ХСИС-ийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн Цагдаа судлалын төвөөс профессор багш, практикийн ажилтантай хамтран хүн худалдах гэмт хэргийн талаар криминологи судалгааг 2014 оны 6-10 дугаар сарын хооронд хийжээ. Энэ талаар судалгааны багийн ахлагч, Цагдаа судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, хууль зүйн докторант, ахмад Б.Мөнхдоржтой ярилцлаа.
-Цагдаа судлалын төв нь 2012 оноос хойш ХЗЯ, Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар судалгааны 20 орчим ажил хийсэн. Үүний нэг нь хүн худалдах гэмт хэргийн өнөөгийн байдал, шалтгаан нөхцөлийг судалж, урьдчилан сэргийлэх санал, зөвлөмж боловсруулах зорилгоор криминологи судалгаа байлаа. Судалгааны хүрээнд энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал, мэдээ, баримт, төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагаа, түүнтэй тэмцэх үндэсний болон олон улсын эрх зүйн зохицуулалтад дүн шинжилгээ хийх, шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэргийг судлах, эцэст нь урьдчилан сэргийлэх санал, зөвлөмж боловсруулах зорилт тавьсан юм.
Төр засаг, хууль сахиулах байгууллага, төрийн бус байгууллагууд хүн худалдах гэмт хэргийн чиглэлээр 20 гаруй судалгаа явуулсан байдаг. Эрүүгийн хуульд 2002, 2008, 2012 онд хүн худалдах гэмт хэргийн талаар нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Улмаар 2012 онд Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийг баталсан. Эдгээр хууль тогтоомжийн өөрчлөлт, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, үр нөлөө, хүн худалдах гэмт хэргийн нөхцөл байдал, тэмцэж буй арга хэлбэрийг судалж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулахад судалгааны зорилго чиглэсэн юм.
-Судалгааг хууль сахиулах байгууллагуудын түвшинд явуулсан уу?
-Судалгааны ажлын хүрээнд Монгол Улсын хэмжээнд шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэргийг түүвэрлэн, Засгийн газрын бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, үндэсний хууль тогтоомжууд болон олон улсын гэрээ, конвенциудад хүн худалдах гэмт хэргийг хуульчилсан байдлыг харьцуулан судалсан л даа. Мөн Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Баянзүрх, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс, Орхон, Дархан-Уул, Булган, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны X шүүхийн шүүгчид, төрийн бус байгууллага, иргэн гээд 160-аад хүнийг хамруулан санал асуулга явуулж, үр дүнг нэгтгэсэн. Түүнчлэн, хүн худалдаалах гэмт хэргийг дагнан мөрдөн шалгадаг хууль сахиулагчдын саналыг авахын зэрэгцээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл, телевиз, интернэт, нийгмийн сүлжээний хүрээн дэх хүн худалдах гэмт хэргийн хэлбэр, шалтгаан, нөхцөлд дүн шинжилгээ хийлээ.
-Сүүлийн жилүүдэд хүний наймааны хэрэг өссөн гэж төрийн бус байгууллагынхан хэлдэг. Үүний шалтгааныг юу гэж үзэж байна вэ?
-Манай улсын иргэд гадаадад зорчих нь ихэссэн шүү дээ. Өнөөгийн байдлаар гадаадын 191 оронд 131 мянга орчим монголчууд амьдарч байна. Хил хязгаар нээлттэй болж, зарим улсад визгүй зорчих боломж нээгдсэн. Мөн дотоодод орон нутгаас хот, суурин газар руу шилжин нүүх хөдөлгөөн ч ихэсчээ. Гэвч эдгээр өөрчлөлт нь гадаадад гарч, мөнгө олж сайхан амьдрахыг мөрөөдсөн иргэд, ялангуяа охид, бүсгүйчүүдийг хил давуулан гадаадад худалдах хялбар “зууш” болох эрсдэлийг нэмэгдүүлсэн гэж болно. Охид, эмэгтэйчүүдийг гадаадад өндөр цалин, орлого ихтэй ажилд оруулах, гадаадын иргэнтэй гэр бүл болоход нь зуучилна гэж ов мэх хэрэглэн, урхиндаа оруулах замаар энэ гэмт хэргийг үйлдэж байна. Бээжин хотод болсон Хятад, Монгол хоёр улсын Консулын уулзалтаар “Орос, Хятадын дундах хүн наймаалах, хил дамжуулан худалдах төв цэг нь Монгол Улс болжээ” гэж албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ хүн худалдах гэмт хэрэг манай улсад ихэссэн гэж ярих боловч цагдаагийн байгууллагын статистик мэдээллээс үзэхэд 2000-2014 оны зургадугаар сар хүртэлх хугацаанд 138 гэмт хэрэг бүртгэсэн байна. Нарийвчилсан тоогоор 2008 оноос 2014 оны зургадугаар сарын хооронд хүн худалдах гэмт хэргийн чиглэлээр 60 гэмт хэрэг бүртгэгдсэний 18-ыг нь шүүхээр шийдвэрлэсэн. Бид хүн худалдах гэмт хэргийг шүүх хэрхэн шийдвэрлэснийг судалж үзэхэд энэ төрлийн гэмт хэрэг нийгэмд өсөж буй хандлагатай боловч тоон үзүүлэлтийн хувьд бага хэлбэлзэлтэй байна.
