэвхжүүлэх” зорилготой болж таарав. Уг нь “хүндрэлийг давах гарц” гэсэн томъёолол илүү зохимжтой байсан гэж эдийн засагчид шүүмжилж байна. УИХ энэхүү тогтоолыг баталснаар парламентчид хууль батлах замаар, Засгийн газар, Монголбанкны зүгээс хүндрэл давах тухай тодорхой төлөвлөгөөгөө хууль ёсны болгож байгаа хэрэг. Энэхүү тогтоолын төслийн гүйцэтгэгчид буюу зорилгодоо хүрээгүй тохиолдолд хариуцлага хүлээх хүмүүс нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нар байх бөгөөд УИХ-ын тогтоолын биелэлтэд хяналт тавих үүрэг нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Гарамгайбаатарт ногджээ.
Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх тухай арга хэмжээний “цэс” буюу ажлын дараалал нь урьдчилан таамаглаж байсанчлан төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулж хэмнэлтийн горимд шилжих асуудлаар эхэлжээ. Үүнд төсөвт хэрэглэж буй валютын төгрөгтэй харилцах ханшийг тогтсон аргачлал, эх сурвалжид үндэслэн тогтоох нь чухлыг онцолсон байна. Уг нь ам.долларын гэсэн бол оновчтой болох байлаа. Учир нь төгрөг ч гэсэн валют юмсан. Мөн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд анхаарах аж. Энэ нь зээлийн хэмжээг тэлэх, нэмүү өртөг үйлдвэрлэгчдээ дэмжих, хувийн хэвшлийнхнээ туйлдахаас сэргийлэх зэрэг олон талт үр ашигтай төдийгүй хамгийн гол нь арилжааны банкуудаа эрсдэлд оруулахаас эмээснийх биз ээ.
Түүнчлэн төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүргийн давхардлыг арилгаж, тогтолцоог боловсронгуй болгох зорилт нь “лааз өшиглөсөн” бүхний гомдлыг тайлж шинэ байгууллага, эсвэл бүтэц бий болгож өгөөд байх нь жинхэнэ утгаараа “тэвчиж болох” зардал гэгч нь мөн гэдгийг ойлгосных бололтой.Үүний дараа буюу Гадаад валютын урсгалыг сайжруулах, санхүү, эдийн засгийн эрсдлээс сэргийлэх хүрээнд “Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс төсвөө харамлах” мэргэн санаа нь багтсан байна. Энэ заалт нь УИХ-ын тогтоолын төслийн 1.1-д “Төрийн байгууллагын тайлан, үйл ажиллагаанаас бусад асуудлаар төсвийн хөрөнгөөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийх, “хаалт”-ын гэрээ байгуулахыг хориглоно” гэжээ. Тэгэхээр “Хаалт”-ын гэрээг тэд сайн мэддэг юм байна. Төсвийн мөнгөөр хийдэг байх нь. Үүнийгээ бүр батлаад өгчихлөө. Улс орныхоо эдийн засгийн идэвхжлийг хэрхэн нэмэх гэж байгааг нь олон нийтэд танилцуулах гэж буй минь ч илүү хэрэг бололтой. Учир нь төсвийн болон өөрийн хөрөнгөөрөө аль нэг байгууллага, хувь хүн захиалаагүй учраас тэр. Хаа очиж бизнесийн байгууллагынхан хэвлэлд бизнесээ сурталчилж болохгүй. Сурталчилсан тохиолдолд төр шимтгэл авна гээгүй нь их юм. Ямар ч байсан “хаалт”-ын гэрээ гэж байдаг бол маш сайн нууж хийгээрэй гэсэнтэй л төстэй шийдвэр болчихлоо.
Үүний дараа Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг баталсантай хол- бог дуулан Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах болон ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг сэргээхтэй холбоотой хуулийн төслийг “оролдох”-оор шийджээ. Тухайлбал, уул уурхайн салбарын эрх зүйн орчныг тогтвортой болгох, хайгуул, олборлолт хийхэд нь төр “хязгаартай” оролцох юм байна.Мөн Эрдэс баялгийн бодлогын зөвлөл байгуулах аж. Энэ нь Эрдэс баялгийн зөвлөлөөс өөр учраас шинээр байгуулах бололтой. Гэвч өнөөх “Төрийн байгууллагын бүтэц, чиг үүргийн давхардлыг арилгах” хэмээх дээр дурдсан “уриа”-гаа зөрчих бус уу. Ийнхүү эдийн засгийг идэвхжүүлэх санал, санаачилгууд “давалгаалсаар” оргил цэгтээ хүрч “Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, уг төслийн хэрэгжилтэд Засгийн газраас бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах” гэх ил шулуухан зорилт тавьж орхижээ. Уг нь далд уурхайн бүтээн байгуулалтын ажил гацсан нь манай эдийн засагт учирсан хүндрэлийн гол фактор мөн. Гэхдээ Засгийн газраас бодлогын дэмжлэг үзүүлнэ гээд УИХ нь тогтоол баталчихаж боломгүй. Харин Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай Засгийн газрын түвшинд аль болох ойлголцож, ажлыг гацаахгүйгээр урагшлуулах зорилт тавьж байна гэж “засаж” ойлговол эерэг талтай юм.
