- Өөрөө хүмүүжээгүй эцэг эх хүүхдээ хүмүүжүүлж адахгүй-
Хүн өөрийн мэдэхгүй тоглоомонд хожигдох нь ойлгомжтой. Харин та гэр бүл хэмээх “тоглоом” тоглоход бэлэн үү. Улсын хэмжээнд жилд 40 мянга орчим хүүхэд ерөнхий боловсролын сургууль төгсдөг. Тэд бүгд математикч болохгүй. Харин эцэг эх болно. Хариуцлагатай, сайн аав, ээж болж чадах уу. Ингэж асуусны учир нь залуусын дунд гэр бүл салалт, үр хөндөлт их байгаатай холбоотой. Өнгөрсөн онд гэхэд л 3522 гэр бүл салж, 15628 эмэгтэй үр хөндүүлжээ. Үүний цаана бүртгэлгүй хэдэн гэр бүл салж, хэчнээн хүүхэд хорвоод мэндэлж чадахгүй буцаж буйг хэлэхэд бэрх. Гэр бүл салалт нь Монголын төдийгүй дэлхий нийтийн санааг зовоосон асуудал болжээ. Иймээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гэр бүлийн боловсрол олгох хичээлийг системтэйгээр заах хэрэгтэй гэж судлаачид үздэг. Гэр бүл болоход мэдлэг хэрэгтэй гэхээр зарим хүнд инээдэмтэй санагдаж болох.
Монголчууд бид нүүдлийн соёлтой, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх уламжлалт арга ухаантай ард түмэн. Гэхдээ өнөөдөр бидний мэдэхгүй гэр бүл бий болжээ. Хос, хосолмол, ижил хүйстэн, гэрээт, хамтран амьдрах, олон соёлт, улс дамнасан, ганц бие гээд гэр бүлийн олон хэлбэр үүссэн. Үүнийг дагаад гэр бүлийн талаарх залуусын мэдлэг эмх цэгцгүй болж эхэлжээ. Зөвхөн хос гэр бүлийн хэлбэрээр амьдарч ирсэн монголчууд наад зах нь хамтран амьдрах нь зөв, эсэхэд хариулт өгч чадахгүй сууна. Бидний эргэн тойронд гэр бүлээ батлуулаагүй ч хамт амьдардаг хүмүүс олон. Гэтэл Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль 1999 оноос хойш ганц цэг тэмдгээр ч өөрчлөгдсөнгүй. Тус хуулийн гуравдугаар зүйлд “Гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлнэ гэжээ. Гэтэл ингэж бүртгүүлээгүй ч гэр бүл болон амьдарч байгаа олон хүний эрх ашиг хөндөгдсөөр. АНУ-д хамтран амьдрах хэлбэрийг гэрлэлтэд бэлтгэх шат гэж үзэх нь бий. Гол нь хүүхэд өнчрүүлэх ёсгүй.
Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн хичээлийн хөтөлбөрт гэр бүлийн боловсролын мэдлэг олгох сургалт тусгагдаагүй. Тэд суурь боловсролтой болоод сургуулиа төгсдөг шигээ гэр бүлийн тухай үндсэн ойлголтой болох нь чухал байна. Хүүхдүүдийг гэр бүлийн талаар зөв мэдлэгтэй болгох нь ирээд үйд салалт, үр хөндөлт зэрэг сөрөг үзэгдлийг багасгана гэж Т.Намжил тэргүүтэй судлаачид үзэж байна. “Хүний эрх чөлөө, чөлөөт сонголт нь залуусыг хэд салж, нийлэх нь хэнд ч хамаагүй гэсэн өрөөсгөл ойлголттой болгож байна. Үерхлэээс эхлээд гэр бүлийн амьдралын утга учир юу болох, гэрлэлтэд хэрхэн бэлтгэх гээд нэг бүрчлэн зааж сургах хэрэгтэй. Хүн хэлэхээс цаашгүй гэдэг шиг энэ бүхнийг сургалтаар зааж, амьдралын дадал хэвшил болговол гэр бүл салалт, хүүхэд өнчрөх нь багасна. Архидалт, мөнгө зэргэээс гэр бүл салах нь хэлбэр төдий асуудал. Гол нь сэтгэлд л анхаарах хэрэгтэй. Сэтгэлийг зөв байлгахын тулд сургалт сурталчилгаа чухал. Хүн эхлээд өөрийгөө таньж мэдэх хэрэгтэй юм шүү дээ.
Манай залуусын олонх нь буруугаа бусдад өгөөд, өөрийгөө мэдэхгүй байна. “Нөхөр маань архи уугаад болдоггүй, яах вэ” гэж ярих эмэгтэй олон. Эхнэр юм уу нөхөр шаардлагатай хайр халамж, бэлгийн харилцаа хангалтгүй, халаасны мөнгөөр дутаасан зэрэг өөрөөсөө шалтгаалах асуудлыг олж хардаггүй. Өөрөөр хэлбэл, энэ бүхэнд өөрөө гологдож байгаагаа ойлгохгүй байна. Айлын хэд дэх хүүхэд ямар ааш араншинтай байдгийг мэдэхээс л өөрийгөө таньж эхэлдэг. Айлын том, дунд, отгон, ганц хүүхэд өөр, өөр ааш зантай. Тиймээс энэ бүхнийг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад сургалтаар зааж ойлгуулах шаардлага гарч байна” гэж Т.Намжил доктор хэлсэн. Тэрбээр үерхэл, шохоорхлоос эхлээд хариуцлагатай аав, ээж байх талаар 12 цуврал хичээл бүхий гарын авлага бичжээ. Үүнийг нь БШУЯ-наас дэмжсэн ч хэвлүүлэх зардал гаргаж өгөөгүйгээс эзэндээ хүрч чадахгүй өдий хүрчээ.
