Хөрөнгө оруулалтыг “аргамжих” ХАЙГУУЛЫН ШИНЭ ЗӨВШӨӨРЛҮҮД
Эх нутгийн 19.9 хувь буюу 31 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажил түрүүчээсээ эхлээд байна. Өргөдлийн болон сонгон шалгаруулалтын гэсэн хоёр журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор тогтсоноос өнөөдрийн байдлаар ажил ид ундарч байгаа нь эхний хувилбар. Эхний шатанд есөн сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор төл өвлөж, Монгол орны нутаг дэвсгэрийн баруун хагас буюу уртрагийн 104 дүгээр меридианаас баруун тийш орших талбайд уул уурхайн компаниудыг өрсөлдүүлж байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлийн журмаар олгох ажил өнөөдөр ес дэх хоногтоо үргэлжилж буй. Өмнөх жилүүдийнх шиг хэт их дараалал, хүлээлт үүсгэж, чирэгдэл, хүнд суртал, уур бухимдал “үнэртэхгүй” нь энэ удаагийн боловсон аргын давуу тал. Өргөдөл өгөх дугаараа цахим сүлжээгээр авч, маргааш заасан цагтаа шаардлагатай материалуудаа аваад Ашигт малтмалын газарт очиход л хангалттай.
Өрөөнөөс гараад өөр нэгэн хаалга татах шаардлагагүй, хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл авах, шийдвэрлэх ажиллагааг Ашигт малтмалын газар “нэг цонх”- ны үйлчилгээнд шилжүүлсэн. Онлайнаар дугаар авахад ашиглах VPN төхөөрөмжийн үнээс (280 мянган төгрөг) бусад тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүх орлого төрийн дансанд төвлөрч буй. VPN төхөөрөмжийг ашиглан цахим системд нэвтрэх эрх хугацаанаасаа хамаараад 500 мянгаас хоёр сая төгрөг, үйлчилгээний хураамж 250 мянган төгрөг, эцэст нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээ бичүүлэхэд гурван сая төгрөг гээд лицензийг гартаа оруулах хүртлээ нэг аж ахуйн нэгж багадаа 3.75 сая төгрөг төлөх нь. Зөвхөн лицензийн төлбөрөөс л гэхэд төрд гурван тэрбум орчим төгрөг төвлөрүүлэх аж. Түүнээс гадна нэг тусгай зөвшөөрөлтэй талбайд аж ахуйн нэгж жилд 100 сая орчим төгрөгийн хайгуул хийдэг гэсэн судалгаа байдаг.
Энэ бүгдэд үндэслээд 15 орчим тэрбум төгрөг төрийн мөнгөний авдарт орох тооцоо бий гэдгийг Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү уламжилсан. 2011 онд таван тэрбум ам.долларт шүргэн алдаж байсан ч өнгөрсөн жилийн байдлаар дөнгөж зургаан зуун сая ам.доллартай дүйж буй гадаадын хөр өнгө оруулалтыг сэргээхэд энэ ажил үлэмж ач холбогдолтой алхам гэж шинжээчид дүгнэж байгаа. Эх нутгийн гүн дэх судлагдаагүй эрдэс баялгийг илрүүлж, нөөцөө өсгөхөд ч мөн томоохон түлхэц болох юм.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Д.Үүрийнтуа: ӨРГӨДЛИЙН МАЯГТ БӨГЛӨХ НЬ ЭЦСИЙН БАЙДЛААР ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОГДОНО ГЭСЭН ҮГ БИШ
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл авч эхэлсэн талаар Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяагаас тодрууллаа.
-Өдөрт өргөдлийн 30 дугаар цахимаар олгож эхэлсэн. Хэдэн өдөр, өглөө эрт бүртгүүлэх гээд чадахгүй байгаа гэж зарим компанийнхан ярьж байна. Энэ ямар учиртай вэ?
