-Аж үйлдвэрийн салбар нэгдсэн бодлоготой болж байгаа нь цаг үеэ олсон алхам-
Нийслэлийн Аж үйлдвэрийн салбарт төрөөс баримтлах бодлогын төслийг Засгийн газарт өргөн барьсан. Уг асуудлаар “Монголын үйлдвэржилт хөгжлийн төв”-ийн захирал Р.Батгэрэлтэй ярилцлаа.
-Бодлогын бичиг баримтад тусгасан заалтуудын талаар та ямар саналтай байна вэ?
-2009 оныг “Үйлдвэрийг дэмжих жил” гэж зарласнаас хойш энэ салбарт багагүй ажил хийсэн. Гэвч Монгол Улс үйлдвэрлэлийн нэгдсэн бодлогогүй байлаа. Ийм бичиг баримт бодлого, хөтөлбөр, хууль, төсөл гэсэн дөрвөн зүйлээс бүрдэнэ шүү дээ. Харамсалтай нь эдгээрийн дагуу дэс дараатай ажиллаагүй. Үйлдвэржилтийн талаарх нэгдсэн бодлогогүйгээс маш зохион байгуулалтгүй явж ирсэн. Үйлдвэрлэл бол нийгмийн хөгжлийн бодит суурь учраас бие даасан яам байгуулж, одоо бодлогоо тодорхойлж буйд их баяртай байна. Төрөөс аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлогыг баталсны дараа хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрөө түүнтэй уялдуулж, санхүүжүүлбэл бүх зүйл эмх цэгцтэй болно. Энэ удаагийн бодлогын баримт бичиг тун боломжийн болсон гэж үзэж байгаа. Хамгийн чухал заалтуудыг тусгасан. Тухайлбал, Монгол Улсын аж үйлдвэрийн бүсийг тогтооно гэж оруулсан. Улс энэ бүсийг тогтоодог. Энэ бол маш чухал зүйл. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлтийн хэлхээ сайжирснаар аж үйлдвэржилт уялдаатай хөгжих боломж бүрдэнэ. Бүх үйлдвэрлэл хотод төвлөрөхгүй. Түүнээс гадна тэргүүлэх чиглэлээ тодорхойлно гэж тусгасан. Энэ бол хамгийн чухал асуудал. Харин гуравдугаар том заалт нь Монгол орны аж үйлдвэрийн зураглалыг хийж, Засгийн газраар батлуулна гэж байгаа. Хэрэв энэ зураглалыг хийж батлуулбал үүнтэй уялдуулан стратеги бодлого гарах нь. Үйлдвэржилт бол нийгмийн хөгжлийн суурь нь. Тиймээс энэ удаагийн бодлогын баримт бичиг цаг үеэ олсон, оновчтой алхам болсон. Үйлдвэрлэл өөрөө уялдаа, холбоогүй явах л юм бол үнэ цэнэгүй байдаг юм. Цамцаа оёчихоод товчоо хайгаад гүйгээд байдаггүй л байхгүй юу.
-Үйлдвэрлэгчидтэй уулзаж байхад банкнаас авсан зээлийнхээ дийлэнх хувийг тоног, төхөөрөмжөө сайжруулахад зарцуулдаг гэж байсан?
-2009 онд Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр гэж баталсан юм. Энэ хөтөлбөрийн дагуу Хөгжлийн банк, Зээлийн батлан даалтын сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Инновацийн болон Концессийн хууль, өндөр технологийн бодлоготой болсон. Тэгэхээр өнөөгийн зах зээлд энэ бодлоготой зайлшгүй уялдах өөр нэгэн зүйл бол тоног төхөөрөмжийн асуудал. Тоног төхөөрөмжийг гадаадаас импортын санхүүжилтийн зээлээр авдаг. Энэ нь гаднын “Экзим” банкаар дамждаг. Тухайлбал, уул уурхайн нэг тоног төхөөрөмж маш өндөр үнэтэй байдаг. Түүнийг хэн ч бэлэн мөнгөөр авдаггүй. Үүнийг бид үйлдвэрлэгчидтэйгээ уялдуулах шаардлагатай байна. Яам зохион байгуулах юм бол тоног, төхөөрөмжийг бүгдийг нь зээлээр авах боломжтой. Хэрэв ийм боломж бүрдвэл үйлдвэрлэгчдэд дарамтгүй болно. Зээл авах нөхцөл, боломж бүрдэнэ. Зээлийн шугамаар импортоор авах нөхцөлийг бүрдүүлэх ёстой гэж үзэж байгаа.
-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, бараа, бүтээгдэхүүнийг нь худалдаж авъя гэж уриалах болсон. Иргэдэд энэ сэтгэл зүйг суулгахын тулд яах ёстой вэ?
-Үндэсний үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжих ёстой. Дотооддоо үйлдвэрлэж байгаа импортын барааны татварын зохицуулалтыг зайлшгүй хийх хэрэгтэй. Иргэдийн болон төрийн гэсэн хоёр төрлийн худалдан авах ажиллагаа бий. Саяхан АҮЯ, БХЯ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Батлан хамгаалах салбарт дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн хэрэглэхээр болсон. Энэ бол төрийн худалдан авалтын жишээ. Нөгөө талаас ямар ч орны иргэдэд худалдааны сахилга бат гэж байдаг. Тухайлбал, ОХУ-д “Бенз”, “Лада” маркийн автомашин байхад иргэд нь “Лада”-гаа авдаг. Солонгосчууд “Iphone”, “Galaxy” хоёр байхад “Galaxy”-гаа авдаг. Үүнийг хэн ч тэдэнд зааж өгөөгүй. Энэ сонголтыг л худалдааны сахилга бат гэж байгаа юм шүү дээ. Тодорхой хугацаанд иргэдийн худалдааны сахилга батыг сайжруулахад чиглэсэн ажил зохион байгуулах шаардлагатай. Ард, иргэд рүү чиглэсэн ажлыг Аж үйлдвэрийн яамнаас төлөвлөөд уриалга нь гарч буйд баяртай байна.
С.УУЛ