Энэ удаагийн редакцын уулзалтаараа Монголд үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлэх болон төрөөс бодлогоор яаж дэмжих талаар ярилцлаа. Редакцын уулзалтад Хөгжлийн банкны орлогч захирал Б.Буянмөнх, Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Хашчулуун, “Best shoes” компанийн захирал Б.Түвдэнням, “Дүйнхэр тэргүүн” компанийн захирал Д.Ган-Од нар оролцов. Салбар хариуцсан Аж үйлдвэрийн яамнаас төлөөлөл урьсан боловч оролцох боломжгүйгээ мэдэгдсэн юм.
-Эдийн засаг хямарлаа гэж ярьж байна. Нөгөө хэсэг нь хямрал биш хүндрэл гэж тодорхойлж байгаа. Эдийн засгийн хүндрэл та бүхэнд хэрхэн мэдрэгдэж байна вэ?
Ч.Х: -Ер нь манай эдийн засаг нэлээд хүндхэн байгаа. Үүнийг хямрал гэх үү, эсвэл хүндрэл гэж нэрлэх үү гэдэг нь чухал биш. Хамгийн гол нь төсөв маш хүнд байна. Түүнээс биш бодит эдийн засаг буюу уул уурхай, мал аж ахуйн салбарт нэг их асуудал байхг үй. Харин төсвөөс хамаардаг төрийн албан хаагч, эмнэлэг, сургууль гэх мэт хэд хэдэн салбарын байдал муу байгаа. Нэгдүгээрт, төсвийн хямралаас гарахын тулд юу хийх вэ гэдгээ юуны өмнө ярих хэрэгтэй. Хоёрдугаарт, ханшийн асуудал бий. Валютын ханш өсөх нь сайн талаас нь авч үзвэл импортын барааг үнэд оруулж, дотоодын үйлдвэрүүдэд ашигтай. Муу талаас нь авч үзвэл гаднаас авчирдаг сэлбэг, эд анги, тоног төхөөрөмж асар үнэтэй болж байгаа юм. Үүн дээр анхаарах ёстой, ханшийг огцом хэлбэлзүүлэх хэрэггүй. Өмнөх 10 жилтэй харьцуулахад манай эдийн засаг 10 дахин өссөн. 2008 оны эдийн засгийн хямрал бидэнд харьцангуй хөнгөн туссан бол одоогийнх нэлээд хүндрэх төлөвтэй байна. Бондын өр их байгаа нь ч үүнд нөлөөлж байгаа. Өөрөөр хэлбэл, бид маш их ариг гамтай байх 10 жил нүүрлэж байна. Тэглээ гээд бүх юм зогсох ёсгүй. Зарим салбарыг, тухайлбал аж үйлдвэрлэлийг урагшлуулъя гэвэл түүхий эд, технологи, үйлдвэр байгуулах зардлыг татвараас чөлөөлөх, дээрээс нь шинэ технологи нутагшуулахад тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлэх гэсэн гурван арга хэмжээг авч болно.
Б.Б: -Манайх банк учраас ханшийн зөрүүг маш их мэдэрч байгаа. 1.5 тэрбум ам.долларыг гадаад зах зээлээс босгосон. Ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2000 руу нэлээд дөхөж байна. Анх бонд гаргах үед нэг доллар 1384 төгрөгтэй тэнцэж байсан. Эдийн засаг нэлээд эмзэг тал руугаа очиж байна гэдэг нь хүн бүхэнд ойлгогдож байна. Хүндрэлээс хэрхэн гарах вэ гэдэгт цогц боловсруулсан бодлогоор хандмаар байгаа юм. Бодлого боловсруулагчид ямар асуудлыг ямар хэмжээнд ярих вэ гэдгийн тунг нь тааруулах ёстой. Тэгэхгүй бол “Монголд хямрал нүүрлэсэн” гэж гаднынханд харагдуулж, гадаад зах зээл талаас Монголын эдийн засгийг хумих байдал руу түлхэнэ.
Б.Т: -Хямрал байна уу гэвэл байгаа. Хүн бүр л ярьж байна. Төр засгаас хямрал гэж зарлаагүй бол ингэж гүнзгийрэх байсан ч юм уу, үгүй ч юм уу гэж боддог. Одоо бүх хүн худалдан авах чадвараа хяначихлаа. Энэ нь үйлдвэрлэгчдэд хүндрэл учруулж байгаа. Мэдээж борлуулалт эрс багасаж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард манай үйлдвэр хүчин чадлаа нэмэгдүүлсэн. Монгол хүн гутлаа хийж чаддаг юм байна, ийм сайхан үйлдвэртэй болчихлоо гэж хүмүүст хүрсэн нь бидэнд эергээр нөлөөлсөн. Тэр утгаар нь харвал манайх захиалагчидтай, үйлчлүүлэгчидтэй байгаа. Энэ хямрал нь Цагаан сараас хойш нэлээд хэцүү түвшинд шилжиж магадгүй.
Д.Г: -Ер нь Монгол Улсын хэмжээнд хямралтай байна гэж харж байгаа. Манайх хяналтын камер хийж борлуулдаг. 2013 оны хагас жилээс борлуулалт багасаж эхэлсэн. Өмнөх оны эцсээр зарим ажилтнаа цомхтгохоос аргагүйд хүрсэн. Гэхдээ хямралыг бид эергээр харж, үүнийг “ашиглаад”, үйлдвэрээ байгуулаад авъя гэж зорьж байгаа. Энэ хямралыг өөрсдөдөө хэрэгтэй байдлаар ашиглая гэдэг үүднээс төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.

-Одоо хумих, хэмнэх тухай яриад эхэллээ. Энэ цаг үед үйлдвэрлэгчдээ яаж дэмжвэл зохистой вэ. Аж үйлдвэрийн салбарт төрөөс баримтлах баримт бичиг боловсруулж байгаа гэсэн. Ийм баримт бичиг гаргаснаар үйлдвэрлэл хөгжих үү?
