ШӨХТГ уг нь арван жилийн өмнө байгуулагдсан юм билээ. Харин бид хэрэглэгчийн эрх ашиг хамгаалдаг ийм байгууллага байдаг, ингэж ажилладаг гэдгийг хоёр жил гаруйн өмнөөс л мэддэг болсон. “Гудамжны жагсагч” гэх тодотголтой О.Магнайгийн ачаар. Түүнийг анх ажлаа авч байх үед нь зарим хүн “Хэл амтай, хөдөлгөөнтэй хүнд яг тохирсон ажил” хэмээн дүгнэж байв. Тэрбээр өнгөрсөн хугацаанд олон ажил амжуулж, хүмүүс ч ШӨХТГ гэхээсээ илүүтэй “О.Магнайгийн газар, О.Магнайд хэлнэ шүү” гэдэг болчихсон байв.
Тэгтэл О.Магнай дарга өөрийн хүсэлтээрээ үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. Түүнийг эл газарт жишиг тогтоогоод явсан гэж олон түмэн үнэлдэг юм билээ. Тэгвэл Засгийн газрын өнгөрсөн сарын 7-ны хуралдаанаар МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга Т.Аюурсайханыг уг албан тушаалд томилсон юм. Түүнийг өдгөө юу хийх бол гэж олон хүн харж буй. Нэг үгээр хэлэхэд одоо хийж буй, цаашид хийх ажлыг нь ч О.Магнайгийнхтай харьцуулан ярих нь дамжиггүй.
Тэрбээр 1975 онд төрсөн, эдийн засгийн ухааны докторын зэрэгтэй. 2000-2005 “Аста пресс” ХХК-д эдийн засагч, ерөнхий захирал, 2006-2009 онд Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах, 2008-2012 онд Чингэлтэй дүүргийн Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны даргаар ажиллаж байжээ. Т.Аюурсайханыг залуу боловсон хүчин гэхэд олон газар ажилласан туршлагатай нэгэн гэлцдэг юм билээ. Түүнтэй цаг үеийн асуудлаар ярилцсанаа хүргэе.
-Таныг олон ажил хийж хэрэгжүүлэх байх гэж иргэд харж байгаа. Ажлаа юунаас эхлэв?
-Энэ ажилд томилогдоод нэг сарын хугацаа өнгөрлөө. Өмнө нь хийж хэрэгжүүлж байсан ажлуудыг үргэлжлүүлж байна. Мөн байгууллагынхаа зорилтыг тодорхойлсон. Хууль эрх зүйн орчноо илүү боловсронгуй болгох, зах зээлийн өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хууль бус зар сурталчилгааг таслан зогсоох ажлыг бодлогын түвшинд хэрэгжүүлнэ. Мөн газрынхаа гадаад харилцааг өргөжүүлэх замаар агентлагийн чадавхийг бэхжүүлэх, байгууллагаа сахилга баттай, ажлын өндөр хариуцлагатай удирдан зохион байгуулах ёстой гэсэн зорилт тавьж, ажлын төлөвлөгөөгөө баталлаа. Цаашид Өрсөлдөөний тухай болон холбогдох хууль тогтоомжид нийцээгүй үйл ажиллагаануудад хяналт тавьж ажиллана. Хамгийн гол нь хийж буй үйл ажлуудаа тодорхой бодлогоор зангидаж, Монгол Улсад шударга өрсөлдөөн бий болгохын төлөө, хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах тал дээр ахиц гаргах төсөл, хөтөлбөр боловсруулахаар төлөвлөж байна.
-Сарын хугацаанд та нэлээд хэдэн ажлын хэсэг томиллоо. Явц нь ямархуу байна вэ?
