УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд гадаад бодлогын чиглэлээр хоёр ч Ажлын хэсэг байгуулан ажиллаж буй. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл ахлагчтай Ажлын хэсэг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийсэн бол УИХ-ын гишүүн М.Батчимэгээр ахлуулсан нь Гадаад бодлогын асуудлаар шийдвэр гаргах үйл ажиллагааг боловсронгуй болгох, хариуцлагажуулах байдалд дүгнэлт хийх үүрэгтэй.
М.Батчимэг гишүүний ахалсан Ажлын хэсгийнхэн санал, дүгнэлтээ боловсруулан, тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанаар хаалттай хэлэлцээд буй. Хуралдаанаас Гадаад бодлогын шийдвэр гаргах тогтолцоог боловсронгуй болгох талаар чиглэл өгөх тухай тогтоол батлан Засгийн газар, Гадаад харилцааны яаманд чиглэл өгсөн байна. Энэ талаар Ажлын хэсгийн ахлагч М.Батчимэгтэй ярилцлаа.
-Байнгын хороон дээр хоёр ч Ажлын хэсэг байгуулан гадаад бодлогын асуудалд ингэж нухацтай хандах шалтгаан юу байв. Танай Ажлын хэсэг ямар зорилготой байгуулагдсан юм бэ?
-1990-ээд онтой харьцуулахад өнөөдөр Монгол Улсын дипломат харилцаатай орнууд, гишүүнээр элссэн олон улсын байгууллагын тоо харьцангуй олон болсон. Өөрөөр хэлбэл, манай улсын гадаад орчин өөрчлөгдөж байна. Үүнтэй холбоотойгоор бодлогын хүндрэлүүд үүсэж байна. Бодит байдал дээр яам, тамгын газар, орон нутгийн хэмжээнд гадаад бодлого салангид, цогц бус, зохицуулалтгүй байх нь ажиглагдах болсон. Хил дагуух аймгууд өөр улсын аймаг, хошуу, засаг захиргааны нэгжтэй шууд харилцаа тогтоож, зарим нь бүр Төлөөлөгчийн газар байгуулах тухай хүртэл ярих болсон. Ер нь гадаад харилцааг нэгдмэл бодлогоор явуулах нь маш чухал. Монгол Улсын үндэсний эрх ашиг, гадаад бодлого нэг л байх ёстой. Гадаад бодлого нь үндэсний эрх ашигтаа захирагдах учиртай. Тийм учраас Ажлын хэсгийн гишүүд гадаад бодлогын шийдвэр чухам хаанаас эхэлж, ямар үе шатыг дамжиж байгаа болон хамгийн зүй зохистой хэлбэрээр гарч чадаж байна уу, бусад улс орон гадаад бодлогоо хэрхэн зангиддаг болохыг жилийн өмнөөс судалж эхэлсэн. Гадаад бодлогоо дотоодтойгоо зэрэгцүүлэн хөгжүүлж байж улс орон хөгжинө.
-Дэлхийн жишиг, хандлага ямархуу байдаг юм бол. Манайх хол зөрүүтэй байна уу?
-Олон улсын жишгээр гадаад бодлогыг зангидахын тулд нэгдүгээрт, бүтцийн хувьд уялдуулдаг. Тухайлбал, түрүүчийн Засгийн газрын үед Гадаад харилцааны яаманд гадаад эдийн засгийн харилцааны асуудлыг үүрүүлдэг байсан. Харин одоо Эдийн засгийн хөгжлийн яам байгуулснаар гадаад эдийн засгийн харилцааг тус яам хамаарч байна. Дэлхийн жишгээр бол гадаад эдийн засгийн харилцааны асуудлыг Гадаад харилцааны яаманд төвлөрүүлдэг. Энэ дөрвөн жилийн хугацаанд гадаад улс төр болон эдийн засгийн харилцаа салангид байхаар ойлгогдож байгаа. Хоёрдугаарт, гадаад харилцааны шийдвэрийг хэрхэн гаргах тухай маш нарийн зохицуулалт бүхий процессийн хуультай байдаг.
