З.Энхболд дарга шадар туслах, Байнгын хорооны дарга нараа дагуулан УИХ-ын чуулганы нэгдсэн болон туслах танхимуудаар нэг бүрчлэн орон танилцаж явна лээ. Солонгосчуудын буцалтгүй тусламжаар хийж буй тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажил шувтрахтай хамт чуулган эхлэх хугацаа ч нэгэнт тулсан тул хууль тогтоох үйл ажиллагааг тасралтг үй явуулахад гол үүрэгтэй танхимуудаа эргэж яваа юм гэнэ. Бас УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл хуралдаж, намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллаа ч тогтоочихож. Яг долоо хоногийн дараа эхлэх ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал ёсоор бол эхлээд Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол, АНУ хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах эсэхийг ярилцана. Эдгээрийн араас хуулийн хугацаанд багтаж батлах ёстой ирэх оны төсөв, мөнгөний бодлого болон хэд хэдэн чуулган дамнаж буй томоохон хуулийн төслүүд бий. Гэхдээ эрх баригч намын дарга, Засгийн газрын тэргүүн нь танхимдаа салхи оруулж, сэлгээ хийхээ мэдэгдчихсэн болохоор Спикерийн захирамжилсан дараалал нэг л хөндий харагдаад байна. Өөрөөр хэлбэл, шинэчлэлийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн тойрсон шуурганд энэ удаагийн чуулган хүссэн, хүсээгүй өртөнө.
Өнгөрөгч чуулганы хамгийн халуун сэдэв, хэрүүлийн алим, хаахынхаа өмнө хаалттайгаар харанхуй болтол хэлэлцээд ч хагалж дийлээгүй асуудлууд, Засгийн газрын бүтцийн өөрчлөлт тойрсон сэдэв солигдох нь. Засгийн газрын гишүүдийг хэрхэн, яаж халж, сэлгэх талаарх таамгууд хэдийнэ хөврөөд эхэлчихсэн. Тэгэхээр яамдыг нэгтгэн цөөлөх замаар зарчмын өөрчл өлт хийхээр яригдаж буй энэ үед ганц нэг сайдын асуудал сонин биш. Сонирхоод ч хэрэггүй. Тэгээд ч яамыг нь хүртэл үгүй хийхээр тохиролцож байгаа тохиолдолд Н.Батбаярыг огцруулах, эсэх нь тэгсгээд л өнгөрнө. Н.Батбаяр сайдыг ээрэх шалтаг хийгээд аврал болсон эдийн засгийн нөхцөл байдал, “ЭЗЭН-100” ч яамд, сайд нарыг тойрсон давалгаанд дарагдах бололтой. Хариуцлага тооцох институтэд нь хөдөлгөөн орж, хариуцах хүмүүс нь өөрчлөгдчихв өл хэнээс, хаанаас “ЭЗЭН-100”-г нэхэх билээ. Нэг талаас эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн төл өвл өгөө нь нэг бус удаа УИХ-д хүргэгдсэн Н.Батбаяр сайд, түүнийг багтаасан танхимын хувь заяаг хөөрх өн дэнжигнүүлж мэдэхээр байсан нөхцөл байдал, дуулианыг намжаах гал унтраах арга хэмжээ байсан гэх шүүмжлэлийг үгүйсгэх аргагүй. Ингээд бодвол Эдийн засгийн хөгжлийн сайдаа “ЭЗЭН-100”-гаар торгоосон эрх баригчид “ЭЗЭН-100”-гийн шүүмжлэл дагуулсан үр дүнг Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн тойрсон асуудлаар замхрааж байж ч болох. Үүнээс гадна оны төсөв, мөнгөний бодлогоо арваннэгдүгээр сарын 15-нд багтааж батлахгүй бол УИХ тарах хуультай. Тиймээс төсөв, мөнгөний бодлогоо хэлэлцэхээс өмнө Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ тодорхой болгох шаардлага тулгарч байгаа юм.
