Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Гомбожавын Дорж гуай 1945 оны арваннэгдүгээр сард есөн настайдаа бага сургуульд орж байжээ. Эх орны дайны үе байсан учраас юм ховор, цаас, харандаа хүртэл хомс тул хүүхдүүд нэг харандааг 3-5 хувааж хэрэглэдэг, бэхний оронд хад жимсээр хичээлээ бичиж тэмдэглэдэг байж. Уянгын бага сургуулийн “Дуржины штаб” нэртэй сурагчдын зөвлөлийн даргын сонгуульт ажилтай, нийгмийн идэвх ч сайтай тэрбээр гурав, дөрөвдүгээр ангид байхдаа заводод сүү тушааж байгаа айлуудын данс, тооцоог хөтлөн, тасгийн эрхлэгчийн сампин, эсвэл ээжийнхээ эрхиэр дүн бүртгэл хийдэг байсан нь хожим нягтлан бодогч болох гарааг тавьсан тухай Г.Дорж гуай хуучлав. Хоёрдугаар ангид байхад аав нь өөд болсон учраас бага сургуулиа төгсөөд хөдөө байсан түүнийг хамаатнууд нь хотод авчирч, Санхүү, эдийн засгийн техникумд оруулжээ. 1952 онд техникумаа төгсөж, Аж үйлдвэрийн яамны Нэгдсэн хэрэгцээний газарт тооцооны нягтлан бодогчоор томилогдон ажлын гараагаа эхлүүлсэн түүхтэй.
Тэрбээр улсад 47 жил ажиллахдаа жирийн нягтлан бодогчоос эхлээд Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны хэлтсийн дарга, Геологи уул уурхайн яамны орлогч, нэгдүгээр орлогч сайд хүртлээ дэвшсэн нэгэн.
-Юуны өмнө танд ирж буй модон хонь жилийн мэнд дэвшүүлье. Таны багад нутгийнхан тань Цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг байв?
-Баярлалаа. Танай сониноор дамжуулан нийт монголчууддаа Сар шинийн мэнд дэвшүүлье. Улиран одож буй модон морин жилд олон сайхан үйл явдал тохиолоо. Монголчууд энэ жил түүхэндээ байгаагүй арвин ургац хурааж, мал сүргийн тоо 50 сая давж, хамгийн гол нь бид гурван саяулаа боллоо. Цагаан сар бол монголчуудын хувьд эртнээс уламжилсан, их гүн хүндэтгэл, утга учир, ерөөл бэлгэдэл шингэсэн үндэсний баяр. Бидний багад одоогийнх шиг бүх зүйл элбэг дэлбэг байсангүй. Гэхдээ Цагаан сарын бэлгэдэл, хүндэтгэл ямар дэг журамтай байх ёстой, яг л тэр журмаараа болдог байлаа. Сар шинийн баяраар гадаа, гэртгүй цэвэр цэмцгэр байхын зэрэгцээ өөрсдөө ч гоё сайхан хувцаслаж, унах мориныхоо дэл, сүүлийг хүртэл засаж, эмээл, хазаараа ч чимэглэнэ. Битүүний үдэш малаа хотлуулсны дараа хот айлаараа битүүрнэ. Цай, идээ цагааны дээж, банш, буузаа харилцан нэгнийдээ хүргүүлнэ. Одоогийнх шиг айл бүр ууц, өвчүү тавьдаггүй. Бурхныхаа өмнө шүүс тавихдаа хонины толгой, бага сага мах чанаад, түүнийгээ цагаан идээгээр чимэглэн тавагладаг байсан. Энэ уламжлалыг одоо ч манай нутгийн зарим айл дагадаг гэж сонссон шүү.
-Цагаан сарыг хүмүүс янз бүрээр л ярьдаг. Хэтэрхий нүсэр баяр гээд зарим хүн зугтахдаа гадаадад очиж амардаг юм билээ. Таныхаар энэ баярын хамгийн гол утга учир нь юу вэ?
-Цагаан сарыг бид өөрсдөө л нүсэр болгоод байна. Энэ чинь зүгээр л нэгнийдээ очиж, бууз чануулж идээд, бэлэг сэлт авах гээд байгаа хэрэг огт биш юм. Тэр тусмаа архи дарс хэрэглэх нь их зохимжгүй. Цагаан сар бол дан ганц ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх баяр төдий бус ураг төрлийн том уулзалт гэдгийг залууст захиж хэлмээр санагддаг. Өнөө цагт ахан дүүс хоорондоо ойр дотно байх, танилцах ганц боломж энэ болчихоод байна. Энэ жил хэний маань гэр бүлд шинэ хүн нэмэгдэж, хэнийх нь хүүхэд өрх тусгаарлаж вэ гэдгийг Цагаан сараар мэдэж авцгаадаг шүү дээ. Тиймээс азай буурлууд нь ч гэсэн ирсэн зочдоо хооронд нь сайн танилцуулж, “Бид чинь ясан талын төрөл юм уу, цусан төрлийн хамаатнууд уу” гэдгийг тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй гэж боддог. Би Цагаан сар болгоноор угийн бичгээ сэргээн, тодотгол хийдэг заншилтай. Манай Дархан овгийнхон одоо 1000 гаруй хүн бүлтэй болцгоосон. Дөрвөн жилийн өмнө нутагтаа ахан дүүсээ цуглуулж, ургийн баяр хийгээд, долоон үеэ оруулсан угийн бичиг хөтөлснөө тараасан юм. Манайхан одоо Цагаан сараар тэр угийн бичгээ сэргээн хөтөлдөг байх гэж найддаг.
