Р.РАШ
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн зөвлөх
АХМАДЫГ СОНСОЖ, ЗАЛУУЧУУДЫГ ДЭМЖИХ НЬ
...Саяхан Зүүнхараагийн вагон депогийн ажилтан Р.Маргад-Эрдэнэ, их сургуулийн оюутан Т.Батсүх гэж хоёр залуу надтай уулзаж санал бодлоо солилцлоо. Тэд төмөр замын дүрмийг хөдөлгөөнчдийн гар утсанд суулгах, барилгын салбарт хэрэглэж болох ажил хэрэгч олон санал гаргаж байв. Би эдгээр асуудлыг судалж үзэхийг замын удирдлагуудад санал болгосон. Орчин үеийн энэ эринд мэдээллийг мэдлэг болгож, түүнийгээ амьдралд хэрэглэж сурах л хэрэгтэй. Одоо ажиллаж буй ахмад болоод дунд үеийнхэн нь залуучуудаа тэр бүр сэтгэлээсээ ажилд хандахгүй байна гэх яриа ихээхэн чих дэлсэж байна. Хүн хийж буй ажилдаа сэтгэлээ өгч чадвал аяндаа түүнээсээ таашаал авдаг юм. Үүнд ажлын байрны нөхцөл, хамт олны доторх уур амьсгал гээд олон зүйл нөлөөлөх нь ойлгомжтой. Өнөөгийн манай нийгэмд ахмад үе, залуу үе нь бие биенээ үгүйсгэх хандлага хааяа ажиглагдах болов. Ахмадууд нь залуучуудаа юм мэдэхгүй, амьдрал үзээгүй гэж чамлана. Нөгөөдүүл нь эд хөгшин, хоцрогдсон гэх. Япон, Хятад зэрэг оронд бол эсрэгээрээ байна шүү дээ. Тэдэнтэй харьцуулахад бидний ухамсрын түвшин нимгэн нь нимгэн л байх. Ер нь шалдан тал дээр цэцэг ургадаггүй шүү дээ. Манай Замын хоёрдугаар ангид Багш, шавийн гэрээ байгуулж, түүнээ чанартайгаар хэрэгжүүлж ажиллахыг хичээдэг бэлээхэн туршлага байна. Үүнийг бусад нь цаашид бүтээлчээр авч хэрэглэж, дэлгэрүүлбэл нийтэд хэрэгтэй юм.
ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ
Залуучуудыг ажилд ороход нь хөдөлгөөнчдийн хувьд бол дагалдуулан ажиллуулж байгаа. Тэгвэл хөдөлгөөний бус ажилд ч тухайн ажлын байрны тодорхойлолтыг ойлгуулах нь зүйтэй. Үүнийг Японд “Хүний нөөцийн чиглүүлэх сургалт” гэж нэрлэж байна. Тэр сургалт их гүн, гүнзгий агуулгатай юм билээ. Үүнийг манай хүний нөөцийн нөхөд их анхаарах хэрэгтэй юм шиг. “Айлаас эрэхээр авдраа уудал” гэж бүр социалист нийгмийн үед ч орос нөхөдтэйгөө хамтарч хуримтлуулсан их туршлага бидэнд бий шүү дээ. Халамжлан хүмүүжүүлэгч гээд л... Бид ямарваа нэгэн зүйлд авах гээхийн ухаанаар л хандах учиртай. “Анхны алхам” кинон дээр гардаг дадлагын оюутан охин хадлангийн бригад дээр ирээд юу сураад, ямар сэтгэгдэлтэй буцдаг билээ. Хадлангийн хэдэн өвгөчүүл доголон нулимстай л үлддэг. “Газрын жигүүр” киноны машинч Ширнэн ч ялгаагүй. Японы чиглүүлэх сургалтад шинэ хүнд мэргэжлийн дадлага эзэмшүүлэхэд анхаарахаас гадна ёс суртахууны хүмүүжил олгоход бүр илүү их ач холбогдол өгдөг юм. Үүнийгээ тэд хүний “цөм чанар” гэж нэрлэнэ. Барууны орнуудад үнэнч зан чанарыг хүмүүсийн тархинд суулгаж өгөхөд их ач холбогдол өгч байна. Дундговь аймгийн Адаацаг сумын хоньчин, хөдөлмөрийн баатар Дашзэвэг гуай “Ёс суртахуунгүй боловсрол бол ишгүй хутгатай адил” гэж ярьсан байдаг.
АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ
Өнөөдөр дэлхий даяар нарийн мэргэжлийг “шүтэх” үзэл газар авч байна. “Оюутолгой”-д нэг үе нарийн мэргэжлийн гагнуурчин их дутагдлаа шүү дээ. Зөвхөн төмөр зам төдийгүй улсын хэмжээнд хүний нөөцийн нарийн төлөвлөлт их чухал байна. Үүнийг ажлын байрны тодорхойлолт, түүнийг хэрхэн зөв төлөвлөхөөс эхэлнэ. Хөдөлмөрийн биржид бүртгэлтэй, бүртгэлгүй, мэргэжлийн диплом өвөртөлсөн ажилгүй залуучууд олширлоо. Тийм учраас хүний нөөцийн төлөвлөлт гэдэг нь шинжлэх ухааны үндэслэлтэй хөдөлмөр зохион байгуулалт, ажлын байрны тодорхойлолтоос шууд хамаарна.
ЦАЛИН ХӨЛС, ШАГНАЛ УРАМШУУЛАЛ
Цалин хөлс, шагнал урамшуулал нь “чадвар, хариуцлага, ачаалал” гэсэн шалгуураар хэмжигдэх ёстой. Авьяаслаг ажилтнуудыг дэмжих хоёр арга байдаг. Нэгдүгээрт нь, ажил, албан тушаалыг нь өсгөх, хоёрдугаарт нь ажил, албан тушаал нь хэвээрээ, харин цалин хөлсийг нь удирдлагын түвшинд ойрттол нэмдэг. Эдгээр арга хэмжээ нь чадварлаг боловсон хүчнүүдийг тогтоож барихад хэрэгтэй зүйл. Ийм үнэ цэнэтэй хүмүүсийг өмчтэй болоход нь хувьцаа эзэмшүүлэх гэх мэтийн аргыг Германд хэрэглэдэг байна. “Зах зээлийн эдийн засгийн нийгэмд боловсон хүчнүүдийг удирдах онол” гэж Й.Хентце, Й.Метнер нарын зохиогчтой ном байдгийг манай хүний нөөцийн асуудал хариуцсан удирдах албаны хүмүүс уншаагүй бол сонирхож судлах нь зүйтэй юм. Эдгээр номонд арав гаруй хэлбэрийг тоочсон байгаа. Зарим нь ч биднийхтэй ижил. Шагнал, урамшуулал нь хүний оюун тархиар дамжиж ажлын амжилтад нөлөөлдөг. Гагцхүү зүгээр суусан нь шагнуулаад, зүлгэж суусан нь хоцорч л таарахгүй. Хүн гэдэг чинь өчүүхэн зүйлд баярлаж, өчүүхэн зүйлд гомддог амьтан шүү дээ. Ийм учраас хүнийг урмаар тэтгэх асуудал чухал юм.
БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АППАРАТ
1. Аливаа байгууллагын ажлын чанар, үр дүн нь аппаратын чадавхиас шууд хамаарна. Удирдлагын ажлын аппарат нь аль болох цомхон бөгөөд чадамжтай, хариуцлагаа гүнээ ухамсарласан, өндөр мэдлэг боловсролтой, туршлагатай, албан ажлынхаа төлөө сэтгэл нь зовдог тийм хүмүүсээс бүрдсэн байвал зохино. Мөн бүрэлдэхүүний хувьд ажлын туршлага, залуу эрч хүч хосолсон байвал зохимжтой юм. Нас, хүйс хүртэл зөв харьцаанд байх ёстой. 2. Мэргэжлийн өндөр ур чадвар, тэр нь практик туршлагаар баяжсан байх нь чухал. Манай төмөр замын салбарт шинэ боловсон хүчнийг ажлын хамгийн багаас нь эхлүүлж явуулдаг бичигдээгүй хууль бий шүү дээ. Ийм хүн албан тушаал хашаад ирэхээрээ ядаж хүнд элэг бариулдаггүй юм. 3. Бичиг хэргийн боловсруулалт, эмх цэгц, гарсан шийдвэрийн гүйцэтгэлд тавих хяналт сайн байх ёстой. Ингэж гэмээнэ шийдвэр гүйцэтгэлийн нэгдэл хангагдана. Дээр үед Д.Дашравдан гуай төмөр замын захиргааны хэлтэст ажиллаж байхдаа депогийн Б.Шаравжамц гуайгаас Н.Цэрэнноров даргын шийдвэрийг нэхээд, удаад байхаар нь “даргын хоолой”-гоор шаардахад цаадах нь хэдхэн хормын дараа гозосхийсэн гэдэг. Цааш нь манай бичиг баримтын төсөл боловсруулах тал дээр А.Чойдорж, Д.Дашравдан, В.Отгондэмбэрэл, Н.Нэргүй, Г.Вандандагва, Ж.Нямаа, техникийн хэлтсийн Д.Дашзэвэг нар зэгсэн байсан юм. Зам тээврийн яамны Тамгын газрын дарга байсан Монгол Улсын гавьяат тээвэрчин Ц.Маналжав нь аппаратын шалгарсан жинхэнэ ажилтан байлаа. Түүний боловсруулсан шийдвэрийн төсөлд нэмэх ч юм байдаггүй, хасах ч юм гардаггүйсэн. Ингэж л шийдвэрийн бичиг, баримт “шахсан бяслаг” шиг боловсрогдсон байх ёстой. Албан хэрэг хөтлөлт бол аппаратын ажлын чухал хэсэг нь юм. Үүнд “нууцлал” ч нэгэн адил хамаарагдана. 4. Иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч барагдуулах ажил нэн чухал зүйл юм. “Түүнд хэлсэн, хаданд хашгирсан хоёр адилдаа адил, годилдоо годил” гэсэн нэрийг л албан тушаалтан хүн зүүхгүй байх нь чухал. Иргэдийн тавьсан асуудалд цаг хугацаанд нь заавал хариу өгөх нь зүйтэй. Эцэст нь дүгнээд хэлбэл, аппарат гэдэг нь нэгдүгээрт хүн, хоёрдугаарт албан хэрэг хөтлөлт, гуравдугаарт зохион байгуулах ажил, үүний дотор хяналт тавих гурвыг тоймлож хэлж болох юм.
БАЙГУУЛЛАГЫН ДОТООД ЖУРАМ
Зорилго чиглэл нэгтэй, үйл ажиллагаа нь нарийн дэг журмаар зохицуулагдсан хүмүүсийн зохион байгуулалттай нэгдлийг байгууллага гэнэ. Байгууллага, хамт олны гишүүн бүрийн үйл ажиллагаа нь тухайн хүрээнд тогтоогдсон нарийн дэг журамд захирагдана. Дотоод журамд ажилтан, ажиллагсдын эрх, үүргийн нэгдлийг нарийвчлан эрэмбэлэн зааж өгдөг. Нэг хүний эрхийн хэм хэмжээ нь нөгөө хүний болон байгууллагын хүрээгээр хязгаарлагдана. Зарим хүн эрхээ эдлэх гэж байгаа нь энэ гээд үүргээ мартаад байдаг тал бий. Ийм дутагдал өнөөдөр манай нийгэмд нэлээд түгээмэл байна. Гэхдээ бурууг дуурайж буруу үйлдэл хийж болохгүй шүү дээ. Байгууллага, хамт олны дотор, түүний нэр хүнд, эрх ашгийг хүндэтгэж өөрийгөө зөв авч явна гэдэг бол хувь хүний том соёл юм. Дотоод журмыг зөрчсөн этгээдэд тушаалаар арга хэмжээ авна. Гэхдээ хийсэн хэрэгт нь тохирсон зэмлэл байх учиртай. Зарим үед хэтрүүлэх гээд байдаг гэм бий. Дотоод журам нь байгууллагын хэмжээнд нийтлэг мөрдөх хэм хэмжээ юм. Тэнд цаагуураа ёс суртахууны элементүүд их шингэсэн байдаг. Байгууллага өөрийн дотоод журмаа шаардлагатай үед цагийг нь олж шинэчилж байх нь зүйтэй.