Н.АЛТАНХУЯГИЙН ТӨЛӨВЛӨСНӨӨР ҮҮ, АЛЬ ЭСВЭЛ...

Юутай ч “ЭЗЭН-100”, Эдийн засгийн хөгжлийн сайдаар цуурайтахгүй ээлжит чуулганаар шинэчлэлийн Засгийн газрын ирээдүйг зурах нь. Гэхдээ Засгийн хөдөлгөөн Н.Алтанхуягийн хэлж, төлөвлөснөөр болох уу, аль эсвэл хөндлөнгийн хэн нэгний санаачилгаар өрнөх үү гэдэг нь сонирхол татаж байна. Мэдээж энэ өрсөлдөөнд Ардын намынхан гол дүрд тоглохгүй. Засгийн газрыг бүрдүүлж буй нам намын зарим нөхөр Н.Алтанхуягаас арай өөр бодолтойгоор хөдлөх болсон талаар хэлэх хэсэг байгаа юм. Нэр бүхий зарим хүн эл асуудлаар ойр ойрхон уулзалдах болсон тухай ч эх сурвалж өгүүлсэн. Тухайлбал, олонхын зарим гишүүн, нөлөө бүхий улстөрчдийн хэвлэлд өгсөн ярилцлага сэлтээс харахад зарим зүйл мэдрэгдэж байгаа юм. Жишээ нь, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа “Уг нь ямар ч тохиолдолд, тэр ч бүү хэл хууль энэ оны долдугаар сарын 1-нээс хэрэгжихээр батлагдсан ч Засгийн газрыг огцруулахгүйгээр асуудлыг шийдэж болох гарц байсан. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг хэлэлцэх явцад “Ерөнхий сайдаас гадна Үндсэн чиглэлийн яамны сайд УИХын гишүүн байж болно” гээд санал хураалтаар шийдсэн байсан. Энэ тохиолдолд хуулийг баталчихаад, дараа нь иргэдийн хүлээлтэд нийцүүлэн эсвэлд нэгдсэн намтайгаа тохиролцоод Засгийн газрын бүтцийг өөрчилж, Засгийн газраа шинээр эмхлэн зохион байгуулаад явчих байсан юм. Ингэж чадсан бол АН үндсэндээ сонгогчдоос хоёр том оноо авах байсан. Хамгийн гол нь манайхан бие биедээ бүрэн итгэж чадаагүй л дээ. Сая Засгийн газрын тэргүүн бүтцийн өөрчлөлт хийж, сайд нарыг сэлгэх алхам хийнэ гэдгээ ард түмэндээ зарлачихлаа. Ердөө л энэ л алхам шүү дээ. Уг нь тэр үед ийм алхам хийчихсэн бол цаг хугацаа хожих байсан.
Улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд эерэг нөлөө үзүүлээд зогсохгүй АНын нэр хүндэд ч хэрэгтэй байсан юм” хэмээн ярьсан байгаа юм. УИХын даргын ахлах зөвлөх нь тун харамсангуй байдлаар ийн ярьсан нь З.Энхболд тэргүүтэй нөхөд одоогийн нөхцөл байдлыг ашиглан “давхар дээл”-ний асуудлыг босгон ирж, Н.Алтанхуягийн Засгийн газрыг танхимаар нь унагах сонирхолтой байгаа тухай нэлээд дээрээс ярьж буйг үнэнд ойртуулах шиг. Түүнчлэн Г.Уянга, Ж.Батзандан, С.Одонтуяа, М.Зоригт, Р.Амаржаргал, Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг нарын гишүүд Засгийн газрын үйл ажиллагааг хурцаар шүүмжилж буй. Үүнээс гадна “мэргэжлийн Засгийн газар” гэх нэр хэллэг сүүлийн үед моодонд орж, одоогийн Засгийн газарт нэлээд өөрчлөлт оруулах хэрэгтэйг хэлж буй.
Б.НОМИН