Ууланд осгох, одой байх, аянганд ниргүүлэх, хүйсээ солиулах, саран дээр очих, сансарт нисэх, мөсөн туйлд хүрэх, үхээд сэхэх... Ийм онцгой тохиолдлуудад хүн ер нь яадаг бол? Мэдээж сайхан зүйлтэй учирсан нэгний сэтгэл хөдлөл туйлдаа хүрч, баярлана. Харин бусдаас гаж байгаадаа гутарсан нэг нь магадгүй хааяахан үхэлтэй “ярьдгийг” үгүйсгэхгүй. Үхэлтэй тулж үзсэн нэг нь бол амьдрал руу тэчъяадан тэмүүлж, шунан дурласан байгаа.
Энэ мэтээр ургуулан бодвол янз бүрийн л дүрслэл гарах биз. Гэхдээ өөрийн биеэр туулж мэдээгүй л бол яаж ч таамаглаад тухайн зүйлийг мэдэрсэн хүнийх шиг сэтгэгдэл, мэдрэмж төрөхгүй нь гарцаагүй. Тэгвэл тийм ховор зүйлтэй учирч, эерэг, эсвэл эсрэг шокийн туйлд хүрч үзсэн хүмүүсээс тэр үед ямар байсан, юу мэдэрснийг нь асуувал илүү бодитой, сонирхолтой байх нь мэдээж.
Хачирхалтай, сонин, бахархам гээд янз бүрийн үйл явдлыг биеэрээ туулж, мэдэрсэн хүмүүсийн сэтгэл хөдлөлийн ертөнцийг тольдуулах зорилготой “Мэдрэмжийн шок” нэгэн үзэсгэлэнт бүсгүйтэй холбогдлоо. Түүнийг Б.Солонго гэдэг. 25 настай. Тэрбээр хорвоод хоёр удаа “мэндэлсэн”. Уг нь эхээс төрөхдөө эрэгтэй байсан ч, байгалийн өгөгдөл нь түүнийг дахин “төрөхөөс” өөр сонголтгүй болгожээ. Тэгээд л...нэгэн цагт Билгүүн байсан бол одоо Солонго. Ирээдүйд ч Солонго байна.
“Мэдрэмжийн шок” энэ удаа мөн хуримласнаасаа 10 жилийн дараа анх удаа эхнэрээ харсан хүний сэтгэгдлийг дамжуулна. Түүнийг Шэндер Хэриан гэдэг. 53 настай. Хүүхэд байхдаа өвчний улмаас сохорч, олон жилийн дараа хорвоог дахин хардаг болсон. Энэ утгаараа тэрбээр дахин “төрсөн” хүн. Урд ба хойд насандаа биш, харин амьдарч буй өнөө цагийн энэ насандаа “эргэн төрөх” ямар байдгийг мэдэрсэн тэдэнтэй уулзуулъя.
Б.СОЛОНГО: БАГААСАА Л МЭДЭРЧ, МӨРӨӨДӨЖ БАЙСАН ӨӨРИЙГӨӨ ОЛЖ АВАХ САЙХАН
-Төрсний гэрчилгээн дээр тань “Нэр Билгүүн, хүйс эрэгтэй” гэж тэмдэглэжээ. Гэтэл өмнө минь ер бусын үзэсгэлэнтэй эмэгтэй сууж байна. Ер нь Билгүүн хэзээнээс өөрийгөө охин гэж мэдэрч эхэлсэн бол. Харагдах байдлаасаа тэс өөр зүйл рүү тэмүүлээд байгаагаа мэдрэхэд ямар байсан бэ?
