1890-ээд оны хаврын нэг өдөр Энэтхэгийн бизнесмэн Жамсэтжи Тата өнөөгийн Мумбай, хуучнаар Бомбей хотын хамгийн тансаг зочид буудлын нэг рүү зориг гарган оржээ. Гэтэл яг өөрийнх нь таамаглаж байснаар түүнийг нутгийн иргэн, өнгөт арьстан хэмээн зочид буудлаас хөөсөн байна. Өнөө ч энэтхэгчүүдийн дунд ам дамжин яригддаг “домог”- оор бол Жамсэтжи буудлаас хөөгдсөндөө ихэд цухалдаж “Хэн ч байсан үйлчилдэг, өөрийн гэсэн зочид буудалтай болно доо” гэж өөртөө амласан гэдэг. Энэ явдлаас хэдхэн жилийн дараа буюу 1903 онд тэрбээр “Таж Махал” зочид буудлаа нээжээ. Мумбайн төвд орших энэ буудал хотдоо цахилгаантай, анхны барилгаар тогтохгүй америк сэнс, герман цахилгаан шат, англи тогоочтой, Энэтхэгийн анхны дээд зэрэглэлийн зочид буудал байлаа.“Таж Махал” өдгөө Мумбайн төдийгүй Энэтхэгийн гол нэрийн хуудсын нэг билээ. Энэ бол хэнээс ч юу ч гуйхгүй, хүссэн зүйл нь байхгүй бол бусдын гар харалгүй өөрөө хийж бүтээнэ гэсэн зарчимтай байсан Жамсэтжи Татагийн олон гайхамшигтай түүхийн нэг.
Жамсэтжи Тата 1839 онд хойд Энэтхэгийн Гужарат мужид парси гэр бүлд мэндэлжээ. Түүний өндөр өвөг, элэнц, хуланц нь эрдэмд шамдсан жирийн харц ард, парси үндэстний гол шашин болох зороастерийн шашны лам хуврагууд, байлаа. Харин аав нь шашин номын мөр хөөлгүй, худалдаа наймаа эрхэлсэн, удмынхаа анхны эр хүн байв. Жамсэтжи 14 настайгаасаа эцгийнхээ ажилд тусалж, хөвөн худалдаж эхэлжээ. Татагийнхан яваандаа арилжаа наймааныхаа хүрээг тэлж, овсгоотой Жамсэтжи хүүгийн санаачилгаар хөвөнгөөс гадна цай, зэс, гууль, бүр хар тамхи хүртэл борлуулах болов. Энэ бүхнийг тэрбээр зээлээр авч, тухайн үед наймаалахад ямар нэг хориггүй байсан хар тамхи дамлаж байгаад зээлээ төлчихнө гэж тооцоолсон байна. Үнэхээр ч түүний зөв байлаа. Нэг дор их хэмжээгээр биш ч тасралтгүй зарагдаж байсан хар тамхинаас олсон ашгаараа Жамсэтжи өр, зээлээ барагдуулаад зогсохгүй нэлээд мөнгө хуримтлуулсан тул хилийн дээс алхаж юм үзэж, нүд тайлъя гэж боджээ. Тэгээд ч 1857 онд дэгдсэн энэтхэгчүүдийн тусгаар тогтнолын төлөөх бослого тэмцлээс болж Энэтхэгийн юм бүхэн нэг хэсэгтээ л хөл толгой нь олдохоо болиод байлаа.
Тийм үед ямар нэг том наймаа эрхэлж, аль нэг салбарт их хэмжээний хөрөнгө оруулах нь дэндүү эрсдэлтэй байв. Ингээд дөнгөж 20 шүргэж явсан Жамсэтжи Англи, Америк, эх газрын Европоор хэдэн жил аялжээ. Мөн Хонконг, Хятад, Японд хөл тавьж, Зүүн Азиас бараа татах боломжийг судлав. Колони улс аж үйлдвэрлэлээ л хөгжүүлэхгүй бол хэзээд бусдын эрхшээлд байна гэдгийг тэрбээр энэ урт аяллынхаа эцэст юу юунаас илүү ойлгосон гэдэг. Нутагтаа эргэж ирээд хэдэн жилийн дараа Жамсэтжи эцгийнхээ бизнесээс өрх тусгаарлалаа. Тэр үед залуу Тата 29 настай байв. Улс орноо тусгаар тогтнуулъя гэвэл энэтхэгчүүд юуны түрүүнд үндсэн хэрэглээ болох бөс бараагаа дотооддоо үйлдвэрлэх ёстой гэж тэрбээр үзсэн тул Английн Ланкаширт харсантайгаа төстэй хөвөнгийн үйлдвэртэй болохоор шийджээ. Тэгээд бүтэн есөн жил хөдөлмөрлөж байж 1877 онд Энэтхэгтээ анхны 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай хөвөн, бөс даавууны үйлдвэр байгуулав. Татагийн “Empress Mills” үйлдвэр Виктория хатныг Энэтхэгийн хатан хаанаар өргөмжилсөн өдөр буюу 1877 оны нэгдүгээр сарын 1-нд нээгдсэн байдаг.
