“Борлуулалт эрс багасаж, ашиг олохоо болилоо. Иргэдийн худалдан авах чадвар муудсан байна. Цагаан сар дөхсөн үед уг нь нэмэгдэх ёстой ч хүмүүс ирж үзэхээс хэтрэхгүй юм” гэж модон тавилга үйлдвэрлэдэг Б.Баатархүү хэлэв. Тэрбээр мөн “Иргэд үндэсний үйлдвэрлэлээ сонгож, Эрээнд манай наймаачид бараг алга гэсэн нь худал. Хүмүүс мөнгөгүй болчихоод үндэсний үйлдвэрийн болон урд хөршийн барааны алийг нь авч чадахгүй байна шүү дээ” гэж нэмж хэлсэн юм. Манай жижиг, дунд үйлдвэрлэгчид төрийн дэмжлэг, санхүүгийн хүндрэл, борлуулалт, зах зээлээ хамгаалах гээд бараг 10 жилийн өмнө хэлдэг байсан зүйлсээ одоо ч ярьсаар сууна. Нэг үеэ бодвол тэд бүтээмжтэй ажиллаж, ядаж л юу, юу үйлдвэрлэж буйг дотоодын хэрэглэгчид бага ч гэсэн мэддэг болсон. Өөрөөр хэлбэл, тэд аливаа саад бэрхшээлийг даван туулж, урагшилсаар байгаа ч зах зээлийн орчин, төрийн бодлого төдийлэн өөрчлөгдсөнгүй.
Засгийн газраас 1999, 2005 онд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр, 2007 онд Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль баталснаар үйлдвэрлэл эрхлэх иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэх болсон. Гэсэн ч наад зах нь манай бизнес эрхлэгчид үнэхээр үр дүнтэй ажиллаж байгаа, эсэхийг нягталсан тоон мэдээлэл манайд өдий хүртэл байхгүй. Үеийн үед төрөөс олгож байсан хөнгөлөлттэй зээл, сангуудын тусламж хэр үр дүнтэй байж, өдгөө ямар үр дүнд хүрсэн, ямар дэвшил авчирсныг нарийн гаргасангүй. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэж хэн болохыг ажилчдын тоо болон жилийн борлуулалтын орлогоос хамааруулан ангилсан байдаг. Аж ахуйн нэгжийн тоо 100.000 гаруй, үүний 60 орчим хувь нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Тэдний 80 гаруй хувийг нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хамруулж болно гэсэн тойм тоогоор ярьж, хэмжиж ирэв.
Тэдгээрийн хэд нь жижиг, аль нь дунд юм гэдгийг ялгаагүй тул бүдэг бадаг баримжаатай. Үйлдвэрлэл эрхлэгчид ажлын байр, борлуулалт, хүний нөөц, бүтээгдэхүүнээ зах зээлд таниулахад үүсдэг бэрхшээл зэрэг цөөнгүй хүндрэл бийг дурдаж байна. Гэхдээ энэ бүгдийг нь шийдэх ганц зүйл болох санхүүгийн байдал нь тэдний гол чөдөр гэнэ. Арилжааны банкны зээл хэтэрхий өндөр хүүтэй гээд улсаас олгодог хөнгөлөлттэй зээл рүү олонх нь хошуурдаг ч хэмжээ хязгаартай тул хаанаа ч хүрдэггүй. Үүнээс болж “Зээл жинхэнэ эздэдээ хүрсэнгүй, таньдаг хүн, ах дүү, хамаатан садандаа өглөө” гэх маргаан “жижиг, дундынхан”-ыг байнга дагадаг. Уг нь санхүүгийн хүндрэл, зээлийн асуудлыг нь хөнгөвчлөх зорилгоор төрөөс хэд хэдэн санаачилга гаргасан.
Зээлийн батлан даалтын сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан байгуулж, түүгээр дамжуулан зээл олгож буй. Хөдөлмөрийн яамнаас жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгж үүлэх зорилгоор нийслэл болон аймгийн төвүүдэд бизнес инкубатор төвүүд байгуулсан. Дээрх төвүүд нь шинээр бизнес эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй үнээр түрээсийн байр олгохоос эхлээд бизнесээ эхлүүлэхэд нь хэрэг болох сургалт, сурталчилгааг хоёр жил хүртэлх хугацаанд явуулдаг.
Нийслэлийн хувьд “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” нийслэлийн өмчит үйлдвэрийн газар бий. Тус газар нь бүх дүүрэгт салбар төвтэй гээд үзвэл энэ төрлийн байгууллага цөөнгүй. Харин үйл ажиллагааны цар хүрээ нь, хэрэгжүүлж буй арга хэмжээ нь хэр өргөжсөн бэ гэдэг нь л өдгөө гол асуудал болчихоод буй. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих талаар чамгүй олон жил ярьсан ч яагаад үр дүнд хүрэхгүй байна вэ. Цаашид төрөөс ямар арга хэмжээ авах гэж байгаа талаар холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа.