-Нийт 600 гаруй аж ахуйн нэгж өргөдлийн журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Нэгдүгээр сарын 26, 28, энэ сарын 3-нд өргөдлийн дугаарыг амжилттай олгосон. Дугаараа авсан аж ахуйн нэгжүүдийн өргөдөл, холбогдох бичиг баримтыг хянаж байгаа. Цахимаар дугаар авахад VPN төхөөрөмж худалдан авсан байхаас гадна тухайн компанийн интернэтийн хурд болон албан ёсны эрхтэй, хүчинтэй программ ашиглаж буй эсэхээс бас шалтгаалж байгаа. Компаниуд хугацаа нь дууссан, лицензгүй программ ашиглаж байж болох юм. Үүнийг анхаарах ёстой гэдэг нь ажиглагдаж байна. Мэдээж 600 аж ахуйн нэгжид бүгдэд нь нэг өдөр дугаар олгох боломжгүй. Давхацсан талбайг мэдээлэхийн тулд нэг өдөр алгасаж цахимаар өргөдлийн дугаар олгох шаардлагатай болсон. Иймээс ч компаниудын системд нэвтрэх эрхийн хугацааг сунгасан. Давхцалтай талбайг мэдээлсний маргааш нь өргөдлийн дугаар олгож байна. Харин өөрчлөлт хийх явцад программд алдаа гарснаас болоод систем доголдсон. Тиймээс нэгдүгээр сарын 30-нд өргөдлийн дугаар олгоогүй, баркод ч тараагаагүй. Тухайн өдөр бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн системд хандах эрхийг нэг өдрөөр сунгахаар болсон.Уг нь 600 гаруй аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ илэрхийлсэн ч хандалт нь маш их байгаа учраас техникийн тал дээр шинэчлэл хийх шаардлага гарч байна.
-Өргөдлийн дугаар авч чадахгүй байх хооронд нөөцтэй байж болох талбайг нь авчихлаа гэж бас ярьж байна л даа. Ийм гомдлыг танайд хэр их ирүүлж байна вэ?
-Ер нь өргөдлийн дугаар авсан компани болгон тусгай зөвшөөрөл авч чадахгүй шүү дээ. Түрүүлж хүсэлтээ ирүүлсэн өргөдлийн талбайтай давхацсан өргөдөл хянаж байгаа өргөдлүүд дотор нэлээд хэд байгаа нь анзаарагдсан. Жишээлбэл, 20 дахь хүний сонгосон талбайг хоёр дахь хүн сонгоод өргөдөл гаргачихсан бол 20 дахь нь уг талбайг авч чадахгүй шүү дээ. Аж ахуйн нэгжүүдийн өргөдөлд дурдсан солбицлыг Кадастрын хэлтэс хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нийт талбайгаас хасаж байгаа. Эхний ээлжинд нутаг дэвсгэрийн баруун хэсэгт есөн сая га талбайд тусгай зөвшөөрөл олгохоор ажиллаж байгаа. Хүмүүс хамгийн ирээдүйтэй гэсэн талбайдаа л өргөдөл өгч байна. Бусад талбайд нь саналаа өгөхгүй байна. Мэдээж ирээдүйтэй байж магадгүй гэсэн талбай дээр өрсөлдөөн их байгаа. Нийт 31 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор төлөвлөж байгаа. Үүнээс 20.9 сая га-г нь өргөдлийн журмаар олгоно. Судлагдаагүй талбайнуудыг өргөдлөөр өгч байгаа гэж ойлгож болно.
-Кадастрын алба аж ахуйн нэгж үүдийн өргөдөл болон бусад материалыг хянаж зураг зүйн шүүлт хийсний дараа тухайн талбай байршиж буй аймгийн Засаг даргаас санал авахаар мэдэгдэл хүргүүлж байгаа. Тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэхийг орон нутгийн удирдлага нь шийднэ гэсэн. Өргөдлийн дугаар авч, АМГ-аар хянуулаад эцэст нь зөвшөөрөл өгөх боломжгүй гэвэл аж ахуйн нэгжүүд хохирох юм биш үү?