Гэр бүл байна гэдэг бие биенийхээ давуу талд татагдах, харилцан нөхөлцөх, нийтлэг асуудлаар санал нийлж байх ёстой. Ерөнхий боловсролын сургуулийн бага анги 15, дунд ангид 20 төрлийн хичээл орж байгаагаас гэр бүлийн боловсрол, хүмүүжил олгоход арай дөхүү нь эрүүл мэндийн хичээл юм байна. Үүнээс өөрөөр гэр бүл төлөвлөлтийн талаар нэг цагийн ч хичээл ордоггүй. Бага насны хүүхдүүд зурагт, утас, интернэт зэргээс бэлгийн амьдралын талаар буруу ташаа мэдээлэл авах нь их болсныг багш, нийгмийн ажилтнууд хэлсэн. Тэдний нэг нь Нийслэлийн 24 дүгээр дунд сургуулийн нийгмийн ажилтан М.Жаргалсайхан. Тэрбээр “Хүүхдүүдэд багаас нь гэр бүлийн боловсрол олгох нь зөв. Гэвч хичээлээр гэр бүлийн боловсрол олгох цаг бага. Эрүүл мэндийн хичээлээр л цухас заадаг. Өнөө үед монгол гэр бүлийн уламжлал алдагдаж, бүтэц нь өөрчлөгдөж байна. Гэтэл хүүхдүүд гэр бүлийн үнэ цэнийн талаар мэддэггүй. Судалгаанаас харахад эцэг эх нь хамтран амьдардаг, гадаадад байдаг, салсан гэр бүлийн хүүхдүүд эрсдэлтэй алхам хийж, хэл аманд өртөх нь их байдаг. Айлын тавиул, дагавар хүүхэд ч юм уу гэр бүлдээ асуудалтай хүүхдүүд сургуульдаа их бухимдалтай ирдэг. Харин гэр бүл нь тогтвортой айлын хүүхдүүд элдэв хэрэг түвэгт холбогдох нь бага. Манай сургуулийнхан эцэг эхэд зориулж, хүүхэдтэйгээ харилцах харилцаа, гэр бүлийн үнэ цэнийн талаар сургалт явуулдаг. Гэхдээ энэ нь тогтмол биш болохоор тухайн үедээ эцэг эхчүүд их чухал юм гэж боддог ч удалгүй мартаж орхидог. Тиймээс ирээдүйн сайн эцэг эх бэлтгэхийн тулд ахлах ангийн сурагчдад гэр бүлтэй холбоотой асуудал хөндсөн хичээлийг тогтмол оруулах хэрэгтэй. Зах зээлийн үед эцэг эхчүүд наймаа хийж гадагшаа их явснаас хүүхдүүд нь хараа хяналтгүй өссөн. Тэр үеийн залуусын хүүхдүүд одоо сургуульд орж байна. Өөрөө хүмүүжээгүй эцэг,эх хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй. Тэгэхээр хүүхэдтэй зөв харилцах арга барилд хүүхдийг багаас нь бэлтгэх хэрэгтэй. Бага насны хүүхдүүд зурагт, цахим ертөнцөөс янз бүрийн мэдээлэл авч, түүнийгээ бусдадаа гайхуулан ярих, буруу дуурайл үзүүлэх нь ихэссэн” гэлээ. Нийгмийн ажилтан сурагчидтайгаа хамгийн ойр байж, тэднийг хүн байх ёсонд сургах гол үүрэгтэй.
М.Жаргалсайхан монгол хэл, уран зохиолын багшаар 22, нийгмийн ажилтнаар 12 жил ажиллахдаа сурагчид эрт жирэмсэлж, үр хөндүүлж байгаа нь бэлгийн боловсролын талаар зөв, цэгцтэй мэдлэггүйгээс болж буйг анзаарчээ. Ялангуяа ахлах ангийн сурагчид гэр бүл төлөвл өлтийн талаар ярилцах сонирхолтой байдаг аж. Гэвч сургалтын хөтөлбөрт тусгасан цаг, зөвлөгөө өгөх хүнгүйгээс, үе тэнгийнхний буруу ойлголт болон, зөрүүтэй олон мэдээлэлд төөрөлддөг байна. Гэр бүл хэмээх “тоглоом”-ыг хэзээ, хэнтэй тоглох нь таны эрх. Гагцхүү энэ тоглоомыг тоглохдоо нэр төр, сэтгэл зүрх, бие махбодь, эд хөрөнгө, гээд өөрт байгаа бүхнээрээ дэнчин тавьдагийг бүү март. Танд алдах эрх бий гэж үү.
Ч.БОЛОРТУЯА