-Бага хэмжээнд хэлбэлзэж байгаа шалтгаан нь юу юм бол?
-Үүний шалтгаан нь эрх зүйн зохицуулалт боловсронгуй бус, шүүх эрх мэдлийн болон прокурор, цагдаагийн байгууллагын албан хаагчид энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх талаар нэгдмэл ойлголтгүй, мөрдөх ажиллагаа явуулах арга зүй дутмаг, гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоо хангалтгүй, улмаар хүн худалдах гэмт хэрэг нь олон улсын үндэстэн дамнасан хэрэг учир олон улсын байгууллагатай хамтран ажиллах эрх зүйн байдал дутмаг гэх зэрэг байдлаас шалтгаалан энэ төрлийн гэмт хэргийн тоо бодит амьдралд үйлдэгдэж буй гэмт хэргийн тооноос харьцангуй бага байна гэж үзэх үндэслэлтэй.
-Юунаас болоод хүн худалдах гэмт хэрэг гардаг вэ?
-Монгол Улсад хүн худалдах гэмт хэргийн хэд хэдэн төрөл байдаг гэдгийг судалгаанд оролцогчид нэрлэсэн. Тухайлбал, хөдөлмөрийн, бэлгийн мөлжлөг, эд эрхтний наймаа, захиалгат гэрлэлт, хүүхэд үрчлэлт гэсэн төрөлд хувааж үзэж болох юм. Судалгаанд оролцогчид бэлгийн мөлжлөг зонхилж байдаг гэж 21.9, хөдөлмөрийн мөлжлөг гэж 10, эд эрхтний наймаа гэж 0.6 хувь нь үзсэн байна. Мөн захиалгат гэрлэлт, хүүхэд үрчлэлтийн хэлбэр байна гэж 0.6 хувь нь дүгнэжээ. Мөн хүн худалдаалах гэмт хэрэг гарахад ядуурал, ажилгүйдэл, архидалт гэх зэрэг нийгэм, эдийн засгийн хүчин зүйл нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, судалгаанд оролцогчид нэг талаас нийгмийн хүчин зүйл, нөгөө талаас хувь хүний хүчин зүйлтэй холбож тайлбарлажээ. Тэгэхээр нийгмийн хариуцлага сул, эцэг, эх, гэр бүлийн хараа хяналтгүй байдал, төр засгаас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хэрэгжилт, хувь хүний аливаа зүйлд хандах хандлага, сэтгэлгээний байдал нь энэ төрлийн гэмт хэрэг гарах шалтгаан, нөхцөл болж байна гэж үзэж болох юм.
-Манай улсад энэ төрлийн гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байна вэ?
-Хүн худалдахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шалтгаан, нөхцөлийг нь тогтоон арилгах, хохирогчийн эрхийг хамгаалах зорилгоор УИХ 2012 оны нэгдүгээр сарын 19-нд Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль батлан гаргахаас өмнө бие даасан хууль байхгүй, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх ажлын үр дүн, далайц хангалтгүй байлаа. Төр засгаас “Хүн худалдаалах, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг 2006 оноос гурван үе шаттайгаар хэрэгжүүлсэн. Хөтөлбөр 2016 онд дуусна. Мөн Засгийн газрын 2012 оны долдугаар сарын 25-ны 252 дугаар тогтоолоор Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Энэ хөтөлбөр төлөвлөгөөнд хүн худалдахтай тэмцэх асуудал тусгасан. Түүнчлэн, хүн худалдах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Дэд зөвлөлийг Хууль зүйн сайдын 2013 оны нэгдүгээр сарын 28-ны А/11 дүгээр тушаалаар байгуулж, үйл ажиллагаа нь тогтворжиж, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа идэвхжиж байна.
-Дэд зөвлөлд ямар байгууллагуудын төлөөлөл багтдаг юм бол. Тэд хэрхэн ажиллаж байна вэ?
-Дэд зөвлөлийг Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалдаг. Эрүүл мэндийн яам, Хөдөлмөрийн яам, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал, хууль сахиулах байгууллага, Хүүхдийн төлөө газрын болон төрийн бус байгууллагын төлөөлөл орсон байна. Дэд зөвлөлөөс 2016 он хүртэл төлөвлөгөө гарган ажиллаж байгаа бөгөөд хуульд заасны дагуу хүн худалдах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мэдээлэл сонсох, хэлэлцэх, уулзалт, семинар, сургалт зохион байгуулж ажиллаж байна. Мөн ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажилтнууд ажиллаж байна. Гадаад хэргийн яам, Консулын газар, гадаад улсад суугаа ЭСЯ-д хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх чиглэлээр сүүлийн үед үр дүнтэй ажиллаж байна. Тухайлбал, хүний наймааны хохирогч болсон хүмүүсийг эх оронд нь авчирсан. 2013 онд гэхэд 82, 2014 оны эхний есөн сарын байдлаар 84 иргэнийг эх орондоо ирэхэд нь тусалжээ.
