ЭХЭМҮТ-д төрөөд удаагүй байсан 16 нярайд фенобарбитал хэмээх эм их хэмжээгээр өгснөөс хордлогод орсон дуулиан өнгөрсөн наймдугаар сард дэгдсэн билээ. Тус эмнэлэгт байрлан эм борлуулдаг “Монос” группийн эмийн санчийн буруугаас энэ асуудал болсон гэдгийг тухайн үед хэвлэлээр мэдээлж байсан ч тэгсхийгээд намжив. Уг нь хууль хяналтын байгууллагад шалгаж буй ч хэрхсэн нь тодорхойгүй өнөөг хүрч байна. Фенобарбитал эмтэй холбоотой дуулиан энэ удаад ч дэгдэж байгаа юм биш. 2011 онд уг эмтэй холбоотой, хууль бусаар борлуулдаг гэсэн асуудал дэгдэж байсан ч, өнөөг хүртэл шийдэгдэж чадаагүй байгаа юм. Тухайн үед УМБГ-ын хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн “Монос”, “Эмийн үйлдвэр импекс” компанийнханд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм хууль бусаар борлуулж байсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Тухайн үед “Монос”-ын дэд захирал хуулийн хариуцлага хүлээж, “Эмийн үйлдвэр импекс” компанийн захирал О.Дамба шүүхээр ял шийтгүүлсэн ч хэрэг нь нэмэлт мөрдөн байцаалтад буцсаар өдий хүрч байна.
МАНСУУРУУЛАХ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ ЭМИЙГ ЖОРГҮЙ, ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ЭМИЙН САНГУУДАД ОЛГОЖ БАЙВ
“Фенобарбитал” хэмээх эм нь НҮБ-ын 1971 онд баталсан Сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтад багтсан, хар дансанд бүртгэлтэй аж. Энэ эмийг олон удаа хувааж, зөөлрүүлсэн жороор найруулсан “Люминал” гэсэн нэртэйг нь хүүхдийнхээ тархины даралтад өгч хэвшсэн гэхэд нэг их хилсдэхг үй. Мэргэжлийн эмийн жор баригчид “Люминал” гэдэг нь “Фенобарбитал” эмийг 0.005 хувиар хувааж нярай хүүхдийн тун болгосныг хэлж байгаа нэршил. Хүүхдийн тунгаар нярай хүүхдийн арьсны шарлалт, тархины даралт, нойр солигдох зэрэгт эмчилгээний зориулалтаар өгдөг. Нэг ширхэг “фенобарбитал”-ыг 20 хэсэг хувааж хүүхдийн тун болгодог” гэх юм билээ. Уг эмийг манай улсын хууль, Эрүүл мэндийн сайдын шийдвэрээр тусгай зөвшөөрөлтэй эмийн сангаар олгох ёстой байхаар заажээ. Харамсалтай нь “Эмийн үйлдвэр импекс” ХХКийн захирал О.Дамба нар Чингэлтэй дүүргийн II хороо, хоёрдугаар дөчин мянгатын 22 дугаар байранд байрлах эмийн сангаар 2009 оны нэгдүгээр сараас 2011 оны дөрөвдүгээр сарын 23 хүртэл уг эмийг удаа дараа, их хэмжээгээр борлуулж байсан хэрэгт холбогджээ. Уг нь Эрүүл мэндийн сайдын 2003 оны арванхоёрдугаар сарын 25-ны 306 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалт”-ыг баталсан бөгөөд тэнд “Фенобарбитал” багтсан юм байна. Уг эмийг сэтгэцэд нөлөөт эмээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй эмийн сангаар борлуулах ёстой бөгөөд энэ эмийн сан нь дүүрэгт нэг байна гэж Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм борлуулах журамд заажээ.
