Дэлхийн улс орнууд Антарктид тивд өөрсдийн нөлөөг тогтоох, илүү ихийг судлах, ирээдүйд амьдрах газартай болох зэрэг өрсөлдөөнд хэдийнэ оржээ. Үүнд Монгол Улс ч гэсэн гар бие оролцож, хувь нэмрээ оруулахаар зорьж буй. Ус цаг уур, орчны шинжилгээний газрын Ус судлалын хэлтсийн технологич инженер Х.Пүрэвдагва Болгарын олон улсын Антарктид судлалын XXIII экспедицийн хамтарсан судалгааны ажилд оролцоод эх орондоо ирээд удаагүй байна. Тэрбээр Монгол Улсын Антарктид судлалын оролцоог бий болгох, цасны суурь судалгааны ажил эхлүүлэх, Монголын бааз байгуулах ажлын бэлтгэлийг хангах гэсэн гурван зорилго өвөрлөн явсан билээ. Түүнтэй ярилцлаа.
-Антарктидад хөл тавьсан Монголын долоо дахь хүн нь та боллоо. Мөсөн тивд буухад ямар сэтгэгдэл төрсөн бэ. Тэр үеийн мэдрэмжээр тань ярилцлагаа эхэлье.
-Судлаачийн хувьд зургаа дахь нь. Нэг нь НИТХ-ын төлөөлөгч Г.Ганхүү шүү дээ. Тэрбээр Антарктидын Мон тизи гэдэг 5000 метр өндөрт орших ууланд авирч, Монголынхоо далбааг мандуулсан. Түүнтэй нийлээд долоон монгол хүн мөсөн тивд хөл тавьжээ. Нүд алдсан их цасан дээр буухад орон зайн баримжаагаа алддаг юм билээ. Эргэн тойрон цав цагаан учраас аливаа зүйл хол, ойр ямар зайд байгааг мэдэхээ больсон.
-Төсөөлснөөс тань хэр өөр байв?
-Өмнө нь Антарктид явсан хүмүүстэй уулзаж, өөрөө бас ууланд мөстлөгийн судалгаа хийж байсан болохоор төсөөлөлтэй явсан. Гэвч тэр их чийг, тэр их салхийг төсөөлшгүй. Цэлмэг тэнгэр, холын бараа хараад сурчихсан бидэн шиг хүмүүс өдөр шөнө ч болохгүй, бүүдгэр, үргэлж цасаар шуурсан тийм газарт байхаар сэтгэлзүйн хувьд өөрчлөлт орж болох юм билээ.
-Та харин яав?
-Эхний өдрүүдэд сэтгэл санаа бага зэрэг тавгүйтсэн. Судалгаагаа эхэлж бас баазын ажил ихтэй болохоор удахгүй дасаж асуудалгүй болсон доо.
-Ирэх, очиход 60 мянга орчим км газар туулсан байна шүү дээ. Аян замын сониноос хуваалцахгүй юу?
-Нисэх онгоцоор дөрөв, автобусаар нэг, усан онгоцоор тав хоног явж байж зорьсон газартаа хүрсэн. Далайгаар аялах л хамгийн хүнд байлаа. Дрейкийн хоолойгоор гурав хоног явахдаа далайн өвчин туссан. Атлантын, Номхон далайн уулзварын халуун, хүйтэн урсгалын нөлөөнд үүссэн хүчтэй давалгаанаас болж усан онгоц савладаг. Үүнээс шалтгаалан хүмүүсийн толгой эргэх, бөөлжих зэрэг хүндрэл гардаг. Тиймээс юм идэж, уулгүйгээр зөвхөн хэвтэж явдаг. Миний хувьд очихдоо хагас, ирэхдээ нэг бүтэн хоног хэвтэж байж боссон.
-Болгарын баазад очиход та бүхнийг хүмүүс тосож авсан уу?
-Би Болгарын XXIII экспедицийн II ээлжинд нь явсан. Нэгдүгээр ээлжийн таван хүн тэнд очоод долоо хонож байсан юм. Тэд биднийг тосож авсан. Далайн эргээс хагас километр хэртэй алхаад Болгарын баазад очиход цасанд дарагдсан байшингуудын хаалгыг онгойлгоод орхисон байлаа. Нуур нь цасанд дарагдсан учраас цас хайлуулж амны ус хийж байв. Тиймээс бид очсон өдрөөсөө эхлээд л амьдрах нөхцөлөө бүрдүүлэхийн төлөө ажилласан. Ер нь нэг, хоёрдугаар ээлжийнхэн тэнд хүн амьдрах нөхцөл бүрдүүлэх, хадгалж үлдээхийн төлөө ажиллах шаардлагатай байдаг. Би тэдний ажилд туслахын зэрэгцээ судалгаагаа хийж эхэлсэн. Тиймээс тэднээс бага амарч, илүү их ажиллах шаардлага гардаг.
