...Гаамп нь цалингаа их л санах юм даа
Алга аа, миний муу цалин
Интернэт банкны сайт
Эргүүтэж гацтал дансаа шалгалаа
Эрхэм нягтлан бодогчоо
Эгдүүцтэл цалингаа би асуулаа
Хүний цалин бууж гэнэ ээ
Фэйсбүүк, твитерээр л нэг баяр хөөр
Минийх болохоор буух болоогүй л гэнэ
Голыг минь гогдон хэлж байна
Мөнгөтэй хүний нүдэнд бол
Ганц хоол идэх салбархай хэдэн төгрөг
Мөнгөгүй наддаа бол халаас дүүрэн түнтийх
Хөх халзан мянгатууд минь дансандаа ор оо
Хэд ч байсан яах вэ
Буух чинь чухал байна шүү цалин минь...
Цахим ертөнцөд Гаамп хэмээх нэрээрээ танил болсон нэгэн нийтлэлчийн “Миний муу цалин” гэдэг энэ егөө ойрд шинжлэх ухааны ажилтнуудын “зүрхэн тарни” болох шахжээ. Цалингаас өөр ямар нэгэн орлогогүй гэдгээ нууж хаалгүй зарладаг эрдэмтэн, судлаачид өнгөрсөн нэгдүгээр сард гар дээрээ ганц төгрөг аваагүй байгаа аж. “Өнөөдөр цалин минь буучих юм биш байгаа” гэсэн горьдлого тээж, бүтэн сарыг ардаа орхисон тэд дахиад хэдий хэр хугацаанд ийм байдалтай байх бол гэхээс эмээж, бас цөхөрч буйгаа учирлав. Наад зах нь ШУА-ийн хүрээлэнгүүдийн ойролцоох цайны газрын өрийн дэвтэр хэт зузаарсны улмаас эзэд нь зангаа хувиргаж, сүүлдээ тэд эрдэмтэн, судлаач гэдэг эрхэм сайхан нэр, нүүрээ ч “худалдаж” идэх аргагүйд хүрсэн гэнэ. Ажил, гэртэйгээ ойролцоох хувийн цэцэрлэг, өдөр өнжүүлэхэд хүүхдээ өгдөг байсан зарим нь одоо төлбөрийн чадваргүйн улмаас багачуудаа ажил дээрээ дагуулж ирдэг болсон гэлээ. Хамгийн гол нь байр, машин гэхчилэн төрөл бүрийн зээлийн өр нэхсэн банкны ажилтнууд тэднийг амраахаа байжээ. Шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа 1000 орчим судлаачийн 54 хувь нь 35 хүртэлх насны залуус байдаг гэнэ.
Тиймээс “Зээлийн хугацаа хэтэрсэн тул хуулийн дагуу алданги тооцно”, “Найдваргүй зээлдэгч ангилалд хамруулна шүү” гэх банкныхны ширүүн үгс залуу хүмүүсийн хувьд ямар хүндээр тусах нь ойлгомжтой. Аль ч хүрээлэнгээр орсон ийм л дүр зураг харагдана. “Аз болоход манай монголчууд аав, ээж, ах, дүүс, төрөл төрөгсөдтэйгөө ойр дотно байж, ядарсан үед нь найрсаг, халуун сэтгэлээр нэгэндээ тусалдаг тулдаа л ажилдаа ирж, очих унааны мөнгөө болгож байна” гэсэн үг нэгийг бодуулахгүй байна гэж үү. Төсвийн тодотголыг саяхан батлах хүртэл төрийн олон байгууллагын ажилтнууд цалингүй ажиллаж байсан ч одоо бол бараг бүгдийнх нь асуудал шийдэгдсэн гэдгийг Засгийн газрын тэргүүн мэдэгдээд буй. Харин шинжлэх ухааны ажилтнуудын цалинг болохоор бүтцийн өөрчлөлт хийсний дараа олгоно гээд байгаа нь зориудын хавчлага хэмээн үзэж байгаа аж. Тиймээс “Шинжлэх ухаанаа аваръя” түр хорооныхон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг шүүхэд өгөхөөр болсноо өчигдөр олон нийтэд зарлав.