Харин “Эмийн үйлдвэр импекс” компанийнхан тийм тусгай зөвшөөрөлгүй эмийн сангуудад худалдаж байсан аж. Хууль журам, тусгай зөвшөөрлийн талаар хавтаст хэрэгт гэрч мэдүүлэг өгсөн НЭМГ-ын ажилтан Ж.Энхбаяр “НЭМГ-ын дарга Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн тавдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасныг үндэслэн нийслэлийн хэмжээнд сэтгэцэд нөлөөт эмээр үйлчлэх есөн эмийн санд зөвшөөрөл олгосон. Гэвч Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг Төрийн захиргааны төв байгууллага батална гэсэн заалтын дагуу 2009 оны аравдугаар сарын 22-нд өдрийн Эрүүл мэндийн сайдын 342 дугаар тушаалаар батлагдсан жагсаалт гарсан. Уг тушаалд “Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон эмийг үйлдвэрлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх, импортлох зэргээр нэр төрлийг олшруулж хангамжийг сайжруулж ажиллахыг эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангийн дарга, эрхлэгч нарт даалгасны дагуу энэ жагсаалтад орсон эмийг эмийн сангууд эмчийн жороор үйлчлэх ёстой гэсэн үг. Ингээд дээрх хоёр хуулийн заалтууд зөрчилдөж байгаа учраас амьдралд сэтгэцэд нөлөөт диазепам, апаурин, фенобарбитал зэрэг эмүүд өргөн хэрэгцээний олон өвчний заалтаар хэрэглэгддэг учраас зарж болно гэж бодож байгаа. Хууль амьдралтай зөрчилдөөд байгаа тул Ажлын хэсэг байгуулан хууль боловсруулж, УИХ-аар хэлэлцэхэд бэлэн болоод байна. Сэтгэцэд нөлөөт эмийг нийлүүлэх талаар 2003 оны Эрүүл мэндийн сайдын 306 дугаар тушаалаар батлагдсан журмыг баримталж ажиллах ёстой. Энэ журамд эм ханган нийлүүлэх байгууллага нь импортоор оруулж ирсэн сэтгэцэд нөлөөт эмийг зөвхөн тусгай зөвшөөрөл бүхий эмийн сан, эмнэлэгт нийлүүлэх, мөн бусад эмийн санд өгөхийг хориглосон заалт байгаа. Гэвч амьдрал дээр бас л хууль журам нь зөрчилдөөд байгаа юм” гэсэн мэдүүлэг өгчээ. Тэгэхээр амьдрал дээр хууль журам нь зөрчилдөөд байгаа тохиолдолд нэмэлт өөрчлөлт оруулах гээд арга хэмжээ авч болдог л баймаар. Харин Эрүүл мэндийн салбар хариуцсан яам нь энэ тал дээр ажиллахгүй байгаагаас нэг хэргийг шүүх эцэслэн шийдэж чадахгүй байна.
О.ДАМБА: БИ ЭНЭ ХЭРГИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ
“Эмийн үйлдвэр импекс” компанийн захирал О.Дамба өөрт нь тулгаж буй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эмийг хууль бусаар борлуулсан хэргийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хууль хяналтын байгууллагад анхнаасаа тайлбарлаж, хууль, журамд өөрчлөлт оруулахаар хөөцөлдсөөр байгаа юм. Тэрбээр “Сэтгэцэд нөлөөлөх эмийг тусгай зөвшөөрөлгүй эмийн санд худалдаж, журам зөрчсөн гэдгийг нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Манай компани уг эмийг эмийн сангаар бус эм ханган нийлүүлэх төвөөр худалдсан. Ер нь Сэтгэцэд нөлөөлөх бодис, сэтгэцэд нөлөөлөх эм гэдэг хоёр ойлголт шал өөр. Эм үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид бидний гол зарчим бол Эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг баримталж, мал, хүн амд зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон эмээр тасралтгүй хангах юм. Гэтэл намайг сэтгэцэд нөлөөлөх бодисоор үйлчилсэн гэж байна. Бид бодисоор үйлчлээгүй. Эмийн тухай хуульд “эм” гэж хүний болон мал, амьтны өвчнийг эмчлэх, оношлох, өвчнөөс урьдчилан сэргийлэх зориулалттай, үйлчлэл нь эм судлал, эмнэл зүйн сорилт, туршилтаар нотлогдсон, нийлэг буюу амьтан, ургамал, эрдсийн гаралтай, тодорхой тун, хэмжээгээр хэрэглэгддэг бодисыг, “эмийн сан” гэж эмнэлгийн хэрэгсэл, эм бэлдмэлийг жижиглэнгийн үнээр хангах тусгай зөвш өөрөлтэй хуулийн этгээдийг, “мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм” гэж донтуулах болон сэтгэцийн бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг заасан эмийг хэлнэ гэж тодорхойлсон. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд заасан сэтгэцэд нөлөөт эмээр үйлчлэх байршлыг тогтоосон. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг өмнө нь олгож байгаагүй, одоо ч байхгүй. Би энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэр хүнд, ёс суртахуун, ажил хэрэгт маш их хүнд цохилт болж байна” гэжээ.
Тэрбээр ийнхүү ярьж байгаа боловч сэтгэцэд нөлөөт эм гэдэгт НҮБ-аас “Фенобарбитал”-ыг оруулчихаад байгаа учраас манай улс нэгдэн орсон конвенцийнхоо хүрээнд, түүний хэрэгжилтэд хяналт тавих гэж зүтгэж буйгаас О.Дамбад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж шүүхэд шилжүүлсэн болов уу. Харин хуучнаар Чингэлтэй дүүргийн шүүх “Эмийн үйлдвэр”, “Эмийн үйлдвэр импекс” ХХК-ийн захирал, шүүгдэгч О.Дамба Монгол Улсын 1999 онд соёрхон баталсан НҮБын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц, Эрүүл мэндийн сайдын 2003 оны 306 дугаар тушаалаар батлагдсан “Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалт”-д багтсан сэтгэцэд нөл өөт “Фенобарбитал” шахмал эмийг зохих тусгай зөвшөөрлийн дагуу үйлдвэрлэж, өөрийн охин компани “Эмийн үйлдвэр импекс” ХХК-ийн эм ханган нийлүүлэх байгууллагаар дамжуулж худалдаалахдаа дээр дурдсан Эрүүл мэндийн сайдын 306 дугаар тушаалаар баталсан “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийг импортлох, үйлдвэрлэх, худалдаалах эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн үйлдвэр, эмийн сан энэ чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байна” гэснийг зөрчиж, эмийн сангуудад худалдсан нь гэрчүүд, бусад нотлох баримтаар тогтоогдож байгаа тул шүүгдэгч О.Дамбад Эрүүгийн хуулийн 193 дугаар зүйлд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ гээд 500 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэжээ. Харин давж заалдах шатны шүүх нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх уг хэргийг энэ жил дахин хэлэлцсэн юм. Гэвч дахин нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байна.
СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ ЭМИЙГ ЭМИЙН САНГУУД ДАМЖУУЛАН БОРЛУУЛДАГ БАЙЖЭЭ
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эмийг тусгай зөвшөөрөлтэй эмийн сангаар худалдах ёстой атал хэд хэдэн эмийн сангийн эрхлэгч, эзэд дамжуулан борлуулж, байсан аж. Тухайлбал, О.Дамба нарт холбогдох хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн “Сүлдэн” эмийн сангийн эрхлэгч З.Баасанхүү “Би “Сүлдэн” эмийн сангийнхаа нэрээр “Эмийн үйлдвэр импекс” эм ханган нийлүүлэх байгууллагаас 2010 оны гурав, дөрөвдүгээр сарын үед эм авсан. Гэхдээ тэндээс их олон удаа аваагүй, манай нэрээр бусдад худалдсан байна. Манай эмийн сан авсан “Люминал”-аас 200 боодлыг “Хөгжил” гэдэг эмийн сангийнханд 50 мянган төгрөгөөр бодож эмээр солилцсон” гэж мэдүүлсэн байгаа юм. Харин гэрч Д.Нандинлхам “Тухайн үед “Сүлдэн”-гээс эм солилцоогоор “Люминал” авсныг мэдээгүй. Гэхдээ сэтгэцэд нөлөөт эм солилцож болохгүй талаар би сүүлд мэдсэн. “Сүлдэн” эмийн сангаас 200 боодол люминал нэртэй тун хэмжээг хүүхдийнх болгож ягаан цаасанд боосон эмийг авч “Сод импекс” эм ханган нийлүүлэх компанид солилцоогоор өгсөн. “Сүлдэн”-гээс авсан эмийг шууд “Сод импекс” рүү эмээр сольсон” гэсэн байгаа юм. Гэрч Ш.Отгонбаяр “Би “Сод импекс” компанийн эм ханган нийл үүлэх байгууллагад 2009 оноос хойш эмийн борлуулалтын менежерээр ажиллаж байна. Би “Гамба” компанийн ажилтан Хөгжил гэж эмэгтэйтэй эмийн солилцоо байнга хийж байсан. 2010 оны гуравдугаар сард байх, ягаан өнгийн цаасанд боосон “Фенобарбитал-эмийг бага тунтай болгож найруулсан “Люминал” нэртэй эм 200 боодлыг авч 150 боодлыг “Батраш” нэртэй Нисэхийн эцэст байдаг эмийн санд, 20-ийг Яармагийн “ИСЦЗ” гэсэн нэртэй эмийн санд, мөн тооныхыг “Нони” эмийн санд өгсөн. Түүнээс гадна “Мөнхийн тун” эм ханган нийлүүлэх байгууллагатай би эмийн солилцоо хийхдээ бас өгсөн. Манай эм ханган нийлүүлэх байгууллага сэтгэцэд нөлөөт эм нийл үүлэх, худалдах тусгай зөвшөөрөл байхгүй. Уг эмийг сэтгэцэд нөлөөт эм гэж мэднэ, эмчийн жороор олгодог гэдгийг ч мэднэ. Хүүхдийн тунгаар найруулсан эм гэж ирдэг учраас авч бусдад худалдсан” гэжээ. Эндээс харахад эмийн сангийнханд батлагдсан хууль тогтоомжоо танилцуулж, тайлбарлах ажил ЭМЯ-ныхан тийм ч сайн хийдэггүй бололтой. Түүнээс гадна хууль тогтоомжоо мэддэг зарим нь санаатайгаар зөрчих явдал ч байгаа нь хяналт шалгалтын ажил хангалтгүй байгааг илтгэж байгаа бус уу.
Хэрэв хяналт шалгалтын ажил сайн байдаг бол удаа дараа сэтгэцэд нөлөөлөх эм хууль бусаар худалдаалахгүй нь ойлгомжтой. Энэ хорвоод эхээс мэндлээд удаагүй байсан 16 нярай сэтгэцэд нөлөөлөх эмийн хордлогод орохгүй байсан нь лавтай. Эмийн гаж нөлөө дээрх 16 хүүхдэд том болсон хойно нь л мэдэгдэнэ шүү дээ. Тэгэхээр ЭМЯ, Мэргэжлийн хяналтын байгууллага эрхэлсэн ажилдаа эзэн нь байх хэрэгтэй байна. Эзэн нь байж чадаагүйгээс хоёр жилийн өмнө эмх цэгцэндээ орж байсан “Фенобарбитал”- тай холбоотой дуулиан дэгдэхгүй байсан биз.
Г.РАВЖАА