-Тэнд цаг агаар ямар байсан бэ?
-Зун болж байсан. Биднийг байх хугацаанд гадаа хасах 15-аас нэмэх хоёр хэм байлаа. Байнгын шуургатай. Агаарын чийг 97 хувиас буухгүй учраас ор дэр, хувцас гутал бүгд нойтон болчихдог.
-Тухтай нөхцөлд ажилладаг гэж бодож байлаа.
-Эхний хэд хоног тух муутай. Цасанд дарагдсан байшин, нуураа ухаж ил гаргасны дараа мотороор усаа татаж, усан хангамжтай болсон. Ингэснээр угаалгын өрөө, бойлууртаа устай болж, хүн амьдрах нөхцөлөө сайжруулж байгаа юм. Өвөлжингөө цасанд дарагдсан баазыг хүн амьдрах газар болгоно гэдэг амаргүй юм билээ. Энэ жил Болгар улс судалгааны ажил төлөвлөөгүй. Гэхдээ ус ургамал, уур амьсгалаас илүү хүний амьдрах орчны судалгаа хийдэг юм билээ. Тэнд хүн амьдрах нөхцөл бий юү, үгүй юү гэдгийг Болгарчууд олон жил судалж байна. Би ч гэсэн судалгааны нэг обьект болж байгаа юм.
-Тэгээд хүн амьдарч болохоор байна уу?
-Зуны улиралд хүн амьдарч болохоор байна. Гэхдээ тэр их чийг, шуурганд дасан зохицох, тохирсон хоол хүнс, хувцас хэрэгтэй.
-Өөр орны экспедицед багтаж, судалгаанд оролцох боломж хэр байдаг вэ?
-Манай улс 1970-1980 онд Антарктид тивд анхаарч байсны илрэл нь 1972 онд Ж.Цэрэндэлэг, 1982 онд Д.Чулуунбат гуайг ЗХУ-ын Восток станцад жил гаруй хугацаанд ажиллуулсан явдал юм. Тэр үед манай улс мөсөн тив рүү хүнээ явуулах бодлого барьж байж. Түүнээс хойш 30 орчим жилийн хугацаанд энэ байдал бүр орхигдсон. Харин 2007 онд доктор Л.Дүгэржав Болгарын Антарктидын хүрээлэнтэй хамтран, дөрвөн судлаачаа мөсөн тив рүү явуулсан. Антарктидад 40 орчим орны 60 гаруй бааз ажиллаж байна. Тэдгээрийн аль нэгтэй нь холбогдож байж тийш явах боломжтой. Гэхдээ хэн, хэзээ, яаж холбож өгөх вэ гэдэг нь чухал. Үүнд төр засгаас анхаарал хандуулах цаг нь болжээ. Хүссэн болгон нь Антарктид явж чадахгүй. Жишээ нь, миний явсан Болгарын багийн бүрэлдэхүүнд Туркийн дөрвөн судлаач оролцох хүсэлтээ илгээж, 200 мянган доллар төлье гэсэн ч авч яваагүй юм билээ. Тэгэхээр мөнгө гэхээс илүү хоёр орны харилцаа холбоо их чухал болох нь харагдаж байна.
-Антарктидад монгол хүн очихын ашиг тус ер нь юу юм бол оо.
-Антарктидад монгол хүн ажиллуулах ямар хэрэгтэй вэ гэдэг монгол хүн сансарт нисэх ямар чухал вэ гэсэнтэй утга нэг гэж Л.Дүгэржав гуай хэлсэн байдаг. Антарктид бол хэн нэгний эзэмшилд ороогүй дэлхий дээрх цорын ганц газар. Монгол Улсаас 10 дахин том газар нутагтай. Байгалийн асар их баялагтай. Антарктидын эрэг орчим дэлхий дээр буй бүх амьд биетээс илүү жинтэй сам хорхой байгаа нь тогтоогдсон. Ирээдүйд хүн төрөлхтнийг тэжээх хэмжээний үлэмж хүнс тэнд байна. Мөн дэлхийн цэвэр усны 80 хувь нь тэнд мөс хэлбэрээр оршиж байна. Тиймээс дэлхийн улс орнууд их хэмжээний мөнгө зарцуулж, өөрсдийн нөлөөг тэнд тогтоохоор өрсөлдөж байна. Антарктидад ирээдүйд хүн төрөлхтөн амьдрах, баялаг хүртэх нь тодорхой. Тэр үед хэн тэнд илүү ажилласан, илүү хувь нэмрээ оруулсан нь илүү хувь хүртэх боломжтой болох юм.
-Манай улсын нөлөө хэр байна. Хэзээ баазтай болох бол?