Б.Т: -Ер нь бодлогоо ойрын 5, 10, 20 жилд гэж төлөвлөхгүй байгаа. Нэг засаг гарч ирэхээрээ нэг бодлого, тэр нь солигдохоор бас өөр бодлого ярьдаг. Уг нь өөрсдийн гэсэн үйлдвэртэй болох хэрэгтэй юм байна, алийн болгон уул уурхайгаа харах вэ гэдгийг бүгд ойлгосон. Уул уурхайгаас орж ирсэн мөнгөө тараагаад, хүмүүсийг эрхлүүлсэн. Бид гутлын жишиг үйлдвэр байгуулахаар хэдэн жилийн өмнөөс зорьсон. Жижиг, дунд үйлдвэрлэл гэж шуурч болохгүй. Бүтээгдэхүүнийг төгс, өрсөлдөхүйц хэмжээнд үйлдвэрлэхийн тулд тоног төхөөрөмж, боловсон хүчин хангалттай байж тэр түвшинд очно. Өрхийн үйлдвэрлэлээр брэндийн гутал, цүнх хийж чадах уу? Үгүй шүү дээ. Жишиг үйлдвэр байгуулаад, төр засаг тэдгээрийг бодлогоор дэмжих ёстой. Манайх өдөрт 700-800 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэхдээ бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа. Одоо би 50 хүнийг ажлын байраар хангачихсан байна. Энэ бол зээл өгсний үр дүн. 50 хүний ард 50 гэр бүл байгаа. Тэгэхээр нэг үйлдвэр олон хүнийг тэжээгээд явдаг. Үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ашиглавал 20-30 хүн нэмж ажиллуулах боломжтой. Бид эхний ээлжинд цэрэг, цагдаа, хүчний байгууллагуудын ажилчдын гутал хийе гэсэн зорилготой байгаа. Төрөөс жил бүр цэрэг, цагдаагийн алба хаагчдын хувцас авах мөнгө төсөвлөдөг. Түүнийхээ захиалгыг манайд өг л дөө. Хэрэв бид чадахгүй бол дараагийн хүнд нь өгчих. Тэгвэл ажлын байр тогтвортой, үйл ажиллагаагаа таслахгүй. Монголд яг манайх шиг 10-аад үйлдвэр байхад эдийн засгаа аваад явчихаж чадна. Хөнгөн үйлдвэрийн салбар маш олон хүний ажлын байр, жижиг үйлдвэрүүдийг бий болгодог юм.
-Батлан хамгаалах яам, Аж үйлдвэрийн яам хамтран ажиллах санамж бичиг саяхан байгуулсан. Түүний цаана танай хийх ажил байгаа гэж ойлгох нь зөв үү?
-Би найдаж байна. Хэрэв тийм бол намайг дуудаж уулзах байх. Төсвөөс зарж байгаа мөнгийг үр ашигтай зарцуулбал үйлдвэр хөл дээрээ хурдан босно.
-Ер нь мөнгө өгөөд л орхичих нь төдийлэн үр дүнгүй гэж ойлгогдож байна. Шат шатанд нь дэмжлэг хэрэгтэй юм байна, тийм үү?
Д.Г: -Миний бодлоор төр бодлого гаргах ёстой. Манайхан нэг байшин босгож, дотор нь тоног төхөөрөмж тавьчихаад, хэдэн хүн ажиллуулахыг үйлдвэр гэж ойлгоод байгаа. Би өндөр технологийн үйлдвэр байгуулах гээд япончуудтай хоёр жил хамтран ажиллаж байгаа. Энэ хугацаанд тэднээс асар их зүйл сурсан. Үйлдвэр байгуулахад эхлээд бодлого хэрэгтэй. Бодлого гэдэг нь юу вэ гэхээр нэгдүгээрт, технологи, ноу-хау. Манайд тоног төхөөрөмж, боловсон хүчний нөөц нь байгаа юу гээд бүх зүйлийг төлөвлөдөггүй. Тийм учраас жижиг, дунд үйлдвэрлэл гээд баахан мөнгө цацдаг. Хятадаас тоног төхөөрөмж оруулж ирээд, суурилуулчихдаг. Гэтэл ажиллах хүч, ноу-хау, технологийг нь мэддэг хүн байдаггүй. Уг нь дэлхий даяараа технологи түшин хөгжиж байгаа. Гэтэл манайх уул уурхайн бүтээгдэхүүн, нүүрс гаргаж зараад баяжина гэж яриад байна. Дэлхийн зах зээлд нэг тонн цэвэр зэс 10.000 долларын үнэтэй гэж тооцъё. Тэгвэл нэг тонн цэвэр зэсийг боловсруулаад, бидний хийх гээд буй электроникийн хавтан үйлдвэрлэвэл 300.000 доллараар борлуулна. 888 төслөөс Монголд хамгийн их хэрэгтэй, хамгийн түрүүнд дэмжих үйлдвэр үүд юу вэ? Мэдээж технологийн салбар. Бага өртгөөр, их үнэ цэнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд бүх үйлдвэр технологи ашиглана. Тэгэхээр тэр технологийг нь эхлээд дэмжих ёстой. Гэтэл манайд технологио ч ойлгодоггүй. Япончуудтай уулзахад, “Чи үйлдвэрээ байгуулж болно. Бид мөнгөнд санаа зовохгүй байна. Ганцхан технологи, ноухауд чинь санаа зовж байна. Танайд үйлдвэрлэлийн технологийн чиглэлээр мэргэшсэн ажиллах хүч байхгүй” гэж байгаа. Тэд Японд үйлдвэрт нь ажиллаж байсан хүмүүсийг Монголд ажиллуулъя, монгол ажилчдыг Японд сургаж тусалъя гэж байгаа. Бид боловсон хүчний асуудлыг орхигдуулж байна. Үйлдвэрлэл эрхлэнэ гэдгийг төсөл бичиж, тоног төхөөрөмж авчраад, хэдэн хүн ажилд аваад л болно гэж боддог.