Жамсэтжи анхандаа ердийн худалдаачин байснаа туйлын эх оронч, нийгмийн зүтгэлтэн болсон хүн юм. Тэрбээр Энэтхэгийн ирээд үйг свадеши буюу “Эх орондоо үйлдвэрлэв” гэсэн утгатай ганц хинди үгээр тодорхойлж байлаа. Энэ нь 1900-гаад оны эхэн үед дэгдсэн болоод хожим Махатма Гандигийн удирдсан, энэтхэгчүүдийн эрх чөлөөний төлөөх 1940-өөд оны тэмцлийн тулгуур үзлийн нэг болжээ. “Аливаа улс гүрэн хийгээд тодорхой бүлэг хүнийг өөдлөн дэвжээхэд гагц дорой буурайг нь тэтгэн дэмжвэл амжилтад эс хүрнэ. Харин аль чадалтай, самбаатайг нь бусдаас түрүүнд тавих нь алсыг харсан шийдвэр” хэмээн Жамсэтжи Тата бичсэн нь бий. Тэрбээр өөрийгөө тийнхүү бүгдийн тэргүүнд явж, удирдан чиглүүлэх чадвартай гэдгийг мэдэж байлаа. Тиймээс хөвөн самбайхнаас эхэлсэн бизнесээ “хатууруулж” гангийн үйлдвэр лүү шилжүүлэхийг, Энэтхэгийн анхны төмөрлөгийн үйлдвэрийг байгуулахыг битүүхэн мөрөөдөж, зорилгодоо алхам алхмаар ойртож байжээ. Гэхдээ мөрөөдлөө биелүүлж чадалгүй 1904 онд өөд болсон байна. Түүний мөрөөдлийг 1904-1932 онд Татагийнхны бизнесийн гүрнийг удирдсан ууган хүү Дораб нь асар богино хугацаанд биелүүлж, эцгийгээ бурхан болсноос ердөө гурван жилийн дараа ган төмөрлөгийн “Tata Steel” үйлдвэрийг байгууллаа.
Ингэж Энэтхэг орон өөрийн гэсэн ган боловсруулах үйлдвэртэй, Азийн анхны улс болов. Тэр үед Британийн нэгэн түшмэл “Энэтхэгчүүд үйлдвэр ажиллуулж чадахгүй ээ. Хөл нүцгэн улс шүү дээ. Үнэхээр ган боловсруулдаг юм бол тэрийг нь би идэж үзүүлье” гэж бассан гэдэг. Харин дэлхийн I дайн дэгдмэгц “Tata Steel” гангийн үйлдвэр Британийн эзэнт гүрнийг олон чухал тулаанд ялахад хүргэсэн төмөр замын хэд хэдэн өргөтгөлийг дангаараа гүйцэтгэсэн байдаг. Гангийн үйлдвэр байгуулахаас гадна ой ширэнгэн дунд аж үйлдвэрийн хот суурин байгуулж, ард иргэдийн амьдрал ахуйг сайжруулахыг хүсэж байгаагаа Жамсэтжи Дораб хүүдээ маш тодорхой бичиж үлдээжээ. “Хот газрын гудамж, зам харгуй цэгцтэй байх ёстой. Хоорондох зайд нь олон мод тарь. Том барилга байгууламжийн гадна цэцэрлэгт хүрээлэн, үгүй бол бага ч гэсэн зүлэгжүүлсэн талбай байх хэрэгтэйг мартуузай. Гудамж бүрт хөлбөмбөг, хоккейн талбай байвал зүгээр. Хотод маань ведийн хийд, Мухаммедэд итгэгчдийн мөргөлийн газар, христ шүтлэгтнүүдийн сүм зэрэгцэн оршвол хэчнээн сайхан” гэхчилэн эцэг Тата бичсэн байна.
