Дайны зэр зэвсэг шиг аюултай зүйл үгүй. Тулалдаанд бэлтгэхийн тулд жинхэнэ буу шийдмээр бэлтгэл сургуулилалт хийх аргагүй тул эртний Энэтхэгээс өнөө бидний компьютерийн эрин хүртэлх хэдэн зуун жилд цэргийн хээрийн сургуулилалтын талбай, байлдааны талбарын жижигэрүүлсэн хувилбарыг шатрын хөлөг орлосоор иржээ. Орчин цагийн шатрыг МЭ VI зууны үед Энэтхэгт тоглож байсан 64 нүд бүхий чатуранга хэмээх хөлөгт тоглоомноос үүссэн гэх хүн цөөнгүй ч Монголоос үүссэн байж болохыг нотлох шатар, чулуу гэх мэт олон баримт манай улсын нутаг дэвсгэрээс олддог тул “Шатар Монголоос үүссэн” гэх судлаач бас олон бий. Морь, тэрэг, тэмээ, хүү, бэрс гэх зэрэг нэрс нь хүртэл Монголчуудын ахуй амьдрал цэрэг дайны урлагаас шатар үүссэнийг гэрчилнэ. Эртний Хятадад ч мөн одоогийн го даамтай төстэй хөлөгт тоглоом байв.

Хан гүрний үе буюу МЭ 25-220 оны хооронд хамаарах нэгэн сурвалж бичигт цэрэг эрсийг гогоор хичээллүүлж байсан тухай баримт бий. Мао Зэдун хүртэл вэйци буюу хятад маягийн го даам тоглож байхыг цэргийн дарга нартаа даалгаж байсан тухай мэдээ байдаг. Үнэн, эсэх нь эргэлзээтэй ч БНХАУ-ын Ардын армид өдгөө ч вэйцигийн нууц дамжаа байдаг гэж Австралийн Батлан хамгаалахын шинжлэх ухаан, технологийн байгууллага мэдээлж байв. Перс буюу одоогийн иранчууд чатурангагаас санаа авсан шатранж хэмээх тоглоомтой. Арабчууд ч гэсэн дайн байлдааны тактик, стратегиа шатар тоглодог цэргүүдээрээ гаргаж байсан тухай баримт өч төчнөөн бий. Шаг, мад зэрэг хэллэг тухайн орны хэл, аялгад шингэн өөриймссөн ч хаа ч ижил төстэй дуулддаг араб үгс бөгөөд “шаг мад” нь “шах үхлээ” гэсэн утгатай аж.
Түүхэн дэх хамгийн гоц шатарчин гэгддэг Кубын иргэн Хосе Капабланка морин цэргийн дэслэгч хүний хүү юм. Тэрбээр шатрын дүрсүүдийг цэрэг эрстэй жишин тоглодог байсан эцгийнхээ дэргэд анх шатар сурчээ. “Цэрэг дайны түүх мэддэг, цэргийн эрдэм сонирхдог шатарчид илүү чадварлаг тоглогч байх магадлалтайг Капабланкагийн намтар нотолж байна” гэж цэргийн түүхч Антони Бивор тэмдэглэсэн байна. Харин эсрэгээрээ, шатар тоглодог цэргийн жанжин хүн бүхнээс илүү арга заль, суу билэгтэй удирдагч болох магадлалтайн хамгийн захын жишээ гэвэл Наполеон билээ. Тэрбээр цөллөгт өнгөрөөсөн амьдралынхаа сүүлчийн хэдэн жилд өдөр бүр шатар тоглодог байжээ. Бивор дэлхийн II дайны тухай хэд хэдэн ном бичсэн нь олон улсад хэдэн сая хувиар борлогдсон аж. Тэрбээр Британийн армид морьт цэргийн хорооны офицер байсны дээр зэрэг цолтой шатарчин юм. Тиймээс дайтах арга ухаан, шатрын тооцоо, аргачлал хоорондын уялдаа холбооны талаар түүхэн олон баримт хэлж чадна.
