Хүний мууд дуртай, нэгнийгээ хардаж сэрдэх донтой монголчуудад ардчилсан нийгмийн хэт эрх чөлөө харин ч нэг “зохиж” байгаа бололтой. Ардчилсан орны иргэд эрхээ эдлээд сүйд. Тэдний ачаар цагдаа, шүүх, прокурорынхон толгой өндийх завгүй ажилтай болсон гэх. Авлигатай тэмцэх газарт “алтан хошуу өргөх” хүмүүсийн тоо ч сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж буйг хэлтсийн дарга нь саймшран ярьсан байв. Төрийн өндөр дээд мяндагтнуудаас эхлээд дунд, доод шатны албан хаагчид эрх мэдэл, албан тушаалын төлөө “гэдсэндээ хөлөө жийлцсэн” зарга, гомдлын мөрөөр шалгалт хийх нь тэдний ажлын нэг л хэсэг. Цаана нь шударга ёс “тогтоох” гэсэн сайн дурын идэвхтэнүүдийн бүхэл бүтэн фронт бий. “Манай энэ дарга яавч зүгээргүй. Арваад жил байгууллага толгойлсон хүн идэж, уух аргаа олчихсон л байгаа. Та нар минь мөчийг нь тоолон шалгаад өгөөч”, “Энэ компани тендерт ялах ёсгүй байсан юм. Ямар нэгэн булхай орчих шиг боллоо”, “Манай хүүхдийн цэцэрлэг эцэг, эхчүүдээс мөнгө татаад байна”, “Манай хорооныхон ногоон уутаа тараахгүй байна. Аягүй бол өөр хүмүүст зарснаас зайлахгүй” гэхчилэн есөн жорын асуудлаар АТГ-т хандах иргэдийн гомдол тасардаггүй гэнэ. Арай л “Манай нөхөр урьд шөнө гэртээ ирж хоносонгүй. Хаагуур, юу хийж явсныг нь шалгаад, тогтоогоод өгөөч” гэх нь холгүй юм болдог гэж байгаа. “Биднийг матаасаар ажлаа хийдэг гэлээ” хэмээн дургүйцэж, зэвүүцэхээсээ өмнө өнөөгийн Монголд юу болоод байгааг эргэц үүлж нэг бодоосой гэсэндээ үзэг, цаас нийлүүлж буйг минь хууль хяналтын байгууллагынхан ойлгох биз ээ. “Ялихгүй асуудлаар шүүх, цагдаагийн хаалга татчихдаг юм байна. Мөрдөн байцаах алба гэдэг чинь томоохон банкны үйлчлүүлэгчдийн оочероос ч урт дараалалтай, олны хөлийн газар байдаг юм байна.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин зүгээр ч нэг эмнэлгийн барилга булааж аваагүй бололтой. Шалтгаан байж” хэмээн нэгэн эрхэм саяхан цахим хуудастаа бичсэн байсан. Үнэхээр л нөхцөл байдал тийм байгаа. Адгийн зарга арав хоног үргэлжлэхээс ч үл ажран монголчууд шүүх, цагдаагийнханд “хайртай” болжээ. Цагтаа “муу нэрт” хэмээн цээрлэж, холуур өнгөрөхийг хичээдэг байсан тэдгээр газрын үүдээр өнөө цагт манайхан харин ч олноороо эргэлдэх болсон учраас үйлчлүүлэгчдийн ая тухтай байдлыг хангах гэсэн экс сайдын “зөв” ч юм шиг. Яг одоогийн нөхцөл байдлаас харвал Монголд дарга, захирал, эрхлэгчийн албан тушаал гэдэг хүсэх ч юм биш ажээ. Тэр суудал дээр жигтэйхэн “үйлийн лайтай” хүн л суух нигууртай гэчихэд хилсдэхгүй болов уу. Учир нь манайд дарга нарын сэнтийг дан ганц зоосны нүхээр бус, атаа жөтөө, уур бухимдал, жигшил зэвүүцэл дүүрэн өөнтөгч нүдээр хардаг болж. Олз, идэш хаана байна хэмээн гуагалах хар хэрээ аятай албан тушаалын хэнээтнүүд даргаа ялимгүй алдаа гаргахад л түшиж тулахын оронд бушуухан түлхэж унагаад, оронд нь өөрсдөө очихыг бодно. Тэдний өгөөш болчихоор алдаа хийхгүй, байгууллагаа олон жил сайн удирдвал бүр байж ядна. Боол нь ч байна уу, босс нь ч байна уу, нэг байгууллагад олон жил ажилласан хүн яагаад заавал буг, сүгээрээ дуудуулах ёстой юм бэ.