Б.Б: -Ер нь аливаа зүйлийг судалгаатай хийх ёстой. Ихэнх шийдвэрийг сэтгэлийн хөөрлөөр гаргаж байна. Засгийн газар, УИХ-аас баталсан 500 орчим төсөл, хөтөлбөр Монгол Улсад бий. Зарим нь хүчингүй болсон, хугацаа нь дууссан гэж ярьдаг. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас албан тоотоор авахад цөөнийг нь гаргаж өгсөн. Бусад нь яасан юм гэхэд дөрвөн жилийн хугацаанд ажилласан тухайн Засгийн газартайгаа “баяртай” болчихдог юм гэсэн ойлголт өгч байгаа. Төрийн бодлого ийм байж болохгүй. Сонгууль болсны дараа халаа сэлгээ хийгддэг ч төрийн бодлогын залгамж чанар байх ёстой. Бодлого гэдэг нь юун дээр суурилаад ямар үйлдвэр байгуулахаас шалтгаална. Монголд ямар бүтээгдэхүүнийг, ямар үнээр гаднаас авч байна, дотоодын түүхий эдээ ашиглаад хаанахын тоног төх өөрөмж, технологиор, хэдий хэмжээний хүн ажиллуулж, ямар хүчин чадалтай үйлдвэр байгуулах вэ, тэндээс гарсан бүтээгдэхүүнийг хаана, ямар үнээр борлуулах вэ, бүтээгдэхүүний орлогоос нь зээлээ эргэн төлөөд, үйлдвэр хөл дээрээ босох уу гээд бүгдийг нь тооцож, дэс дараатай хийх ёстой. Үйлдвэрлэл гэдэг технологийн дэс дараалал. Энэ бүгдийг мэддэг инженер, технологич байж, тэдний судалгаан дээр үндэслээд аль салбарыг ямар хэмжээнд аваачих вэ гэдгээ хэлэлцээд бодлого гаргамаар байгаа юм. Дотооддоо цэрэг, цагдаагийн албан хаагчдыг гутлаар 100 хувь хангая, дараа нь экспортод гаргая. Нэг талдаа энэ бол дотоодын үйлдвэрүүдээ дэмжиж байгаа хэрэг. Дотоодын үйлдвэрүүдээ дэмжинэ гэхээр зөвхөн анхан шатны зээл өгөөд орхих гэж ойлгоод байх шиг байна, үгүй. Зээл олгоод, дараа нь үе шаттайгаар хяналт тавих нь зүйтэй. Хүссэн тоног төхөөрөмжөө авч байна уу, технологийн сонголтоо зөв хийв үү гэдэгт нь. Үйлдвэр байгуулах бүх үе үйл явцыг хянадаг баймаар байна. Ямар ТЭЗҮ-ээр байгуулна гэсэн нь цаасан дээр биш, амьдрал дээр хэрэгжсэн байх ёстой. Тэгвэл үр өгөөжөө өгнө. Цаасан дээрхээс өөр болоод ирвэл сүхний иш хийнэ гээд шүдний чигчлүүр хийж байгаагаас ялгаагүй. Засгийн газрын 2014 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан журам (Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн төслийг санхүүжүүлэх, хяналт тавих, тайлагнах) бий. Уг журамд хоёр тэрбум төгрөгөөс дээш хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай төсөл санхүүжүүлэхэд салбарын яам нь хяналт тавина гэж заасан. Үүнийг салбарын яамд нь хараахан хэрэгжүүлж чадахгүй байгаа. Манайх 2000 оноос хойш жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил зарласан. Аль нэг “жил” зарласнаар ажил явахгүй. Бодлого тодорхой буй байгаагаас 888 төслөөс санхүүжилт олгоход цаг их алдсан. Бид үйлдвэрлэгчдэд шахуулаад шууд санхүүжилт олгох боломжгүй. Учир нь Монгол Улс эргээд төлнө. Тиймээс Засгийн газар, холбогдох яам, Монголбанк дээр олон удаа үе шаттай ярилцаж, арилжааны банкуудаар дамжуулан зээл олгох болсон. Хөгжлийн банктай хамтран ажиллах хүсэлт илэрхийлсэн 11 арилжааны банктай дамжуулан зээлд үүлэх гэрээ байгуулсан. Өнгөрсөн оны наймдугаар сарын 26- нд анхны зээлээ олгосон. 888 бол үйлдвэрлэлийг дэмжихтэй холбоотойгоор үндсэн шаардлагад нийцсэн төслийн жагсаалт. Эдгээр төслийн санхүүжилтэд Монгол Улсын хэмжээнд бондын хөрөнгөөс нэг их наяд орчим төгрөгийн эх үүсвэрийг л зарцуулах юм.
Б.Т: -Уг нь ярьж буй бодлого нь зөв байгаа. Хамгийн гол нь бодлогоо хэрэгжүүлж чадахгүй байна. Сайхан тунхаглал гаргаж, санаа дэвшүүлчихээд, цогцоор нь шийдэж өгч чадахгүй, цаасан дээр л үлдчихээд байгаа юм уу гэж хардаг.
Ч.Х: -Ер нь аж үйлдвэржилтийн бодлого нэлээд урт хугацааны түүхтэй. Миний санаж байгаагаар манай улс 1950-иад оноос хөнгөн аж үйлдвэрийг нэлээд хөгжүүлсэн. 1980-аад он гэхэд хөнгөн аж үйлдвэр экспортын гуравны нэгийг бүрдүүлж байлаа. 1990-ээд онд аж үйлдвэр нэлээд хүнд байдалд орсон ч 2000 оноос хойш дахин сэргэсэн. Ялангуяа сүүлийн 10-аад жилд аж үйлдвэр нэлээд хөгжсөн гэж хэлэх нь зүйтэй байх. Огт байхгүй юм шиг ярьж болохгүй. Жишээлбэл, мах, сүү, ноос, ноолуурын чиглэлээр үйлдвэрлэлийн хэмжээ нэлээд өндөр түвшинд хүрч байгаа. Үүн дотор ноолуурын салбар экспортын хувьд амжилтад хүрч, үйлдвэрлэлийн хэмжээ, технологи, дизайн талаасаа дэлхийн түвшинд ойртож байгаа. Томоохон үйлдвэрүүдийн цогцолбор сүүлийн 5, 6 жилд бий болсон. Монгол Улс зэс баяжуулах гурван том үйлдвэртэй болж байна. “Эрдэнэт”-ээс гадна Оюутолгойн баяжуулах үйлдвэр ашиглалтад орсон. Одоо Цагаан суваргын үйлдвэр ашиглалтад орох гэж байгаа. Нүүрсний салбарт Ухаахудагт нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Тэгэхээр түүхий эдээ тодорхой хэмжээгээр үйлдвэрлэх алхам хийж байна. Маш олон жижиг, дунд үйлдвэрийг хөдөө хөгжүүлэх гэж оролдсон. 3000- 4000 төслийн санхүүжилтэд 300, 400 тэрбум төгрөг зарцуулсан гэсэн тооцоо байдаг. Тодорхой амжилтад хүрсэн л байх. Гэхдээ төр бүгдийг зохицуулаад үйлдвэр барина гэхээр бүтээмж муутай болдог юм билээ.
