“Янмал” компанийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Д.Лхагважавыг “Нямын зочин”-оор урилаа. Тэрбээр 2005 оноос хойш монгол хүний гараар бүтээсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд таниулж, мэдрүүлж, хэрэглүүлж сургах амаргүй давааг туулсан. Үүний хүчээр өдгөө “Янмал” гэдэг нэрийг монголчууд андахгүй болжээ.
-Таныг БНСУ-д багагүй хугацаанд ажилласан, тэнд байхдаа оймсны үйлдвэрлэл эрхлэх санаагаа олсон гэж дуулсан юм байна.
-Солонгост найман жил ажиллахдаа 50.000 доллар хуримтлуулж, түүгээрээ үйлдвэр байгуулсан. Бизнес эрхлэх хүсэлтэй залуу хүн нэг доллар байсан ч хурааж эхний хөрөнгөө өөрөө босгохгүй бол амжилтад хүрэх нь төдийлэн үгүй. Өөрийн хүч чадлаар эхлэлээ тавих нь маш чухал гэдгийг монгол хүн бүр мэдээсэй гэж хүсэж байна. Гадаадад олон жил ажилласны хүчинд би бизнесээ эхлүүлж чадсан. Өтлөхдөө ядарснаас залуудаа зүдэрсэн нь дээр гэдэг шүү дээ.
-Солонгос руу явсан хүмүүсийн олонх нь байр, машинтай болж амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилготой байдаг. Ийм учраас тийш явсан хүн бүр тань шиг үйлдвэр нээгээгүй байх. Танд тэднээс ялгарах юу байсан юм бол?
-Солонгос явахаасаа өмнө түүхий эдийн захад ченж хийдэг байлаа. Манай улсын эд баялаг маш хямд үнээр гадагшаа гарч байгааг өдөр бүр хардаг байсан. Манайд маш элбэг байдаг хонины ноос, арьсаар үйлдвэрлэл явуулж болох, ялангуяа зөөлөн савхины үйлдвэр байгуулах санааг тэндээс олсон. Ченж хийж байхдаа бараг л арьсны мэргэжилтэн болсон. Манай улсад хамгийн их байдаг зүйл нь арьс. Тиймээс арьс шир, ноосны үйлдвэрлэлийн тухай Солонгосоос судална гэж төлөвлөж байсан ч эхний ээлжинд мөнгө хуримтлуулах зорилгоор оймсны үйлдвэрт ажилласан юм. Манай улсад оймсны үйлдвэр байхгүй учраас тэнд ажиллах хугацаандаа яагаад би хийж болохгүй гэж бодогдох болсон. Тэгээд нэгэнт би өглөөний 08.00-аас оройн 20.00 цаг хүртэл тэр үйлдвэрт ажиллаж, цаг хугацаа, насаа “урсгаж” байгаа учраас үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сурчихад надаас юу унах вэ дээ гэж бусдаас арай илүү сэтгэл гаргаж зүтгэсэн дээ. Бусад хүн мөнгөө авч байвал боллоо гэж бодон, ажлын цаг дуусангуут л гараад явна. Харин би үлдэж, хүссэн зүйлээ мэдэж авахыг хичээдэг байсан. Ажлын цаг дуусчихсан үед тусалж байгаа хүнд хэн ч дуртай хандана биз дээ. Суусан газраасаа шороо атгана гэдэг шиг эндээс суралцах зүйл юу байна гэж хайвал бүх хүнд боломж бий. Харин манайхан тэр боломжийг олж харсан ч ашиглахаас залхуурдаг, зарим нь олж хардаг ч үгүй.
-Монголчууд солонгосчуудаас залхуу, бидэнд хөдөлмөрч чанар дутагддаг гэж ярих хүн цөөнгүй. Тэнд ажиллаж байсан хүний хувьд та үүнийг хэрхэн дүгнэдэг вэ.