-Ер нь би бүр багадаа, тав, зургаан настайдаа л өөрийгөө охин гэж мэдэрч эхэлсэн. Гэхдээ том хүн шиг ухамсартайгаар “Би эрэгтэй биш, эмэгтэй юм байна” гэж айхтар бодож, нухацтай хүлээж аваагүй. Хүүхэд болохоор тоглох хандлагаараа өөрийгөө илэрхийлдэг байсан юм болов уу. Жишээ нь, хөвгүүд “байлдаж” байхад би охидтой айл гэр болж, алчуураар биеэ ороож, цаасаар мөнгө хийж тоглох жишээтэй. Хушга, самарны ясыг хаяхгүй, буталж, эсвэл эвлүүлж түлхүүрийн оосор зэрэг янз бүрийн юм хийдэг гарын уртай хүүхэд байлаа. Ингээд бодохоор цаанаасаа л эмэгтэй сэтгэлгээтэй байж. Тэгээд том болох тусам өөрийнхөө бодит нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, ойлгож эхэлсэн юм уу, ямартай ч үзэл бодлоо хамгаалаад л гардаг байсан. Жишээ нь, хүүхдүүд намайг охин шиг хачин энэ тэр гэхээр нь гүйж очоод л “Юу гэнэ ээ, яагаад хүнийг ингэж элдвээр хэлж байгаа юм. Эцэг эхээ дууд” гээд л тас түс хэлчихдэг байсан, аймаар хэрүүлч.
Ингэж ярихдаа Солонго бага зэрэг намжирдаж, гараа савчаад, үсээ шидлэн, цайлганаар инээсэн. Дууны өнгийг нь эс тооцвол түүнийг хаанаас нь ч, ямар ч байдлаар харсан үзэсгэлэнтэй, энхрийхэн бүсгүй гэдэгт үл итгэх хүн гарахгүй л болов уу. Дээрээс нь тэрбээр элдэв өнгөлөн далдлалтгүйгээр өөрийгөө илэн далангүй, чин сэтгэлээсээ илэрхийлдэг юм билээ. Яагаад ч юм бэ, ийм байдал нь түүнийг илүү чимдэг мэт санагдлаа.
-БНСУ-д Ха Ри Сү хэмээх бүсгүй их алдартай. Тэрбээр Билгүүн шиг зам сонгосон нэгэн. 12 настайд нь хөх ургаснаар өөрийгөө эмэгтэй хүн гэдгийг эргэлтгүй мэдэрсэн гэдэг юм билээ. Бие махбодийн хөгжил нь бодит байдлаас гажаад ирэхээр сэтгэл нь маш их хямарсан тухайгаа нэгэн ярилцлагадаа дурдсан байсан. Уучлаарай, Билгүүний хувьд тийм мэдрэмж байсан уу?
-Тэгэхээр Ха Ри Сү манин юм байна. Би бол 100 хувь эрэгтэй шүү дээ. Мэс заслаар эмэгтэй хүн болж байгаа трансжендер. Бие нь эрэгтэй, сэтгэлгээ нь эмэгтэй гэсэн үг.
-Аав, ээж хоёр нь Билгүүн хүүгээ Солонго болсныг хэзээ мэдэв. Тэр үед яаж хүлээж авсан бол?
-Их сургуульд орсныхоо дараахан аав, ээждээ би өөрийн байдлыг, юу хүсэж, юу руу тэмүүлээд байгаагаа хэлсэн. Тэд маань эхэндээ ойлгохгүй, бодит байдалтай минь эвлэрч, хүлээж авч чадахгүй л байсан. Одоо эргээд харахад, би тодорхой хугацаанд ийм нэгэн амьдралыг туулж, өнгөрүүлэхдээ их зүйл үзэж, мэдэрч, нийгэмд өөрийгөө зөв нээхийн төлөө хичээж иржээ. Ингэсний дүнд жаахан ч гэсэн амжилтад хүрч, бусдад эергээр танигдаж чадсан гэж бодож байна. Аав, ээж минь ч намайг ойлгож, зөв хүлээж авахыг хичээх болсон. Хэдийгээр айхтар дэмжээд, алга ташаад байдаггүй ч гэсэн хандлага нь бага зэрэг наашилсан. Ер нь гэр бүлийнхнээс бусад нь, хөндлөнгийн хүмүүс над шиг нэгнийг хүлээн зөвшөөрч чадахгүй, айж, эвгүйрхэж, дөлөөд байдаг мэт санагддаг. Тэгэхээр хамгийн чухал нь өөрийгөө зөв таниулах ёстой. Тэгсэн цагт бусдын л адил хүн гэдгийг нийгэм хүлээн зөвшөөрдөг юм болов уу.
-За, Билгүүн хүссэн зүйлээ аваад Солонго болчихлоо. Байгалиасаа өгөгдсөн мөн чанараа олж авахын тулд тодорхой цаг хугацаа туулан, бас элдвээр хэлүүлэн байж, тэмцэж явсаар өөрийн “биеийг” олжээ. Тэр үед ямар санагдаж, юу мэдэрсэн бэ?