-Гэхдээ төрийн ямар нэг бодлого байх ёстой. Түүнийхээ дагуу үйлдвэрүүдээ байгуулах нь зөв болов уу. Хаа хүрэх нь тодорхойгүй байж болохгүй юм шиг.
-Бодлого гэдэг тунхаг, бичиг баримтаар нэг их дутаагүй байх. Хөдөө аж ахуй, уул уурхайн гээд тодорхой хэдэн салбарынхаа түүхий эдийг боловсруулах хэрэгтэй. Бүх чиглэлийг бид хөгжүүлж чадахгүй, тийм хэрэгцээ ч байхгүй. Түүхий эддээ түшиглэсэн нь илүү дөхөмтэй. Ингээд үзэхээр төмрийн хүдэр, зэсийн баяжмал, газрын тос гээд уул уурхайн, бас мах, сүү, ноос ноолуур гээд хөдөө аж ахуйн түүхий эдээ боловсруулдаг болчихвол хангалттай. Зэсийн баяжмал үйлдвэрлэхэд улсаас нэмж хөрөнгө оруулах хэрэггүй. Хувийнхан, гаднынхан босгоод явж байна. Төмрийн хүдрийн хувьд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн өргөтгөлийг барина. Одоо манайд хүдэр хайлуулдаг хэсэг нь дутуу байгаа. Түүнийг хийх хэрэгтэй. Газрын тос дээр ямар нэгэн ахиц байхгүйг хэлэх хэрэгтэй. Дархан-Уулд, Дорнодод үйлдвэр барина гэж их хугацаа алдсан. Тэгэхээр үйлдвэржилтийн хүрээнд газрын тос боловсруулах асуудал бий. Дараагийнх нь нүүрс шингэрүүлэх, эсвэл хийжүүлэх тухай ярьж байгаа. Аль алинд нь 2-3 тэрбум ам.доллар шаардлагатай тул хувийн хэвшлийнхэн дангаараа хийж чадахгүй нь ойлгомжтой. Иймээс аль нэг улстай хамтраад хийх байх. Тэр бол дараагийн асуудал.
“ЯПОНТОЙ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХ НЬ ҮЙЛДВЭРЖИЛТЭД ИХЭЭХЭН ТУСТАЙ”
Манайх сүүг зах зээлд хүргэж чадахгүй байгаа. Хөдөөний алслагдмал газраас үнээний сүүг хотод авчирч бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэвэл түүн шиг худал юм байхгүй. Энэ чиглэлийн жижиг үйлдвэрүүд орон нутагт байж болно. Түүнд нь санхүүжилт өгөх хэрэгтэй. Махны чиглэлийн олон үүлдэр байгаа. Гагцхүү түүхий эд нь баталгаагүй, өөрөөр хэлбэл, хэчнээн сайн технологиор боловсрууллаа ч гарал үүслийн гэрчилгээгүй бол манай малын махыг худалдан авахгүй байна. Малын өвчин гарсан бол бас авахгүй. Энэ бол үйлдвэржилтээс арай өөр асуудал. Арьс ширний хувьд авч үзэхэд манай түүхий эд муу. Сүүлийн жилүүдэд хортон шавьжтай тэмцэх ажил багассанаас болоод шир цоорхойтой болж байгаа. 888 төсөл гэж ярьж байгаа. Энэ бол хүч тарамдсан ажил. Голлох чиглэлийн найман төсөлд санхүүжилт олгоход ч болох байсан. Эхний ээлжинд том үйлдвэрүүдээ дэмжих нь зөв. Хэрвээ том үйлдвэр баривал эргэн тойронд ханган нийлүүлэгч үүсэх ёстой. Жишээлбэл, Оюутолгойг тойроод Өмнөговьд 300 ханган нийлүүлэгч ажилладаг гэдэг. Энэ бол кластер мөн. Юу ч байхгүй газарт та нар нэг юм босгочих гэвэл бүтэхгүй. Жижиг, дунд үйлдвэр гэхээр талхны, оёдлын цех байж болно. Бүтээгдэхүүний зах зээл нь байвал төр оролцоод, зохицуулаад байх хэрэггүй. Хувийнхан мөнгөө босгочихно. Төр зах зээл олох талаас нь анхаарах нь зөв байх. Ирэх хоёрдугаар сард Ерөнхий сайд Япон улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулна. Энэ бол маш чухал алхам. Япон улс 135 сая хүн амтай, манайхаас хэд дахин том зах зээлтэй. Япон хүний дундаж орлого манайхаас 10 дахин илүү. Ийм зах зээлтэй холбох гэж байгаа нь аж үйлдвэржилтэд ихээхэн ашиг тустай. Монголд юу ч үйлдвэрлээд гаргаж болно. Юу үйлдвэрлэхийг нь бид одоохондоо мэдэхгүй. Хувийнхан бүтээгдэхүүнээ туршилт маягаар хийгээд, технологи хайгаад амжилтад хүрэх боломжтой.
Б.Т: -Японтой байгуулах санамж бичиг манай үйлдвэрийн хувьд нааштай харагдаж байгаа. Хэрвээ тус улсын зах зээлд бидний үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн татваргүйгээр очдог болчихвол сайн хэрэг. Японоос хэдэн мэргэжилтэн ирээд, манайд туршилтаар цүнх хийлгэж эхэлсэн. Үр дүн өгөхгүй байгаа. Аль аль талдаа татвар төлөхөөр үнэ нь өндөр тусаж байна. Гэхдээ тэд 5, 10, 20-иор нь байнга захиалж байгаа. Хэрвээ татварын асуудал шийдэгдвэл бид экспортлох боломжтой. Монгол хүн маш авьяастай, чадалтай. Технологи, боловсон хүчин нь байна. Гадагшаа өрсөлдөх бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтойг манай гутал, цүнх, жижиг эдлэлээс харж болно. Монголчуудын хэрэглээний түвшин маш өндөр болсон. Брэндийг хэрэглээд үзчихсэн, цэвэр арьс, сайн чанарын материал ямар байдгийг мэднэ. Бид гаднын зах зээлээс түүхий эд, арьсаа аваад, гутлаа үйлдвэрлэдэг.
