Дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч Хятадын гангийн үйлдвэрлэл буурна гэсэн сөрөг төлөвөөс улбаалан төмрийн хүдрийн үнэ сүүлийн долоон жилийн доод түвшинд хүрэв. Энэ оны эхний улиралд Тяньжиний боомт дээр 62 хувийн төмрийн агууламжтай хүдэр тонн тутамдаа 1.4 хувиар буурч 57.7 ам.доллар болсон. Ингэснээр 2011 оны оргил үеийнхээс 23 хувиар унаад буй юм. “Morgan Stanley’’-гийн тооцоолсноор энэ онд төмрийн хүдрийн нийлүүлэлт эрэлтээсээ 184 сая тонноор давах төлөвтэй байгаа бол 2018 он гэхэд 437 сая тоннд хүрэх гэнэ. Дэлхийн төмрийн хүдрийн акулууд болох “Vale”, “Rio Tinto”, “BHP Billiton” компаниуд 100 тэрбум ам.долларын өртөг бүхий шинэ төслүүдэд хөрөнгө оруулалт хийсэн нь илүүдэл үүсэх эхлэлийг тавьсан хэмээн шинжээчид үзэж байна. Гангийн зах зээлийн зөвлөх “Steel Home” компанийн ерөнхийлөгч У Венжан үүнтэй холбоотойгоор Хятадын гангийн эрэлт 2025 он гэхэд 100 сая тонноор буурч магадгүй гэсэн таамаг дэвшүүлээд байгаа.
Энэ нь цаашид коксжих нүүрсний зах зээлд ч нөлөөлөх төлөв ажиглагдаж эхэлжээ. Дэлхийн гангийн хамгийн том хэрэглэгч Хятад улсын эрэлт 1995 оноос хойш анх удаа ийнхүү буурсан талаар Дэлхийн гангийн холбоо мэдээлэлдээ онцолж байна. Энэ байдал цаашид хэвээр үргэлжилбэл гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд болох төмрийн хүдрээс гадна коксжих нүүрсний зах зээлд ч сөргөөр нөлөөлөх нь тодорхой. Ирэх арван жилд Хятадын эдийн засгийг 7.2 хувь өсгөх гол хүчин зүйл нь хотжилт гэж үзэж байв. 2020 он гэхэд хүн амын 60 хувь нь хотод суурьшиж, ирэх зургаан жилд 100 саяар нэмэгдэх тооцоо бий. Энэ хотжих процесс гангийн хэрэглээг нэмж, улмаар коксын үйлдвэрлэлийг өсгөсөөр 2018 онд оргилдоо хүрч, 2020 оноос тогтворжино хэмээн Бүх Хятадын Төмөр, гангийн холбоо ны төлөөлөгч Ван Еэншин өнгөрсөн жил ярьж байсан.
Харин одоо нөхцөл өөрчлөгдсөн нь БНХАУ-ын гангийн хэрэглээнд нөлөөлж, энэ жил зургаан хувиар унах төлөвтэйг тус улсын Төмөр, гангийн холбооны гүйцэтгэх дэд дарга Зу Жимин хэлжээ. Энэ нь манай экспортын нийт нүүрсний 90 гаруй хувийг эзэлдэг коксжих нүүрсний борлуулалтад нөлөөлж магадгүй нь. Ашигт малтмалын газрын нэгдүгээр улирлын мэдээллээс харахад, БНХАУ-ын нүүрсний нийт импортын хэмжээ өмнөх жилийн мөн үеэс 34.74 сая тонн буюу 41.5 хувиар буурсан бол нийт үнийн дүн нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 52.49 хувиар багассан байна. 2015 оны эхний гурван сард Монгол Улс 3.7 сая тонн нүүрс экспортолж, 138.8 сая ам.долларын орлого олжээ.
Үүний 3.1 сая тонныг нь коксжих нүүрс эзэлснээс нэг тонныг нь 40.58 ам.доллараар үнэлсэн байна. Үүнээс харахад манай нүүрсний экспорт хэмжээнээс гадна үнийн хувьд ч жил ирэх тусам хямдарч, олборлолт, тээвэрлэлтийнхээ зардлыг ч дийлэхээ больж байна. Энэ нь нүүрсний экспорт Монгол Улсын эдийн засагт ашиг авчрахаасаа илүүтэй нэрмээс болж, өр ширийн дарамтаас өндийлгөхгүй байх магадлалтай. Монгол Улс 175 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Нөөцийн хэмжээгээрээ дэлхийд эхний аравт жагсдаг. Энэ бол Орхон Сэлэнгийн, Монгол Алтайн, Өмнөговийн зэрэг нүүрсний нийт 15 сав газарт тогтоогдсон нөөц. Одоогийн байдлаар хамгийн далайцтай ашиглаж, улс орны хөгжил, эдийн засагт чухал, эргэлтэд оруулах гэж байгаа нь Тавантолгой.