Түүний хэлснээр шатар бол дайн байлдааны “мэдээллийн төв” аж. Хэдийгээр өнөө цагийн зэвсэгт тэмцлүүд бүх зүйл нь нүднээ ил байх хуучин цагийн байлдаанаас өөр болсон ч дайны ерөнхий, гол шийдлүүдийг одоо ч шатрын нүүдэлтэй адилтгаж болох гэнэ. Одоогийн технологийн эринд дайн байлдааны арга ухаан дахь шатрын байр суурийг компьютерын программууд орлож байгаа ч мөнөөх программуудыг чухамхүү шатрын нүүдлээс санаа авч хөгжүүлснийг Бивор хэллээ. 1989 онд буюу Хүйтэн дайны сүүлчээр Британийн профессор Дональд Мичигийн шатрын программ бүтээх ажлыг АНУ-ын Цэрэг армийн судалгааны хүрээлэнг ивээн тэтгэж байсныг тэрбээр илрүүлсэн байна. Профессор Мичи тэр үед Глазго дахь Турингийн хүрээлэнгийн ахлах судлаач байжээ.
Тус хүрээлэнд нэрээ хайрласан шатарчин Алан Туринг бол дэлхийн II дайны үед нацистуудын кодыг тайлсан гавьяатай юм. Энэ амжилтынх нь дараа Английн шатарчид бараг бүгд түүний арга барилаас суралцсан байдаг. Тухайн цагийн хамгийн шилдэг англи шатарчин Хью Александр Турингийн мөрийг дагаж, Тагнуулын албанд Филидор хэмээх нууц нэрээр задлан шинжээч, код тайлагч болжээ. 2007 онд нас барсан Мичи орчин цагийн цэрэг байлдааны аргыг “хоёр тэмээний эсрэг нэг морь” гэсэн томъёогоор тодорхойлсон байдаг байна. “Deep Thought” буюу хожим “Deep Blue” нэртэй болсон компьютерын шатрын программ 1997 онд дэлхийн шатрын аварга Гарри Каспаровыг тун ч дуулиан шуугиантай ялж байсан юм. Харин уг программыг АНУ-ын Батлан хамгаалах яамны Дэвшилт судалгааны төслийн агентлагаас (DARPA) санхүүжүүлж байсныг хүм үүс тэр бүр мэддэггүй.
1989 онд тус агентлагийн Систем судалгааны хорооны даргаар ажиллаж байсан дэслэгч хурандаа Роберт Симпсоны тэмдэглэж үлдээснээр “Deep Thought”-ийг цэргийн стратеги судлалын мэргэжилтнүүд бүтээсэн бөг өөд уг программыг боломжит бүх гарцыг хормын дотор илрүүлэн судалж, аль тохиромжтойг нь сонгодог байлдааны нисгэгч шиг ажилладаг гэжээ. DARPA 2007 онд “Deep Blue”-гээ шинэчилж, компьютерын шинэ супер байлдагч “Deep Green” программ бүтээсэн нь мөн л цэрэг дайны ухаан, шатрын аргачлал хоёрыг хослуулсан байлаа. Гарри Каспаров, “Deep Blue” хоёрын өрсөлдөөн бол 1972 онд Рейкьявик хотод болсон Бобби Фищер, Борис Спасский нарын тоглолтын дараа орох, орчин цагийн хамгийн дуулиантай шатрын тэмцэл байв. Зууны тэмцээн гэгдсэн Фищер, Спасский нарын тоглолт бол Хүйтэн дайны хамгийн ширүүн “цусгүй дайн” байсан. Тэр үед АНУ-ын Үндэсний аюулгүйн албаны ахлах зөвлөх байсан Генри Киссинжер Фищерийг биечлэн бэлтгэжээ.
Г.ЛХАГВА