-Их сургууль төгсөөд л би Солонгын амьдралаар явж ирсэн. Гэхдээ яг хүссэндээ хараахан хүрээгүй. Хүрэхийн төлөө явж байгаа. Мэдээж, багаасаа л мэдэрч, мөрөөдөж байсан өөрийгөө олж авах сайхан. Одоо байгаа энэ бие махбодь минь надад ямар нэгэн саад учруулдаггүй. Энэ хүртэл явж ирэхэд би зөндөө юм үзсэн. Хүн намайг гутаан доромжилж, сэтгэлийг минь шархлуулах юм бол хариуд нь улам сайхан, гоо үзэсгэлэнтэй байхыг хичээдэг. Намайг доромжилсон үгийг нь бодож байгаад нүүрээ илүү гоё буддаг.
Энд нэг зүйлийг тодруулж хэлмээр байна. Юу гэхээр хүмүүс трансжендер хүмүүсийг Нараа, Ганбууш нарын хэдхэн хүнээр, тэдний амнаас гарсан “онгон, секс” гэсэн доголдолтой үгээр л төсөөлөөд, буруу ойлгоод байдаг. Нийгэмд тэдний өгсөн мессежээр бусдыг нь хүлээж авдаг нь өрөөсгөл санагддаг. Дэлхий нийтэд тийм өрөөсгөл хандлага бий л дээ. Сэтгүүлчид ч дандаа тэр талаас нь асуудаг. Биеэ зарах уу, толгойгоо ажиллуулах уу гэдэг нь тухайн хүний асуудал. Миний хувьд яах гэж дээд боловсрол эзэмшсэн гэхээр зөв, ухаантай, оюунлаг амьдрахыг л хүссэн.
-Солонго их өндөр, зэгзгэр юм. Гадуур явж байхад нь хүмүүс эргэж хараад, эсвэл танилцах гэж хоргоодог байх. Тэр үед яадаг вэ?
-Би 180 см өндөр, өсгийтэй гуталтай үед 185 орчим шүү. Дэлгүүрээс гарахад минь “Танилцъя” гээд хүлээгээд зогсож байгаа хүнтэй олон таардаг. Тэр дунд намайг гадарладаг эмэгтэй хүмүүс ч байдаг. Сэтгэлээр дэмжиж, сайхан үг хэлдэг тийм хүмүүст үнэхээр баярладаг. Харин эрчүүдэд нь өөрийгөө эвтэйхэн ойлгуулаад, инээгээд л өнгөрдөг. Тэр хүн намайг хүндлээд хандаж байхад элдэв зан гаргавал муухай. Гэхдээ заримдаа жаахан айдас төрөх нь бий. Тухайн хүн чухам юу хүсэж байгааг би мэдэрдэг.
Ш.ХЭРИАН: 10 ЖИЛ ХАМТ АМЬДАРСАН ХҮНЭЭ СЭТГЭЛДЭЭ УРГУУЛЖ БИШ, НҮДЭЭРЭЭ ХАРАХ ШИГ ГАЙХАМШИГ ГЭЖ ҮГҮЙ
-Олон жил “харанхуй” байсан хүн гэнэт хараа ороход ямар байдаг бол. Ялангуяа 10 жилийн турш өдөр, шөнөгүй дэргэд тань байсан эхнэрээ анх харахад ямар байв. Сэтгэлд тань төсөөлөгдөж байсан дүр төрхөөс хэр зөрсөн бэ?