-Нийгэм нь хүнээ хөгжүүлдэг. Солонгос хүн үнэндээ тийм ч ажилсаг биш, харин нийгэм нь ажиллахаас өөр аргагүйд хүргэдэг. Түрээсийн байранд голдуу амьдардаг учраас байр, цахилгаан, гар утасны төлбөрөө төлнө гээд тооцоход жирийн нэг залуу сард доод тал нь 1-1.5 сая вонн олох ёстой. Үүн дээр хувцас хунар, хоолны мөнгө нэмэгдэнэ. Мөнгө олохгүй л бол тэр хүн байргүй болж, гудамжинд гарна, хоолгүй өлсөх учраас хөдөлмөрлөхгүй байж болохгүй. Манай улсын иргэдэд ийм сэтгэлгээг төлөвшүүлэх ёстой. Тийм сэтгэлгээтэй хүн их бүтээмжтэй ажилладаг. Ажилтан ингэж зүтгэсний дараа ажил олгогч тэр хүний төлөө зүтгэж, нийгмийн асуудалд нь анхаарч, гэр бүл, амьдрал ахуйд нь тус дэмжлэг үзүүлдэг байх ёстой юм. Манайхан “Халагдсан ч яадаг юм. Дахиад өөр газар очно” гэдэг. Ажилгүй нэг сар болсон ч амьдарч болоод байгаа нийгэмд чинь өөр яах вэ дээ.
-Та ажилчдадаа ийм шаардлага тавьдаг уу?
-Би хамгийн түрүүнд ажилчдадаа цаг барьдаг болгох тал дээр анхаарсан. Гэхдээ цагтаа ирээд л болчихдог юм биш. Тэр хүн бүтээмж гаргах ёстой. Нэг сая төгрөгийн ажил хийчихээд 1.2 сая төгрөгийн цалин авч болохгүй. Шууд халах ёстой. Манай компанийн хүний нөөцийн гол бодлого нь чадахгүй байсан ч хичээж буй хүмүүсийг үлдээж, чаддаг мөртлөө ажиллахгүй байгаа хүмүүсийг хайрлалгүй яв яв л гэдэг. Манай улсад манаач, жижүүр, хамгаалалтын алба гээд дэлхийд байхгүй ажил байдаг. Хамгаалалтын алба Ерөнхийлөгчид л байхад болно биз дээ. 20-25 настай залуу хамгаалагч нэртэйгээр нэг газрын үүд манаж байгаад нь би их харамсдаг. Энэ хүмүүсийг хөдөлж, хөгжиж байх насан дээр нь зогсоочихож байгаа юм.
-Ажилчдадаа ийм шаардлага тавьдаг хүн өөрөө тэдний өмнө ямар хариуцлага хүлээх вэ?
-Захирал нь орлогоо аваад бүгдийг нь үрчихдэг, хүндээ зориулах зүйл үлддэггүй муу жишиг манайд байдаг. Ингэхээр тухайн байгууллагын оршин тогтнох үндэс нь ганхаж эхэлнэ. Тиймээс компанийн ажилчдын бий болгосон ашиг орлогын зохих хувийг өөрсдөд нь зарцуулдаг байх ёстой. Цалин өгөөд боллоо гээд хаячихвал тэр хүн хэзээ ч өөр тийшээ явахад бэлэн. Манайх олон жил сайн ажиллах боловсон хүчинтэй байхын тулд хүний нөөцийн бодлогоо сайжруулж, орон сууцжуулж чадахгүй ч 11 айлд хашаа байшин авч өгөөд, үнийн дүнгийнх нь 25 хувийг бид өгч, үлдсэн хувийг нь цалингаасаа хүүгүйгээр төлөх боломж олгож нийгмийн асуудалд нь анхаарч байна.
-Та улсынхаа хөгжилд нэлээд санаа зовдог юм шиг санагдлаа.
-Манай улс 360 гаруй сумтай гэдэг. Сум бүрийн төвийг тохижуулж, цахилгаанд холбосон. Эдийн засагч нэг залуу “Монголын нэг л сум ашигтай. Бусад нь бүгдээрээ ямар ч ашиггүй, улсын төсвөөс санхүүждэг. Өөрийгөө болгодог ганц сум нь Замын-Үүд. Уг нь сум ямар нэгэн орлого олоод түүнээсээ улсад татвар төлж, үлдсэнээр нь тохижилтоо хийх ёстой байтал монголчуудын татварын мөнгөөр гэрэл асааж, зам тавиад яах юм бэ. Орлогогүй юм бол цахилгааныг нь таслах, эсвэл татан буулгах хэрэгтэй” гэж хэлэхэд нь би их гайхаж байсан. Нэг талаас үнэний хувьтай. Үнэхээр тийм олон засаг захиргааны нэгж, төрийн алба байх хэрэгтэй юм уу. Хэд хэдээр нь нэгтгэвэл яасан юм бэ. Гэхдээ өөрийгөө болгодог, орлого олдог бол хэдэн сум байсан ч яах вэ дээ. Тийм биш бол заавал мөнгө өгөөд дэмий үрүүлээд байх шаардлага бий юү. Иргэд нь ч гэсэн хийх ажил багатайгаас зэврээд байна шүү дээ.