-Энэ нь улсын гадаад бодлоготой холбоотой. Антарктидад баазтай дэлхийн 40 орны нэг нь Монгол Улс байвал нэр төрийн хэрэг биз дээ. Ливингстоны арал дээр Испани, Болгарын баазын хооронд Монгол Улс өөрийн баазаа барих газартай болсон. Тэр газраа цэвэрлэж бэлтгээд ирсэн. Монголчууд баазтай болчихвол Антарктид судлалын хөтөлбөртэй болж, өөрсдийн багийг илгээх боломжтой болно. Үүний тулд Антарктидын олон улсын гэрээнд элсэх хэрэгтэй. Ирэх зургадугаар сард Болгарын Софид COMNAP гэж олон улсын байгууллагын хурал болно. Тэр хурлаар манайх элсэх өргөдлөө өгөх ёстой.
-Нэг бааз байгуулах өртөг ямар байдаг бол?
-Япон, АНУ зэрэг орон тэрбум доллараар Антарктидын гүнд баазаа байгуулсан. Харин мөсөн тивийн тэг (00) цэгээс 3000 км зайтай орших Ливингстоны аралд Испани улс 1.200.000 доллараар шинэ бааз барьж байна лээ. Манай улсын хувьд сая доллар байхад нэг баазтай болж чадна.
-Болгарын бааз дээр анх удаагаа цасны судалгаа эхлүүлснээрээ таны ажил онцлог гэл үү?
-Тийм ээ. Урьд нь энэ баазад ийм судалгаа хийж байгаагүй. Цас хэмжих найман шон байрлуулж, өдөр бүр эргэж тойрч, мэдээллээ авч байсан. Тэндхийн цасны хэлбэр, нөөц, хэмжээ манайхаас ямар ялгаатайг харьцуулахыг зорьсон. Судалгааны бүх мэдээллээ боловсруулж дуусаад тайлан гаргана. Мөсөн тивийн цас нь нягт, гадаргын болон гүний температурын зөрөө гэж байхгүй. Бүх түвшиндээ нэг ижил байсан нь сонирхол татсан. Бас Антарктидад цасны хуримтлал үүсэж буй нь ажиглагдсан. Харин манай орны хувьд мөс их хайлж байгаа бол тэнд эсрэгээрээ байх шиг санагдсан. Цасны жин, нягт, бүтцийн хэмжилт зэрэг бүх л судалгааг өөрийн байх хугацаандаа чадахаараа хийсэн. Наашаа ирэхийнхээ өмнө Болгарын нэг мэргэжилтэнд өөрийнхөө судалгааны ажлыг зааж өгсөн. Тэр мэргэжилтэн үргэлжүүлж хийгээд гуравдугаар сард бааз буусны дараа тайлангаа надад явуулах юм.
-Япончууд Антарктидаас цэнгэг ус авчирч, нэгэндээ бэлэглэдэг гэсэн. Та тэндхийн гэх юу авчрав?
-Монгол Улсын бааз байгуулна гэж төлөвлөсөн газрынхаа ойролцоох нуураас нэг литр цэнгэг ус авчирсан. Тэр усаа шинжлүүлэхээр өгсөн. Мөн хагны дээж болон мөлгөр хадан дээр ургасан цэцэг авсан боловч гаальд хураалгачихсан. Уг нь Болгар улс Аргентины Антарктидын холбооноос дээж авч явах зөвшөөрөл авсан ч тухайн үедээ тэр бичгээ авч яваагүй байсан.
-Оцон шувуу, далайн хав зэрэг амьтныг “амьд”-аар харах нь ямар санагдсан бэ?
-Бидний байрласан баазын ойр орчим халим, оцон шувуу, далайн ирвэс олон тааралдсан. Анх харахад мэдээж их сонин байсан. Гэмтээж бэртээгээд байдаггүй болохоор хүнээс айдаггүй юм билээ.
-Дэлхийн дулаарал манай улсад хэр нөлөөлж байна вэ. Энэ өвөл гэхэд Улаанбаатарт цас бараг орсонгүй шүү дээ.
-Сүүлийн 70 жилийн агаарын температур 2.1 хэмээр өссөн байдаг. Уур амьсгалын өөрчлөлтийг илэрхийлэх гол үзүүлэлт нь мөс хайлах явц юм. Цамбагарав, Хархираа, Түргэний уулсын мөс маш их хайлж байгаа. Таванбогд уулын мөстлөгийн хэсгээр дөрвөн метр зузаан мөс хайлж урссан нь бий. Харин сүүлийн хоёр жилд мөс хайлах нь багассан. Энэ нь зун хэт халахгүй байгаатай холбоотой. Мөстлөгийн баланс дандаа хасах гарч буй нь манай улсад уур амьсгалын дулаарал нөлөөлж байна гэсэн үг.
Ч.БОЛОРТУЯА