В.И.Лениний хөшөөг “Улаанбаатар” зочид буудлын өмнөөс ховхолж аваачаад хог дээр хаях, Д.Сүхбаатарын талбайг Чингисийнх, Эрх чөлөөний талбайг Тусгаар тогтнолынх болгох, Өндөрхааны нэрийг Чингис гэж солих, Баянгол дүүргийн өндөрлөгийг нурааж “Хонх”-ын Цогтсайханы хөшөө босгох, Зүүн хүрээний нууц бүлгэмийн болон Смераль, Колоров, Чойбалсан нарын сууж байсан байшинг нурааж газрыг нь дээрэмдэх ... амархан байлаа. Чингисийг тэргүүндээ залж, социализм руу дайрсан хүмүүс өөрсдийгөө эх орончид гэж омойтож, басхүү “Бусдын хийж зориглоогүйг бид цөстэйгөөрөө чадлаа” гэж ирээд л өөрсдөөрөө ихээхэн бахархсан нь лав. Тэд бас нэгэн “бахархал” бүтээхээр ханцуй шамлаж эхэллээ. Тэр нь нийслэлийн бүх аж ахуйн нэгж, байгууллагын гаднах хаяг, зар сурталчилгааг монгол бичгээр бичих. Дэлхийд ганц босоо монгол бичгээрээ монгол хүн бүр бичдэг, уншдаг, албан хэргээ хөтөлдөг тийм хаягтай бол гайхалтай. Тиймсэн бол би, бид, бүгдээрээ түүгээрээ омогшино, хаа ч сайрхана. Гэхдээ бид ийм болох гэж оролдсон, зүтгэж үзсэн. Эцэст нь үр дүн биш, урхаг уршиг л гарсан.
Бүх нийтээрээ монгол бичигтэн болох туршилтын туулай бидний үеийнхэн байлаа. Бидэнд тавдугаар ангиас, доод талын, түүний доод ангийнханд бүр гурав, заримд нь нэгдүгээр ангиас нь монгол бичиг заагаад монгол ч үгүй, кирилл ч үгүй болгосон. Ийм туршилтад оруулж, бичиг үсэгт тайлагдсан ч юм шиг үгүй ч юм шиг эрэмдэг амьтад болгочихоод одоо тэднийгээ зөв бичиж чаддаггүй, ном уншдаггүй, монгол хэлийг гутааж байна хэмээн чичилдэг. Үнэндээ монгол хэлийг эвдэж байгаа хүмүүс нь байсхийгээд хэл усаар оролддог, дүрэм журмыг нь өөрчилдөг, өөрсдийнхөөрөө байлгах гэж мэдэмхийрдэг нөхөд шүү дээ. Тэд л монгол хэлний зөв бичих дүрэм ийм тийм байна, цээж гэж бичихгүй чээж гэж бичих ёстой хэмээн цэцэрхдэг. Тэгсэн хэрнээ төрөлхтний гэхэд дөрвөн гийгүүлэгч дараалж ордог хэрнээ төрхтөний гэдэг үгийг яагаад адилхан дөрвөн гийгүүлэгч дараалуулан бичдэггүй юм бэ, клубүүд үү, клубууд гэх үү, эсвэл бүр клүбүүд гэх нь зөв үү, концессын уу, концессийн үү гэдгийн учрыг тайлбарладаггүй. Уг нь бид кириллээр бичнэ, монголоор бичнэ гэж хуваагдаж суухын оронд байгаагаа өөд нь татаж, дүрэм журмыг нь маргаангүй, нэг болговол өнөөгийн бидэнд ч, ирээдүй хойчид ч хэрэгтэй.
Хөвгүүд трико гэмээр өмд өмсөн, чихэндээ ээмэг зүүж, нүүрээ будан, үсээ ургуулаад, ааш араншин, үйл хөдлөл нь хүртэл охидтой андуурмаар болоод байгаа. Ирээдүйд эр хүйстэн гэж байхгүй болно гэдэг үнэн байх. Монгол хэл маань яг л ийм болоод байна. Харваас эр эгшигтэй үгэнд эм үгийн ий залгачихаар яг л банана өмд өмсөж, ээмэг зүүсэн будмал хөвгүүн шиг. Уг нь гудамж, талбай дахь реклам, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хаягийг монгол бичгээр бичнэ гэхийн оронд англиар бичсэн хаягийнх нь үсгийг жижигрүүлэх, хажууд нь кириллээр бичиж хадахыг шаардвал хамаагүй бодитой шийдвэр болно. Монгол хүмүүсийг Монголдоо төөрч будилахад хүргэсэн гадаад хаягаа цэгцлэхээр 2003 оны гуравдугаар сарын 25-нд нийслэлийн тухайн үеийн Засаг дарга М.Энхболдын 102 тоот захирамж гарган, “Албан байгууллагын хаягийг монгол хэл дээр кирилл үсгээр бичнэ. Хэрэв хаяг нь монгол, гадаад хэл дээр зэрэг бичигдэх бол гадаад бичгийн хэмжээ монголынхоос хоёр дахин бага байна” гэж зааж өгснөөр нийслэлийн ЗДТГ-ын харьяа байгууллагуудын хаяг цэгцэрсэн.