Мөн Тавантолгойн ордоос олборлож буй бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд дэд бүтцийн болон төмөр замын царигийн асуудлыг шийдвэрлэхдээ гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах зарчим баримтална. Бүтээн байгуулалтаа түргэсгэх, үүнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг чухалчилна гэжээ. Үндсэндээ УИХ-ын тогтоолд эдийн засгийг идэвхжүүлэхийн тулд ямар чиглэл баримтлах, үүнд нь хууль, эрх зүйн ямар орчин шаардагдахыг дор бүрд нь яаралтай батлуулаад авах агуулга бүхий зүйл, заалтууд голдуу харагдаж байна.
УИХ-ын тогтоолын төслийн хоёрдугаар зүйлд Монголбанкны зүгээс Засгийн газар- тай хамтран хэрэгжүүлж буй гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах хөтөл- бөрийн хэрэгжилт, хувийн хэвшлийнхнийг аливаа дарамт шахалт, ачаалалд өр түүлэхгүйгээр дэмжих санааг голдуу тусгасан байна. Түүнчлэн “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэх санаачилгыг онцолжээ. Энэ нь монголчуудын хувьд шинэ нэр томъёо боловч амин чухал хэрэгцээтэй, хүлээлт үүсгэсэн сэдэв гэдгийг эдийн засагчид хэлж байна.
Үүний дараа Хөгжлийн бодлого, зээл, санхүүжилтийн хүрээнд олон улсын зах зээлд арилжаалсан Засгийн газрын баталгаатай үнэт цаасны хөрөнгийн зарцуулалтын ил тод байдал, хяналтад онцгой анхаарч, ялангуяа өрийн зохистой удирдлагын хүрээнд хууль эрх зүйн орчноо шинэчлэх чиглэл баримтлах юм байна. Тухайлбал, Өрийн удирдлагын тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль боловсруулж, Хөгжлийн банкны тухай хууль болон холбогдох зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэх аж. Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх УИХ-ын тогтоолын дөрөвдүгээрт Төрийн өмчийн удирдлагын тогтолцоог шинэчлэх асуудал багтжээ. Үүнд Төрийн өмчийн хороо болон төрийн өмчийн удирдлагын тогтолцоог шинэчлэх асуудлыг оруулсан нь анхаарал татаж байна. Энэ нь Төрийн өмчийн хороог “Төрийн өмчийн сан” болгох ажиллагааг хэлэв үү. Тийм бол ямар байдлаар энэ шинэ “ажиллагаа”-г хийх нь сонирхол татаж байгаа юм. Мөн засаглалын бие даасан байдал, бизнесийн зарчимд нийцүүлнэ, эрчим хүчний үнэ, тарифыг чөлөөлөх зэрэг нь хэрэглэгчдэд ээлтэй байж мэдэх боловч “чоно борооноор” гэгчээр эмх замбараагүй байдал үүсгэж ашиг хонжоо хайгчдад идэш бэлдээд өгөх вий гэдэг дээр анхаарал, хяналтаа төвлөрүүлэхийг шаардаж байна.
Төлөвлөсөн 100 хоногоос хэтэрсэн нэгэн төлөвлөгөөг эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөлд “хавчуулан” батлуулаад авсан нь “Төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд 2014-2016 онд хувьчлах, тэдгээрийн удирдлагыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд шилжүүлэх хөтөлбөрийг боловсруулж өргөн мэдүүлэх” гэсэн заалт юм. Магадгүй УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө дээрх заалтыг хөрс, сууриа болгон өмч хувьчлалын хоёр дахь давалгааг эхэлж мэднэ. Үүнд хардах, буруутгах сэжим үгүй. Хамгийн гол нь зөв, уршиггүйгээр хийх нь чухал. Гэвч дээрх бүх ажлыг 100 хоногийн дотор амжуулах, эсэх нь эргэлзээтэй. Учир нь хэчнээн чухал шаардлагатай, нэн яаралтай хэлэлцэх хуулийн төслүүд байвч улс төрийн томилгоо болон анхаарлын төвд үргэлж байдаг, улс төрийн томоохон зорилго бүхий шийдвэр гаргах болоход “салхинд хийсэх”, эсвээс хадгалагдаж үлдэх нь цөөнгүй. Тэгэхээр Монголбанкны ерөнхийлөгчийн хэлсэнчлэн үнэхээр эдийн засгийн “хямрал биш хүндрэл” мөн бол тэрхүү хүндрэлийг даван гарахын тулд хийх зүйлс нь дээрх тогтоолд тусгасан чиглэлүүд байх юм. Үүнийг хийхэд хурд чухал. Хамгийн гол нь улстөржихгүйгээр хэрэгжүүлэх нь бүхнээс чухал байна.