Ч.Х: -Манай оёмол бүтээгдэхүүний салбар дангаараа өрсөлдөх чадваргүй. Яагаад гэвэл Хятадаас түүхий эд авчраад, энд оёод буцаагаад гаргалаа гэхэд тээврийн зардал, дээрээс нь НӨАТ, гаалийн татвар нэмэгдэхээр хятад бүтээгдэхүүнээс бараг 50 хувиар илүү үнэтэй болчихож байна. Харин манайх өрсөлдөх боломжтой зах зээл гэвэл уул уурхайн хувцас, цэрэг, цагдаагийн гутал, хувцас байна. Сая цагдаагийн хувцсыг гаднаас оруулж ирсэн. Түүн шиг зүйл дахиад хэрэггүй. Дотооддоо тийм хувцас хийж чадах тул уралдаан зарлаад л шалгаруулахад ямар ч асуудал байхгүй. Гэхдээ хийж чадахгүй зүйлийг заавал хийлгэх гээд байвал сургуулийн хүүхдийн дүрэмт хувцас шиг зүйл болоод дуусна, хэрэглэгчдээ хохирооно.
-888 төслөөс одоогийн байдлаар хэдэн аж ахуйн нэгжид хэдий хэмжээний зээл олгоод байгаа юм бэ?
Б.Б: -Нэгдүгээр сарын 29-ний байдлаар нийт 265.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүсэлт бүхий 684 төсөлд 11 банкаар дамжуулан зээл олгохыг дэмжих мэдэгдлийг хүргүүлснээс 674 төсөлд 250.6 тэрбум төгрөгийн зээл олгосон. Үүнээс “Экспортыг дэмжих, импортыг орлох дотоодын үйлдвэрлэлийн 888 төсөл”-ийн 216.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүсэлт бүхий 125 төсөлд зээл олгох мэдэгдлийг хүргүүлснээс 121 төсөлд 201.4 тэрбум төгрөгийг өгөөд байна.
-Банкны шаардлагыг хангаад байхад зээлийг нь бүрэн олгосон гэх яриа байна. Энэ нь ямар учиртай юм бэ?
-Барьцаа хөрөнгөтэй л холбоотой асуудал. Бид 888 гээд нэг тоотой болчихлоо. Мөнгө нь байгаа ч түүнд тохирох, шаардлага хангах төсөл цөөхөн байна. 888 төсөлд ороогүй салбар байхгүй. Гэтэл бид тодорхой хэдэн салбарт бодлогоо чиглүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, стратегиа боловсруулаад, тэргүүлэх салбаруудаа тодорхойлох хэрэгтэй. Ингэвэл бид 888 гэлгүй, 80, түүн дотроос найман үйлдвэрт л мөнгөө “хаячихмаар” байгаа юм. Одоо бүтээмж тун бага байна. Арьс ширний чиглэлээр л гэхэд 140.4 тэрбум төгрөгийн эх үүсвэр босчихоод байгаа. 50, 100 сая төгрөгийн санхүүжилт аваад арьс, ширэн цүнх сэлт л үйлдвэрлэдэг. Улс орны бодлогод энэ нь нийцэх үү? Төслийн гуравны нэгийг нь Хөгжлийн банкнаас, бусдыг нь өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлнэ гэнгүүт цаасан дээр байгаа төсөлдөө хагас жилийн хугацаанд гаднаас хөрөнгөө олоод ирсэн компани байна. Тэгэхээр энэ бас сайн талтай. Тухайлбал, “Нанометалл” гээд гайгүй төсөл бий. Солонгосын POSCO болон Итали, Испанийн төмөрлөгийн үйлдвэрүүдтэй хамтраад дэлхийн номер нэг технологийн ноу-хауг Монголд нэвтрүүлнэ гээд явж байна. Гэтэл манайхан өөрийн гэсэн төмрийн хүдрийн ордгүй юм байна шүү дээ гээд байх.
-Барьцаа хөрөнгийн хомсдолын талаар байнга л ярьдаг. Зээлийн шаардлагыг нь бага зэрэг хөнгөрүүлэх боломж бий юү?
-Зээлийн батлан даалтын сан л энд ажиллах ёстой. Зарим аж ахуйн нэгжид тодорхой хэмжээний батлан даалт гаргаж байгаа. Энэ байгууллага өөрийн хөрөнгөөс 20 дахин их хөрөнгийн зээлийн батлан даалт гаргах ёстой. Зээлийн батлан даалтын санг бүрэн утгаар нь ажиллуулах шаардлагатай байна. Гэхдээ эх үүсвэр нь өнөөдрийн байдлаар ердөө таван тэрбум төгрөг. Энэ онд Улаанбаатар хотын захиргаа үүнд оролцож эхэлнэ. Тэгэхээр нийт долоон тэрбум төгрөгийн батлан даалтын эх үүсвэртэй болж, үйл ажиллагаа нь тэр хэмжээгээр л өснө.
-888 төслөөс нэг их зүйл хүлээгээд хэрэггүй, дорвитой үр дүнд хүрэхгүй гэх гутранги хандлага бий. Санхүүжилтийг нь хариуцаж байгаа Хөгжлийн банкны төлөөллийн хувьд үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Бодлогын талаас нь яривал асуудал их бий. Бүтээгээд байгаа хүмүүсийг харахад ажил урагшаа яваад байгаа мэт. Яг хүссэнээ хийсэн үү гэвэл үгүй. Сүхний иш хийх гээд шүдний чигчлүүр хийдэг үлгэр хаа сайгүй л байна. Энд дэвшил гарна, гэхдээ хүссэн үр дүн гарахгүй. Би анх хэлж байсан, тоймтой хэдэн том үйлдвэрт хөрөнгөө зарцуулах хэрэгтэй гэж. Түүнийг тойроод үйлдвэрүүд нь хөгжчихнө шүү дээ. Жишээлбэл, манай металлургийн салбарынхан ярьж байсан. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн хажууд засварын том үйлдвэр байдаг. Түүнээс гурав дахин том үйлдвэрийг Оюутолгойн хажууд байгуулмаар байна, дэмжээд өгөөч гэсэн. Энэ бол бодлогоор дэмжих ёстой зүйл мөн шүү дээ. Тэргүүлэх ач холбогдолтой салбараа бид зайлшгүй тодорхойлох шаардлагатай. Өмнө нь хийсэн судалгаанууд ч бий. Зүгээр хий хоосон зүйл биш. Өмнөх намын бодлого бол болохгүй гэдэг ойлголтоо халах хэрэгтэй.