Шинжлэх ухааны салбарын ҮЭХ-ны дарга П.Баяр “Төрийн бусад байгууллагын цалинг олгож буйгаа Ерөнхий сайд тодорхой хэлсэн. Тиймээс манай ажилтнуудын цалинг энэ сарын 6 гэхэд хуулийн дагуу алдангитай нь хамт нөхөж олгохгүй бол түүнийг шүүхэд өгөх болно. Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь тогтоогдвол хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн алданги тооцдог хуультай. Түүнчлэн Үндсэн хуулийн 7.1-д “Шинжлэх ухаан төрийн ивээлд байна” гэж заасан байдаг учраас цаашид бид Үндсэн хуулийн Цэцэд мөн хандана” хэмээсэн юм. Асуудал яагаад, хэнээс болоод ингэтлээ даамжирчихаа вэ. Эрдэмтэй хүн даруу байхын жинхэнэ үлгэр дуурайл болох учиртай шинжлэх ухааны ажилтнууд яагаад жагсаал цуглаандаа хүрч, тэгээд болоогүй цалингаа нэхэж Ерөнхий сайдыг шүүхэд өгөх дээрээ тулсан юм бол. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа эрдэм шинжилгээний 49 хүрээлэнг цөөлж, заримыг нь их сургуулиудтай нэгтгэн, нэг хэсгийг нь татан буулгаж, төсвөө хэмнэх болсноо Ерөнхий сайд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-нд УИХ-ын чуулганы индрээс мэдэгдсэн. Гэтэл ШУА-ийн харьяа болон бусад салбарын хүрээлэнгүүдийн бүтцийн өөрчлөлтийг баталсан тогтоол өнөөг хүртэл гараагүй байгааг эрдэмтэн, судлаачид гайхаж, асуултынхаа хариуг хаа нэгтэйгээс хайх нь мэдээжийн хэрэг.
Харамсалтай нь, тэдэнд хариу өгөх хүн алга. БСШУЯ-ны Шинжлэх ухаан, бодлого зохицуулалтын газрын дарга Ж.Даваасамбуугаас энэ талаар тодруулах гэтэл “Манай яам Засгийн газрын тогтоолыг л хүлээгээд сууж байна” гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Саяхан л “Шинжлэх ухааны салбарын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх шаардлагатайг хаана хаанаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ БСШУЯ-ны Шинжлэх ухааны бодлого зохицуулалтын газар бодлогоо гаргаад, түүн дээр нь суурилж, шийдвэрээ гаргадаг байвал зөв гэж би хувьдаа үздэг. Түүний төлөө л шинжлэх ухааны бодлогын газар байдаг болов уу” гээд байсан хүн одоо яагаад дуугүй болов. Ам алдвал барьж болдоггүй учраас нэгэнт Засгийн газрын тэргүүн тийм үг хэлсэн л бол түүнийг нь бодит ажил хэрэг болгох талаар шахаж шаардах эрх, үүрэгтэй хүмүүс нь салбарын яам, ШУА-ийн удирдлагууд, Тамгын газрынхан мөнөөсөө мөн билээ. Гэтэл ШУАийн удирдлагууд өөрсдөө ямар нэг арга замаар нэгдүгээр сарын цалингаа аваад, божийчихсон учраас “нүхэндээ” ороод таг чиг болсныг ажилтнууд нь баталж байна. “Ганц ч болов хүрээлэнг бүтцийн өөрчлөлтөд оруулахгүй, бүтнээр нь авч үлдэх гэсэндээ яамныхантай тохирч, тийнхүү амаа “үдүүлсэн” байх” хэмээн Тамгын газрынхнаа гэнэхэн өмгөөлж суугаа эрдэмтэд бас л хөөрхийлөлтэй юм. Тэднийг тийнхүү наагуур, гэмгүйхэн бодож байх зуур цаана нь илүү том эрх ашиг нуугдаж буйг үгүйсгэхгүй гэдгийг учир мэдэх нэг бус хүн хэлсэн нь ортой байж болох.
