Шийдлийн Засгийн газрын тэргүүн хөгжлийн замаа сонгох эрхийг иргэдэд олголоо. Монгол Улсын иргэн та 15151111 тусгай дугаар руу нэг, хоёр гэсэн тооны аль нэгийг илгээгээд хөгжлийн замаа сонгох эрхтэй. Таны сонголт нэгдүгээрт, Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар, хоёрдугаарт, зардал хэрэглээг бууруулж эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох юмсанж. Та нэгийн тоог сонгох уу, эсвэл хоёрыг сонгох уу? Технологийн дэвшил ашиглан иргэдийн саналаар томоохон асуудлаа шийдэх хэлбэрийг сонгосон нь зүйтэй. Бэрхшээлтэй, адармаатай асуудлыг нийтээрээ хэлэлцэж шийддэг нь ардчиллын зарчим. Та санал асуулгын “ханшаа тогтоох” гэсэн үгийг анзаарч байгаа байх. Эдийн засгийн хүндрэлийн эх үүсвэр нь валютын ханшийн өсөлтөөр илэрч буй гадаад төлбөр тооцооны алдагдал юм. Манай улсын гадаад төлбөр тооцоо сүүлийн гурван жилд зургаан тэрбум ам.долларын алдагдалтай гарсан. Өнгөрсөн жил гадаад худалдаа 500 сая ам.долларын ашигтай гарсан ч төлбөрийн тооцооны алдагдал нэг тэрбум “ногоон”-оор давж байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, сүүлийн гурван жилд Монгол руу орсон валют гарснаасаа зургаан тэрбумаар бага байсан гэсэн үг. Өнгөрсөн жилүүдэд дутагдсан валютаа Хөгжлийн банк, Худалдаа хөгжлийн банк, “Чингис”, “Самурай” бондын хөрөнгөөр нөхчихсөн шүү дээ. Гэтэл валютын гарах урсгал нь урдын адил “үерлэсэн” хэвээр байна. Монголбанк бондуудын хөрөнгөөр нөөцөө зузаалсан ч интервенц хийсээр шавхсан. Одоо Төвбанк үлдсэн 1.5 тэрбум “ногоон”-ы нөөцөөрөө интервенц хийж болохгүй. Нөөцөө шавхах хориотой. Зээл авч, ам.долларын орох урсгалын сайжруулж болох байв. Засгийн газар нэг тэрбум “ногоон” зээлэх санал гаргасан ч УИХ-ын гишүүд зөвшөөрөөгүй. Иймээс гадаад төлбөрөө төлөх “ногоон” олох боломж тун хомс. Үүнийг л төлбөрийн тэнцлийн хямрал гэж санхүүчид яриад байгаа юм. Дутаж буй “ногоон”-ыг ямар нэг аргаар олох, эсвэл гадаад төлбөрөө бууруулах шаардлагатай. Долларын дотогшлох урсгал татарсан нь манай улсын экспортын 90 хувийг бүрдүүлдэг нүүрс, зэс, төмрийн хүдэр, жоншны үнэ дэлхийн зах зээлд унасан, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурснаас үүдэлтэй. Түүхий эдийн үнэ бидний мэдэж шийдвэрлэх зүйл биш.
Харин манай улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын 40 хувийг бүрдүүлж байсан “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны санхүүжилт гацсан, гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос дүрвэсэнд бид буруутай. Буруу үзэл баримтлалаар асуудалд хандсаныхаа горыг төлбөрийн тэнцлийн хямралаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлээр амсаж байна. Том төслүүдийн бүтээн байгуулалтыг шийдэх нь гадаадаас орж ирэх ам.долларын урсгалыг нэмэгдүүлж, төлбөр тооцоо хийх валюттай болох гэсэн санаа. Харин зардал хэрэглээгээ хэмнэх нь импортоо багасгаж, гадагш төлөх ам.долларын хэмжээг буруулах гэсэн сэдэл юм. Манай зах зээлд ам.доллар хомсодсноор ханш нь цаг хормоор өсөж байгаа. 2000 төгрөг рүү тэмүүлж буй “ногоон”- ы ханшийн өсөлтийг зогсоохгүй бол төлбөрийн тэнцлийн хямрал эдийн засагтаа халдварлаж мэднэ. Импортын барааны үнэ өсөж, иргэд хэрэглээгээ танаснаар барилга, худалдаа, үйлчилгээ зэрэг ажлын байр олноор бий болгодог салбарын борлуулалт зогсвол эдийн засгийн хямрал эхэлнэ гэсэн үг. Иймээс ам.