Инээхийг нь хараагүй, гунихыг нь үзээгүй хүний тухай үг холбон бичих амаргүй. Амьд сэрүүн үеийг нь мэдэх хүмүүстэй уулзаж, амнаас нь гарах үгсээр замчлуулна. Тод мөртэй хүмүүсийн үйлс, бүтээл нь өнөөдөр ч хэвээрээ байдаг болохоор замын гэрэл тодорсоор зорьсон газарт хүргэнэ. Бас хаа хүрэхээ мэдэхгүй будилах эсвэл зам бүдгэрсээр төөрөх нь ч олонтаа. Энэ удаа Монголын орчин цагийн хөгжмийн ноён оргилуудын нэг Сэмбийн Гончигсумлаа гуайг би нэхэн дурсаж байна.
Цагаан сарын золгуут дуусаагүй энэ өдрүүдэд түүний 100 насны ой тохиож буй юм. Монгол Улсын ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч, нэрт сурган хүмүүжүүлэгч С.Гончигсумлаа агсан 1915 оны хоёрдугаар сарын 18-нд Баянхонгор аймгийн Өлзийт суманд төржээ. Багадаа өнчирч хоцорсон хэмээн түүний тухай нэгэн дурсамжид тэмдэглэсэн байдаг. Түүнчлэн алдарт хөгжимчин О.Дашдэлэгийг ээж шигээ хүндлэн зорьж очин золгодог байсан юм билээ. Багаасаа дуу хөгжимд дуртай байсан учраас Багшийн сургуульд сурч байхдаа энэ хүнээр ёочин тоглохыг заалгаж байжээ. Гэхдээ түүний анхны мэргэжил нь малын эмч. 1928-1937 онд бага, дунд сургууль, Багшийн сургууль, Эрхүү хотноо мал эмнэлгийн техникумд суралцан төгсөж, 1937-1939 онд Өмнөговь аймгийн Луус суманд малын эмч, дараа нь Улаанбаатар хотод ирж хөдөө аж ахуйн салбарт орчуулагч багшаар ажиллажээ. Ингэж явахдаа буюу 1939 онд “Нотыг өөрөө хэрхэн сурах бичиг” хэмээх хөгжмийн онолын ном бичсэн нь Монголд хэвлэгдсэн өрнийн хөгжмийн анхны сурах бичиг байсан юм. Мөн энэхүү номоороо монгол үндэсний хөгжмийн зэмсгийн өнгө, цараа, хөгний тогтолцоо, хөгжимдөх арга барилыг тодорхойлсон байдаг.
Хэдийгээр өөр мэргэжил эзэмшихээр хилийн дээс алхсан ч С.Гончигсумлаа гуай Эрхүүд байхдаа хөгжмийн бүлгэмд давхар суралцан төгсөж, Эрхүүгийн радиогийн ардын найрал хөгжмийн гишүүн болжээ. Унаган авьяас нь түүнийг хөгжмийн урлагт хөтлөн 1940 оноос Улсын циркт хөгжимчин, удирдаачаар ажиллаж байгаад 1943-1950 онд Москвагийн хөгжмийн их сургуулийн хөгжмийн зохиолч, удирдаачийн ангид Е.Месснер, С.Богатырев, Д.Рогаль-Левицкий нараар хичээл заалган суралцаж төгссөн байна. Нутагтаа ирээд Улсын хөгжимт драмын театрын хөгжмийн зохиолч, удирдаач, 1958 оноос Хөгжим бүжгийн дунд сургуульд уран сайхны удирдагч, 1960 оноос Монголын радио, телевизийн улсын хороонд хөгжмийн ерөнхий зөвлөхөөр ажиллах болсон байна. Монголын хөгжмийн урлагтай холбоотой олон байгууллагыг анх байгуулсан, түүх бичилцсэн үйлсэд энэ хүний нэр холбогддог. 1956 оноос Монголын хөгжмийн зохиолчдын холбооны зохион байгуулах товчооны дарга, 1964-1983 онд Монголын хөгжмийн зохиолчдын холбооны даргаар ажиллаж байсан юм билээ. С.Гончигсумлаагийн мэндэлсний 80 жилийн ойгоор Хөгжим бүжгийн коллежийг түүний нэрэмжит болгон алдрыг нь мөнхжүүлсэн байдаг.
