УИХ-ын чуулганы Нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төсөвт гар хүрэхдээ “тодотгол” хэмээн онцолж ирсэн. Харин энэ удаагийнхыг тодот гол биш гэж мэтгэлцэж байна. Төсвийн байн гын хорооны дарга Ц.Даваасүрэн “Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай болсноор “тодотгол” гэх ойлголт үгүй болсон. Төсвийн алдагдал ДНБ-ий таван хувиас давсан тохиол долд л тодотгол хийнэ” гээд одоо Сангийн сайдын багцаас 140 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтыг нь царцаасан 160 объектод хуваа рилж өгөх, эсэхийг л хэлэлцэж байгааг тайлбарласан юм. Сангийн сайд Ч.Улааны хэлснээр жинхэнэ тодотголыг ирэх долоо, наймдугаар сард хийх бололтой. Тэрбээр “Хуульд заасан шалгуур үзүүлэлтийн дагуу ирэх долоо, наймдугаар сард төсөвт тодотгол хийх нөхцөл бүрдэхээр байгаа. Тэр үед л төсөвт орлого, зарлагыг нь тэнцвэржүүлсэн иж бүрэн тодотгол хийнэ гэж төсөөлж байна. Ер нь төсвийн орлого тасалдах нь мэдээжийн хэрэг. Ингэснээр одоо эхлээгүй болон явц нь удаан байгаа хөрөнгө оруулалтыг зогсоох болно. Мөнгө олъё гэхээр өрийн хязгаар тулчихсан” гэсэн юм. Үүнийг цөөнхийн гишүүд эсэргүүцэж буй гаа нэг биш удаа илэрхийллээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Энхболд “Энд хэлэлцэж байгаа асуудлыг жинхэнэ тодотголтой хамт хэлэлцье. Одоо төсвийн орлого 450 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалт 51 хувиар тасарч, ам.долларын ханш 1800 давчихаад байхад эдгээр хөрөнгө оруулалтын жагсаалтыг баталсан ч барилгын материалын үнийн өсөлтөөс болж гацах нь тодорхой” гэж байлаа.
Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Төсвийн хуульд өөрчлөлт оруулж байгаа л бол тодотгол. Ингэж хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шалтгаан нь ард түмэн гэдсээ татаж амьдарч байгаатай холбоотой байх ёстой. Гэтэл барилгын асуудал оруулаад ирэх юм. Бид өнөөдөр аврах анги, шоронгийн барилгын асуудал хэлэлцэж байгааг юу гэж ойлгох вэ. Үүнийгээ валютын ханшийн асуудал болон жинхэнэ тодотгол гээд байгаа зүйлтэйгээ хамт хэлэлцэж болохгүй юм уу. Гэтэл мөнгө байхгүй гээд байгаа шүү дээ. Ийм үед олон барилгын асуудал яаралтай хэлэлцэх ямар шалтгаан байгааг би мэдэхгүй байна” гэв.
Ер нь эдийн засаг, төсвийн үзүүлэлт муудахыг мэдсээр байж тодотголыг хойш тавьж, хоёр гурван сарын дараа хэлэлцэхийн оронд эртхэн арга хэмжээ авсан нь дээр гэж Ардын намынхан санал болгож байсан юм. Харин Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Барилгын ажлын онцлогийг мартах учиргүй. Долдугаар сар хүртэл тодотгол хүлээх шаардлагагүй. Объектуудын ихэнх нь боловсролын салбарынх. Тиймээс есдүгээр сарын 1-нд боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа эхлэхээс өмнө барилгын ажил дууссан байх ёстой” гэсэн хатуухан байр суурь илэрхийлсэн.