-Ашигт малтмалын тухай хуульд Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзана гэж байгаа. Хуулийн үндэслэлгүйгээр татгалзсан нөхцөлд Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хуулийн дагуу шийдээд явна. Ер нь тусгай зөвшөөрөл олгох боломжгүй газрыг хасаад үлдсэн талбайг нь өргөдөл болон сонгон шалгаруулалтын журмаар олгохоор болсон. Тиймээс тухайн орон нутгийн Засаг дарга татгалзах магадлал маш бага гэж бодож байна. Гэхдээ аймаг, орон нутгийн удирдлагуудаас тусгай хэрэгцээнд нэмж газар авах тогтоол их ирүүлж байгаа. Энэ бол нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх. Үүнд халдах эрх байхгүй. Түүнийг нь бүртгээд явж байгаа. Мэдээж тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж зарласан талбайгаас тусгай хэрэгцээнд авахгүй байх бодлоготой байгаа. Ер нь компаниуд “Би алдахад бэлэн” гээд эрсдэл гаргаад оролцож байгаа. Өргөдлийн маягт бөглөх нь эцсийн байдлаар зөвшөөрөл олгогдоно гэсэн үг биш шүү. Хуулийн бүх зүйл, заалтаар хянаж байж танд талбай олгогдоно гэдгийг ойлгож зөвшөөрч байгаа.
-Тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл, холбогдох баримт бичгээ өгсөн компани хэд байгаа вэ?
-Эхний өдөр цахимаар дугаар авсан 30 компаниас (нэгдүгээр сарын 26) хоёр нь цагтаа ирээгүй, хоёр нь солбицлоо буруу оруулснаас өргөдөл хүлээн авах боломжгүй болсон тул нийт 26 өргөдлийг хүлээн авч хянаад шүүлт хийсэн. Цагтаа ирээгүй гэдэг нь талбай нь өмнөх компанийн өргөдөл дэх талбайтай давхацсан эсвэл өөрсдөө талбайн солбицлоо буруу оруулснаа мэдээд ирэхээ больчихож байгааг хэлж байна л даа. 26 өргөдлөөс 14-ийг нь олгох боломжтой байсан бол 12-т нь олгохоос татгалзсан. Дараагийн өдөр нь (нэгдүгээр сарын 28) мөн 30 компаниас 26 өргөдөл хүлээн авснаас олгох боломжтой 17 гэж үзэн, есөд нь олгохоос татгалзсан. Нийт 31 талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой болж тухайн талбай байрлаж буй орон нутгийн Засаг дарга нарт санал хүргүүлээд байна. Өргөдлийн талбай хоорондоо давхцаж байгаа учраас зөвшөөрөл олгохоос татгалзах тохиолдол олон гарч байгаа. Тэгэхээр өргөдлийн дугаар авсан болгон нь зөвшөөрөл авна гэсэн үг биш. Гэхдээ тэдгээр компани өөр талбайн солбицлоор дахин хандаж, өргөдлийн дугаар мөн хайгуулын тусгай зөвшөөрөл авах боломжтой.
-Гадаадын компаниуд тусгай зөвшөөрөл авахаар хэр хандаж байна вэ?
-Гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 33, хамтарсан хөрөнгө оруулалттай ес, дотоодын 566 компани өргөдлийн журмаар тусгай зөвшөөрөл эзэмших хүсэлтээ илэрхийлсэн.
Ц.БОЛОРМАА

Бүртгэлийн систем гацсан нь системийн алдаа байсныг тогтоожээ
Ашигт малтмалын газар (АМГ)-аас ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг өргөдлийн журмаар олгохоор болж, бүртгэл эхлээд буй. Өргөдөл бүртгэх, дугаар олгох ажлаа тус газрынхан цахим хэлбэрээр хийж эхэлсэн боловч энэ нь багагүй хэл ам дагуулж байгаа юм. Дугаар авах гэсэн хүмүүсийн дараалал байснаасаа хойшилсон, бүртгэл баталгаажихгүй байгаа гэх мэтээр хайгуулын зөвшөөрөл авахыг хүссэн компанийн албан тушаалтнууд болон иргэдийг бухимдуулж, хардлага дагуулж эхэлсэн. Зарим нь бүр Тагнуулын ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын газрынхныг ч ажлаа хийхгүй байна гэж ярих болсон юм. Мэдээж улс орны эрх ашиг, аюулгүй байдалтай холбоотой энэ ажлыг тагнуулын байгууллага анхаарахгүй орхино гэж үгүй.