-Хүн худалдах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд юуг анхаарах ёстой юм бол?
-Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх талаар төр хүлээсэн үүргээ биелүүлж, төрийн бус байгууллагууд идэвхтэй үйл ажиллагаа явуулж, үндэсний хөтөлбөр гурван үе шаттай хэрэгжсэн. Мөн Эрүүгийн хуульд тодорхой нэмэлт, өөрчлөлт оруулсан. Хүн худалдах гэмт хэрэгтэй тэмцэх бие даасан хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль батлан гаргасан зэрэг ахиц байна. Гэвч эрх зүйн зохицуулалтыг цаашид боловсронгуй болгох шаардлагатай. Монгол Улсад биеэ үнэлэх, үүнийг зохион байгуулах гэмт хэрэг, зөрчил нэмэгдэх хандлагатай байна. Биеэ үнэлэгчдийн тоо нэмэгдэж, гудамж, талбайгаас саун массаж, зочид буудал руу шилжжээ. Түүнчлэн, биеэ үнэлэгчдээс хохирогч элсүүлэх замаар хүн худалдах гэмт хэрэг үйлдэх хандлага нэмэгдэж байна. Хүн худалдах гэмт хэргийн хүрээ улам тэлж, суурь шалтгаан нөхцөл арилаагүй, тэмцэх, хууль сахиулах байгууллагын тогтолцоо, харилцан ажиллагаа, хүн, хүч дутмаг, олон улсын хамтын ажиллагаанаас шалтгаалан тэмцэл үр дүнд хүрэхгүй байна. Энэ бол манай улсын үндэсний аюулгүй байдлын хэмжээнд нөлөөлж буй аюул, эрсдэл гэж ойлгож болно. Мөн хүн худалдах гэмт хэргийн хэлбэр, төрөл нэмэгдэх хандлагатай байна. Умард Солонгос, Вьетнам, Филиппин улсын иргэд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх явцдаа энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох явдал ч гарч байна. Энэ нь үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг болохын хувьд туйлын мэдрэмтгий, арга хэлбэрээ байнга өөрчилж, нууц далд, зохион байгуулалтад орж байна. Энэ төрлийн гэмт хэрэг хүрээгээ тэлэхэд бэлгийн аялал жуулчлал голлох нөлөө үзүүлж байгаа гэхэд хилсдэхгүй. Насанд хүрээгүй хүний биеийг үнэлүүлэх явдал гарч байна. Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, зар сурталчилгаа, цахим орчин, нийгмийн сүлжээнд (facebook, messenger, skype гэх мэт) тавих хяналт сул, түүний хэрэглээ, хүрээ нэмэгдсэн. Хүн худалдах гэмт хэрэг нь гадаадад үйлдэгддэг, эсвэл гадаад улсын иргэд холбогдож байгаа учраас олон улсын хамтын ажиллагаа нэн чухал.
-Судалгааны үр дүнгээс үзэхэд хүн худалдах гэмт хэрэгтэй яаж тэмцэx нь илүү үр дүнтэй гэж судлаач xүний хувьд үзэж байна вэ. Ийм гэмт хэргийг цаашид бууруулах боломжтой юу?
-Хууль сахиулагч, прокурор, шүүгч нарт хүн худалдах гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх талаар сургалтыг Хууль зүйн яамнаас нэгдсэн зохион байгуулалттайгаар төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран тогтмол зохион байгуулах шаардлагатай. Мөн Монгол болон гадаад улсын иргэд хөдөлмөрийн мөлжлөгт өртөхөөс урьдчилан сэргийлэх ажилд мэргэжлийн хяналт, хөдөлмөр, барилга, уул уурхай зэрэг төрийн байгууллагын хяналтыг чиглүүлж ажиллуулах нь зүйтэй. Үрчлэгдсэн, насанд хүрээгүй хүүхдийн эрх, ашиг сонирхлыг нь хамгаалахад тогтолцоог сайжруулах, хүн худалдах гэмт хэрэг голчлон гардаг хотуудад болон хилийн чанадад холбогдох байгууллагын хүч, арга хэрэгслийг чиглүүлж, хяналт шалгалтыг чангатгаж, урьдчилан сэргийлэх судалгааг зохион байгуулах нь зүйтэй. Мөн насанд хүрээгүй хүнийг бэлгийн мөлжлөгт, тэр дундаа секс жуулчлалд ашиглаж байна гэсэн мэдээллийг нухацтай мөрдөн байцааж шалгах, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, үндэсний хууль тогтоомж зэргээр харьцуулсан хэрэглэгдэхүүн гаргаж, хохирогчийг хамгаалах цогц үйлчилгээг бий болгох, шинээр боловсруулж буй хуулийн төслүүдэд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх зохицуулалтыг оновчтой тусгаж өгөх нь зүйтэй болов уу.
Г.ЦОЛМОН