Хавдар судлалын үндэсний төвийн рентгений эмч Т.Хосбаяртай ярилцлаа. Хавдраа эрт үед нь оношлуулж, яаралтай эмчлүүлж байсан хэд хэдэн хүнээс түүний тухай дуулаад уулзахаар цаг товлосон юм. Зочин маань даруухан, үг дуу цөөтэй нэгэн. Гэхдээ улаан хоолойн болон бусад төрлийн олон хавдрыг чадварлаг оношилсных нь хүчинд хорвоогийн нарыг харж яваа хүмүүс түүнд талархдаг юм билээ. Түүний аавыг Д.Тэгшжаргал гэдэг. Биологийн ухааны доктор. Монголын ногоон хүрэм болсон ойн модыг хамгаалах, эко системийн аюулгүй байдлын төлөө сэтгэл зовниж, энэ насныхаа хөдөлмөрийг зориулсан хүн. Ээж нь насаараа Цаг уур, орчны шинжилгээний газарт ажилласан нэгэн. Т.Хосбаяр эмч эрүүлийг хамгаалах салбарт найм дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд гэргий нь ч бас эмч мэргэжилтэй.
-Таны ажлыг харж суухад бас л хэцүү санагдлаа. Ийм хүнд өвчний оношийг шууд л хэлэх шаардлагатай болдог юм байна.
-Рентген эмч зөвхөн хавдрыг оношилдоггүй л дээ. Дүрс оношилгооны мэргэжил эзэмшсэн хүн хаана ч ажиллах боломжтой. Манайх төрөлжсөн эмнэлэг учраас энд үзүүлж байгаа хүмүүсийн 80 хувь нь хавдартай байдаг. Социализмын үед оношийг нь тухайн хүнд шууд хэлдэггүй байсан. Харин одоо хэлдэг болсон. Өвчин нь хүндэрч, сүүлчийн амьсгалаа хураахдаа хүмүүс “Энэ тухай эртхэн хэлчихгүй яав даа. Надад очих газар байсан юм. Захиас ч байлаа” гэж хэлдэг. Тиймээс өвчнөө эрт мэдэж, дараагийн арга хэмжээг түргэн шуурхай авахад нь дөхөм болох үүднээс шууд хэлдэг болсон.
-Хүн бүрийн сэтгэлийн тэнхээ адилгүй. Эмзэглэж хүлээж авах тохиолдол их биз?
-Ийм онош сонсож байгаа хүний 50 хувь нь шууд зөвшөөрдөг. Ер нь л гадарлачихсан, хүмүүс өөрөөс нь нууцлаад байгааг мэдчихээд ирсэн учраас нэг их цочирддоггүй. Нэг хэсэг нь их хэцүү хүлээж авна. Гэхдээ мэдээж үүнийг даван туулж байж л дараагийн арга хэмжээг авна шүү дээ.
-Та яагаад рентгений эмч болсон бэ. Ихэвчлэн эрчүүд энэ мэргэжлийг сонгодог юм билээ. Яагаад тэгдэг юм бол?
-Орчин үед эрчимтэй хөгжиж байгаа мэргэжлийн нэг л дээ. Тоног төхөөрөмж нь шинэчлэгдэн, оношилгоо улам сайжирч байгаа учраас эрэлт ч их болсон. Бас тоног төхөөрөмжтэй харьцдаг болохоор эрчүүдэд илүү нийцтэй байдаг байх. Бас ч гэж ачаалалтай ажилладаг учраас тэсвэр тэвчээр их шаардана.
-Та өдөрт хэдэн хүнд үйлчилдэг вэ?
-Давхардсан тоогоор 120.
-Тэдний 80 хувь нь хавдартай байдаг гэж үү?
-Олонх нь хяналтад байдаг хүмүүс бий. Өдөрт шинээр 10 хүн үзүүллээ гэхэд тэдний хоёр нь хавдартай байдаг. Сүүлийн үед элэгний хавдар их нэмэгдэж байна. Хөдөө орон нутгаас нэлээд хүндэрсэн хойноо ирдэг. Шинж тэмдэг нэг их илэрдэггүй болохоор ингэж оройтдог.
-Танай эмнэлэгт байгаа энэ аппарат хэр сайн төхөөрөмж вэ?
-Дүрс оношилгооны энэ аппаратыг 2008 онд Улаанбаатар хотын хэмжээнд тавыг суурилуулсан. Гуравдугаар шатлалын эмнэлэгт байх хэмжээний өндөр түвшний аппарат биш. Өнөөдрийнхөө хэрэгцээг л хангаж байгаа. Үүнээс илүү сайн аппарат байдгийг мэддэг болохоор тэгж хэлж байгаа юм. Илүү сайн тоног төхөөрөмжтэй бол оношилгоо сайжирч, клиникийн эмч нарын эмчилгээнд нөлөөлнө.
-Гэр бүлээрээ эрүүл мэндийн салбарт ажилладаг гэсэн. Гэргий тань ямар чиглэлээр мэргэшсэн бэ?
-Эхнэр маань шүдний эмч.
-Бас хадмууд нь эмч юм уу?
-Хадам аав маань Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд олон жил ажиллаж байгаа гавьяат багш Энэбиш. Биохимийн Энэбиш гэхээр хүмүүс сайн мэднэ. Хадам ээж маань хүүхдийн эмч. Манай хүний гэр бүлийнхэн бүгд л эмч. Миний нэг эгч эмч.
