Монголын эдийн засаг агших замдаа аль хэдийнэ шуударчээ. Төсвөө танаж, Монголбанк мөнгөний хатуу бодлого баримтлах алхам хийлээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэх найдвар бүрхэг болсоор байна. Монголбанк өнгөрсөн онд мөнгөний нийлүүлэлтийг 18 хувиар өсгөсөн. Бодлогын хүү харьцангуй бага байхад шүү дээ. Төвбанк оны эхэнд бодлогын хүүгээ 13-т хүргэж нэг хувиар өсгөлөө. Эдийн засаг хэрхэх нь тодорхойгүй, ирээдүйд боломж харагдахгүй байгаа өнөөгийн нөхцөлд банкууд шалгуураа өндөрсгөх замаар зээлээ хязгаарлаж эхлэв. Ямар ч эрсдэлгүйгээр 13 хувийн хүү тооцуулах тул Төвбанкны үнэт цаасыг худалдаж аваад суухаас өөр сайхан ажил банкуудад байхгүй. Эдийн засаг хямралын ирмэгт ирсэн байхад тэнэг хүн л бизнест зээл олгох биз. Мөн Засгийн газар үнэт цаасныхаа хүүг 16.2 хувь хүртэл өсгөжээ. Энэ бол банкуудад бас л “амттай хоол”. Монголбанкны үнэ цаасных шиг ямар ч эрсдэлгүйгээр 16 хувийн ашиг тооцох болно.
Банкууд зах зээлд мөнгө нийлүүлэхгүй болохоор хомсдох нь мэдээж. Ингээд эдийн засгийн эргэлт саарч, улмаар агших үйл явц үргэлжилнэ. Зах зээлд мөнгө хомсдохоор хамгийн түрүүнд үл хөдлөх хөрөнгө, худалдаа, үйлчилгээний салбарынхан “цохиулна”. Монголд хамгийн олон ажлын байр бий болгодог дээрх гурван салбарын борлуулалт буурахаар бодит хямрал эхлэх нь гарцаагүй. Ажилгүйдэл, ядуурал газар авч, гэмт хэрэг ихсэх гэх мэтээр үүнийг дагасан нийгмийн сөрөг үзэгдлийн хүрээ тэлнэ. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл айсуй хямралыг зөгнөсөөр байна. Бодлого боловсруулагчид энэ онд гэрэл гэгээ үзэхгүй нь гэж шогширсоор. Сангийн сайд асан Ч.Улаан “2014 онд хүнд байлаа. Гэхдээ 2015 оныхоос хавьгүй дээр байсан” гэсэн яриа гарах болно гэж хошигносон аястай хэлсэн.
Засгийн газар хямралын эсрэг тэмцэхээр нэг тэрбум ам.долларын өр тавих эрхийг УИХ-аас гуйсан билээ. Хууль тогтоогчид Засгийн газарт итгэж мөнгө зээлэх эрх өгөөгүй. Энэ шийдвэр нь том төслүүдээ урагшлуулж гадаадын хөрөнгө оруулалт татахыг сануулсан хэрэг байлаа. Тэгвэл Засгийн газар ард иргэдээс том төслүүдээ урагшлуулж эдийн засгаа өөд нь татах уу, эсвэл зардал, хэрэглээгээ танаж ам.долларын ханшийг тогтоох уу гэж асуув. Санал асуулгад оролцсон иргэдийн олонх нь том төслүүдээ урагшлуулж, гадаадын хөрөнгө оруулалт татахыг дэмжжээ. Засгийн газрын үйл ажиллагааны зам ийн тодорхойлогдож байна. УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр Засгийн газар эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөр танилцуулахтай холбогдуулан намрын чуулганыг найм хоногоор сунган, 18-нд завсарлуулах шийдвэр гаргалаа.
Яг энэ мөчид Засгийн газар хямралыг давах төлөвлөгөө боловсруулж байв. Энэ төлөвлөгөө нь үүсээд буй төлбөрийн тэнцлийн хямралыг хэрхэн анагаах, монголчуудын санааг зовоож буй өрийг хэрхэн төлөхийг тусгасан төлөвлөгөө байхсанж. Ямартай ч Засгийн газар гараа хумьж суусангүй. Айсуй хямралыг сөрөхөөр ажиллаж эхэлсэн нь сайшаалтай. Ер нь ч Засгийн газар гараа хумин суух учиргүй юм. Эдийн засаг агшиж байна. Иргэд ирээдүйдээ итгэл алдарчихсан, хямралд сэтгэл зүйгээ бэлтгэж байна. Одоо л зоримог алхмууд хийхгүй бол алгуурлан суувал оройтох шинжтэй. 2009 онд Монголын эдийн засаг 1.6 хувиар агшиж байв. Тухайн үед дэлхийн эдийн засгийн хямрал Монголыг нэрвэсэн. Харин энэ удаа бид өөрсдийн гараар эдийн засгаа унагаж байна. Өнөөдрийн хүндрэл үүсэх урьдач нөхцөлүүдийг манай популист улстөрчид тавьсан. УИХ-ын 2008 оны сонгуулиар иргэн бүрт 1.5 сая төгрөг тараах амлалт өгсөн нь хүндрэл үүсгэх урьдач нөхцөл мөнөөсөө мөн.