Харамсалтай нь энэ ордод гадаадын хөрөнгө оруулагчдыг урьж залж ажиллуулсан ч улс эх орны хөгжил, эдийн засагт бидний хүсэн хүлээж байгаа шиг үр ашиг оруулж чадах эсэх нь тодорхойгүй байна. Ухаж зөөгөөд, тэр тусмаа гадаадын өндөр зардалтай техник технологийг ашиглан, дэлхийд алдартай олборлогч компаниудыг ажиллуулаад ч зардал өсөж буйгаас биш орлого нэмэгдсэнгүй. Тэгэхээр цаашид Тавантолгойгоор талцаж, хөрөнгө оруулагчдаа хардаж сэрдэж, орж ирэх мөнгийг нь голж чамлан байж ашиглах шаардлага ер нь байгаа юм уу? Заавал ашиглах гээд байгаа юм бол коксжих нүүрс хэрэгтэй байгаа хэн нэгэнд “бөөндөөд” зарчихаж болохгүй юм уу? Жилээс жилд, сараас сард ханш нь унаж, техник технологи хөгжихийн хэрээр ирээдүйд “шороо” ч болж магадгүй энэ “хар алт”- аа шалдаа унахаас нь өмнө үнэд хүргэх ямар боломж бидэнд байна вэ? Улстөржилтөөс нь залхсан ч гэх үү, тэрслүү гэмээр бодол хүн бүрт төрөх болсон нь нууц биш.
АНУ-д бизнес эрхэлдэг Б.Тулга гэх залуу төр, засгийн тэргүүн нарт хандан ил захидал бичсэн нь олон нийтийн төдийгүй улстөрчдийн ч анхаарлыг татаж буй. Тэрбээр үнэтэй байгаа үед нь Тавантолгойн нүүрсээ урьдчилж зараад, улс орны хөгжил, үйлдвэрлэл, бүтээн байгуулалтад шаардлагатай зүйлд зарцуулах санаа дэвшүүлжээ. Энэ нь цоо шинэ санаа биш. Өмнө нь Сү.Батболд Ерөнхий сайд байх үедээ энэ аргыг хэрэглэж 350 сая ам.доллар босгож чадсан. Харамсалтай нь үүнийгээ бүтээн байгуулалт, үйлдвэрлэлд биш бэлнээр тараагаад сонгуулийн шоу болгоод дуусгасан. Харин одоо алдаанаасаа суралцаад, засаж залруулж сайжруулаад энэ аргыг дахин хэрэглэхэд болохгүй зүйл үгүй мэт. Б.Тулгын тооцоолсноор нэг тонн нүүрсээ хамгийн багадаа 20 ам.доллараар үнэлбэл Тавантолгойн нүүрс 50-60 тэрбум ам.долларт хүрэх гэнэ.
Авах нэг нь олборлож, тээвэрлээд өөрсдөө зардлаа хариуцна биз. Ямар ч барьцаагүйгээр, зээл, бонд, хүүгийн төлбөр тооцохгүйгээр ингэж урьдчилан зарж, олсон мөнгөө бэлнээр тараах биш, харин үйлдвэр, технологио хөгжүүлдэг жишээ, туршлага байдаг юм байна. Энэ бол тухайн хүний л дэвшүүлж буй санаа. Үүнийг зарим нэг улс төрийн намууд судалж, сонирхож эхэлсэн гэх мэдээлэл байна. Улстөржихгүй, улс төрийн сонгуулийн шоу, бас л өнөө бэлэн мөнгөний амлалт болгочихгүй бол коксжих нүүрсний хэрэглээ хумигдаж, үнэ ханш нь уруудсаар байгаа ийм үед мөнгөний эрэлд дэлхийгээр нэг тэнүүчилж буй бидний хувьд маргалдаж мэтгэлцэж цаг хугацаа алдсанаас дээр байж ч магадгүй. БНХАУ нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний тавд багтдаг.
Гэвч тэд коксжих нүүрсний нөөцөөр хомс. Тиймдээ ч Монголын өндөр чанарын коксжих нүүрсийг гангийн үйлдвэрлэлдээ хэрэглэдэг. Харин одоо Хятадын гангийн үйлдвэрүүд нь “тэг” зогсолт хийвэл Монголын нүүрсний экспорт ч тэглэгдэнэ гэсэн болгоомжлол байна. Дэлхийн хамгийн том импортлогч Хятадын энэ мэт дотоод нөхцөл нь экспортлогч орнуудад өгөх үр өгөөжөө цаашид улам хумина гэсэн таамаг бий. Ийм үед БНХАУ-ын “Шинхуа” групп, ОХУ-ын “Ростек” компанитай хамтран Алс Дорнодын Амурын районд байрлах Огоджинскийн нүүрсний орд газарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулсан.
Тус орд 2019 оноос бүрэн хэмжээгээр олборлолтоо явуулж, жилд 30 сая тонн нүүрс олборлон, дийлэнх хувийг нь БНХАУ руу экспортлохоор төлөвлөж байгаа юм. Ингэснээр БНХАУ-ын буурч буй импортын зах зээлд ОХУ манай томоохон өрс өлд өгч болж орж ирэх гэж байна. Энэ нь хоёр хөршийн дотоод бодлого, нөхцөл байдлыг урьдчилан тооцоолж, коксжих нүүрсээ үнэгүйдэхээс аврах шинэ төлөвлөгөө, шинэ бодлого боловсруулах хэрэгтэйг монголчууд бидэнд сануулж буй юм.
Д.ОЮУН-ЭРДЭНЭ