Жамсэтжи Татагийн мөрөөдлийн биелэл болсон хот өдгөө зүүн Энэтхэгийн Жарканд мужийн нутагт бий. Жамшедпур нь тус мужийн хамгийн том хот бөгөөд нарийн төлөвлөлтийн дагуу баригдсан, Энэтхэгийн анхны аж үйлдвэржсэн хот юм. Энэтхэгийн хамгийн “ногоон”, хамгийн цэвэрхэн хотын нэг болох Жамшедпурыг байгуулсан нь Татагийнхны нийгэмдээ хандсан их ажил үйлсийнх нь, хэдэн зуун мянган хүнд сайн сайхан, баталгаатай ирээдүй бэлэглэхийн эхлэл байв. Тэд ажилчдаа 1877 оноос нийгмийн халамжид,1921 оноос эх, хүүхдийн тэтгэмжид хамруулж, 1912 онд ажлын найман цагийн хуваарь баталжээ. Энэ бүхэн нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, ашгаа бусадтай хуваалцсан цагт л аливаа бизнес удаан оршин тогтноно гэсэн үзэлтэй байсан Жамсэтжи Татагийн итгэл үнэмшилтэй холбоотой. “Олон нийт гэдэг бизнесийн санхүүгийн эх үүсвэр юм уу, хувь эзэмшигч биш. Харин арилжаа наймаа, аливаа үйлчилгээний цөм хийгээд ерөөс ийм харилцаа оршин байгаагийн үндсэн шалтгаан юм” гэж тэрбээр олонтаа хэлж байж.
Жамсэтжи Тата Банглор хотод Энэтхэгийн шинжлэх ухааны хүрээлэнг байгуулсан гавьяатай. Энэтхэгч үүд ирээдүйн инженер, эрдэмтэн, судлаачдаа өөрсдөө бэлтгэх нь хөгжил дэвшлийн бас нэг суурь болно гэдэгт тэрбээр итгэлтэй байв. Тата болон түүний хөвгүүд ашиг орлогынхоо дийлэнх хувийг итэмжлэгдсэн буяны сангуудад хуваан байршуулжээ. Тэдгээр сан нь хожим нэгдэж, “Тата” группийн 66 хувийг эзэмшдэг “Татагийн хөвгүүд” компани болсон байна. Хөрөнгө мөнгөө цөөн хэдэн хүний гарт төвлөрүүлэхгүй байх энэ шийдвэр нь бизнесийн ирээдүйд эергээр нөлөөлж, богино хугацаанд ашиг олох гэхээсээ урт хугацааны явцад бүр их хэмжээний тогтсон орлоготой болоход хүргэв. Татагийн гэр бүл одоо ч бүх хувьцааныхаа ердөө гурван хувийг эзэмшдэг. Энэ нь хувьцаа эзэмшигчид болоод группийн гишүүн компаниудын эздэд итгэл төрүүлдэг гэж мэргэжилтнүүд үздэг. Тэгээд ч Татагийнхан олуулаа биш тул он удаан жил хамтран ажилласан харилцагч түншүүд болон итгэлийг нь олсон хувьцаа эзэмшигчдээ өөрийн хүнээс дутахааргүй үнэлдэг аж.
Ийм итгэлцэл бий болоход Татагийнхны даруу зан, эгэл жирийн амьдралын хэв маяг нь мөн нөлөөлсөн байна. 1938 онд 34 настайдаа группийн ерөнхийлөгч болсон Жехангир Тата (аав Ратанжи Тата нь Жамсэтжи Татагийн үеэл байв) уг нь үйлдвэрийн эзэн болохыг хүсээгүй гэдэг. Гэр бүлийнхээ бизнесийг хагас зуун жил удирдаж, улсынхаа хамгийн нэр хүндтэй хүний нэг болсон ч түүний ганц мөрөөдөл нь нисгэгч болох байв. Жехангир нисгэгчийн үнэмлэхтэй, Энэтхэгийн анхны иргэн бөгөөд Англи, Энэтхэгийн хооронд ганцаарчилсан нислэг үйлдсэн хоёр дахь хүн юм. Гэр бүлийн үүрэг хариуцлага нь түүнийг “тэнгэрээс буулгасан” ч хүсэл мөрөөдлөө бизнестэйгээ уялдуулж, Энэтхэгийн анхны агаарын шуудангийн үйлчилгээг бий болгожээ. Анхны нислэгийг нь тэрбээр өөрөө хийсэн байдаг. Тэр үед онгоц хөөрөх, буух зурвас гэж байсангүй. Хэдэн шуудай дүүрэн захидал, илгээмж бүхий онгоцоо Жехангир элс, шавраар зассан зам дээр буулгаж байжээ.