ДУУТАЙ ХАМТ ХОНОГШИНО
Монголчууд дуулах дуртай. Сайхан дууг үе улиран дуулж, сэтгэл зүрхэндээ нандигнан, бүр “минийх, чинийх” хэмээн өмчирхөн дотночлох нь бий. С.Гончигсумлаа гуайн уран бүтээл дуугаар эхэлсэн түүхтэй. 1942 онд ардын уран зохиолч Б.Баастын шүлгэнд ая хийж “Чамайг үдье” хэмээх анхны дуугаа бүтээжээ. Өнөөг хүртэл сонгодог хэмээн цоллуулан эгшиглэсээр байгаа бүтээлийн нэг нь энэ юм. “Дэнжийн ногоо”, “Ойн дуу”, “Өргөн хангайн нутаг”, “Эх орондоо хайртай би”, “Хайрын дуу”, “Жаргаах зүрхэн”, “Улаанбаатарын тухай дуу”, “Энх тайван”, “Шинэ жилийн вальс” зэрэг дууг нь ч бид сайн мэднэ. Түүний туурвисан 60 гаруй дуу бий. 1956 онд Д.Сэнгээ, Ч.Лодойдамба нарын зохиолоор “Үнэн” дуурь бичсэн нь орчин цагийн Монголын мэргэжлийн хөгжмийн урлаг, тэр дундаа дуурийн урлагт олон талын шинэчлэл хийсэн хэмээн үздэг. Дуурийн агуулга, дүрүүдийн шинж байдалд тохирсон харилцаа дуу, үглэл дуу, хоршил, гурвал зэрэг баялаг хэсгийг Монголын дуурийн урлагт бий болгосон байна. Ээдрээтэй үйл явдал, эерэг, сөрөг дүрүүдийн зан төрхийг учир зүйн уялдаатай хөг аялгуугаар чадварлаг холбон үзүүлсэн хэмээн судлаачид дүгнэдэг.
Энэ дуурийг олны хүртээл болгосноос хойш гурван жилийн дараа Д.Лхасүрэнгийн цомнолоор “Ганхуяг” бүжгийн жүжиг туурвисан нь Монголын бүжгийн жүжгийн урлагийн анхны дорвитой бүтээл болсон юм. “Ганхуяг” бүжгийн жүжигт анчин залуу Ганхуяг, малчин бүсгүй Мөнгөнтуяа хоёрын хайр сэтгэлийн тухай өгүүлдэг. Гэвч энэ бол зөвхөн хайр сэтгэлийн тухай бус шударга ёс, эрх чөлөө, аз жаргалын төлөө тэмцлийг өгүүлсэн хөгжимб үжгийн найраглал юм.
СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧ
С.Гончигсумлаа гуай Хөгжим бүжгийн дунд сургуульд багшлахын зэрэгцээ, уран сайхны удирдагчаар ажиллаж байсан нэртэй сурган хүмүүжүүлэгч билээ. Монголын хөгжмийн урлагийн талаар санаа тавьж, хөгжмийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх үйлсэд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Тэрбээр хөгжмийн сургалтын шинэ дэвшилт арга барил, хөтөлбөрийг гардан боловсруулсан юм. Үйлс бүтээлийнх нь үр дүн өнөөгийн Монголын хөгжмийн урлагийн дүр төрх, бий болгосон амжилтаар хэмжигдэнэ. Бидний бахархан сонсож, хүндэтгэн үздэг алдарт хөгжмийн зохиолчид түүний шавь юм. Төрийн шагналт хөгжмийн зохиолч З.Хангал, Н.Жанцанноров, Б.Шарав, Ц.Чинзориг, Х.Билэгжаргал, Ц.Нацагдорж болон Г.Пүрэвдорж, С.Сансаргэрэлтэх гэхчилэн нэрлэх алдартан олон.