Ингэж жинхэнэ, жинхэнэ биш, одоо хэлэлцэнэ, оройтож хэлэлцэх нь гэж санал зөрөлдсөний эцэст зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хурааж эхэлсэн ч гишүүд дахин талцсан нь цөөн бус объектын төсөвт өртөг нэмэгдсэнтэй холбоотой байв. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Жагсаалтад төсөвт өртөг нь нэмэгдсэн 10 объект байна. Цоо шинээр оруулж ирсэн объект ч байна. Эдгээрийг болих хэрэгтэй” гэсэн бол УИХ ын гишүүн Ц.Нямдорж “Өртөг нэмэгдсэн асуудлыг Төсвийн байнгын хороо эргэж харах хэрэгтэй. Төсөвт өртгийг нэмэх шаардлагатай бол Засгийн газарт буцаа. 20 ортой эмнэлгийн өртөг 850 сая төгрөг байсныг 1.5 тэрбум болгосон нь ямар учиртай юм бэ. Засгийн газраас оруулж ирсэн дүнг Байнгын хороон дээр тэрбум давтал нэмсэн нь ямар учиртай юм бэ. АТГ-т шилжүүлэх хэрэгтэй” гэж шүүмжилсэн. Нөгөө талаас Төсвийн хуульд ам.долларын ханшийг 1384 төгрөгөөр тооцсон тул дээрх бүх төсөвт өртөг өөрчлөгдсөн, долдугаар сард тодотголын бүрэлдэхүүн хэсэг болж орж ирнэ хэмээн зарим гишүүн дэмжихгүй байхыг уриалж байсан юм.Цаашлаад Ажлын хэсэг болон Байнгын хорооны гишүүдийг давуу талаа ашиглан тойргийнхоо хөрөнгө оруулалтад анхаарал хандууллаа хэмээн хардах нэгэн ч байв.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Хөвсгөлийн Ц.Даваасүрэнгийн хоёр объектод төсөвт өртөг нь нэмэгдсэн байна. Улсын төсвийн мөнгөөр сонгуулийн зардлаа гаргуулдгаа больцгоо” гэж хэлээд амжсан. Үүнд Төсвийн байнгын хорооны дарга “Зарим объектын тухайн жилийн санхүүжилтийг нь тавьчихаад төсөвт өртгийг нь нэмээгүйгээс болж ийм юм болж байгаа. Техникийн алдаа” гэсэн тайлбар хийсэн бол Ажлын хэсгийн ахлагч Б.Болор “Санаагаараа нэмсэн зүйл үгүй. Төсөвт өртөг нэмэгдсэн нь бүгд аудитын дүгнэлттэй. Шалгуулахад бэлэн” гэсэн хариулт өгсөн. Харин Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар “Эдгээр объектыг зураггүй тусгасан байсан. Тиймээс дахин тодотгож, зургийг нь хийлгэж, батлагдсан дүнгээр нь оруулж ирсэн” гэх тайлбар өгч байлаа. Гэвч УИХ-ын даргаас өгсүүлээд “Яагаад ийм байдлаар оруулж ирсэн юм бэ” хэмээн гайхаж, тодруулж байсан тул төсөв нэмсэн шалтгааныг нэгбүрчлэн тайлбарлуулахаар аудит болон холбогдох яамдын албан тушаалтнуудыг хуралдаанд дуудсан юм.
Энэ үеэр Ажлын хэсгийн ахлагч Б.Болор “Төсөвт өртөг нэмэгдсэн обьектуудыг аудитын болон холбогдох газрынхныг байлцуулан танилцуулах нь зүйтэй” гээд тодорхой саналуудыг энэ удаагийн хэлэлцүүлгээс түр татав. Өөрөөр хэлбэл, төсөвт өртөг нь нэмэгдсэн есөн обьектыг Засгийн газраас оруулж ирсэн байдлаар нь батлахаар болж буй юм. Үүнийг Ардын намын голдуу гишүүд дэмжсэн ч аудит хяначихсан асуудлыг улстөржүүлснээс болж эдгээр барилгын ажил дахин хойшилж, балгас болох нь хэмээн зарим нь дургүйцлээ илэрхийлж байлаа.