Иргэдэд мөнгө тараахын тулд “Оюутолгой”, “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой” компаниар 700 сая ам.доллар зээлүүлсэн. Дараа нь алтны уурхайнуудын хаалгыг барьсан “Урт нэртэй” хууль баталлаа. Ашигт малтмалын лиценз олголтыг зогсоов. Гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлав. “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны санхүүжилтийг зогсоолоо. Тухайн цагтаа мэргэн мэт мэдрэмж төрүүлсэн эдгээр шийдвэр эцэстээ эдийн засгийг элгээр нь хэвтүүлэхийг хэн ч тааварлаагүй. Алсаа тооцоолоогүй шийдвэрүүд гадаадын хөрөнгө оруулалтыг бууруулав. Манай улс руу 2011 онд таван тэрбум шахам гадаадын шууд хөрөнгө оруулалт орж байсан бол хэмжээ нь жил бүр багассаар байв. Тэгвэл өнгөрсөн жилд 800 сая “ногоон”- ы шууд хөрөнгө оруулалт оржээ.
Дэлхийн эдийн засгийн хямрал эхэлсэн 2008 онд манай улсад ийм хэмжээтэй гадаадын шууд хөрөнгө орж байсан юм. Харин монголчуудын хил чанад руу шилжүүлэх валютын хэмжээ өссөөр байв. Сүүлийн гурван жилийн төлбөрийн тэнцлийн алдагдлын нийлбэр дүн зургаан тэрбум “ногоон” болсон. Үүнийг бонд гаргаж зээлсэн валютаараа нөхөж ирсэн. Хэрвээ бонд гаргаж төлбөрийн тэнцлийн алдагдлаа нөхөөгүй бол эдийн засаг огцом унах байсан гэж Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал тайлбарлаж буй. Засгийн газар 1.5 тэрбум төгрөгийн бонд гаргаж, түүнтэй нь уялдуулан Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлснээр эдийн засаг шүхэр барьсан мэт жингүйдэн уруудсан гэж зүйрлэхээ ч төвбанкныхан мартаагүй. Тэд Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлээгүй бол 2013 онд эдийн засаг есөн хувиар агших байсан гэж мэдэгдсэн удаатай. “Тавантолгой” төсөлд хөрөнгө оруулах хэлэлцээг улстөрчид боорлож эхэлсэн нь, “Оюутолгой”-н ордын хоёр дахь шатны санхүүжилтийг үргэлжлүүлэх хэлэлцээрийн сураг нэг мөсөн тасарсан нь энэ жил эдийн засаг хэдэн хувиар агшиж, иргэд хэр хохирох бол гэсэн жихүүдэс төрүүлж эхлэв.
Зардал, хэрэглээгээ хэмнээд, эдийн засгаа хумихад ам.долларын ханш тогтворжино. Учир нь иргэд мөнгөгүйдэж, гадаад худалдаа буурах учраас валютын эрэлт хэрэглээ багасах юм. Улмаар төлбөрийн тэнцлийн хямрал ч илааршина. Эдийн засаг хямарч байж ийм үйл явц өрнөх нигууртай. Өөрөөр хэлбэл, эдийн засгаа хямрааж, төлбөрийн тэнцлээ сайжруулж, ханшаа тогтворжуулах замаар бид явж байгаа гэсэн үг. Эдийн засгаа тэлж, зах зээлийг мөнгөжүүлэх ганц найдвар нь том төслүүдийнхээ бүтээн байгуулалтыг эхлүүлж, хөрөнгө оруулалт татах. “Тавантолгой”, “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтыг гацаах сонирхолтой улстөрчдийн “популист” дуу хоолой чангарч эхэллээ. Тэдний мунхаглал хямрал руу түлхэнэ. Улстөрчид “Тавантолгой”, “Оюутолгой”- г оосорлон аргамжвал монголчууд эдийн засгийн хямралтай тулгарах нь дамжиггүй.
Т.ЭНХБАТ