-Бид хөгжлийн хувьд солонгосчуудтай зэрэгцэхэд хэр ойрхон байна гэж та боддог вэ?
-Тэдэн шиг болоход их ойрхон. 2005 онд Солонгосоос авчирсан чингэлэгтэй ачаагаа буулгахад ах дүү, найз нөхдөөсөө дуудахад ажилгүй 38 хүн ирж байлаа. Одоо 1-2 хүн ч ирэхгүй. Бүгд дор бүртээ ямар нэгэн ажилтай. Жишээ нь, миний ах дүү, төрөл төрөгсдийн дотор нас дээр гарсан, хөдөлмөрийн чадваргүй, ажил хийх сонирхолгүй 2-3 хүнээс бусад нь бүгд ажилтай. Иргэд ажлын байраа алдвал хүнд байдалд орно гэсэн сэтгэлгээтэй болбол солонгосчууд шиг хөгжинө. Тэтгэмжийн мөнгө өгөх нь төр ажилгүй иргэдийнхээ тоог өсгөөд байна гэсэн үг. Харин үүний оронд “Ажиллавал таныг дэмжье” гэж хөдөлмөрч байхыг дэмжсэн бодлого явуулбал улс ч, иргэн ч хурдан хөгжинө. Хөдөлмөрлөвөл нэг өдөрт маш олон зүйл бүтээдэг. Юу ч хийхгүй бол маш хурдан өнгөрнө. Доошоо суух амархан, хэвтэх бүр ч амар. Харин босох, хөдлөх хэцүү ч үүнийг даван туулах нь чухал. Зүтгэж, хичээж, баялаг бүтээсэн хүмүүстэй нийгэм л хөгжинө. Би саяхан хүүхдүүдтэй ярилцахдаа “Гурван сая япон хүнийг эзгүй арал дээр аваачъя. Хажуугийнх нь эзгүй арал дээр гурван сая монголчуудыг аваачаад зэрэгцүүлээд бүтээн байгуулалт хийлгэвэл юу бүтээх бол. Япончууд бол одоогийнхоо улсыг бүтээнэ. Харин бид ичих л байх даа” гэсэн юм. Улсын хөгжил нь газар нутаг биш, иргэн юм.
-Гэргийтэйгээ хамт бизнесээ эрхэлдэг юм байна. Мэдээж түүний дэмжлэг их байх.
-Амжилтад хүрсэн эр хүний ард хүчирхэг эмэгтэйчүүд байдаг гэдэг үг бий. Миний болон манай гэр бүлийн амжилт гэргийтэй маань салшгүй холбоотой. Солонгост хамт ажилласан, нутагтаа ирээд үйлдвэрээ хамт ажиллуулж байна. Хамтын хүчээр өглөөнөөс орой хүртэл зэрэг хөдөлмөрлөж байж л өдий хүрсэн. Манайх хоёр хүүхэдтэй. Бага хүүхэд маань дунд сургуулийн III ангид сурдаг. Том маань МУИС-ийн Эдийн засгийн сургууль төгсөөд Австралид хэлний бэлтгэлд сурч байгаа. Бүтээгдэхүүний өнгө дизайнд эхнэр надаас илүү нүдтэй, би техникт голдуу анхаардаг. Орчин үеэ мэдэрч хүмүүс юу авч байгааг нь надад гэргий маань зааж зөвлөдөг, тэр захиалгынх нь дагуу үйлдвэрлэлээ явуулдаг. Жижиг, дунд үйлдвэрийн нэг онцлог нь хүн юу худалдан авч байна, түүнийг л хийх байдаг.
-Бизнесээ эхэлж байсан үе рүүгээ өнгийхөд юу харагдаж байна вэ. Тухайн үед юунд зорьж тэмүүлж байв?
-Эхлээд зүтгэж байхад би их хурдтай, сайн, мундаг байна гэж боддог юм билээ. Харин одоо би нэлээд цаг алджээ, ингэсэн бол арай хурдан байжээ. Тэр хүн надад сайхан санаа өгөөд байхад би яагаад хэрэгжүүлсэнгүй вэ гэж харамсах зүйл олон. Би тэр үед маркетинг, эдийн засаг, хүний нөөцийн талаар мэдлэггүй байсан гэж өөрийгөө харж буй хэрэг. Өнөөдөр би энэ бүхнийг харж, олж чадсан нь би маркетингийн ухаан бага зэрэг ойлгосон гэсэн үг. Гэхдээ үүнд харамсах хэрэггүй. Өмнөх алдаагаа харж байна гэдэг нь би дэвшиж дээшилж буйн шинж.