Тэр дундаа цахим бүртгэлтэй холбоотой асуудлыг Кибер аюулгүй байдлын газрынхан орхигдуулаагүй гэдгийг ТЕГ-ынхан хэллээ. Тагнуулын байгууллагын тухай хуульд төрийн мэдээлэл, харилцаа холбооны аюулгүй байдлыг хангах үүргийг ТЕГ, түүний харьяа Кибер аюулгүй байдлын газар (КАБГ) хүлээдэг. Үүргийнхээ хүрээнд КАБГ-аас төрийн бүх байгууллагын цахим хуудаст хяналт тавьж эрсдлийг үнэлгээг тодорхойлж өгдөг юм билээ. АМГ-ынхан бүртгэл эхлэхээс өмнө тус газарт хандаж эрсдлийн үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан аж. Үүний дагуу КАБГ-ынхан ажиллаж цахим бүртгэл хийх сайтад нь ямар алдаа эндэгдэл, цоорхой байгаа талаар судалж, заавар зөвлөмж хүргүүлсэн байна.
Зөвлөмжийнх нь дагуу АМГ-ынхан тухайн цахим системийг боловсруулж өгс өн компанийнхантай хамтран сайжруулсан аж. Гэвч тооцоологдоогүй жижиг алдаа гарснаас программ гацаж, хүмүүсийн хардлагыг төрүүлж эхэлжээ. Түүгээр зогсохгүй өнгөрсөн баасан гаригт системийн жижиг алдаанаас үүдэж, бүртгэл хүчингүй болсон нь бүр ч их хардлага дагуулах болсон. Системийн алдааг КАБГ-ынхан Үндэсний дата төвийн мэргэжилтнүүд, АМГ-ын Мэдээлэл, технологийн хэлтсийн ажилтнуудтай хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд шалгаж, гадны нөлөөтэй эсэх, ямар нэгэн кибер халдлага байсан үгүйг тодруулсан аж. Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн хэллэгээр лог (Уншигчдад ойлгомжтой тайлбарлахад тухайн цахим хуудаст хандсан бүхий л компьютерийн мэдээллийг цуглуулж байдаг архив)-ыг энэ үеэр хянаад ямар нэгэн хардлага төрүүлэх зүйл байхгүй, системийн алдаа байсан гэж дүгнэжээ.
Г.ЦОЛМОН
19 нь ажлаа бүтээлээ
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахимаар олгох систем өнгөрсөн сарын 26-наас ажиллаж эхэлсэн. Цахим дугаарыг ажлын нэг өдөр өнжин олгож, завсарт нь аж ахуйн нэгжүүд Ашигт малтмалын газарт өргөдлөө гаргаж буй. Өчигдөр тус газар гурав дахь өдрөө хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн компаниудын өргөдлийг хүлээж авлаа. Өөрөөр хэлбэл, тэд өргөдлийн дугаараа мягмар гаригт авсан компаниуд. Ерөөс өргөдөл өгөх дугаарыг цахимаар авах ажил асар өрсөлдөөнтэй агаад өдрийн хязгаар болох 30 дугаар нь ердөө хоёр минутын хугацаанд дуусч байгааг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар тодотгов. Ашигт малтмалын газар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах ажиллагааг “нэг цонх”-ны үйлчилгээнд шилжүүлжээ. Эхний ээлжинд өргөдлөө өгөх аж ахуйн нэгж нь нэгээс арваннэг хүртэл дугаарласан цонхны эхний гуравт л хандах учиртай.