Манайхаас өөр оронд ийм онч мэргэн үг байдаг болов уу. Тэгээд эцэс сүүлдээ нөгөө “бугаа” дарж авахаар сэтгэл шулуудан тэмцэнэ шүү дээ. Болохгүй бол гэр бүлийн амьдрал руу нь хүртэл хошуу дүрдэг муухай зан Монголд газар авч байна. Даргыг ажлаа муу хийсэн гэж үзэж байвал, дарга өөрт нь таалагдаагүй бол эсэргүүцэл, дургүйцлээ хувь хүнд нь л илэрхийлэх ёстой баймаар. Гэтэл хүний хувийн амьдрал руу хэт өнгөлзөж, үнэн, худал нь мэдэгдэхгүй амрагийн паянг хүртэл олонд дэлгэж, хань ижил, үр хүүхдийг нь сэтгэлийн дарамтад оруулах ямар хэрэг байна аа. Бүр шүүхэд хандсан нэхэмжлэх дээр шүү. Эрх биш төрийн тамга тэмдэгтэй албан бичиг дээр бөгс бөөрний асуудал бичээд сууж байхдаа хуруу, гар нь яаж эвлэдэг юм бол. Муу муухай мэдээлэл маш амархан тархдаг учраас саяхан ийм явдал болсныг уншигчид санаж байгаа болов уу. Ямар урт чихтэй, яасан завтай хүмүүс гэхээрээ тийм зүйлээр хөөцөлдөж байдаг юм бүү мэд. Дориухан яваа нэгнийхээ мууг үзэх гэсэн арчаагүй, атгаг санаа, эцэс төгсгөлгүй энэ хардалт үнэндээ цөөхөн монголчуудын хувьд эмгэнэл юм. Үндэсний эв нэгдлээ үгүй хийхийн дохио эндээс эхтэй. Цаашлаад эв нэгдэлгүй улс орон уруудаж доройтохын ёр зөн энд оршиж буй билээ. Юм л бол шүүх, цагдаагаар далайлгадаг болсон нь сайны дохио яавч биш ээ. Цусны үнэр авсан араатан мэт эрх чөлөөний амтанд шүлэнгэтэн дурлах орчин цагийн ардчилсан монголчууд одоо бүр эх захаа алдаж, захирах, захирагдах ёсоо ч уландаа гишгэх болов. Ажилтандаа хатуухан үг хэлсэн дарга хүн доромжилсон хэргээр шоронд шомбойж мэдэх цөвүүн цаг наашилж байна. Энэ байдлаараа бол удахгүй цэргийн ангийн захирагч хүртэл “атаманууд”-аараа хэдэн бухал өвс хадуулаад, малчдад тус нэмэр хүргэж ч болохгүйд хүрэх вий. Улсаас цэргүүдийг үнэгүй хооллож, хувцаслаж байгаагийнх цаг давчуу, яарч тулгамдсан үед тиймхэн тусыг нь авч болно оо доо. Харин тэгснийх нь төлөө үхэн хатан ялархаж, дээш, доошоо матаас бичиж гүйдэг доожоогүй эрс Монголын армийн нэр хүндийг гутаах ёсгүй. Одоо бүр цэцэрлэгийн нусгай жаал хүртэл багшийгаа өөрт нь гар хүрвэл “Цагдаад хэлнэ” гэдгийг ухаарчихсан явж байна. “Багш нь миний хүүг зодвол бидэнд хэлээрэй. Хүүхэд зоддог багшийг цагдаад хэлээд хашраадаг юм” гэж аав, ээж нь хүүхдэдээ зааж өгсөн гэнэ лээ.
Бухын хүзүүнээс хатуу “сээртэй” буруу эрхэлсэн хүүхдүүд өнөөдөр маш олон болсныг цэцэрлэг, сургуулийн багш нар хэлдэг. Хичээлээ хий, эрүүл ахуйн зөв дадал хэвшилд суралц хэмээн зүй ёсны шаардлага тавихаар хүүхдүүд нь орой очоод аав, ээждээ хов зөөдөг учраас гурвалжин, дөрвөлжин маргаан үүсэх вий гэсэндээ “амаа хавчдаг” тухайгаа тэд учирладаг. Хүнээс олигтой үг дуулж сураагүй өссөн хүүхдүүд том болоод хэчнээн удаа аав, ээжийнхээ чихийг халууцуулах бол. Ийнхүү аав, ээжүүдийнхээ “үлгэр дуурайлаар” хар багаасаа монголчуудын тамын тогооны үлгэр гээч сүрхий ухаанаар “хүмүүжсэн” тэднийг ямар ирээдүй хүлээж байгааг бодоход нуруу хүйт даана.
Л.ГАНЧИМЭГ