БАГААР АЖИЛЛАХ
Баг, хамт олон гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ нь зөвхөн удирдлага дээр яригдах зүйл биш, үйлдвэр, албан газрын анхан шатны нэгжид хүртэл байдаг ойлголт юм. Байгууллага, компанийн удирдлага нь тухайн хөдөлмөрийн хамт олны үйл ажиллагааны цөм гэлтэй. Удирдлагын баг нь ажил хэргийн өндөр мэдлэг, боловсролтой, ажлын чадавхи сайтай, зохион байгуулах авьяастай, хамт олондоо нэр хүндтэй, өндөр ёс суртахуунтай, үнэнч шударга хүмүүсээс бүрддэг. Үүнийг баг гэж хэлж болно. Багаар ажиллах чадварыг эзэмшинэ гэдэг нь зөвхөн нэгдүгээр хүнд хамаатай зүйл биш. Багийг бүрдүүлж буй бүх хүмүүст нэгэн адил хамаарна. Ер нь багаар ажиллана гэдэг нь чухам юуг хэлж байгаа юм бэ гэвэл бие биеийнхээ сайн талыг, үнэ цэнийг үнэлэх чадварыг эзэмшсэнийг хэлэх болов уу. Бас байгууллагын эрхэм зорилго, зорилтыг биелүүлэхийн төлөө санал нэгдэж бие биенээ ойлгож дэмжиж ажиллах хүмүүсийн нэгдэл гэж ч хэлж болох юм. “Дарга хүн” гэж хэнийг хэлдэг вэ гэвэл ажил үүргийнхээ хуваариар эрхэлж буй ажлынхаа хүрээнд бусдыг хөтлөн авч явах увдистай хүнийг хэлнэ. Удирдах ажилтанд нэр хүнд хамгийн чухал байдаг. Гэхдээ түүнийг өөрөө улайран хөөцөлдөж бий болгодоггүй, хамт олон аяндаа “хайрладаг” зүйл юм. Манай нийгэмд хувийн нэр хүнд нь албан тушаалынхаа нэр хүндэд дүүжлэгдэж яваа хүмүүс зөндөө. Амьдралын хүндийг ч, ажлын хэцүүг ч цээл ухаанаар давдаг, харахад нүдэнд дулаан, ханилахад сэтгэлд дотно тийм хүмүүс л удирдлагад олноороо байх шаардлагатай юм.