Хамгийн түрүүнд шатахууны үнэ судлах хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулсан. Учир нь дэлхийн зах зээлд түүхий газрын тосны үнэ тогтмол буурч байгааг та бүхэн мэднэ. Гэвч манай дотоодын зах зээл дэх шатахууны жижиглэнгийн үнэ буурахгүй л байна. Тиймээс үнэ нь буурах боломжтой, эсэхийг судалж байгаа. Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд улсаас тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг авч, Үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдсан. Тэгсэн хэрнээ шатахууны үнэ буурахгүй л байна. Манайх дангаараа шатахууны үнэ бууруулах эрх зүйн боломжгүй. Гэсэн ч нөхцөл байдлыг судалж, холбогдох байгууллагуудад энэ асуудлыг тавьж, шийдвэрлүүлэхийн төлөө ажиллана. Эрчим хүчний хувьд 2014 онд цахилгааны үнэ гурван удаа, дулааных нь хоёр удаа нэмэгдсэн. Хуулийн дагуу цахилгаан түгээгч аж ахуйн нэгжүүд үнээ нэмэхдээ манайхаас зөвшөөрөл авах ёстой. Гэтэл зөвшөөрөл авалгүйгээр гурван ч удаа нэмсэн. Тиймээс үнэ нэмэх болсон үндэслэлийг нь тодруулахаар шалгаж байна. УИХ-ын 2010 оны 72 дугаар тогтоолоор түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээг батласан байдаг. Эрчим хүчний үнийг үе шаттайгаар зах зээлийн зарчимд шилжүүлэх талаар. Нийгмийн тодорхой давхаргыг хамгаалах зорилгоор сард 150 кВт/ цагаас бага хэрэглээтэй айл өрхийг индексжүүлж, түүнээс дээш хэрэглээтэйг нь зах зээлийн горимд шилжүүлэн тооцуулахаар тусгагдсан байгаа. 2010 онд манай улсын эдийн засгийн өсөлт сайн байсан. Цалин, тэтгэвэр тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлж, халамжийн тодорхой бодлого ч үр дүнтэй хэрэгжиж байсан шүү дээ. Тухайн үед дээрх тогтоол цагаа олсон байсан. Харин өдгөө улс орны эдийн засаг хямран, аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барихдаа тулж, ард иргэдийн амьдрал ч хүнд байгаа. Тиймээс эрчим хүчний үнэ чөлөөлөх асуудлыг олон талаас нь бодолцож үзэх ёстой. Дараагийнх нь Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотойгоор ажлын хэсэг томилсон. Улсаас санхүүгийн тусламж авсан компаниуд гэрээнийхээ үүргийг хэр биелүүлсэн, үр дүнгээ өгсөн үү гэдгийг шалгаж байгаа юм. Хамгийн сүүлд Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл цахимаар олгож байгаатай холбоотойгоор зөвшөөрөл олгох, сонгох шалгаруулах үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн дагуу явж байгаа, эсэхэд хяналт тавьж байна.
-Арилжааны банкуудын зээлийн шимтгэл болон автомат теллерийн машинаас авах хураамж, банк хоорондын гүйлгээний татвар замбараагаа алджээ. Худалдаа хөгжлийн банк л гэхэд банк хоорондын гүйлгээний шимтгэлээ 2000 төгрөг болгон нэмэгдүүлсэн байх юм.
-Арилжааны банкууд олгосон зээлийнхээ нэг хувийг хэрэглэгчдээс суутгаж авдаг. Түүнээс гадна зээлийн хураамж гэж тусдаа төлбөр давхардуулж авч байна. Үүнийгээ тэд зээл олгоход гаргасан зардал гэж тайлбарлаж байгаа ч эдгээр шимтгэл нь зээл өгөх үйл ажиллагаатай нь нийцэхгүй байгаа учраас манайх хууль бус гэсэн дүгнэлт гаргасан. Үүнийг нэр бүхий арилжааны банкууд үл зөвшөөрч, шүүхэд хандсан боловч шүүхийн анхан шатны шийдвэрээр манай дүгнэлтийг баталгаажуулсан. Өдгөө шүүхийн дараагийн шатанд хянах ажил хийгдэж байна. Арилжааны банкууд бусад шимтгэл, үйл ажиллагааны зардал гэх зэргээр иргэдээс авч байгаа бүгдийг дахин нягтлах, банкуудаар дамжуулан олгож буй “Чингис бонд”, Хөгжлийн банкны эх үүсвэр, болон Засгийн газрын зориулалтын эх үүсвэрийн олголт, зарцуулалт, эргэн төлөлтийг нь хуулийн дагуу хийж байна уу, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаа, эсэхийг мөн давхар шалгаж байна.
-Барилгын компаниуд орон сууцныхаа ам метрээс хумсалж, иргэдийг хохироосон хэрэг өнгөрсөн жилийн гол дуулиан байсан. Хот гэлтгүй орон нутагт ч ийм хэрэг гарсаар байгаа юм билээ. Иргэдийг хамгийн их хохироосон гурван компанийн хэрэг юу болж байна вэ. Орон сууцны ам метр дутаасан гэх өргөдөл гомдол цөөрч байх юм уу?
-Өдөрт 20 гаруй гомдол, санал ирдгийн багагүй хувьд орон сууцны ам метр дутаасан талаар байдаг. Өнөөдөр ч хэд хэд ирлээ. Барилгын талбайгаас ам метр дутааснаас үүдэлтэй нийт хохирлын хэмжээ 3.5 тэрбум төгрөгт хүрсэн. Үүнээс иргэдийн 1.5 тэрбум төгрөгийн хохирол барагдуулсан. Иргэдийг хамгийн их хохироосон нь “MD top” “Тайгам алтай”, “Тектоник” ХХК. Тэдэнд иргэдийн 1.5 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах тухай албан шаардлага хүргүүлсэн ч үүнийг үл зөвшөөрөн, шүүхэд хандсан. Өдгөө Захиргааны хэргийн шүүхэд хэргийг нь шалгаж байна. Бид үүнд хяналт тавьж, иргэдийг аль болох хохиролгүй болгож өгөхөөр зорьж байгаа.