-Цагаан сарыг ямар утга учиртай баяр болохыг хойч үеийнхэндээ ойлгуулах нь ахмадуудын үүрэг болохыг та хэллээ. Баахан танихгүй хүмүүс нэг дор цуглаад, хэн нь хэн бэ гэдгээ ч таньж амжилгүй “шуурганд хөөгдөж” байгаа аятай, хэдэн үг солих ч сөхөөгүй гараад явцгаах нь элбэг. Гэтэл хамгийн гол нь тэднийг хооронд нь танилцуулах, угийн бичгээ хөтлөх шүү дээ.
-Тэгэлгүй яах вэ. “Та нар ийм төрлүүд шүү, хоорондоо холбоотой байгаарай” гэдгийг ахмадууд нь хэлж өгөх ёстой юм. Угийн бичиг бол их чухал. Хэний хэн бэ, ямар учиртай төрөл вэ гэдгийг мэдэх ахмадууд залуустаа учирлаж ойлгуулаад, угийн бичигт нь тэмдэглүүлж байх хэрэгтэй гэж боддог. Төрөл саднаа танихгүй, ойр дотно байгаагүйн харгайгаар ахан дүүс хоорондоо ураг барилдах эрсдэлтэй шүү дээ. Нэн ялангуяа сүүлийн үед манай монголчууд ураг төрлөө таньж мэдэх, ойр дотно байх тал дээр жаахан хойрго байна уу даа гэж анзаарагддаг. Тиймээс ургийн баяр хийх хүртэл хэчнээн чухал ач холбогдолтой болохыг манай ахан дүүс ойлгосон.
-Цагаан сараар манайхан хүүхэд, хөгшидгүй шинэ дээл, ууж, хантааз, малгай, гутал, бүс өмсөх гэдэг. Дээр үед ингэдэг байсан юм уу?
-Цагаан сар болгоноор шинэ дээл хувцас хийж өмсөөд байх боломж мэдээж байгаагүй. Миний багад бол хөдөөгийнхөн хуучин дээл, хувцсаа л цэвэрлэж өмсдөг байлаа. Битүүнд гадаа урт хэц татаад, үстэй дээл, лоовуузаа тавьж, агаар, салхи “үзүүлдэг” байсан. Одоо бол цаг үе нь ч өөр болж. Залуучууд үндэсний хувцас хэрэгслээрээ гоёж байгааг нь буруутгах аргагүй л дээ. Хамгийн гол нь энэ бол хүндэтгэл, бэлгэдлийн том баяр гэдгийг мартахгүй байхад болно.
-Цагаан сараар таны авч байсан хамгийн сайхан, мартагдашгүй бэлэг юу вэ?
-Биднийг хүүхэд байхад Цагаан сараар үхэр чихэр буюу домбон ёотонг жижиглээд, ааруул, тос, ээзгийтэй бэлэглэдэг байсан. Дайны жилүүд байсан учраас гурил их ховор. Нэлээд боломжийн айл л хүүхдүүдэд хар гурилаар хийсэн хавсай боов өгдөг. Хүүдийгээ ганзагалаад айл хэснэ шүү дээ. Айл айлын бэлэглэсэн ааруул, тос, боовыг нөгөөхдөө хийчихээд хаваржингаа иднэ (инээв). Хүүдий маань бүр тос нэвчсэн байдагсан. Сүүлд сумын бага сургуульд ороход боломжийн ганц нэгхэн айл 12 хуудастай нимгэн дэвтэр, балын харандаа бэлэглэдэг байсан. Тэр бол хамгийн том бэлэг шүү дээ. Одоо ч гэсэн надад ном бэлэглэхэд их баярладаг. Уран зохиолын номонд би их дуртай.
-1940-аад оны сүүлчээр таныг хотод оюутан болж орж ирэхэд Цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг байв?
-Би хотод хамаатныхаа ахынд байдаг байсан. Мэдээж хөдөөг бодоход Цагаан сар арай л элбэг дэлбэг болдог. Бэлгэнд хүртэл чихэр жимс авна (инээв). Сүүлд хотынхныг Цагаан сар тэмдэглэхийг хэсэг хорьсон шүү дээ. Гэхдээ л эртний уламжлалт баяр учраас бид нууцаар, өдрийн цайны цагаараа ч юм уу яаж ийгээд ахмад буурлууд дээрээ очиж золгодог байсан. Хэчнээн хорьж цагдлаа гээд үндэсний бэлгэдэлт баяраа хүмүүс тийм ч амархан мартдаггүй юм билээ.
-Өндөр настай хүмүүстэй, аав, ээжтэйгээ золгохдоо мөнгө барьдаг ёс ер нь хэзээнээс эхэлсэн юм бэ?
-Нэлээд сүүлд байх аа. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш л мөнгө барьж золгодог болсон доо. Ер нь өнөө цагт бүх зүйл мөнгөөр хэмжигддэг болж. Уг нь бол Цагаан сарыг монголчууд сүү шиг цагаан мөртэй байхын бэлгэдэл болгож тэмдэглэдэг байсан юм болов уу гэж би боддог. Бид багадаа ахмад настнуудтайгаа хадаг бариад л золгодог байсан. Ахмадууд ч өөрсдөд нь хүндэтгэл үзүүлээд ирж золгож байгаа хүүхэд, залууст талархсан сэтгэлээ илэрхийлэхдээ өөрт байгаа зүйлээ л барьдаг. Тийм л уламжлалт дэг жаягтай баяр байлаа даа.
-Ярилцсан танд баярлалаа. Урт насалж удаан жаргаарай.
Л.ГАНЧИМЭГ