Г.БИЛГҮҮН: Аль нь бичил, жижиг, дунд бизнес болохыг ялгана
Аж үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Билгүүнтэй ярилцлаа.
-Манайд жижиг, дунд үйлдвэрлэгч хэд байна вэ?
-Аж үйлдвэрийн яам байгуулснаас хойш статистик мэдээллийг цэгцэлж эхэлсэн. Одоогийн мэдээллээр жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж 40.000 бий. Цаашид энэ тоог бичил, жижиг, дунд гэсэн шинэ ангиллаар нарийн тооцдог болно. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд бичил гэх ангилал оруулж ирэх талаар ярьж байна. Өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэдийг энэ ангилалд хамруулна. Харин жижиг, дунд гэдэг нь байр, тоног төхөөрөмж, мэргэшсэн ажилтантай, илүү үйлдвэржсэн хэсэг байх юм. Ийм ангилалтай болгож, аль нь бичил, жижиг, дунд бизнес болохыг ялгах нь чухал. Одоогоор ажлын хэсэг байгуулан хуулийг шинэчлэн боловсруулж байна.
-Аж үйлдвэрийн яам жижиг, дунд үйлдвэрлэгчдээ хэрхэн дэмжих вэ?
-Жижиг, дунд үйлдвэрлэлийн нэг онцлог нь хэсэгчлэн харвал олон жижиг зүйл мөртлөө бүгдийг нь нэгтгэн зохион байгуулалтад оруулж чадвал томоохон үйлдвэртэй тэнцэхүйц юм. Тиймээс цаашид тэднийг нэгтгэхэд анхаарна. Өөрөөр хэлбэл, олон жижиг үйлдвэр хоорондоо өрсөлдөх биш, нэгдэж зах зээлд гарах хэрэгтэй. Бүгд ижил бүтээгдэхүүн үйлдвэрлэх бус, хэсэг хэсгээр нь хуваан авч үйлдвэрлэх зарчимд шилжүүлэх бодлоготой. Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг Засгийн газрын хуралдаанаар баталж, өдгөө УИХ-д өргөн бариад байна. Хаврын чуулганаар хэлэлцэх болов уу. Уг бодлогыг дагалдуулан Аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын стратеги төлөвлөгөө гаргана. Энэ нь гурван үе шаттай, үе шат бүр нь таван жилийн стратеги төлөвлөгөөтэй. Эхний үе шат болох 2015-2020 онд түүхий эдээ дотооддоо боловсруулж, өндөр техник, технологи нутагшуулах, экспортыг дэмжих, импортыг орлох аж үйлдвэрийн бодлого хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэхдээ импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг нь түлхүү дэмжих юм. Үйлдвэрлэгчид хамгийн сүүлийн үеийн технологи нэвтрүүлэх хэрэгтэй. Монгол Улс гурван сая хүн амтай болсон. Маш олон ажлын байр шингээдэг үйлдвэртэй болбол манай ажиллах хүч хүрэлцэхгүй. Тиймээс мэдлэгт суурилсан аж үйлдвэр хөгжүүлж, сүүлийн үеийн компьютер, тоон удирдлагатай тоног төхөөрөмж оруулж ирж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ. Техник, технологи оруулж ирэх нь мэдээж өртөг өндөртэй байх. Гэхдээ дараа нь зардал бага гарна. Хүн ам олонтой улс иргэдээ ажилтай байлгахын тулд гар ажиллагаа ихтэй үйлдвэр байгуулдаг бол манайд эсрэгээрээ байх ёстой. Аль болох гар ажиллагаа багатай, өндөр технологид суурилсан, автоматжуулсан тоног төхөөрөмж оруулж ирэх ёстой гэдгийн учир нь энэ.
-Үйлдвэрлэгчдэд зээлийн болон бусад талын тусламж үзүүлдэг улсын хэчнээн байгууллага байдаг вэ?
-Үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгож байгаа. Гэхдээ бүгдэд нь өгөх боломжгүй. Импортыг орлох, өрсөлдөх чадвар сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, шинэ техник, технологи нэвтрүүлсэн байх шалгуур үзүүлэлтээр хөнгөлөлттэй зээл өгдөг. Зээлийн батлан даалтын сан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжуулан ийм зээл олгож байна. Мөн улсын хэмжээнд инкубатор төв тав бий, үйл ажиллагаа нь сайн байгаа. Гэхдээ цаашид сайжруулах шаардлагатай зүйл цөөнгүй. Зээлийг зориулалтаар нь ашигласан, эсэхэд жил бүр мониторинг хийдэг. Өдгөө бид мониторингийн журмыг шинэчилж байна.
