Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба тэргүүтэй албаны хүмүүс өчигдөр эмнэлгийн царцсан барилгуудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа. Энэ салбарт 2009 оноос хойш он дамжуулан барьж буй 39 барилга байгаагийн наймынх нь хувь заяа тун бүрхэг байгаа. Түүний нэг нь Яармагийн дэнж дээр “дуншиж” буй 300 ортой төрөх эмнэлэг юм. Тус эмнэлгийн шавыг 2011 оны хавар сүр дуулиантайгаар тавьж, дараа жилийнх нь дөрөвдүгээр улиралд багтаан ашиглалтад оруулна хэмээн тухайн үеийн сайд, дарга нар амлаж байсан ч барилгын ажил нь 2013 оны наймдугаар сард үндсэндээ таг зогсчихсон. Нэг үгээр хэлбэл, гүйцэтгэгч компани болох “Нийслэл өргөө” ХХК-ийнхан барьж буй объектоо хаяад “зугтсан” юм. 18 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй уг барилгын ажлыг “Нийслэл өргөө”-гийнхөн гүйцэтгэх явцдаа улсын төсвөөс хөрөнгийнхөө 91 хувийн санхүүжилтийг авсан ч гурван жилийн хугацаанд барилгын материалын үнэ өссөн гэдэг үгээр шалтаглан, нэмэлт санхүүжилт шаардсаар өдий хүрсэн. Биднийг өчигдөр тэнд очиход барилгын “араг яс”-наас өөр юу ч байсангүй. Өмнөх сайд Н.Удвал ажлаа хүлээж аваад, 300 ортой тус эмнэлгийг хотын төвөөс алслагдсан хэмээн гоочилж, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх нарийн мэргэжлийн төв болгохоор төлөвлөж, 2013 оны арванхоёрдугаар сард багтаан ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн нь бас л “үлгэрийн далай” болсон. Тэрбээр 2014 оны төсөвт энэ ажлыг гүйцээхэд зориулж 33 тэрбум төгрөгийн санал УИХ-д оруулсан ч “даварсан” үнэтэй гэж Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт шүүмжлүүлж, дэмжигдээгүй. Тэгвэл тус барилгын урдхан талд барьж буй Геронтологийн үндэсний төвийн 60 ортой объектыг мөн л 2011 онд барьж эхэлсэн. Гүйцэтгэгч компани болох “Арвис интернэшнл”-ийнхэн санхүүжилтийнхээ 91 хувийг улсаас авсан ч барилгын ажил нь өдгөө 48 хувиас хэтрэлгүй зогсчээ.
Тус компанийнхан барилгын ажлаа зогсоосон шалтгаанаа Г.Шийлэгдамба сайдад танилцуулахдаа дэд бүтэц шийдэж өгөөгүйгээс гэж хэлээд хатуухан шүүмжлүүлэв. Г.Шийлэгдамба “Дэд бүтэцгүй газар яахаараа барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авдаг юм. Анхнаасаа энэ бүх асуудлаа шийдээгүй нь та нарын буруу. Санхүүжилтийнхээ 91 хувийг авсан юм бол гүйцэтгэл нь одоо 90 орчим хувьтай байх ёстой. Гэтэл 50 хувьд ч хүрэхгүй байгаа нь ямар учиртай юм бэ. Төрийн ажлыг ингэж хийхгүй шүү, нөхөд өө” хэмээн нэлээд бухимдангуй анхааруулав. Харин “Арвис интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ё.Пүрэвдаваа “Бид 2006 онд баталж өгсөн төсвөөр ажлаа хийсэн. Тухайн үед нийт төсөвт өртгийг 2.9 тэрбум төгрөг гэж тооцон, улсаас 2.6 тэрбум төгрөг өгсөн. Гэхдээ үүнд гаднах инженерийн шугам сүлжээ, цахилгаан, дулааны холболтын зардлыг тусгаагүй байсан. 2012 оны арваннэгд үгээр сард ЭМЯ (хуучнаар), аудитын байгууллагууд манай барилгын үйл ажиллагаатай танилцаад шугам сүлжээ болон барилгын материалын бас бус зардлыг тооцон, төсвийн тодотгол хийсэн юм. Нэмж 4.4 тэрбум төгрөг өгөхөөр болсон ч одоо хүртэл шийдэгдээгүй. Энэ ажлыг хийж дуусгахад дээрх мөнгө зайлшгүй шаардлагатай” гэж учирлав. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба “Хүн бүхний нүдэнд ил байгаа эдгээр асуудлыг ингээд орхиж боломгүй. Эмнэлгийн царцсан барилгуудын гүйцэтгэгч компаниуд иймэрхүү нийтлэг шалтаг хэлээд улсаас мөнгө шантаажлаад сууж байна. Барилгынхаа нийт төсвийн 90 орчим хувийг авчихаад инженерийн шугам сүлжээ шийдэж өгөөгүй, барилгын материалын үнэ нэмэгдсэн гэсэн үгээр ам таглаж, төрөөс хүссэн мөнгөө авдаг байдлыг халах цаг болжээ. Гүйцэтгэгч компаниуд энэ мэтээр улсын өмч хөрөнгийг үрэгдүүлж, шамшигдуулсаар байна. Тиймээс эдгээр объектуудын харуул хамгаалалтыг чангатгана. Бүх гүйцэтгэгчтэй хийсэн гэрээг цуцална. Төрийн ажил гүйцэтгүүлэх сонгон шалгаруулалтад хариуцлага алдсан компаниудыг ахин оролцуулахгүй байхаар хатуу ярина. Гүйцэтгэгч компаниуд шүүхийн шийдвэр гүйцэтгэгчдийн гаргасан хууль, дүрэм журмыг хэрэгжүүлж ажилладаг баймаар байна. Дараагийн ээлжинд царцсан барилгуудыг цааш үргэлжлүүлж, гүйцэтгэх ажлыг яаралтай зохион байгуулах шаардлагатай.