-Дөрөвдүгээр сард банкуудад санхүүжилт олгочихсон байхад наймдугаар сард анхны зээл гарсан гэлээ. Дөрөв, таван сарын турш тухайн арилжааны банкууд тэр хөрөнгийг өөр дээрээ байршуулсаар байсан гэсэн үг үү. Арилжааны банкууд санхүүжилтийг нь хойшлуулж байгаад ямар хяналт тавьдаг юм бэ?
-Монголбанкны шалгуураар арилжааны банкуудад мөнгөө тодорхой хугацаатай байршуулсан. Хадгаламж л гэсэн үг. Тэндээсээ хэрэгтэй үед нь мөнгөө татаж авдаг. Тухайлбал, аль нэг үйлдвэр Худалдаа хөгжлийн банкаар зээлээ судлуулаад, хоёр тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гарлаа гэж бодъё. Тэгвэл Худалдаа хөгжлийн банк зээлийн хорооныхоо шийдвэрийг манайх руу илгээдэг. Бид түүнийг нь үндэслээд зээлд шаардлагатай эх үүсвэрийг тухайн арилжааны банк руу шилжүүлдэг. “Чингис” бондын мөнгө байгаа, байхгүй нь мэдэгдэхгүй гэх мэтчилэн Хөгжлийн банкийг элдвээр хэлдэг. Энэ хөрөнгө Монгол Улсын өр учраас хэн дуртай нь түүнийг дураараа зарцуулах боломжгүй шүү дээ. Мөнгө нь байлгүй яахав дээ. Түүнийг үгүй хийчихээд шоронд суухыг хэн хүсэх вэ? Хэн ч хүсэхгүй. Хөгжлийн банкинд байгаа эх үүсвэр, хөрөнгө нь хаана байршиж байгаа, юунд, ямар шийдвэрээр зарцуулсан зэргийг өнгөрсөн жил ҮАБЗ, УИХ, Засгийн газрын бүх гишүүнд танилцуулсан.
Д.Г: -888 төслийн хувьд арьс шир, ноос ноолуур гээд Монголд байгаа түүхий эдээ яриад, энэ үйлдвэрүүдээ л босгох ёстой гээд байна шүү дээ. Манай компани үүнээс өөр чиглэлийнх. Японы электроникийн томоохон компаниуд Тайвань, Сингапурт үйлдвэр их байгуулдаг. Одоо Тайланд, Вьетнам, Энэтхэг рүү ороод эхэлж байна. Ийм үйлдвэрийг Монголд ч гэсэн байгуулах боломж бий. Түүний үндсэн дээр энэ үйлдвэрийг Монголд байгуулъя, тэгээд Монголоос бүтээгдэхүүнээ экспортолъё гээд тохиролцоод явж байна. Японы гурван компанитай бид холбоотой ажилладаг. Электроникийн эх хавтанг Монголд үйлдвэрлээд, Япон руу гаргахаар болж, худалдах гэрээ, хэлцлээ Японы талтай байгуулчихсан. Японтой байгуулах гэж байгаа Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт энэ талаар тусгаж өгвөл тэндхийн компаниуд дэмжинэ. Яагаад гэвэл хямд өртөгтэй бүтээгдэхүүн авах сонирхол тэдэнд бий.
Ч.Х: -888 төсөл бол фокус муутай боловч хийх ёстой ажлуудын нэг. Гэхдээ заавал ийм төслийг санхүүжүүлэх ёстой гэсэн улс төрийн оролцоо нь бага байвал зүгээр. Түүний оронд төслийн үр өгөөж рүүгээ анхаарах, хоёрдугаарт түрүүн миний хэлсэнчлэн хүнд аж үйлдвэрийн цөөхөн том төслийг дэмжих хэрэгтэй. Зээл хамаагүй олгож болохгүй. Яагаад гэвэл ямар ч барьцаа хөрөнгөгүй, сайн санаатай байгаа хүнд бол уучлаарай гэж хэлэхээс аргагүй. Их цөөхөн төслийг банк санхүүжүүлээд явах нь зүйтэй байх. Бусдыг нь бол яамнаас бодлогоороо дэмжих биз ээ. Манайхан нэг зүйлээр бүх нүхийг таглахыг хичээдэг. Энэ төслүүдийг аваад үзэхээр гурван төрлийн төсөл бий. Нэг нь санаа төдий, хөрөнгө байхгүй. Түүнийг АНУ, Японд старт-ап гэдэг утгаар нь санааг нь дэмжиж, хувьцааны дийлэнхийг нь аваад мөнгө өгч, үйлдвэрийг нь босгоно. Энэ бол Хөгжлийн банкны санхүүжилтээс их өөр арга. Хоёрдугаарт, тодорхой хэмжээний барьцаа хөрөнгөтэй, түүндээ тулгуурлаад үйлдвэрлэлээ байгуулъя гэсэн төсөл. Үүн дээр Хөгжлийн банк илүү тодорхой ажиллаж болно. Гэхдээ үнэхээр төсөл нь сайн юм бол яагаад заавал улсын санхүүжилт хэрэгтэй юм бэ гэсэн асуудал байгаа юм. Гуравдугаарт, бодлогын гэж бидний яриад байгаа төрөл. Хэн ч төсөл танилцуулахгүй байж болно, харин Засгийн бодлогоор төмрийн хүдэр, газрын тосыг боловсруулах ёстой гэсэн бодлого. Хөгжлийн банкны хувьд сүүлийн хоёр төрөл дээр нь илүү анхаарал хандуулаад байгаа. Старт-ап буюу шинээр үүсэж