Тодруулбал, нэг дугаартай цонхонд очиж, Ашигт малтмалын тухай тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу бүрдүүлсэн материалаа өгөх ёстой. Улмаар өргөдлийн дэвтэрт бичүүлж, системд бүртгүүлэх аж. Дараа нь зурагзүйн шүүлтэд орж, сонгосон талбай нь хориглосон, хязгаарласан газар болон тусгай зөвшөөр өл бүхий талбайтай давхцаж байгаа эсэхийг шалгуулах юм. Энд асуудал үүсээгүй тохиолдолд гуравдугаар цонхон дахь Хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн тухайн аймгийн Засаг даргад мэдээллийг илгээж, тусгай зөвшөөрөл олгох, эсэх санал авах гэнэ. Энэ гурван цонхны хооронд нэг аж ахуйн нэгж ердөө 15 минут зарцуулж байна. Нэг дугаартай цонхон дахь Хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдөл хариуцсан мэргэжилтэн 10.30 минутын алдад 11 дугаартай аж ахуйн нэгжийг дуудлаа. Мягмар гаригийн 08.01 цагт цахим системд нэвтэрч амжсан “Цогш” компани энэ дугаарыг эзэмших аж.
Харамсалтай нь, солбицол нь давхцсан тул мэргэжилтэн өргөдлийг буцаасан. Өглөөнөөс хойш энд 11 компани хандсанаас зургаан компанийн өргөдлийг хүлээн авч, гурав нь заасан цагтаа ирээгүй, хоёр нь солбицлоо буруу оруулсан гэсэн шалтгаанаар буцжээ. Өмнө нь хэн дуртай нь өөрийн хүссэн солбицлоо бичиж ирээд өргөдлөө өгдөг байсан бол энэ удаад төр өгөх талбайдаа хэмжээ, хязгаар тогтоосон. Заасан талбайд, давхцалгүй өгч болох талбайд өргөдөл гаргасан тохиолдолд тухайн аймгийн удирдлагууд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах магадлал бага гэнэ. Түүнээс гадна тэдэнд санал илгээснээс 30 хоногийн хугацаанд хариу өгөөгүй тохиолдолд тухайн саналыг зөвшөөрсөн гэж тооцох хуультайг Н.Чинбаатар дарга ярилаа. Өргөдлийн дугаар авах цахим систем өнгөрсөн баасан гаригт ажиллагаагүй болсон гэнэ. Харин энэ долоо хоногт систем ачааллаас шалтгаалж унасан, зогссон, дугаар зүй бусаар олгосон тохиолдол гараагүй, хэвийн ажиллаж буй агаад аж ахуйн нэгжүүд өөртэй нь зэрэгцэн ямар компаниуд өргөдлийн дугаар авсан, мөн өөрөө хэддүгээрт бичигдэж байгаа зэрэг мэдээллээ харах боломжоор хангажээ.
Өргөдлөө өгсөн, өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрөл авах ажлынхаа хагасыг нугалсан компаниудыг эзэд нь 20 сая төгрөгөөр худалдахаар зэхэж байна гэсэн мэдээлэл дуулдсан. Энэ талаар Кадастрын хэлтсийн даргаас тодруулахад, дам сонссон ч одоогоор тийм зүйл гарааг үй байна гэлээ. Өчигдөр Ашигт малтмалын газарт өргөдлөө өгөх учиртай 30 аж ахуйн нэгжийн 19 нь л ажлаа бүтээсэн байна. Харин дугаар авсан есөн аж ахуйн нэгжийн төлөөлөл Ашигт малтмалын газарт энэ өдөр огт ирээгүй бол хоёр нь талбайн солбицлоо буруу оруулсан гэсэн шалтгаанаар өргөдлийг хүлээж аваагүй аж. Гэхдээ тэд талбайн солбицлоо дахин нягталж, засаад, дараагийн өдөр Ашигт малтмалын газарт дахин хандах боломж бий.
Б.ЦЭЦЭГСҮРЭН
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
-Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахимаар олгох үйл ажиллагаа хэр шуурхай байна вэ, хүндрэлтэй асуудал тулгарав уу?