Эцэст нь хэлэхэд, төрийн хөрөнгөөр барьж буй эрүүл мэнд, спортын салбарт ашиглалтад орох объектуудын ажлыг шуурхай явуулна” гэсэн юм. Улсын хэмжээнд 2009 оноос хойш он дамжуулан барьж буй эмнэлгийн зориулалттай 39 барилга бийг дээр дурдсан. Өнөө жил шинээр эмнэлэг барихгүй. Харин он дамнан барьж буй гурван барилгыг дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөөд буй. Ажил нь удааширч, зогссон барилгуудыг УИХ-ын 65 дугаар тогтоолын дагуу Үндэсний аудитын газраар шалгуулаад 2014 онд дүгнэлт гарган, улсын төсвөөс 8.9 тэрбум төгрөг баталсан байдаг. Өмнөх Засгийн газрын үед нэн түрүүнд ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвийн барилгын төсвийг баталж, царцсан барилгуудын 50 орчим хувийнх нь хөрөнгийг энэ онд шийднэ гэж байсан ч төсөв мөнгөний гачигдлаас үүдэн ирээдүй нь бүрхэг хэвээр үлдэж байх шиг байна. Царцсан барилгуудаас огт баригдахгүй долоон барилга бий. Нэгдүгээр эмнэлгийн “Б” корпусын барилгын төсөвт өртөг нь хэт өндөр буюу 47 тэрбум төгрөг шаардлагатай болсон. Улс орны эдийн засгийн байдлаас хамаараад, цаашдаа ч төсөв мөнгө нь шийдэгдэх, эсэх нь тодорхойгүй. Мөн Дорноговь аймгийн Сайншанд сумын 50 ортой төрөх эмнэлэг, Дорнод аймгийн Уламжлалт анагаах ухааны төвийн байр, Дундговийн Дэлгэрхангай сумын 15 ортой Эрүүл мэндийн төвийн барилга ч байгаа. Мөн Говь-Алтай аймгийн Цээл сумын 10 ортой, Дундговийн Дэлгэрхангай сумын 15 ортой Эрүүл мэндийн төвийн барилгын гүйцэтгэгчид нь ажлаа хаяад явчихсан. Энэ олон барилга харж хандах хүнгүй өнчин хүүхэд шиг хоцорсны учрыг албаны хүмүүс тендертэй холбон тайлбарлаж буй. “Зураг төсөл нь бэлэн биш, баталгаажуулаагүй, техникийн дүгнэлт гараагүй, газар нь ч шийдэгдээгүй байхад тендер зарладаг. Түүнийг нь хуулийн дагуу гүйцэтгэх гэсээр хэдэн жил өнгөрчихнө. Төсөвт мөнгийг нь суулгасны дараа барилгын зураг төслөө гаргадаг компаниуд ч бас байна. Өнөөх нь төсөвтэйгөө уялддаггүй. Уг нь бүх асуудлыг цогцоор нь шийдчихээд сонгон шалгаруулалт зарладаг байх хэрэгтэй” гэж ЭМСЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрынхан хэлж байна. Өмнөх Засгийн газрын үед олон эмнэлгийн барилгыг өргөтгөх, шинэчлэх шийдвэр гарсан. Харин энэ оны улсын төсөвт шинээр нэг ч эмнэлэг барих мөнгө суулгаагүй. Засаг төр солигдоход нэгнийхээ хийсэн ажлыг энэ мэт үнэгүйдүүлдэг, үгүйсгэдэг. Үүнээс нь болоод “араг ясан” хэдэн барилгууд нь буух эзэн, буцах хаягг үй хоцордог. Энэ бүхний өмнө хэн ч хариуцлага хүлээдэггүй, хариуцлага үүрэх ёстой нэгэн нь үүнээс бултдаг гажуудал бий болоод удлаа. Улс орны эдийн засаг хямралтай байгаа гэсэн шалтгааныг хүндэтгэн үзэж буй ч сайд нь сүйхээтэй, асуудлаа дээд шатандаа ойлгуулж чаддагсан бол эдгээр эмнэлгийн барилгыг гүйцээлгэн ашиглалтад оруулах бололцоо бий.
О.БАТ-УНДРАХ