Байгалийн дундаршгүй баялагтай гэгддэг Өмнөд Хятадын тэнгис бол Зүүн Ази дахь стратегийн онц чухал ач холбогдолтой газрын нэг. Энд байгалийн хий, газрын тосны ашиглагдаагүй арвин их нөөц байдгийн дээр загас агнуур эрхлэгчдийн “диваажин” гэж нэрлэдэг хэд хэдэн бүс бий. Уг тэнгис дэх, хүн аж төрдөггүй, хад асга ихтэй хэдэн жижиг арлыг чухам ийм шалтгаанаар Хятад, Вьетнам, Филиппин, Малайз, Бруней улс өөр хоорондоо булаалдсаар иржээ. Энэ сарын эхээр Хятадын тэнгисийн хүчний хөлөг онгоцууд Вьетнамын эргийн харуулын хөлгүүдтэй “нүүрэлдсэнээр” эдгээр улсын дундах газар нутгийн маргаан хурцдаж орхив. Тэнгисийн эрэг дагуу нефтийн хайгуул, олборлолт эрхэлдэг Хятадын компанийн мэдэлд байх нефтийн орд руу Вьетнамын хөл гүүд зөвшөөрөлгүй ойртсоны улмаас Хятадын нэг хөлөг Вьетнамын хөлгийг мөргөж, хэд хэдэн вьетнам цэргийг гэмтээсэн бол Хятадын бас нэг хөлөг (Вьетнамын зарим хэвлэлийн мэдээлснээр 1015 хөлөг) Вьетнамын өөр нэг хөлөг рүү даралттай усаар “галлажээ”. Энэ үеэр буун дуу гараагүй ч талуудын зөрчил нэлээд хурцдаж, аль аль нь яахаас ч буцахгүй болсныг уг явдал харуулав. Олон улсын хууль журмаар бол Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийн өмнөд хэсгийг эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, дотор нь зааглан хуваасан тэнгисийн таван бүс л Хятадын мэдлийнх бөгөөд 30 орчим бүс нь Вьетнамынх нь гэж олон улс үздэг. Харин Хятадын эрх баригчид тэнгисийн хойд хэсгийг мөн газар нутгийнхаа салшгүй хэсэг хэмээн үздэг нь 1974 онд Хятад болон тухайн үеийн Өмнөд Вьетнам улсын дунд болсон тэнгисийн мөргөлдөөнтэй хол боотой. Багахан хэмжээний тэр дайнд вьет намчууд ялагдсан ч тэнгисийн хойд хэсгийг газар нутгийнхаа хэсэг гэж үзсээр иржээ. Гэхдээ Вьетнам улс хэд хэдэн удаа, тухайлбал 2011 онд болон өнгөрсөн оны сүүлчээр газар нутгийн маргааныг дипломат аргаар шийдвэрлэхээр Хятад тай зөвшилцөж, зэвсэгт мөргөөлдөөн үүс гэхгүй гэх тохиролцоонд хүртэл хүрч байв. Өмнөд Хятадын тэнгисийн хойд хэсэгт эзэн гэдгээ харуулах Хятадын оролдлого саяхныг хүртэл газар хөдлөлтийн идэвхжилийг тогтоох Вьетнамын судалгааны ажлуудыг тасалдуулахаас хэтэрдэггүй байлаа. Харин харилцан шөргөөцөлдөж, усаар “байлдаад” авсан дээрх хэрэг хоёр улсын газар нутгийн маргаанаас үүдэлтэй, одоогоор хамгийн ноцтой сөргөлдөөн гэгдээд байна. 800 сая ам.долларын өртөг бүхий, HD981 нэртэй Хятадын газрын тосны ордод олборлолт эхэлснээр Хятадын тал өмнө нь халдаж зүрхэлдэггүй байсан бүсүүд рүүгээ нефть хайх, олборлох нэрээр нэвтрэх болжээ. Энэ нь ердөө нефть олборлолт биш, харин Хятадын төр, засгийн дэмжлэгтэйгээр хийж буй стратеги, улс төрийн томоохон “ажил” болох нь ордыг байлдааны 80 гаруй хөлөг онгоц хамгаалж буйгаас харагдана. Чухам үүнд нь дургүйцэж, Вьетнамын ард иргэд өнгөрсөн амралтын өдрүүдээр Хятадыг эсэргүүцэн жагсаал, цуглаан зохион байгуулсан. Харин одоо Вьетнамын эрх баригчид Хятадад ямар хариу барихаас бүх зүйл шалтгаалах болоод байна. АНУтай батлан хамгаалахын сал барт хамтран ажиллахаа саяхан ил тод зарласан Филиппинээс ялгаатай нь Вьетнам улс Хятадын эсрэг болзошгүй тулаанд олон жил чимээгүйхэн бэлтгэжээ. Тус улс сүүлийн хэдхэн жилд Оросоос байлдааны зургаан шумбагч (гурвыг нь хүлээж аваад байгаа), SUK30MK загварын байлдааны хэд хэдэн онгоц худалдаж авсан мэдээ бий. Вьетнамын Тэнгисийн хүчин Хятадын Ардын чөлөөлөх армийн тэнгисийн хүчний дэргэд өчүүхэн жижиг хэдий ч эдгээр зэвсэг, техникээрээ Хятадад багагүй хохирол учруулж дөнгөнө. Асуудлыг дипломат аргаар шийдэх нь одоохондоо хамгийн зөв арга. Хятад улс амар бууж өгөхгүй нь тодорхой бөгөөд АНУ болон АСЕАН дахь Вьетнамын түнш орнууд тус улсыг Хятадын эсрэг зогсохыг дэмжих нь гарцаагүй. Магадгүй нефть олборлох талбайгаа аль аль талдаа ашигтай байдлаар хувь тохиролцон эзэмших нь маргааныг цэглэх хамгийн оновчтой шийдэл ч байж мэднэ. CNN