Г.НОМУЛАН (“Цогш” компанийн менежер)
-Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг цахимаар авах болсон нь түргэн шуурхай, найдвартай, чирэгдэл багатай юм байна. Манайх 8200 орчим га талбайд хайгуул хийхээр сонгосон. Өчигдөр (уржигдар) 08.01 цагийн орчимд дугаар авахад 11 дэх компани боллоо. Ачаалал ихтэй байсан болохоор систем бага зэрэг гацсан ч харьцангуй гайгүй байсан. Иргэдэд цахимаар газар өмчлүүлэх бүртгэлийн систем нэвтрүүлэхэд багагүй асуудал үүсэж байсан шүү дээ. Түүнийг бодвол сайн систем болсон байна лээ.
С.БИЛЭГЭЭ (Дорноговь аймаг дахь жоншны уурхайн геологич)
-Өмнө нь шууд материалаа бүрдүүлж ирээд дарааллынхаа дагуу хэн түрүүлж ирсэн нь өргөдлөө өгөөд хоцорсон нь дараагийнх нь талбайгаас сонгочихдог, ямар нэгэн асуудал үүсдэггүй л байсан. Үнэндээ бол тухайн үеийн үйлчилгээ үүнээс хурдан байсан, одоо сайжруулсан гэж ярьж байгаа ч түүнээсээ удаан болчихлоо гэж би бодож байна. Арай гэж цахимаар дугаар авч, түүнийхээ дагуу маргааш нь өргөдөл, бичиг баримтаа авчирч байгаа юм. Миний бодлоор бол нэгэнт цахимаар бүртгүүлж чадсан компани заавал маргааш нь олон материал бүрдүүлж ирэх биш, тухайн аж ахуйн нэгжийнхэн боломжтой цагтаа ирж, өргөдлөө өгөх нь зүйтэй юм шиг санагдлаа. Энэ саналыг харгалзан үзээсэй гэж хүсэж байна.
С.ТҮВДЭНДОРЖ (“Түүчээ тэрэг” компанийн захирал)
-Уг нь тусгай зөвшөөрөл хүсэх үйл ажиллагаа нэлээд боловсронгуй болж сайжирчээ. Гэсэн ч дүрэм, журмынхаа хувьд өргөдлөө авчирч өгөх үйл ажиллагаа нь Ашигт малтмалын тухай хуулиа зөрчсөн байна. Тус хуулийн 19 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт “Хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгасан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргасан этгээд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргана” гэж заасан байдаг. Энэ нь тухайн компани “Давхцаагүй хэсгээ авъя” гэх эрх нь нээлттэй гэсэн үг. Гэтэл одоо ямар нэгэн хэмжээгээр давхацсан л бол шууд нийтэд зарлаад хасчихаж байгаа юм. Манай сонгосон талбайн багахан хэсэг нь өөр нэг компанийнхтай давхацсан, бид тэр хэсгээ тухайн компанид өгөөд үлдсэн талбайгаа авъя гэсэн юм. Дээрх дурдсан хуульд ийм заалт байна шүү дээ. Гэтэл боломжгүй гэсэн. Үүнээс болж Ашигт малтмалын газрын холбогдох хэлтэс, газрын даргад нь албан бичгээ өглөө. Хэрхэн шийдэх нь одоогоор тодорхойгүй байна. Энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэхгүй бол бид дараагийн шатны байгууллагад нь хандахаас өөр аргагүй.
Н.ОЮУНДЭЛГЭР (“Ньюмон ривер” компанийн ажилтан)
-Цахимаар бүртгүүлээд эхний 10-т орж, материалаа авчирч өгөх эрхтэй болсон. Өргөлдлөө заасан 15 минутад нь өгч амжсан. Нэлээд шуурхай, олон хүн цуглуулж дараалал үүсгээгүй гэх зэргээр аж ахуйн нэгжүүдийн ажлыг хялбарчилсан байна. Манайх 5000 га газарт хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргаж буй геологи, хайгуулын үйл ажиллагаа эрхэлдэг компани. Өргөдлөө өгөхдөө гурван шат дамжсан. Бүрдүүлэх материал нь ч олон биш. Ашигт малтмалын газрын цахим хуудаст тавьсан мэдээллийн дагуу материалаа бүрдүүлээд ирчих л юм бол хүндрэлтэй асуудал гарахгүй юм байна.