-Хэр болгоомжилж байв. Их зориг гаргасан уу?
-Хэн ч хийгээгүй зүйлийг хийх гээд зогсож буй хүний дотор айдас байх нь мэдээжийн хэрэг. Үйлдвэр байгуулж, хийсэн бүтээгдэхүүнийг маань хүн худалдаж авах болов уу гэж эхний хоёр жил айж байсан. Одоо хүмүүсийн санаанд нийцэх бүтээгдэхүүн хийж чадах болов уу гэж бодож байна. Энэ бол байнгын айдас юм. Боломж байвал хэн ч хэдэн жил илүү наслахыг хүсдэг шиг боломж байвал илүү өндөр түвшинд хүргэх юмсан.
-Эдийн засгийн хямрал танайд хэр нөлөөлж байна вэ?
-Зах зээлийн хямралыг давж гарч чадах болов уу гэдгээс айхгүй байна. Нэг талаас хямрал ч нөгөө талаас боломж юм. Энэ хямралаас ганц би ч биш, улс даяараа хэмнэж болох юм гэдгийг харлаа, хямрал биднийг хэмнэлтэд сургалаа. Бараа бүтээгдэхүүнээ сайн хийх “ташуур” өгч байна. Нийгмийн давалгаанд амьд үлдэхийн тулд юу хийх вэ гэж бодохоор толгойд “юм” орж байна. Ажлын байр олдоход хэцүү, ажил хайж буй хүмүүс олон болчихсон болохоор хүмүүс халагдаж магадгүй гэж бодон, тэр хэрээр бүтээмжтэй байна.
-Бизнес эрхлэхэд тулгарах бэрхшээл цөөнгүй. Үүнээс хамгийн хэцүү нь юу вэ?
-Хаана амьдарч байна, тэр газартаа дасан зохицох ёстой. Говьд бол говьдоо, арал дээр бол тэндээ дасна. Бид Монгол гэдэг нийгэм, эдийн засгийн орчинд дасан зохицох ёстой. Монгол хүмүүст сэтгэхүй, амьдрал, цаг уурын онцлог байна. Өвөл болохоор л санадаг нэг зүйл надад бий. Манайхан маш зузаан ханатай байшин барьдаг, үүндээ багагүй хөрөнгө зарцуулдаг. Солонгост барьсан бол хямд сэндвичээр дөрвөн талыг нь хаачихвал л болно. Тэнд дулаан хэрэггүй. Гэтэл би энд үйлдвэрээ барих гээд 64 см зузаан хана шавардаж өнгөлөөд хоёр давхар вакуум цонх хийнэ, доош нь суурь ухах гээд Солонгост барьснаас 10 дахин их үнээр үйлдвэрийнхээ барилгыг босгож байна. Энэ үедээ л миний Монголын эрс тэс уур амьсгал ч хэцүү шүү гэж боддог юм. Зам, барилга гээд маш олон бизнес зөвхөн өвөл ч биш, хавар, намрын тодорхой үеүдэд зогсдог. Зун ажиллаж эхлэх үед нь бүх газрын амралт эхэлж байхад би ямар дургүй гээч. Сургуулийг, төрийн албыг 11, 12, нэгдүгээр сард амраадаг болгочих юмсан. Оюутан, сурагчдыг энэ өвлийн хүйтэнд, ханиад томуутай үед ингэж явуулах шаардлага байна уу.
-Би улсдаа өмнө нь хэн нэгний хийгээгүй шинэ зүйл хийсэн гэж бахархах сэтгэгдэл танд төрдөг үү?
-Шинэ зүйл гэж байдаггүй. Мартагдсан хуучныг шинэ гэдэг. Өчигдрийн гишүүр дээр гишгэж байж маргаашийнх дээр ч гишгэнэ. Өчигдөр, өнөөдөр нь тодорхой болсон бол маргааш нь гэрэлтэнэ. Та бүхний түрүүнд явж байгаа бол бүхнээс сонор сэрэмжтэй байх хэрэгтэй гэсэн үг байдаг. Би анх энэ технологийг буруу нэвтрүүлсэн бол 20 жилийн дараа Монголд оймсны үйлдвэр байхгүй. Нэгэнт анхдагч үйлдвэр байгуулсан юм чинь үүнийгээ Монголынхоо хөрсөнд зөв суулгаж, би байхгүй болсон ч манай улс оймсоо үйлдвэрлэсээр байхын төлөө ажиллах учиртай. Үүний тулд шинэ технологи нэвтрүүлнэ, хөгжлийн чиг хандлага нь хаашаа байна, тэр бүхнийг хийхээс өөр аргагүй. Нийгэм хойшид юу хийхийг минь хэлж өгнө.
