-Миний аавд ялын дээд хэмжээ өгөхөд Монгол төрийн туг бөхийсөн-
Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг өнгөрсөн долоо хоногт Дорнод, Хэнтий аймаг, Халхгол суманд тэмдэглэсэн юм. Энэ үеэр Булган аймгийн Бүрэгхангай сумаас төлөөлөл ирж, Дорнод аймагт болсон цэргийн хүндэтгэлийн жагсаалд сумын Соёлын төвийн дарга Монгол Улсын гарамгай баатар Л.Дандарын жагсаалын хувцас, дайны үед нөмөрч байсан цэмбэн хар нөмрөгийг өмсөн оролцсон юм. Олон түмнээ Алаг морьт баатар хэмээн алдаршсан тэрбээр намхан, майга хөлтэй, чөлөөт бөхөөр барилддаг, сумын заан цолтой, бор хүн байжээ. Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч гуай Дандар баатарт зориулж хэд хэдэн шүлэг бичсэний нэг нь “Дайны жилийн цэрэг явлаа” хэмээх дууны шүлэг юм.
“Матад, Тамсаг, Баянтүмэний
Мартахын аргагүй дурсгалт жилүүд
Маргад эрдэнийн залуу нас минь
Морин дэл дээр сэлэм шиг явлаа
Миний залуу нас
Дайны жилийн цэрэг явлаа
Алдар, үхэл хоёрын дундуур
Ассан гал шиг бадран өнгөрсөн” хэмээх үгтэй уг дууг
Дандар баатарын үр хүүхэд нь баатар цол хүртсэн газрыг нь тэмдэглэсэн Хамар даваан дахь хөшөөн дээр нулимс дуслуулан дуулан, хүндэтгэл үзүүлж байхтай таарч, түүний бага хүү Д.Дашдэндэвтэй ярилцлаа.
-Энэ хөшөөг хэзээ босгосон бэ?
-Халх голын байлдааны ялалтын 15 жилийн ойгоор босгосон юм шиг байна лээ. Тухайн үед галын хор шиг зүйл дээр таван хошуу байсан гэсэн. 70 жилийн ойгоор сайхан засаж, тохижуулсан байсан. Одоо дахиад засахаар болчихож.
-Дандар баатар уг нь Ховд аймгийн Цэцэг сумын гаралтай хүн юм билээ. Яаж яваад Булган аймгийн Бүрэгхангайд очсон юм бэ?
-Аав маань Булган аймгийн Бүрэгхангай сумын Рашаант гэдэг газар төрж, өссөн. Аав, ээж нь Ховд аймгийн Цэцэг сумын гаралтай хүмүүс. Нутаг орондоо гадуурхагдан ээж нь Хүрээ орохоор явах замдаа аавыг Булган аймгийн Бүрэгхангай суманд төрүүлж, тэндээ суурьшин, айлын мал хариулдаг байсан гэсэн. Олон хүүхэдтэй ганц бие эмэгтэй учраас манай аавыг овоглодог Лодонд биш Лувсан гэж хүнд өргүүлсэн юм билээ. Тэр хүн нь төвд ном мэддэг, тухайн үеийн ёсонд таарахгүй учраас Лодон гэж ааваараа овоглуулсан байгаа юм. Гамингууд буцахдаа нутгийн иргэдтэй тулалдахад аавын ах нас барсан. Энэ үед өргөж авсан аав нь “Харийн дайсан эх орон руу минь халдаж, ах чинь нас барлаа. Хүн араатан хамгийн аюултай” гэж хэлсэн гэдэг. Тэгэхэд аав таван настай байж. Ийм л бага насандаа аав хамгийн аюултай хүн бол харийн дайсан гэдгийг мэдэрч, жигшсэн гэдэг. Аавыг уг нь хийдэд суулгасан юм билээ. Гэвч найзуудтайгаа оргосон. Намтарт нь ном сурахдаа муу байсан гэдэг ч би бодохдоо тухайн үеийн нийгмийн шаардлагаар тэгж бичсэн гэж боддог. Тэрнээс аав маань сийрэг толгойтой хүн байсан. Лам дээлэн дээрээ буу үүрэн тарваганд явж байгаад нэг айлд ортол багш нартайгаа таарч. Багш нар нь “Энэ бол босоо ороолон” гэсэн гэдэг. “Их л муухай юм болсон” хэмээн аав хожим ярьсан. Тэгээд удалгүй цэргийн алба хааж, морин цэргийн дунд сургуульд сурсан. Ирээд Халх голын байлдаанд Тамсагбулагийн XVII морьт хорооны захирагчаар томилогдон, дивизийн захирагч болтлоо ажилласан. Аавыг VI дивизийн захирагч болгох тушаалыг Г.К.Жуков гаргасан байдаг. Аав “Би морин цэргийн салаан захирагч хүн. Дивиз хүлээн авч чадахгүй. Миний мэдлэг хүрэхгүй” гэхэд Г.К.Жуков “Мэдэхгүй юм байвал энэ нөхдөөс асуу. Энэ хүмүүс чамд тусална” гэж. Тэгэхээр нь дахиад татгалзтал “Чи цэргийн хүний захирах, захирагдах ёсыг мэдэх үү” гэхэд нь татгалзаж чадахгүй тушаалыг хүлээн авахад “VI дивизийн захирагч, хурандаа Дандар эргэ” гэсэн гэнэ лээ. Манай аав дайн дуустал VI дивизийг командалсан. Миний аав Халх голын байлдааныг эхлэхээс дуусах хүртэл нь оролцсон, эглээс эгэл хүн явлаа. Хилийн застав, отрядод очихдоо цэргийнхээ байранд унтчихна. Дарга, цэрэг гэж ялгалгүй харьцана. Баатар болсноосоо хойш Матадын цэргийн наадамд очиход халхын сайн бөхчүүд барилдаж байжээ. “Дандар баатар барилдана гэнэ” гэхэд бөхчүүд “Сэлэмгүй юм хойно болох байлгүй” гэж. Энэ наадамд аав түрүүлсэн. 1961 оны Дорнод аймгийн наадамд их насны хар зүсмийн морь уяж, тэр нь түрүүлсэн гэдэг. Аав “Олон дүү, ач нар байна. Нэг нь ч болтугай Халх голд хурим хийдэггүй юм байх даа” гэдэг байлаа. Энэ жил манай гурав дахь хүү Дорнод аймгаас эхнэр авч байгаа нь бэлгэшээх үйл явдал болж байна.
