УИХ-аас томилогдсон ажлын хэсгийнхэн “Эрдэнэс Тавантолгой”-д хийсэн шалгалтын дүнгээр ноцтой олон зөрчил илрүүлсэн. Ард түмнээрээ хувьцаа эзэмшиж буй уг төслийг хэрэгжүүлж эхлээд хэдэн жилийн нүүр үзсэн ч үр өгөөжөө өгөх нь байтугай харин 800 сая ам.долларын өрийн сүлжээ үүсгэсэн нь иргэдийн дунд бухимдал үүсгээд байгаа. Хамгийн гол нь төрийн өмчит компанийг ийм байдалд хүргэсэн тухайн үеийн удирдлага, эрх баригчид хариуцлага хүлээх нь байтугай энэ байдлаа нуун дарагдуулсаар иржээ. “Эрдэнэс МГЛ” компанид хэлтсийн дарга, дэд захирал, “Тавантолгой” төслийн удирдагчаар ажиллаж байсан, МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга Б.Ганхуягтай уулзаж энэ талаар ярилцлаа.
-“Эрдэнэс Тавантолгой” компанид хийсэн шалгалтаар “Чалко”-гийн гэж нэрлэгддэг 350 сая ам.доллараас гадна манай арилжааны банкуудад 700-800 сая ам.долларын өр үүссэн нь тогтоогдоод байгаа. “Тавантолгой” төслийн удирдагч байсны хувьд энэ өрийн сүлжээний талаар та юу хэлэх вэ?
-“Тавантолгой” нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ өгөх том төсөл учраас эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэсэн зарчмын байр суурьтай байдаг. Энэ төслийг эргэлтэд оруулах анхны ажлын хэсэгт багтан, тулгын чулууг нь тавилцаж, таван жил ажилласнаараа би бахархдаг. Тавантолгойн ордыг эргэлтэд оруулж байж Монгол Улсын эдийн засаг, цаашдын худалдааны эргэлт нэмэгдэх, төсөв бэхжих, чадавхи сайжрах, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх нөхцөл бүрдэнэ. Тийм учраас зайлшгүй ашиглах ёстой. Энэ төслийг тойрч популизм хийж, улс төр, бизнесийн бүлэглэлийнхэн ашиг сонирхлоо илүү оруулахын тулд улстөржүүлж байгааг би хувьдаа эсэргүүцдэг. Тавантолгой, Оюутолгойн аль аль нь ийм улстөржилтөөс болж гараанаасаа хөдөлж чадахгүй байгаа. Энэ хоёр төсөл өндөр технологид суурилагдсан, дэлхийн хэмжээний том төсөл байх боломжийг нь улс төр олгохгүй байна. Улстөрчид алсыг харсан урт хугацааны том бодлогоор төслүүдээ явуулж чадахгүй, үлгэн салган байлгасаар байгаа нь маш том алдаа гэж үздэг. “Эрдэнэс Тавантолгой”-д үүссэн өрийн тухайд улс төрийн амлалт биелүүлэх зорилгоор “Чалко”-гоос их хэмжээний зээл авах шаардлагагүй байсан гэж боддог. Харин Тавантолгойн Зүүн Цанхийг хөдөлгөхийн тулд ТЭЗҮ-д тусгагдсан техник, тоног төхөөрөмж түрээслэх, худалдан авах зэрэгт шаардлагатай, төслийн анхны хөрөнгө оруулалтын зээлийг авч, хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаанд эргүүлэн төлөх замаар цэвэр бизнесийн харилцаа үүсгэх хэрэгтэй байсан. Хэрэв тухайн үед хийгдсэн ТЭЗҮ-ийг удирдлага болгон бизнесийн зарчмаар ажиллаж чадсан бол ингэж их хэмжээний өрийн дарамтад орж, төслийг дампуурах хэмжээнд хүргэхгүй байсан гэдгийг л баталгаатай мэдэж байна. Тавантолгойг ийм байдалд оруулсан нь тухайн үеийн эрх баригч намынхан сонгуулийн амлалт биелүүлэх, Хүний хөгжил сангийн мөнгийг тараахын тулд төслийг барьцаалж зээл авч, өрийн сүлжээ үүсгэсэнтэй шууд холбоотой.
-Тухайн үед одоогийн МАН эрх барьж байсан биз дээ?
-Тийм. Тухайн үед “Тавантолгой”-н ТУЗ улс төрийн шахалтад автсан, энэ нь үнэн. Улс төр нь улс төрөөрөө, бизнес нь бизнесээрээ л явах ёстой гэдгийг энэ төслөөс сургамж авлаа шүү дээ. Энэ алдааг давтах эрх одоо улс төрийн аль ч хүчинд байхгүй.
-ТУЗ-ийн гишүүд улс төрийн шахалт шаардлагад автахгүй байх боломж байгаагүй юм уу?
-Хүний хөгжил сан, улсын төсөвт мөнгө төвлөрүүлэх үүргийг “Эрдэнэс Тавантолгой”-д өгч, төсөвт суулгасан. Зөвхөн “Эрдэнэс Тавантолгой”- д биш, “Эрдэнэт” зэрэг том компанид ийм шахалт үзүүлсэн. Тэдгээрээс биелүүлэх хамгийн боломжгүй нь “Эрдэнэс Тавантолгой” байсан. Ганц ч төгрөгийн орлогогүй, өртэй компани байхад нь төсөвт их хэмжээний мөнгө нэмж төвлөрүүлэхээр тусгасан нь өр нэмэгдэх гол шалтгаан болсон.
-Тэр үед хэдий хэмжээний өртэй байсан юм бэ. Арилжааны банкуудаас авах зээлийг ТУЗ-ийн хурлаар шийддэг байсан биз дээ?