-Бүгдээрээ өвчтэй, зовлонтой хүмүүстэй харьцдаг болохоор ажлаасаа зүрхшээх, халшрах үе байх уу?
-Үгүй дээ. Бидний сонгож эзэмшсэн мэргэжил болохоор тэгэхгүй л дээ. Гэхдээ хүнд үе байдаг.
-Тэгвэл сайхан нь юундаа байх уу?
-Энэ олон өвчтэй хүний дунд эмч нарын тус дэмээр эдгэрч, эсвэл хавдраа газар авахуулалгүй гам барьж байгаа хүн олон. Харин яах аргагүй хүндэрч, эмчилгээ аваагүй хүмүүсийн хувьд харуусал их байдаг учраас тэр нь ил болсноор эмч нар нэр муутай болдог. Тус дэм авч чадсан нэг нь “Эрүүл” гээд хэлчихвэл өвдчихөж магадгүй гэсэн байдлаар түүнийгээ хэлдэггүй. Үнэндээ эмнэж эдгээсэн нь л олон байгаа. Улаан хоолойн хавдартай олон хүнийг оношилж, илрүүлж байсан. Тэр хавдрыг туяагаар эмчилж зогсоодог.
-Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг. Эрүүл мэндийн салбар тойрсон энэ бүх асуудал та бүхний ажил, үйлсийг харлуулахаар таагүй байдаг байх даа.
-Орой ажлаа тарж очоод зурагт үзээд суухаар хэцүү шүү дээ. Эрүүл мэндийн салбарынхныг их шүүмжилдэг. Зөвхөн миний тухай эсвэл хэн нэгний тухай онцлон яриагүй ч сэтгэл эмзэглэнэ. Уг нь бүгд л аврахыг хүсдэг. Хүндрэлийг нь тооцоолж чадаагүйгээс эсрэг үр дүн гарч болно. Хэцүү л дээ.
-Салбарын нэр хүндийг юу ингэтэл нь унагаад байна вэ?
-Сайд солигдлоо гээд л бүх зүйл өөрчлөгддөг. Энэ чиглэлийн яам үргэлж тогтвортой үйл ажиллагаа явуулж байх ёстой. Эргээд энэ нь эмнэлгүүдээ сульдаагаад байна. Өндөр түвшний аппарат хэрэгсэл авч, зохион байгуулалт, бодлоготой ажиллах боломж бий шүү дээ. Анхан шатны түвшиндээ бид бүх боломжоороо л ажиллаж байна. Хувийн эмнэлгүүдийн аваад байгаа тоног төхөөрөмжийг улсын том эмнэлгүүд авчихаж чадахгүй байгаа нь эмгэнэлтэй. Ингэхээр л гар мухар санагдаад, хэцүү байдаг. Манай эмнэлэгт үзүүлэхээр ирсэн хүнийг бид аль болох чирэгдүүлэхгүй, сэтгэлд нь хүртэл үйлчлэхийг хүсдэг ч ийм өвчтэй хүмүүс эмзэг. Бас хурдхан оношоо мэдэж эмчлүүлэхийг хүснэ. Тэр тохиолдолд ийм оношилгооны аппаратаа ядаж хоёр болгоод, бас эмч нарынхаа тоог нэмбэл шуурхай ажиллана.
-Та өдөрт хэдэн цаг ажилладаг вэ?
-Би өглөө 07.30 цагт ажилдаа ирээд 15.30 цаг хүртэл ажилладаг. Гэхдээ өвчтөний бие муудвал өдөр, шөнө, амралт гэлтгүй л ажиллана.
-Давхар хувийн эмнэлэгт ажиллах уу?
-Үгүй ээ. Бидний цалин ямар билээ дээ. Тэгээд л хүмүүс давхар ажил хийдэг. Үүнийг муулах шалтгаан болгож болохгүй л дээ. Итгэлтэй найдвартай гэсэн хүмүүсээ нэгэндээ санал болгож, бас л өвчтэй зовлонтой хүмүүст тусалчих гээд яваа шүү дээ.
-Хортой нөхцөлд ажиллаж байгаа гэж үздэг үү?
-Туяаны орчин учраас тийм гэж хэлье дээ. Дээхнэ үед сүү уулгадаг байсан гэсэн. Энэ эмнэлгийн барилгыг цацраг туяаны зориулалтаар 1982 онд барьсан учраас харьцангуй хамгаалалт сайтай. Туяаны аппарат байрладаг өрөөний хана тусгаарлагч, шүүгчтэй. Бас энд ажиллаж байгаа хүн бүр энгэртээ туяа хэмжигчтэй. Үзүүлэлтийг сар бүр тогтмол шалгаж байдаг.
-Хавдар залуужиж байна хэмээн нийгэм даяараа эмзэглэдэг. Анзаарвал ямар төрлийн хавдар зонхилж байна вэ?
-Бага, залуу насны эрэгтэй хүүхдүүд ихэвчлэн ясны хавдартай гэж оношлогддог. Үсэрч, цовхорч, унаж, бэртэх гэх мэтээр хөдөлгөөнтэй явдагтай нь холбоотой байх. Нөхөн үржихүйн нас нь хэлбийж байгаа эмэгтэйчүүд умайн хүзүү, хөхний хавдартай байх нь элбэг. Хүн амын нягтаршил, хүнсний аюулгүй байдал гээд олон шалтгаан бий байх аа.
Ж.СОЛОНГО