байгаа, ялангуяа технологи, инновацтай холбоотой төслийг өөр байгууллага хариуцах ёстой юм. Үүнийг банк руу чихээд байх нь буруу л даа. Үүнийг төр, арилжааны, Хөгжлийн банк цөм өөрөө дэмжихгүй, учир нь тэдэнд барьцаа хөрөнгө байхгүй. Түүнээс гадна экспертиз хийгээд ойлгох боломж тэдэнд үгүй. Ийм төслүүдийг бид яаж дэмжих бодолтой байсан бэ гэхээр 2012 онд Инновацийн тухай хууль батлаад, Инновацийн сан байгуулах чиглэлийг Засгийн газарт УИХаас өгсөн юм. Тэр сан нь гадаадын хөрөнгө оруулалтаас хуримтлагдсан тодорхой хэмжээний хөрөнгөөр дотоодын, дөнгөж хөл дээрээ босож байгаа, шинээр хөгжиж буй салбаруудыг санхүүжүүлэх ёстой байсан. Гэвч харамсалтай нь өмнөх Засгийн газар хоёр жилийн хугацаанд Инновацийн сангаа байгуулаагүй. Үүнийг би бодлогын алдаа гэж боддог. 888 төсөл дотор гар утас, харилцаа холбоо, компьютерийн төсөл цөөнгүй бий. Хэрвээ Инновацийн сан байсан бол тэдгээрийг тийш нь хамруулах байсан юм. Түүнийгээ нөхөж чадаагүй учраас тэд хана мөргөөд байна. Инновацийн хууль хүчинтэй хэвээрээ байгаа, Инновацийн санг Засгийн газар байгуулах чиг үүрэг ч хэвээрээ байгаа. Норвегийн маягийн сан байгуулаад гадаадад мөнгө байршуулна гээд байгаа. Миний хувьд гадаадад мөнгө байршуулахаас илүү инновац, өндөр технологи, холбооны салбараа дэмжих ёстой гэж боддог. Гэхдээ заавал ийм зүйлээр хязгаарлаж болохгүй л дээ. Инновац гэдэг бол бүх салбарыг хамааруулдаг. Гагцхүү шинэ технологийг нутагшуулахыг инновац гэж нэрлээд байгаа юм. Жишээлбэл, арьс ширний үйлдвэрүүд шинэ технологи, шинэ оёдлын машин авчирвал Монголдоо энэ нь инновац мөн. Заавал өндөр технологитой холбоотой биш. Иймэрхүү төслүүд Инновацийн сангаас хүүгүй зээл авч болно. Зээл биш, шууд санхүүжилт ч авч болно. Энэ бол нэг арга. Хоёрдугаар арга бол, бүх төрлийн тоног төхөөрөмжинд манайх НӨАТ, гаалийн татвар ногдуулж авчрахад хэцүү болгоод байна. Тэдгээрийг бүх төрлийн татвараас чөлөөлөх ёстой, бүр мөсөн. Яагаад гэвэл Монгол Улсад ямар ч тоног төхөөрөмж үйлдвэрлэдэггүй. Тийм учраас түүн дээр нь ямар нэгэн татвар ногдуулбал тэр нь өрсөлдөх чадварт нь шууд нөлөөлдөг. Одоогоор жижиг, дунд үйлдвэрлэлийн 600 гаруй тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөөд байгаа. Гэхдээ энэ нь хугацааны хязгаартай, түүнийг сунгах уу, үгүй юү гэхэд бөөн хэр үүл болдог. Түүний оронд бүх төрлийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөөд, цаашилбал тэр тоног төхөөр өмжийг авчирч суурилуулж байгаа мөнгөнд нь татвар ногдуулахгүй байх хэрэгтэй. Заавал тодорхой салбараар хязгаарлаад байх хэрэггүй. Монголдоо чихэр үйлдвэрлэж байвал сайн л биз, гутал оёж чадаж байвал хэрэгтэй л байна. Чи тийм зүйл хий гээд төрөөс заагаад байх нь оновчгүй гэж боддог. Яагаад гэвэл зах зээл баян. Ингэж чадвал Монгол Улсад аж үйлдвэр хөгжих бололцоо бий. Одоо Хөгжлийн банкнаас олгож байгаа зээл, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас гаргасан санхүүжилт үйлдвэрлэлд тодорхой түлхэц үзүүлнэ. Огт юу ч үгүй сууснаас энэ нь дээр. Гэхдээ бид санхүүжилтийн аргуудаа цаашид баяжуулах зайлшгүй шаардлага байна. Хөгжлийн банк том төслүүд дээрээ “сууж” л байг. Старт-ап, технологи, инновацийг дэмжсэн Инновацийн сан байгуулах ёстой. Дараагийн ээлжинд татварын асуудлыг бүрэн шийдэх нь зүйтэй. Үйлдвэржилтийг үнэхээр дэмжих гэж байгаа бол тэднээс мөнгө аваад хэрэггүй. Дөрөвдүгээрт, экспортын зах зээлээ хангаж өгөх нь чухал. Эдгээрийг хангаж өгвөл Монгол Улс аж үйлдвэржинэ. Гэхдээ энэ бол нэг өдрийн дотор биш, аажмаар явагдах үйл явц.
-Эдийн засаг сайнгүй байгаа энэ үед үндэсний үйлдвэрүүдэд ямар арга, хөшүүрэг хамгийн чухал вэ?