-Алаг морьт баатар хэмээн Дандар гуайг Монголын ард түмэн домог мэт ярьдаг. Морь нь ямар угшлын, хэний адуу байсан юм бол?
-Халх голын унаган адуу. Нэг их том гэдэстэй, хээр алаг морь байсан. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Доржийн морь. Соёолон насандаа сумын наадамдаа түрүүлсэн удаатай.
-Дандар баатар дайны дараа Зөвлөлт, Монголын найрамдалт харилцаанд сэв суулгасан гэдэг шалтгаанаар хэлмэгдэж, баатар цолоо хураалгасан. Чухам ямар учраас хэлмэгдсэн бэ?
-Аав “Хүн хийсэн хэргийнхээ төлөө шийтг үүлэхэд сайхан. Харин хийгээгүй хэргийнхээ төлөө шийтгүүлэх муухай” гэж хэлж байсан. Аав МАН-аас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн. Улсын нууц учраас тэр талаар бараг ярьдаггүй. Одоо ярихад болох байх. Орос цэргүүдийг манай аав зориуд алаагүй. Дайнд оролцож байсан орос цэргүүд танхай, цэргийн агт морь, хүнс хоолонд халддаг байсан тул тухайн үеийн Матадын намын хорооны дарга түүнийг зогсоох үүрэг аавд өгсөн. Аав тэр үүргийг хатуухан биелүүлсэн учраас хэлмэгдэж, хэрэгт түвэгт орооцолдсон. Цэргийн музейнхэн үнэнээр нь бичих ёстой. Аавыг 10 жил шоронд байсан гэж хүмүүс ойлгодог. Тийм биш. Шоронд орох нь орсон. Тэр бүү хэл, манай аавд Монголын төр ялын дээд хэмжээ, буудан алах ял оноож байсан. Тэгэхэд ЗХУ “Та нар баатраа тэжээж чадахгүй бол манайд өг” гэсэн гэдэг. Миний аавд ялын дээд хэмжээ өгөхөд Монгол төрийн туг бөхийсөн юм. 1945 оны чөлөөлөх дайнд аавыг оролцоогүй гэх хүмүүс байдаг. Оролцохоор барах уу, Хятадын нэг хотынх нь коминдатын үүрэг гүйцэтгэсэн.
-Дайны тухай дурсаж байв уу?
-“Хэн ч гэсэн эцэг, эх, эхнэр, хүүхэд, ар гэртэй. Хүн ална гэдэг амаргүй. Энэ газар шороо, эх орноо хамгаалахын тулд л тэднийг хөнөөдөг байсан. Хүн алах сэтгэл ямар ч үед төрдөггүй. Дэргэд нь байлдаж яваа хүн үхэхэд, эсвэл өөрөө шархдахад л “Энэ намайг алах гэж байна” гээд хүн рүү бууны хараа чиглүүлдэг” гэж ярьж байсан. -Танд юу гэж захидаг байв? -Улс эх орон, ард түмнийхээ төлөө ажиллах ёстой. Худлаа хэлж, хулгай хийж болохгүй, үнэнч яваарай гэж захидаг байлаа.
-Дайны дараа хаана ажиллаж байсан бэ?
-Гал сөнөөгч, өнгөт металын үйлдвэрт жолоочоос орлогч даргыг нь хүртэл хийсэн. Ний нуугүй хэлэхэд, хөдөлмөрийн баатрын болзол хангасан ч өгдөггүй байсан гэсэн. Баатар цолыг нь Бал дарга хураахад Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоо өгөөгүй юм. “Би энийг чамтай адил ширээний ард сууж байгаад аваагүй юм. Бусдыг нь ав” гэсэн гэдэг.
-Энэ жил Дандар баатрын мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаа. Ойг тохиолдуулан олон арга хэмжээ зохион байгуулсан гэж сонссон.
-Нутгийн зөвлөлийнхөн яруу найргийн наадам зохион байгуулна гэсэн. Тавдугаар сарын 28-нд нутагт нь, дараа нь Улаанбаатарт 100 насных нь ойг тэмдэглэсэн. Мөн баримтат киноны өдөрлөг зохион байгуулсан. Хийхээр төлөвлөсөн зүйл олон бий.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