ӨӨРИЙН ШҮҮМЖЛЭЛ
Ажил хэрэгч, эрүүл шүүмжлэл бол байгууллагын ажилд эм тариа л гэсэн үг. Харин хэт давсалсан, бүр гүтгэлгийн шинжтэй бол ажилд нэмэр болохгүй нэрмээс болдог эд юм. “Шүүмжлэл бол шоколад биш” гэж дээр үеийн Зөвлөлтийн өндөр албаны нэгэн хүн хэлсэн байдаг. Гашуун ч гэсэн үнэн шүүмжлэлийг ТӨМӨР ЗАМЫНХАНД НЭМЭРЛЭХ ХЭДЭН ҮГбол тэвчээртэй сонсож, хүлээж авч ажил төрөлдөө тусгаж хэрэгжүүлэх ёстой. Зарим нь бүр удирдлагын, үүрэг даалгаврын шинжтэй байдаг бол зарим нь зөвлөмжийн шинжтэй гэх мэтээр дотроо олон төрөлтэй. Бодит үнэн шүүмжлэл бол хамт олны дотор эрүүл, саруул уур амьсгалыг төлөвшүүлэхэд дөхөм үзүүлнэ. Ялангуяа үүнд өөрийнхөө үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах нь их чухал байдаг. Гэхдээ өөрсдийгөө шүүмжилж байгаа нь энэ гээд байгууллагаа муулаад байж таарахгүй.
ХАМТ ОЛНЫ ТӨЛӨВШИЛ
Тавантолгой, Оюутолгой зэрэг ордыг дагасан томоохон компани төдийгүй шинээр үүсэж бий болж буй жижиг компаниудад энэ асуудал маш хурцаар тавигдаж байна. Тухайн үедээ төмөр зам, “Эрдэнэт” ч ийм л байсан. Энд миний дээр ярьсан хэдэн зүйлийг анхаараад ажиллахад гарчиганд хариу болно гэж бодож байна. Нэмээд хэлэхэд “компанийн нийгмийн хариуцлага” гэдэг ойлголтыг гүнээ ухамсарлаж үүнийг удирдлага нь анхааралдаа авч ажиллах ёстой. Ер нь хүмүүсийн хангамж нь дээшлэхээр хөдөлмөрийн бүтээмжид эергээр нөлөөлнө. Энэ чиглэлээр үйлдвэрчний эвлэл, эмэгтэйчүүдийн байгууллагатай нягт хамтран ажиллах нь нэн чухал зүйл. Ажлын чөлөө заваар зохиогддог спорт урлаг, бүх нийтийн субботник хүртэл хамт олныг нягтруулахад нөлөө болдог хүчин зүйл юм. Үүнээс гадна үндсэн ажлын хажуугаар сэтгэлзүйч ажиллуулах, төрөл бүрийн сургалт, дугуйлан зохион байгуулах, нэр алдартай хүмүүстэй уулзалт зохион байгуулах, шилдэг лекторууд яриа хийх гээд олон ажлын төлөвлөгөө байх нь зүйтэй юм. Эцэст нь тэмдэглэж хэлэхэд, хувь хүнээс их зүйл шалтгаална гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой.
ТӨМӨР ЗАМ БОЛ АРД ТҮМНИЙ ТЭЭВЭР ЮМ
Төмөр зам, ер нь тээврийн байгууллагын эцсийн зорилго бол ард түмэндээ чанартай үйлчилгээ үзүүлэх юм. Тэр жил 276 дугаар галт тэргээр үйлчлүүлж явсан хэсэг зорчигч галт тэрэгний дарга Намжилмаагийн соёлч байдал, үйлчлүүлэгчдээ үнэн сэтгэлээсээ хандсаныг магтсан захидал надад ирүүлж байлаа. Өнөөдөр Дархан-Улаанбаатарын хооронд явж буй рэйлбусын үйлчилгээнд хүмүүс ам сайтай байна. Зөвхөн зорчигчид төдийгүй ачаа тээврийн үйлчилгээ бол бидний ажлын чанарын том үзүүлэлт юм. Зорчигчид өөрсдөө ирж тасалбараа худалдаж аваад үйлчлүүлдэг. Ачаанд бол ийм боломж байхгүй шүү дээ. Иймд иж бүрэн чанартай үйлчилгээг хүн бүхэнд үзүүлэх ёстой юм. Тэгж чадаж байж гэмээнэ зах зээлийн нийгэмд манай тээврийн байгууллагын өрсөлдөх чадвар тогтвортой дээшилж, хүрээгээ тэлж чадна.