-Энэ өвөл дотоодын оймсыг хуурамчаар хийсэн хэрэг гарсан. Танай бүтээгдэхүүн ч үүнд өртөх шиг болсон.
-Үүнд би гомдоод л өнгөрсөн. Энэ бүхнийг хийсэн цаад эзэн нь монгол хүн байсан. Монгол оймсыг урд хөршид аваачиж дуурайлгаж хийлгүүлээд болж өгвөл хойд хөрш рүү гаргахыг зорьсон юм билээ. Гэтэл зарим хүн дундуур нь орж Монголд зарах оролдлого хийсэн байгаа юм. Цаад талдаа үндэсний үйлдвэрлэгчдийн нэр хүндийг унагаж байгаа хэрэг.
-Монголчуудын хэдэн хувь нь танай оймсыг хэрэглэдэг бол. Судалж үзсэн үү?
-2012-2013 онд оймсны борлуулалт сайн байсан. Амьдрал нь гайгүй бол олон оймс хэрэглэдэг юм шиг. Өнгөрсөн онд борлуулалт бага байлаа. Тэр хэрээр үйлдвэрлэлээ хумисан. Уг нь улсын хэрэгцээний 15-20 хувийг дотооддоо үйлдвэрлэчихдэг байсан бол энэ жил бараг 50 хувьд хүрлээ. Стратегийн бүтээгдэхүүнд оймсыг оруулж болно гэж би үздэг. Энэ хүйтэнд оймсгүй яв гэж болохгүй шүү дээ. Гэхдээ урьд нь 10-ыг авдаг байсан бол одоо наймыг авч хэмнэлт гаргахаас биш авахгүй байх боломжгүй. Би өөр сэдвээр сайн мэдэхгүй ч оймсны талаар төгсөшгүй сайн ярьж чадна.
-Манайхан оймсоо хэзээ дотооддоо бүрэн үйлдвэрлэдэг болох бол?
-Урд хөршийн хямд оймс өмсөх сонирхолтой хүн бий. Хөдөөний зарим хүн “Танайхаас 2000 төгрөгөөр авснаас хямдхан таван оймс авч өмсчихөөд хаясан нь дээр” гэдэг. Би үүнийг үгүйсгэхгүй. Энэ сэтгэлгээ өөрчлөгдвөл бид 100 хувь хангах боломжтой. 100 хувь үйлдвэрлэх амархан байна. 100 хувь хэрэглэх ард түмэн байна уу гэдэг л гол асуудал.
-“Янмал”-ын ирээдүйг та хэрхэн харж байна вэ?
-Компанийн ирээдүй гэрэл гэгээтэй байгаа. Одоо бидний хийх зүйл бол худалдан авагчдад бүтээгдэхүүнээ ойртуулах. Нэрийн дэлгүүрүүдээ олон газарт байгуулж, бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэнэ. Архи, пиво худалдахад 40 метр зай гаргаж өгчихөөд оймсонд 50 см зай л гаргаж байна шүү дээ, манайхан. Ийм учраас би томоохон дэлгүүрүүдээр зарахын оронд нэрийн барааныхаа дэлгүүр нээх сонирхолтой байдаг юм. Одоогоор гуравхан дэлгүүртэй байна. Өмнө нь би жил бүр үйлдвэрээ өргөжүүлэхэд анхаарч ирсэн бол одооноос жилд нэрийн барааны 4-5 дэлгүүр нээх зорилготой. Бэлхэд шинэ үйлдвэр байгуулах болсон. Хуучин байр маань үйлдвэрээ өргөжүүлэхэд хүндрэлтэй болсон. Тиймээс зориулалтын том байртай болж, цөөн хүний хүч, техникийн чадлаар богино хугацаанд их бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Мөн хонины ноосон утас ээрэх үйлдвэр байгуулж, түүхий эдээ ч өөрсдөө үйлдвэрлэх зорилт тавьж байна. Энэ үйлдвэрийн худалдан авагч, хэрэглэгч нь манайхан өөрсдөө учир зах зээл гэж зовох шаардлагагүй. Төслөө бичиж дуусаад урт хугацаатай, бага хүүтэй зээл хөөцөлдөж байгаа.
Ч.МӨНХЗУЛ