ЭГЭЛ АЛДАРТАН
Сэмбийн Гончигсумлаа гуайг бие сайтай хүн байсан хэмээн гэргий нь дурссан байдаг. 1992 онд бие нь өвд өж эмнэлэгт хэвтэх хүртлээ өвдлөө гэж хэлж байгаагүй гэдэг. Бараг ная хүртлээ өвчин хэлээгүй гэхээр бие сэтгэлээ эрүүл байлгаж чадсан нэгэн хэмээн онцолмоор. Тэрбээр хоёр хүүхэдтэй. Охин Эрдэнэчимэг нь ЗХУ-д Хөгжмийн дунд сургууль төгссөн мэргэжлийн төгөлдөр хуурч юм. Улсын хөгжимт драмын театр болон ДБЭТ-т төгөлдөр хуурчаар ажиллаж, ХБК-д ажиллаж байхдаа 1976 онд гавьяат жүжигчин цол хүртсэн байдаг. Одоо тэрбээр Польшид амьдардаг аж. С.Гончигсумлаагийн ганц хүү Г.Зориг өдгөө эх орондоо амьдардаг. Түүний үйлс бүтээлийг үргэлжлүүлэх хөгжмийн мэргэжилтэн энэ гэр бүлээс хараахан төрөөгүй байгаа юм. Түүнтэй нэгэн насны амьдралаа элээсэн гэргийг нь Евгения Димитриевна Кузьмина гэдэг. Монголд элэгтэй нэгэн байсныг ойр дотнынхон нь дурсах юм билээ.
Харин хөгжмийн зохиолч маань гэргийгээ “Москвагаас авчирсан ганц юм” хэмээн нэгэнтээ хэлсэн байдаг. П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуульд сурч байхдаа гэргийтэйгээ танилцсан хэдий ч Евгения Димитриевна Кузьмина хөгжмийн мэргэжилтэй биш, санхүүч хүн. Тэрбээр ханьтайгаа танилцахдаа Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуульд сурч байсан аж. Гэргий нь түүнийг “Их сайхан шүдтэй байсан. Тэгш цагаан шүд нь нүдэнд тусаж, зан ааш нь таалагдсан” хэмээн дурсчээ. Ил шулуун үгтэй, таашаахгүй зүйлээ шууд хэлчихдэг нь түүний зан төрхийн илэрхийлэл. Бас загасчилж, мөөг түүх дуртай нэгэн байсан гэнэ лээ.
Амьдралаа тэг цэгээс нь босгож, өндийлгөсөн болохоор түүний явсан мөр, замнал түүх болон үлдэхээс өөр аргагүй. Эр хүн өөрийнхөө амьдралыг, улсынхаа урлагийн нэгэн замыг тод мөртэй болгохын төлөө нэгэн биеэ зориулж, өдгөө энэ үр шимээр нь Монголын урлаг хөгжин, өрн өж байгаа гэхээр бахархалтай. Энэ суут хүмүүний мэндэлсний 100 насны ой тохиож байгаа энэ жил эдийн засгийн хямрал хэмээх айхтар “зуд” бидэнтэй тулж, бүсээ чангалах зарчимд нэгдсэнээр алдарт хөгжмийн зохиолчийн алдрыг мөнхжүүлэх үйлсэд зориулах хөрөнгө улсаас гаргаж чадсангүй. Яам дамжин шидэгдсэн албан бичгийн тоо олширсон ч ямар ч шийдэлд хүрсэнгүй. Тиймээс ХБК болон бусад мэргэжлийн урлагийн байгууллагынхан хамтран энэ сарын 25-нд “Монголын хөгжмийн урлагийн эцэг” болсон С.Гончигсумлаа гуайдаа хүндэтгэл үзүүлэн тоглолт хийх юм.
Ж.СОЛОНГО