долларын ханшийг тогтооход санал асуулгын агуулгыг чиглүүлжээ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хүндрэлийн уг сурвалжийг “эмчлэх”-ийг зорьсон хэрэг. Нэгдүгээрх буюу “Оюутолгой” болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдвэрлэх замаар ханшаа тогтоох нь эдийн засгаа өсгөх сонголт юм. Эдийн засагт төсөв, мөнгөний бодлого, гадаадын шууд хөрөнгө оруулалт гэсэн гурван сувгаар мөнгө орж ирдэг. Төсөв, мөнгөний бодлогоор зах зээл рүү төгрөг урсдаг бол гадаадын шууд хөрөнгө оруулалтаар валют орж ирдэг. Валютын орж ирэх урсгал “үерлэх” тусам Монголын гадаад төлбөрийн чадвар сайжирч, албан нөөц нэмэгдэнэ. Мөн доллар их хэмжээгээр орж ирвэл түүнтэй дүйцүүлэн их хэмжээний төгрөгийг зах зээлд нийлүүлж болно. Мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэнээр эдийн засаг өсдөг. “Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг эхлүүлбэл энэ онд дор хаяж гурван тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэх тооцоо бий. Энэ нь өнгөрсөн жилийнхээс дөрвөн дахин нэмэгдэх үзүүлэлт. Ийм хэмжээний валют орж ирвэл монголчууд толгой гэдгэр алхах боломжтой. Том төслүүдийн бүтээн байгуулалтыг шийдсэнээр ам.доллар орох урсгал сайжрахаас гадна ажлын байр бий олноор болох, ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч компаниудын орлого өсөх, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих үндэстэй. “Монгол Улс уул уурхайн хагас боловсруулсан бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд нийлүүлж, хүнд, хөнгөн үйлдвэрлэл хөгжүүлэх хөрөнгө босгоно” гэж эдийн засагчид ярьдаг. Тиймээс дэлхийд томоохонд тооцогддог “Оюутолгой”, “Тавантолгой” төслөө шуурхайлах нь хөгжлөө хурдасгах шийдвэр юм.
Хоёрдугаарх буюу зардал хэрэглээгээ бууруулж, эдийн засгаа сахилга батжуулах нь агшаах сонголт юм. Зардал хэрэглээгээ танахаар гадаад худалдаа буурна. Учир нь манай улс бараа, бүтээгдэхүүнийхээ 60 гаруй хувийг гадаадаас импортолдог. Дийлэнхдээ доллараар худалдан авч байгаа. Бараа импортлохоо багасгавал долларын эрэлт буурна гэсэн үг. Эрэлт буурахаар “ногоон”- ы ханш суларч таарна. Хоёрын тоог сонгох нь Засгийн газрыг импортыг хумих бодлого явуул гэж шаардаж буйтай ижил. Зарим эдийн засагч “Сүүлийн жилүүдэд хүмүүсийн хэрэглээ өсчихсөн учраас ийм замаар ханш бууруулах боломжгүй” гэж үзэж байгаа. Гэвч Засгийн газар төсвийг дахин танаж, Монголбанкийг бодлогын хүүгээ нэмэхийг ятган зах зээлийг мөнгөгүйдүүлэх магадлал бий. Гэхдээ шийдлийн Засгийн газар төсв өөс одонтой эх, хүүхдэд олгодог мөнгийг танах санал гаргаад дэмжүүлж чадаагүйг санах хэрэгтэй. Засгийн газар импортыг хязгаарлах, Монголбанк хатуу бодлого баривал мөнгөний нийлүүлэлт буурч, хүссэн хүсээгүй импорт багасах нь гарцаагүй. Валютын нөөц нь шавхагдаж буй Монголбанк оны эхэнд бодлогын хүүгээ нэг хувиар өсгөж, ам.долларын ханшийг тогтоох арга хэмжээ авсан. Засгийн газар төсвийн зардлыг чамгүй бууруулж дөнгөсөн. Ер нь зардал хэрэглээ, танах эдийн засгийг сахилга батжуулах бодлого хэрэгжээд эхэлсэн гэж ойлгож болно. Ийм арга хэмжээ нь ам.долларын ханш, гадаад төлбөр тооцооны алдагдлыг бууруулах сайн талтай ч эдийн засгаа хямраах гэмтэй. Тулгарсан хоёр сонголтын утга санаа, сайн, муу үр дагаврыг цухасхан тайлбарлахыг хичээлээ. Аль ч талаасаа нь бодсон “Оюутолгой” болон том төслүүдийн бүтээн байгуулалтыг шийдэх замыг сонгох нь эргэлзээгүй юм. Улс орнууд эдийн засгийн хүндрэлийг тэвчиж, хумьж биш, тэлэх бодлогоор сөрж давсан жишээ цөөнгүй. Манай улс 2008 оны эдийн засгийн хямралыг Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлэн 250 сая ам.долларын зээлээр давж байлаа. Хятад улс гэхэд иргэддээ бэлэн мөнгө тараан худалдаа, үйлчилгээний салбараа идэвхижүүлж, эдийн засгийн өсөлтөө хадгалж чадсан. Тухайн үед манайд “Оюутолгой” тэргүүтэй мега төслүүд байсангүй. Харин одоо бол гадаадын хөрөнгө оруулалт татах томоохон төслүүд бэлэн байна. Энэ төслүүдээ хөдөлгөвөл эдийн засгаа тэлж, хүндрэлийг гэтлэх боломж дүүрэн бий. Тиймээс нэг буюу том төслүүдээ шийдэхийг бид сонгож байна.
Т.ЭНХБАТ