Түүний санаачилсан агаарын шуудангийн үйлчилгээ нь Энэтхэгийн анхны иргэний агаарын тээврийн үйлчилгээний эхлэл байлаа. Хожим “Air India” нэртэй болсон “Tata Airlines” Татагийн гэр бүлд маш их амжилт, ашиг орлого авчирчээ. Хэсэг хугацаанд улсын мэдэлд давхар харьяалагдаж байсан уг компани бүх авиа компанийг улсынх болгох 1953 оны шийдвэрээр Татагийнхны мэдлээс гарч, улсын өмч болсон байна. Гэсэн ч Жехангир Тата 1978 он хүртэл компанийн Удирдах зөвлөлийн гишүүн байжээ. Улсдаа иргэний агаарын тээврийн анхны компанийг нь “бэлэглэсэн” түүний нислэгийн салбар дахь ажил үүгээр дуусав. Энэ нь Жехангирийг мэдээллийн технологид анхаарал хандуулахад хүргэсэн байна. 1968 онд байгуулсан “Tata consultancy services” буюу зөвлөх үйлчилгээний байгууллага нь Энэтхэгийг компьютержуулах их ажлыг эхлүүлсэн гол компанийн нэг юм. Энэ нь цаг үеэсээ түрүүлсэн, Энэтхэгийн эдийн засаг хүнд байхад хийсэн гэхэд маш эрсдэлтэй, төдий хэрээр зоригтой ажил байлаа. Өдгөө “Tata consultancy services” нь группийнхээ хамгийн их ашиг орлоготой компани болжээ.
Жехангир Татагийн орыг 1991 онд түүний хаяал Ратан Тата залгамжлав. Энэ нь Энэтхэгийн эрх баригчид хувийн бизнесийнхэнд өмнөхөөсөө уян хатан хандаж эхэлсэн үетэй давхацсан тул Татагийнхний шинэ удирдагч дэлхийн тавцанд гарахыг юу юунаас илүү чухалчилжээ. Тэрбээр “Tetley” цайны үйлдвэрийг худалдан авч, даатгалын AIG групп, АНУ-ын “Ritz-Carlton” зочид буудал, Европын “Corus steel” гангийн үйлдвэр, Өмнөд Солонгосын “Daewoo” компанийн хүнд машин механизмын үйлдвэрийн хувьцааг эзэмших болов. Ингэснээр Тата гэдэг нэр хаа сайгүй үзэгдэх болж, “Цайнаас IT хүртэл” гэдэг үг Тата группийг тодорхойлж эхлэв. Гэхдээ бүхий л талаар Энэтхэгийн хамгийн “том”, хамгийн итгэл даасан, олны хүндэтгэлийг хүлээсэн эрхмүүд болоод ч Татагийнхан эгэл даруу зангаа гээсэнгүй. Жехангир Тата Мумбай хотын төвөөс холгүй, компанийнхаа төв байрны ойролцоо байшин түрээсэлж байсан бол Ратан Тата машинаа үргэлж өөрөө жолооддог байв. Машины хорхойтон тэрбээр олон жил дотроо тээсэн мөр өөдлөө 2009 онд биелүүлж, дэлхийн хамгийн хямд нано машин үйлдвэрлэсэн нь 100 мянган рүпи буюу 1600 ам.долларын үнэтэй “Tata” хүлэг байлаа. Татагийнхан нийгмийн үйлсэд жилд дунджаар 200 сая ам.доллар зарцуулдаг.
Тэдгээр сайн дурын ажилд нь Жамшедпур орчмын дэд бүтцийг сайжруулахаас эхлээд эмэгтэйч үүдэд бичиг үсэг заах, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, бага ястнуудын үндэсний хөгжмийн өвийг хамгаалах гээд олон хөтөлбөр багтдаг. Нийгмийн тусын тулд хийсэн олон ажлаараа танигдаж, 2006 онд “Татагийн хөвгүүд”-ийн Удирдах зөвлөлд багтсан Сайрус Мистри 2012 онд группийн ерөнхийлөгч болжээ. Хэдийгээр Тата овгийн биш ч тэрбээр татагийнхантай ургийн холбоотой аж. Сайрус Мистригийн удирдлага дор “Тата” групп сайн санааны үйлсэд хамгийн их хөрөнгө оруулдаг, дэлхийн топ 20 компанийн нэг, хамгийн их итгэл хүлээсэн, дэлхийн хамгийн нэр хүндтэй 11 дэх брэнд болоод байна. Гэсэн ч Татагийн бизнесийн эзэнт гүрний гол зарчим өөрчлөгдсөнгүй. Зороастерийн шашны “Хумата хукта хуаршта” буюу “Зөв санаа, зөв үг, зөв үйлдэл” гэсэн үг татагийнхны гол үзэл хэвээр байна.