-Тогтоолоор юуг голлон чиглэл өгсөн бэ?
-Юуны өмнө Монгол Улсын гадаад бодлогыг нэгдмэл, цогц байдлаар уялдуулах механизмыг сайжруулах шаардлагатай байна. Өнгөрсөн оны эхээр ҮАБЗ-өөс зөвлөмж гаргасан. Зөвлөмжийг дагалдан Гадаад бодлогыг нэгдмэл зохицуулалтаар хангах тухай Засгийн газрын тогтоол баталсан. Гэвч хариуцлага тооцох механизмгүйгээс гарсан шийдвэрүүд төдийлэн хэрэгжихгүй байна. Тийм учраас төрийн гадаад харилцааны нэгдмэл хуультай болохоор тогтоолд тусгасан. хуулийн төслийг ирэх есдүгээр сард багтаан оруулж ирэх чиглэлийг Засгийн газарт өгсөн. Нөгөө талаас Гадаад харилцааны яамыг бүхий л талаар дэмжиж, хөгжүүлэх шаардлагатай байна. Гадаад харилцааны яамны орон тоо 1970-аад онынхтой ижил байна. Тэр үед манай улс 16 оронтой дипломат харилцаатай байсан. Харин өнөөдөр 167 оронтой дилломат харилцаатай. Яамны ажлын ачаалал үнэхээр их. Өдөр тутмын харилцааны асуудал маш их учраас бодлогын буюу дүн шинжилгээний асуудалд төвлөрөх хүн хүч дутагдаж байна. Тиймээс тус яамыг үе шаттайгаар дэмжих санал оруулсан. Үүнийг Байнгын хорооны гишүүд санал нэгтэй дэмжсэн. Дээр нь манай улс үндэсний дипломат ажилтан бэлтгэх академигүй. Дипломат байгууллага бол тусгай алба. Бусад цэрэг, хүчний тусгай албад боловсон хүчнээ бэлтгэдэг байгууллагатай. Тиймээс Гадаад харилцааны яамны дэргэд Дипломат академи байгуулах талаар тогтоолд тусгасан. Монгол Улсын гадаад харилцааны салбарт томоохон дэвшил авчрах алхам болсон гэж үзэж байгаа.
-Энэ чиглэлийн хууль байдаггүй юм уу?
-Дипломат албаны тухай хууль гэж бий. Гэхдээ энэ нь харьцангуй байгууллага хийгээд дипломат ажилтны эрх зүйн байдлыг зохицуулсан хууль. Хуулийн хэллэгээр “материаллаг” гэж хэлж болохоор гэх үү дээ. Бидэнд процессийн хууль хэрэгтэй.
-Төрийн алба данхайж байна гэсэн шүүмжлэл гарах байх даа.
-Дээрх шүүмжлэл зөв зүйтэй. Гэхдээ үндэсний аюулгүй байдал, Монгол төрийн гадаад бодлого хүчтэй байх ёстой. Тэр тусмаа аюулгүй байдлаа цэргийн бус улс төр, дипломатын аргаар хангах зорилготой манай улсын хувьд Гадаад харилцааны яамандаа онцгой анхаарал хандуулах цаг болсон. Аж ахуйн шинжтэй чиг үүргийг төрөөс салгаж хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагад шилжүүлэх ёстой. Харин төр зайлшгүй хийх зүйлийн нэг болох гадаад харилцаа, аюулгүй байдлын салбарын асуудлуудаа бэхжүүлэх учиртай. Зайлшгүй шаардлагатай орон тоог судалж, улсын төсөвт ачаалал нэмэхгүйгээр орон тоог бэхжүүлэх боломжтой.
-Тогтоолын биелэлтэд яаж хяналт тавих вэ?
-Хэрэгжилт хамгийн чухал. Байнгын хорооноос тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.
Б.НОМИН