-Одоо Засгийн газар хийж чадах зүйл гэвэл миний сая хэлсэн дөрвөн зүйлээс нэгдүгээрт, Японтой Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг нэн даруй байгуулах. Энэ нь энэ сард шийдэгдэх төлөвтэй. Хоёрдугаарт, яваандаа БНСУ, АНУ-тай яг ийм гэрээ байгуулах ёстой. Яагаад гэвэл аль аль нь аж үйлдвэржсэн орон. Хоёр улсын хооронд татваргүй болчихвол аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийхээ тодорхой хэсгийг манайд байршуулах сонирхол үүснэ. Тэр нь тийм ч том биш байж болно, гэхдээ манай эдийн засагт хангалттай. АНУ-тай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахын тулд Ил тод байдлын тухай гэрээг УИХ-аар шийдэх ёстой. Ингэж чадвал цааш явах боломж бүрдэнэ. Америкийн зах зээл Японыхоос гурав, дөрөв дахин том. Өөрөөр хэлбэл, Японоос бид ямар үр дүн хүлээж байгаа билээ, Америктай ийм хэлэлцээ байгуулбал маш өндөр үр өгөөж гарч магадгүй. Хувцас, машин, тоног төхөөрөмж гээд. Солонгос бол аль алийг нь бодоход арай жижиг зах зээл. Гэхдээ манайд бол том оо. Хоёрдугаарт, татварын асуудал. Сүүлийн үед аж үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалт үлэмж хэмжээгээр буурсан байгаа. Хөрөнгө оруулалтын хэмжээ 2011 онтой харьцуулахад 30 хувиар унасан. Тоног төхөөрөмжийг авчирч суурилуулах боломж маш бага. Тэндээс татвар авах гээд боогоод байх хэрэггүй. Төсөл хийнэ гэдэг чинь ирээдүйн орлогоосоо л хүн мөнгө олно гэсэн үг. Тэгэхээр тэр боломжийг нь нээж өгөөд татвараас бүрмөсөн чөлөөлчих. Би яагаад ингэж хэлж байна вэ гэхээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг анх эдийн засгийг солонгоруулна гэж 2012 онд ярьж байсан. Би маш сайн санаж байна. Солонгоруулна гэдэг нь аж үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэсэн үг. Үүний тулд бодитой хоёр зүйл хийх хэрэгтэй. Бид социализмын үедээ баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. Үйлдвэрлэлийн бүх суурийг тэр үед тавьсан. Бүх боловсон хүчнээ бэлдсэн, тоног төхөөрөмж авчирч, үйлдвэрүүдийг байгуулсан. 1990-ээд онд тэр нь нурсан ч гэсэн суурь нь бий. Тэгээг үй бол өдийд бүгдээрээ малчин, орчин үед компьютер үйлдвэрлэх тухай мөрөөдөх ч боломжгүй байсан байх. Боловсон хүчний хувьд одоо технологийн шинэ их сургуулиуд нээгдэж байгаа. Герман, Японтой хамтарсан сургуулиуд бий. Мөн Өмнөговьд уул уурхайн чиглэлээр Америкийнх нээгдлээ. МСҮТ ч олширч байна. Нэг үеэ бодоход сайжирч байна. Боловсон хүчин бол маш том асуудал. Залуучуудыг сургаад ажиллуулж байгаа нөхцөлд түүнд зарцуулсан хөрөнгөд татвар ногдуулах байх гэсэн санаа байдаг юм. Гэхдээ аж үйлдвэрийн бодлогод огт багтаж чаддаггүй. Манай аж үйлдвэр цааш хөгжихөд саад болох хоёр зүйл бий. Нэгдүгээрт, зардал. Зардлыг бууруулахын тулд миний хэлсэн бүх тоног төхөөрөмж, эд анги импортоор орж ирж байгаа бүх зүйлд татвар ногдуулахаа болих хэрэгтэй. Ингэснээр манай өрсөлдөх чадвар 20-25 хувь нэмэгдэх ёстой. Тэгвэл Хятад, ер нь хаанахтай ч өрсөлдөх боломжтой. Хоёрдугаарт, олон жил яригддаг технологи, дизайны асуудал. Үүн дээр тодорхой дэмжлэг үзүүлэх ёстой. Яагаад гэвэл шинэ цех, конвейер авчрахад зайлшгүй зардал гардаг. Түүнийг нь тодорхой хэмжээгээр даахгүй бол үйлдвэр байгуулахад маш хэцүү. Ингэж байж бид аж үйлдвэржихгүй бол хүнд нөхцөлтэй байна. Хятадын аж үйлдвэртэй өрсөлдөнө гэдэг туйлын хэцүү. Ийм учраас бүх төрлийн дэмжлэг үзүүлээд, аж үйлдвэрүүдээс мөнгө саахаа аль болох болих хэрэгтэй. Томрохоор нь татвараа авна биз, одоо бол хөлд орох гэж байгаа “хүүхдийг” татвараар боох хэрэггүй.
Д.Г: -Манайх Монголд хяналтын камер угсардаг. Төрөөс гудамжны камерын маш олон тендер зарладаг. Тэнд оролцъ ё гэхээр нэгдүгээрт, тендерийн босго нь маш өндөр, хоёрдугаарт, Монголд үйлдвэрлэсэн бол авахгүй ээ гэдэг. Гэтэл Хятад, Тайваниас яг адилхан камер авчирдаг.
Б.Т: -Төр маш том худалдан авагч. Миний түрүүн хэлсэн цэрэг, цагдаагийн гутлыг жил бүр импортолдог. Үүнийг монгол хүн хийж чадна шүү дээ. Манай үйлдвэр гоёлын гутлыг гаднын брэнд үүдээс дутахааргүй, ажлын болон цэрэг, цагдаагийн гутлыг боломжийн хэмжээнд хийдэг. Мэдээж алдаа, оноо бий. Гэхдээ буух эзэнтэй, буцах хаягтай хүмүүс чинь бид нар шүү дээ. Нэг удаа аваад, хоёр дахиа авахгүй байж болно. Бид алдаан дээрээ суралцаж болно шүү дээ.
-Танайх одоогоор төрийн байгууллагад гутал нийлүүлдэг үү?
-Манайх сая Авлигатай тэмцэх газрын ажлын гутлыг хийсэн. Хувийн хэвшлээс АПУ хийлгэлээ. Анхны захиалгаа би АПУгаас авсан. 150 хос ажлын гутлыг маш богино хугацаанд нийлүүлсэн. АПУ-гийн няравт би өөрөө хүлээлгэж өгсөн. Манай Монголд хийсэн юм уу, болоо шүү дээ гээд ажилчид нь баярлаж байсан. Тэндээс нэг ч гутал буцаагүй. Би арван хэдэн жил энэ салбарт ажиллахдаа подвалиас нь эхлээд л өдий хүрч яваа. Гэтэл одоо нөгөө подвалийн үйлдвэрлэлээ дэмжих гээд байна шүү дээ. Одоо гараад босоод ирсэн үйлдвэрүүдээ төгс болтол нь дэмжих хэрэгтэй. Шигших цаг нь болчихсон шүү дээ.