-Сүүлийн үед вьетнамчуудын ажиллуулдаг авто засварын газруудын үйл ажиллагааг иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч ихэд шүүмжлэх болсон. Дуртай нь засварын газар нээж, аманд орсон үнэ хэлдэг болжээ. Монголын авто засварын үйлчилгээнд тэд үнэ тогтоож байна гэх юм. Мөн барилгын материалын худалдаа эрхэлдэг компаниуд жинлэж зардаг бүтээгдэхүүнүүдийнхээ тонн тутмаас “иддэг” гэх хэрэг ч өнгөрсөн жил гарч байсан. Танайх энэ талаар ямар нэгэн ажил өрнүүлэх үү?
-Вьетнамчуудын ажиллуулдаг авто засварын газрууд Өрсөлдөөний тухай болон Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль, бусад дүрэм журам зөрчиж байна уу гэдгийг шалгаж болно. Бид нэгдүгээрт иргэдийн өргөдөл гомдлын дагуу, хоёрдугаарт хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийн дагуу, гуравт өөрсдийн санаачилгаар шалгалт хийдэг. Гэхдээ одоогийн байдлаар хэд хэдэн хяналт шалгалтын ажлын хэсэг томилон, хүн хүчээ хуваарилсан тул өнөө, маргаашдаа амжихгүй гэсэн үг. Цаг үеийн тулгамдсан асуудлуудаа эхлээд цэгцлэх нь зүйтэй болов уу. Хяналт шалгалтыг 60 хоногт багтаан хийдэг. Шаардлагатай бол 30 хоног сунгадаг. Гэхдээ 60 хоног гэлтгүй аль болох түргэн шуурхай шийдэхийг хичээж байна. Дээрх асуудлуудаа нэг тийш болгосны дараа вьетнамчуудын ажилладаг засварын газрын үйл ажиллагааг шалгаж болно. Барилгын материалын худалдаа эрхлэгчдийн хувьд ч холбогдох хууль тогтоомж зөрчин үйл ажиллагаа явуулж байхыг үгүйсгэхгүй. Жинлэж зардаг барилгын материалуудынхаа тоо, хэмжээг дутаадаг бол манайхаас шалгах боломжтой.
-Циркийн хувь заяа нэлээд бүрхэг байгааг хүн бүр мэдэж байгаа. Байр нь баар, ресторан болсон. Энд тэндгүй худалдаа наймаа хийдэг хар зах шиг л болсон. Анх менежментээр хувьчилсан гэж ярьж байсан. Тэгэхээр төрийн өмчид эргүүлэн авч болох байх. Тиймээс таныг циркийн асуудлыг шийднэ гэж олон хүн харж байгаа болов уу.
-Би Д.Дагвадорж аваргатай нүүр тулж уулзаж байгаагүй. Циркийг анх “АСА консалтинг”-ийн нэр дээр хувьчилж авсан байдаг. Сүүлд нэр нь солигдож, “Рояал плаза” компани болсон. Тэднийхийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул ШӨХТГ Төрийн өмчийн хороонд АСА циркийн хувьчлалыг хүчингүй болгуулах хүсэлт тавьсан ч тус хорооныхон хөдлөөгүй юм билээ. Тиймээс Захиргааны хэргийн шүүхэд хандсан байж. Шүүх дээр ШӨХТГ байр сууриа хамгаалж ажиллана.
-Таныг ажлаа аваад халаа сэлгээ хийсэн гэж сонссон. ШӨХТГ-ын өмнөх ажилтнуудыг сайн ажилласан гэж иргэд дүгнэж байгаа. Бүтэц, бүрэлдэхүүнээ хэрхэн өөрчлөв?
-Өмнө нь 42 ажилтантай байсан. Сая Засгийн газрын шийдвэрээр зургаан хүн цомхтголоо. Бүтэц, бүрэлдэхүүнээ ч өөрчилсөн. Аливаа шийдвэр зах зээлийн тодорхой судалгаанд үндэслэн гарах ёстой. Тиймээс манайх зах зээлийн судалгааны нэгжтэй болсон. Манай байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа, улсын байцаагч нарын дүгнэлтүүд хуулийн хүрээнд, үндэслэлтэй байх үүднээс эрх зүйн дотоод хяналтын нэгж бий болголоо.
О.БАТ-УНДРАХ