Б.ОДГЭРЭЛ: 25.000 аж ахуйн нэгжээс 3000 гаруйтай нь холбогдсон
“Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын дарга Б.Одгэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.
-Жижиг, дунд үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд нийслэлээс өнгөрсөн онд таван тэрбум төгрөгийн зээл олгох болсон. Үүнийг хэчнээн аж ахуйн нэгжид хуваарилсан бэ?
-Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг санхүүгийн эх үүсвэрээр хангана гэсэн зорилт бий. Үүний дагуу нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2014 онд таван тэрбум төгрөгийн зээл өгөх болсон. Нэг аж ахуйн нэгж 30-500 сая төгрөгийг таван хувийн хүүтэй авч, эргэн төлөхөөс нэг жил чөлөөлөгдөж болно. Үүгээрээ үйлдвэрлэл эрхлэгчдээ маш сайн дэмжсэн, үр дүнгээ өгөх боломжтой зээл юм. Технологийн шинэчлэлд л энэ мөнгийг зарцуулах ёстой. Эхний ээлжинд сүүний үйлдвэр үүдэд дөрвөн тэрбум төгрөгийг нь олгосон. 11 ферм, үүний дотор сүүний хоёр үйлдвэр зээл авах болсон. Мөн жижиг, дунд 16 үйлдвэрт тэрбум гаруй төгр өгийн зээл өгсөн. Нийт 300 гаруй төсөл ирүүлснийг шат шатанд нь хянаж, шалгасны дүнд цөөхөн хэдэд нь өглөө. Улаанбаатар хотын хэмжээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч 25.000 орчим байгаа.
-Энэ онд нэмж зээл олгох уу?
-Нийслэлийн энэ оны төсөвт 3-4 тэрбум төгрөг суулгасан.
-Дүүрэгт бүрт байдаг танай харьяа төвүүд ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Үйлдвэрлэл эрхлэгчдийг бүтээгдэхүүнээ борлуулах хямд түрээстэй байраар хангадаг, сургалтад хамруулдаг, үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг. Баянгол, ХанУул дүүрэг дэх төвүүд ийм үйл ажиллагаа явуулах байргүй боловч сургалтын өрөөтэй. Цаашид нийслэлийн ЗДТГ-т дахин төлөвлөлт хийж буй газарт ажлын хямд байр барих санал хүргүүлээд буй. Ер нь хүн бүр нэг байр барихаасаа илүү бодлогоор түрээсийн хямд байр барьж, үйлдвэрлэл эрхлэгчдэдээ бүтээгдэхүүнээ борлуулах боломж олгох ёстой.
-Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд бизнес эрхлэгч 25.000 иргэн, аж ахуйн нэгж голдуу ямар үйлдвэрлэл эрхэлж байгааг судалсан уу?
-Сүүлийн гурван жилийн дотор манай төв 3353 үйлдвэртэй хамтран ажилласан байна. Дүүрэг хариуцсан мэргэжилтнүүд үйлдвэрүүд дээр нь очиж, судалгаа мэдээлэлдээ хамруулсан тоо нь энэ. Өнөөх 25.000 гаруй иргэн, аж ахуйн нэгжээс 3000 гаруйтай нь холбогдсон гэсэн үг. Үүнээс гадна аль дүүргийн аль хороонд ямар ямар үйлдвэр байна вэ гэсэн нарийвчилсан судалгаа хийсэн. Эдгээрээс үзвэл манайд оёдол, нэхмэлийн үйлдвэр хамгийн олон байна. Мөн хүнсний, түүн дотор хиам, нарийн боовны үйлдвэр ч цөөнгүй. Нэг сайшаалтай тал нь манай жижиг, дунд үйлдвэрүүд сүүлийн жилүүдэд техник, технологио сайжруулж, бүтээгдэхүүнийхээ чанарт голлон анхаардаг болж, энэ хэрээр хөгжиж байна. Хэрэглэгчийн шаардлага өнд өрсс өн учир ийм байдалд шилжихээс өөр аргагүй. Гэсэн ч үйлдвэрлэл эрхлэгчид эрсдэлтэй байдалд байна, байнга үйл ажиллагаа явуулж чадахгүй, улирлын чанартай ажилладаг. Эдийн засгийн хямрал болон бусад шалтгаанаас үүдэлтэйгээр “шигшигдэж”, хөгжих боломжгүй нь өдгөө хаалгаа барьж байна.
Ч.МӨНХЗУЛ