Гээндээ ч гоондоо ч бий гэдэг дээ. ШУА-ийг даацтай өөрчлөх хэрэгтэй байна гэдэг санал, шүүмж хэдэн жилийн өмнөөс гарсан ч удирдлагууд нь үүнийг хүлээн зөвшөөрдөггүй байсан нь нууц биш. Харин одоо энэ нүсэр, басхүү чухал ач холбогдолтой ажлыг эхлүүлэхээр Ерөнхий сайд байрнаас нь хөдөлгөлөө. Энэ шийдвэр зөв, буруу алин байлаа гээд шинжлэх ухаан хэмээх асар хурдтай хүчирхэг хүрд зогсох учиргүй. Тэгвэл улс орны хөгжил ч зогсоно. Шинжлэх ухааны салбарын одоогийн төрх яг л 1990-ээд оны үеийнх шигээ уруу дорой, унтаа байдалтай байгааг ажилтнууд нь өөрсдөө халаглан ярьсан юм шүү. Аливаа улс орны хөгжил дэвшлийн залуур, чиглүүлэгч луужин нь шинжлэх ухаан гэдэг. Тийм ч учраас 1961 онд Шинжлэх ухааны академийг албан ёсоор байгуулахад нэрт академич Базарын Ширэндэв агсан “Одоо л Монгол маань улс шиг улс боллоо” хэмээж байсан болов уу. Хэдэн хүрээлэнг татан буулгах, ямрыг нь их сургуультай нэгтгэх, аль нь ямар чиг үүрэгтэй, хэчнээн орон тоотой ажиллах вэ гэдэг бүтцийн өөрчлөлтийг хийхгүй удах нь нэг хоёр эрх мэдэлтэнд бус, нэлээд хэдэн хүнд ашигтай байж болох ч цаана нь улс орны эрх ашиг гэж том зүйл бий. Энэ бол 1000 орчим хүний ганц сарын цалин мөнгөний асуудал төдий бус гэдгийг хэн ч гадарлах биз ээ. Цалингүй, унаа, хоолны ч мөнгөгүй шахам судлаачид өглөө найман цагт ажил дээрээ гозойж, орой 17.00 цаг хүртэл урьдынх шигээ сэхээ самбаагүй эрдэм шинжилгээний ажил хийгээд, ном шагайгаад сууна гэж таны толгойд төсөөлөгдөж байна уу.
Хамаа алга, эрдэмтэд учраас хийх ёстой ажил нь гээд зүтгэлээ гэхэд тэдэнд ийш тийшээ томилолтоор явах, үгүйдээ л ганц эрдэм шинжилгээний хурал зохиох ч төс өв санхүү байхгүй. Дээрээс нь банкны өр зээл нэхэгдэхээс эхлээд сэтгэл зүйн хувьд үнэхээр дарамттай байгаа, тэд. Адаглаад ганц төгрөгийн орлогогүй хүн гэртээ хэрхэн адлуулдаг билээ дээ. Цагаан сар хаяанд ирчихсэн тул өдийд асуудал бүр ч ноцтой болж байгаа гэхэд хилсдэхгүй. Энэ мэтээс болоод ажил хийх ямар ч идэвх, зүтгэлгүй хүмүүс өдрийн есөн цагийг хэрхэн барж дуусгахаа мэдэхгүй, “амьгүй албат”-ын дүрийг “сайн дураараа” бүтээж сууна. Улс орны оюун санааны манлайд оройлон явах учиртай эрдэмтэд ингээд эхэлбэл бид яах вэ. Шинжлэх ухааны салбараас анх удаа төрийн тэргүүн зэргийн шагнал болох “Чингис хаан” одон хүртсэн Х.Намсрай гуайтай уулзахдаа хэлсэн үгээ санаач, Л.Гантөмөр сайд аа. Шинжлэх ухаан, технологийн салбарыг Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах, өрсөлд өх чадварыг дээшлүүлэх үндсэн түлхүүр болгох зорилготой хуулийн төслийг УИХ-д өргөн бариад удаагүй байхдаа түүнээсээ няцсан шийдвэр гаргасныг тань энд гоочлох гэсэнгүй, Ерөнхий сайд аа. Та хоёроос ганц л зүйл хүсье. Улсын хэмжээнд 1000-хан байдаг судлаачийнхаа 286-г нь цомхтгосон ч яах вэ. Гол нь бүтцийн өөрчлөлтөө л хурдан батлаад өгөөч. Эрдэмтэн, судлаачид ажлаа хийх хэрэгтэй байна.