-Сохор хүн хэн нэгний нүүрийг илж, биеийг барьж, тэмтэрч, тэвэрч үзэхээс нааш гадаад байдлыг нь төсөөлөх боломжгүй гачлантай. Гэхдээ дууных нь өнгөөр ямар хүн болохыг нь гадарлаж болох юм. Гуржит бид хоёр 10 жилийн өмнө танилцахад л яагаад ч юм бэ түүний төрх сэтгэлд минь буусан. Би 1972 онд Зул сарын өмнөхөн 10 настайдаа харах чадвараа алдаж эхэлсэн. Гэнэт л нүдэнд минь гал бутрах шиг болж, бүдэг бадаг л хардаг болсон. Хараа минь муудсаар дөрвөн жилийн дараа гэхэд таг сохорчихсон. Тэгээд аав, ээж минь намайг Бирмингем (Их Британийн Уэст-Мидлендс гүнлэг)-ийн хараагүйчүүдийн тусгай сургуульд шилжүүлж билээ. Дунд сургуулиа төгсөөд би Херефорд хотод байдаг Үндэсний коллежийн мэдээлэл технологийн ангид элссэн. Би одоо энэ сургуулийнхаа сургалтын албанд ажилладаг юм. Оюутан байхдаа би Гуржиттэйгээ танилцаж, үерхсэн. Надтай гэрлэх эмэгтэй гарч ирнэ гэж бодож ч байгаагүй би түүний үгийг сонсоод баярласан ч өөртөө эргэлзсэн.
Тэгээд “Чи надтай гэрлэнэ гэсэн бодлоо орхи. Дахин сайн бод” гэж зөвлөсөн. Хуримынхаа өглөө ч би түүнийг ятгаж бодлоо өөрчилж болох хамгийн сүүлчийн боломж гэдгийг сануулсан. Гуржит тэгэхэд “Би зөв гэж бодсон алхмаа хийж байна” гэсэн. Гэр бүлтэй болсон би компьютерийн бизнес эрхэллээ. Олон шөнө нойргүй хонож, бизнесээ хөл дээр нь босгоход эхнэр минь үргэлж дэргэд байсан. Тэр миний нүд болсон юм. Хэсэг хугацааны дараа бид хоёр охинтой болсон. Өөрийн гэсэн жижиг дэлгүүр ч нээсэн. Гуржиттэй байхдаа би сохор гэдгээ мартдаг байсан. Би түүнийг харж байгаа мэт мэдэрдэг байлаа. Нэг өдөр ажлынхаа өрөөнд сууж байтал хуучны хамтрагч найз минь ирээд эмчилгээний шинэ технологийн талаар ярьж, намайг үзээд алд гэж зөвлөсөн.
Түүний зааж өгсөн, Брайтон хотод байдаг эмнэлэгт хоёр долоо хоногийн дараа хандаж, шинээр нэвтрүүлсэн хагалгаанд нь орох боллоо. Эмч нүдний минь боолтыг авч, шингэн зүйлээр угаахад яг л цонх арчиж буй мэт мэдрэмж төрдөг юм. Тэгтэл нүдний өмнө эмчийн зангиа харагдах шиг болов. Тэгснээ нүүр дүүрэн инээмсэглэх эмчийн дүр тодорч байна. Би өөртөө ч итгэсэнгүй, нүдээ эргэлдүүлэн эргэн тойрныг харлаа. Үнэхээр би хараа оржээ. Ингэж байтал эхнэр минь охидоо дагуулан орж ирлээ. Би тэднийхээ царайг анх харж байгаа хэрнээ яагаад ч юм бэ, танил санагдах юм. Би “Та нарыг би харж байна” гэж хэлснээ маш сайн санаж байна. Мартахын аргагүй гайхалтай мөч байсан.
10 жил хамт амьдарсан хүнээ сэтгэлдээ ургуулж биш, нүдээрээ харах шиг гайхамшиг гэж үгүй. Сэтгэлд минь “ургасан” эхнэрийн минь дүр нүдэнд харагдахаар эхлээд юу билээ гэж бодож, танил санагддаг юм билээ. Эмнэлгээс гараад би хүүхэд байхдаа амьдарч байсан газар руугаа явсан. Тэнд харж байсан зарим зүйл яг хэвээрээ байсанд тун их баярласан. Жижиг мухлагийн дээвэр тэр л үеийнхээрээ шаргал өнгөтэй байсан. Эхнэр, охидынхоо гараас хөтлөөд аяархан алхдаг байсан би тэднийг хөтлөөд, урд нь гарчихсан хурдан хурдан алхаж байлаа. Ямар гайхалтай гээч. Бүх зүйл сонирхлыг минь татаж, би яг л хүүхэд шиг болчихсон. Тэгж явахдаа би үе үе өөрийгөө чимхэж, зүүдлээгүйгээ мэдэрч байсан. Одоо ч хааяахан өөрийгөө чимхдэг шүү.
Ж.ЭРДЭНЭЦЭЦЭГ