2003 оны тавдугаар сарын 15-нд УИХ-аас баталсан Төрийн албан ёсны хэлний тухай хуулийн 5.7-д “Хот суурин газрын гудамж, талбайн нэр, хаяг, төрийн байгууллагын нэрийг төрийн албан ёсны хэлээр бичнэ. Эдгээр нэрийг англи хэлээр давхар бичиж болно” гэж заасан байдаг. Батлаад 12 жилийн нүүр үзэж буй энэ хуулийг төрийн байгууллагуудаас бусад нь хэрэгжүүлээгүй. Supermarket, store, canon, hair salon, baar, hotel.. гэх зэргээр нүд эрээлжлүүлэн, хэл хугалчих шахах алаг эрээн хаяг Улаанбаатарын гудамжаар пиг. Аав, ээж маань Улаанбаатарт ирэхээрээ гадагшаа ганцаараа гарч чаддаггүй. “Энэ эрээвэр хураавар, гадаадаар бичсэн юмнуудыг чинь юу гэж байгааг нь мэдэхгүй юм” хэмээн бухимдах тэдэнтэй адил хөгшчүүд олон. Утсаар хаяг хэлэх бүр ч хэцүү. “Жи энд Ай” центр гэж хэлэхэд тэд ойлгодоггүй. Нэгэн үе Улаанбаатарыг Монгол Улсын нийслэл үү, Хятадын нэг хот уу гэж андуурмаар байв. Юу гэж байгаа нь мэдэгдэхгүй ханз үсгээр бичсэн эрээн мяраан хаягтай зочид буудал, хоолны газар, баар ресторан, дэлгүүр тэр үед улсын маань нийслэлийг аалзны тор шиг хэрчихсэн байлаа. Монголчууд тэр хаягийг хараад дургүйцдэг хэрнээ дотор нь орж хооллоод л, нэгийгээ тэнд урьж дайлж цайлаад л байдаг.
Төрийн албан хаагчид, Төрийн албан ёсны хэлний тухай хууль баталсан УИХ-ын гишүүд, хууль хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагынхан, нийслэлийн удирдлагууд, цагдаагийн аль нь ч тэрхүү хятад, солонгос хоолны газар, буудлын эздэд юу ч хэлдэггүй, хийдэггүй, харин ч тэнд хооллож, үйлчлүүлж явсан биз. Үндсэрхэг үзэлт хэмээн тодорхойлдог “Даяар Монгол”, “Хөх Монгол” зэрэг бүлгэмийн залуус л 2005 онд тэрхүү хаягуудыг хэдхэн өдөрт бүгдийг нь буулгуулсан юм даг. Цагдаагийнхан тэгэхэд алсаас л... ханз хадсан хятадыг бус, ханз буулгуулж байгаа монгол залуусыг хянаж байсан гээд бод доо. Ханз үсгээр хаягаа бичсэн 104 аж ахуйн нэгжээр алдааг нь засуулсан гэсэн тоо сүүлд гарсан. Гэхдээ л харь хаягийг бүрмөсөн ховхолж чадаагүй. Ханзаар бичсэн хаягаа буулгаад, оронд нь “Шин лүнь”, “Зин бао”, “Jin dao”, “Dae ge”, “Tan luu” гэх мэт хаяг өлгөчихсөн. Тэр нь өнөө ч хэвээрээ, хүмүүсийн толгой эргүүлж, нүдийг нь эрээлжлүүлээд байж л байна. Улаанбаатарынхан бид л энэ эрээвэр хураавар хаягаа хараад дасчихсан болохоос өтгөс буурлууд, хөдөөгийн иргэд, гадаадын гийчдийн нүдэнд бол Улаанбаатар чинь Монголын нийслэл мөн юм уу гэж эргэлзэхээр харагдуулдаг гэсэн. Үүнийг мэдэрсэн нийслэлийн үе үеийн Засаг дарга нар хаягтай холбоотой захирамж гаргадаг. Түүний нэг нь 2006 оны хоёрдугаар сарын 28-ны 76 тоот захирамж.
“Чингисийн өргөн чөлөөнд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, гудамж талбайн хаягийг үндэсний монгол бичгээр хаягжуулсугай” гэж тусгайлан заасан энэ захирамжийг хэрэгжүүлсэн байгууллага байна уу. Нисэх онгоцны буудлаас хотын төв хүрэх гадаадынхны нүдэнд “Монголчууд чинь ийм босоо бичигтэй ард түмэн юм байна. Улаанбаатарт үндэснийхээ бичиг үсгийг дээдэлдэг, хэрэглэдэг юм байна” гэж ойлгуулах зорилго үүний цаана байсан ч харамсалтай нь бүтээгүй. Энэ мэтээр үндэсний бичиг үсгээ сэргээх оролдлого үе үе гардаг ч газар авдаггүй. Бодит байдал ийм атал Монгол Улсын Засгийн газар 2013 оны хоёрдугаар сарын 2-ны “Монгол хэл, бичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай” 37 дугаар тогтоол гарган, хот, суурин газар, төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын хаяг, зар сурталчилгааг монгол, кирилл бичгээр бичиж байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосон. Энэ дагуу аймгууд өнгөрсөн жилээс албан газруудынхаа хаягийг монгол бичгээр бичиж хадах гээд бараагүй байна. Гэтэл Засгийн газрын дээрх тогтоол, нийслэлийн Засаг даргын 2014 оны “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай” А/428 дугаар захирамжид нийслэлийн Ерөнхий төлөвл өгөөний газар дулдуйдан, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна хаяг, зар сурталчилгааг монгол бичгээр бичих төсөл санаачилсан нь цагаа олсонгүй. Улаанбаатарыг хаанаас нь ч таних брэнд бий болгохоор зорьж байгаа нь зөв ч бүгд бүсээ чангалж буй энэ үед мөнгө үрсэн л ажил болох вий.
Х.БОЛОРМАА