-Үйл ажиллагааны зардалд буюу Зүүн Цанхийг ашиглах ТЭЗҮ-д тусгагдсан анхны хөрөнгө оруулалтын 30 орчим сая ам.долларын зээлийг арилжааны банкнаас авсан байсан. Намайг “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-д байсан 2012-2013 оноос өмнөх хугацаанд тавигдсан асуудал. Тэр үед энэ өрийн сүлжээ хэдийнэ үүсчихсэн байсан гэсэн үг. БНХАУ-ын “Чалко” компанийн 350 сая ам.долларын өрийн хувьд Тавантолгойн ордоос бүтээгдэхүүн урьдчилан борлуулах гэрээний хүрээнд урьдчилгаа хэлбэрээр Сангийн яамны шаардсанаар Хүний хөгжил сан руу энэ мөнгө орсон.
-Нэгэнт их хэмжээний өрийн сүлжээ үүсчихсэн байна. Зөвхөн “Чалко” ч биш, манай арилжааны банкуудыг хамарсан энэ өрийг төсөвт бага дарамттайгаар дарах, ашигтай ажиллуулах боломж, бололцоо хэр байгаа вэ?
-Төр, засаг юуны түрүүнд улстөржилгүй, энэ шийдвэрээ зоригтой гаргах хэрэгтэй. ТЭЗҮ болон бусад асуудлаа олон улсын жишгийн дагуу урт хугацаагаар төлөвлөж, хөрөнгө оруулалтаа үр ашигтай зөв тооцоолж чадвал 800 гаруй тэрбум ам.долларын өрийг ямар ч асуудалгүй шийдэх боломжтой гэж би харж байгаа. Тийм болохоор одоо аль ч улс төрийн хүчин ямар ч популизмгүйгээр асуудлыг шийдэхийн төлөө л зүтгэх учиртай. Монголын эдийн засаг тэртэй тэргүй нуман тулгуурт орчихсон. Ийм үед гарах гарц бол яах аргагүй “Тавантолгой” төсөл. Үүнийг дагаад Оюутолгой ч босож ирнэ, хөрөнгө оруулалт нь ч сэргэнэ.
-Эдийн засгийн нөхцөл хүндхэн байгаа. Ийм үед ямар арга хэмжээ авах вэ?
-Мега төслүүдээ хэрэгжүүлэх нь зүйтэй. Эдийн засгаа сэргээх өөр ямар нэгэн гарц харагдахгүй байна. Зах зээл жижиг, үйлдвэржилт муу байгаа. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа бүрэн тасалдсан, санхүүгийн хямралд өртсөн, гадаадын хөрөнгө оруулалт зогссон энэ үед эхний ээлжинд эдийн засгаа яаралтай сэргээх нь зүйтэй. Хоёрдугаарт, төсвөө танах, үр ашиггүй зардлаа маш их хэмжээгээр бууруулах зайлшгүй шаардлага бий. Мөн тодорхой салбарын төсөл, хөтөлбөрүүдэд өмнө нь зарцуулсан, үнэ тогтворжуулах нэрийдлээр тараагаад хаячихсан мөнгөө ил болгож, эргэж татах арга хэмжээ авах нь зүйтэй. Өрийн таазаа хангалттай нэмсэн энэ үед өөр гарц байхгүй. Монголбанк 1.6 тэрбум ам.долларын нөөцтэй гэж мэдэгдэж байгаа ч үүнд нь итгэхэд бэрх юм.
-Тогтворжуулах нэртэй маш олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүний үр дүн тодорхойгүй байна. Хөтөлбарт хамрагдаж, зээл авсан компаниудын нэрсийг зарлаж болдоггүй юм уу?
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд авсан бондын болон зээл, тусламжийн өрийг үнэ тогтворжуулах нэрийн дор юунд зарцуулсан нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй хэвээр байна. Монголбанкаар дамжуулан 4.8 их наяд төгрөгийг юунд зарцуулсан, хэзээ, хэнд ямар нөхцөлтэйгөөр өгсөн нь ойлгомжгүй, тодорхойгүй. Аж ахуйн нэгжийн нэрсийг гаргаж өгөхгүй байгаа нь анхаарал татдаг. Хамгийн гол нь эдгээр тараасан мөнгө хэзээ эргэн төлөгдөх нь тодорхойгүй байгаа нь ямар ч стратеги төлөвлөлтгүйгээр өгсөн гэсэн дүгнэлтэд хүргээд байна.
-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах тухай яриа байгаа. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Одоо ямар ч аргаар хамаагүй эдийн засгийн нөхцөлөө сайжруулахад анхаарахаас өөр замгүй. “Стэнд бай” хөтөлбөрт яаралтай хамрагдах хэрэгтэй гэж би бодож байна. Манай улстөрчдийн болгоомжлоод буй гол зүйл нь тодорхой. Үүнд хамрагдсан тохиолдолд олон улсын шинжээчид манай Төвбанк болон арилжааны банкуудын “гэдэс дотор”-ыг ухна. Тэгээд хөтөлбөрт хамрагдах зөвлөмж гаргана. Мөнгө өгөх тал эрсдэлтэй зүйл хийхгүй шүү дээ. Манай банкны систем дэх бүх но-той асуудлыг дэлгээд ил болгоно, нөгөө нуугаад байсан зүйлүүдийг илчилнэ. Тийм болохоор манай улстөрчид хамаг булхай луйвар нь илэрчихнэ гэж айж байгаа. Гэхдээ энэ бол манай улс, ард түмэнд хэрэгтэй.
Д.ОЮУН-ЭРДЭНЭ