Хаа нэгтээ та саарал өнгөтэй ой үзсэн үү? Нэг хоёрхон мод бут бол ч бас яая гэх вэ. Уулын ам, энгэр тэр чигээрээ горзойсон хөх шонгууд байгааг харав уу. Ногоон өнгөө хар саарлаар сольж, үзэмж гоо төрхөө гээгээд арваад жилийн нүүр үзсэн эдгээр мод амьд гэх ямар ч шинж тэмдэг алга. Заримыг нь түлхэж үзвэл юу юугүй булгараад уначих шинжтэй. Шатаад ийм болчихов уу гэвэл тийм биш. Нэг л зун өнгөө өөрчлөөд эхэлсэн гэж нутгийн малчид ярих. Зарим нь хүн төмрийн хүдрийн хайгуул хийснээс болсон байж мэднэ гэж мэдэмхийрэв. Харин мэргэжлийн хүмүүс Сибирийн эрвээхэйн нүүдэл дайрч, түүний эсрэг хортон шавьжны хор цацсанаас үүдэн ийм болчихсон гэж тайлбарлах юм билээ. Гэхдээ хортон шавьжны хор адилхан цацсан хэрнээ ой бүхэлдээ ийм болоогүй нь бас хачирхалтай. Бараг арваад га талбайг эзлэх энэ үхмэл ой Төв аймгийн Мөнгөнморьт сумын зүүн урд талд бий. Их гутай, Мухар гутай хэмээх хоёр аманд байх энэ саарал ой жилээс жилд бага багаар хүрээгээ тэлж байгааг ч нутгийн иргэд, ойн нөхөрлөлийнхөн хэлж байна.
Ой юунаас болоод ийм сэтгэл шимшрүүлмээр дүр төрхтэй болчихов гэдгийг сурвалжлахаар бид Мөнгөнморьтод очсон боловч тоймтой хариулт олж чадаагүй юм. Саяхнаас гэнэт ийм болчихоогүй, олон жилийн өмнөөс үүссэн асуудал болохоор нутгийн иргэд ч, ойн газар, холбогдох яам агентлагийнхан ч төдийлэн тоохоо больжээ. Хүр хорхойд идэгдсэнээс боллоо гэж үзэн хэдэн жилийн өмнө яамнаас мэргэжилтэн ирж үзсэн боловч хүр хорхойн үүр хайгаад олоогүй гэнэ. Хэрэв хорхойд идэгдэн мод үхсэн бол хаа сайгүй шавьжны үүр байх ёстой аж. Тэгвэл Монгол Улсын хэмжээнд 65 сая шоо метр мод уначихсан буюу хатсан, босоогоороо байгаль дээр “хог” болон оршдог гэсэн статистик бий. Засгийн газраас “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөр хэрэгжүүлж буй бөгөөд нэгэнт сэргэхгүй болсон ийм ойг цэвэрлэх нь л хамгийн зөв гарц гэж үздэг аж. Тэгэхгүй бол амигүй болсон мод их хуурай, унаад нэг нь нөгөөдөө хавирахад л гал авалцаж түймэр гарах эрсдэл өндөр байдаг гэнэ. Хэрэв шатвал хөрс нь шим тэжээлгүй болж, дахин тэнд ой мод ургатал он удаан жил болох нь ойлгомжтой.
Их гутай, Мухар гутайн аманд байх саарал ой “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрт багтсан гэдгийг Мөнгөнморьт сумын Засаг дарга С.Наранцэцэг хэлж байна. Гэхдээ Сум дундын ойн ангийн даргын ярьж байгаагаар уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх төсөв, хөрөнгө нь шийдэгдээгүй, нөхөрлөл, аж ахуйн нэгжүүдийг өөрсдийн хөрөнгөөр цэвэрлэх үүрэг яамнаас өгөөд буй гэнэ. Мөнгөнморьт суманд Сум дундын ойн анги байдаг бөгөөд таван аж ахуйн нэгж, ойн 28 нөхөрлөлийг хариуцан ажилладаг юм билээ.
Тус ойн ангийн дарга Ц.Азжаргалаас дараах зүйлийг тодрууллаа.
-Их гутайн аманд байгаа ой мод юунаас болоод ийм болчихсон юм бэ?
-Хортонд идэгдээд бараг 7-8 жил болж байгаа газар л даа. 2012 оноос цэвэрлэх тухай асуудал яригдаж эхэлсэн. Сибирийн нүүдлийн эрвээхэй ирж идээд, хор цацаж устгасан юм. Түүнээс болсон л гэж үздэг.
-Эдгээр мод дахин сэргэх боломжгүй юу?
-Нэгэнт үхсэн мод ургахгүй л дээ. Аваад оронд нь мод тарихгүй бол болохгүй.
-Бүгдийг нь тайрч авна гэсэн үг үү?
-Зайлшгүй цэвэрлэх ёстой. Хорхойд идэгдсэн, унанги ихтэй ойг цэвэрлэхгүй л бол түймрийн голомт болно. Нэг шатахаараа хуурайшчихдаг. Хоёр дахиа шатвал хөрсний үржил шим байхгүй болно. Тэр хөрсөн дээр амьд организм юу ч үгүй болно. Ой мэддэг хүмүүсийн санаа зовоод байгаа юм энэ л дээ. Тийм учраас түймрээс урьдчилан сэргийлж, цэвэрлэх л ёстой.
-“Ойн цэвэрлэгээ” хөтөлбөр танай суманд хэр хэрэгждэг вэ?
-“Ойн цэвэрлэгээ хөтөлбөрийн хүрээнд 10 аж ахуйн нэгж, 24 нөхөрлөл ажиллаж байна. Саяхан БОНХАЖЯ-ны Байгаль орчны судалгаа хөгжлийн төвийн мэргэжилтнүүд ирж “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийн сургалт хийгээд явсан. Талбайг нь тусгаарлаад “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрөө эхлүүлье гэхээр манайхны хувьд найр наадмын сар болчихоод байна. Хөдөөгийн нөхөрлөлийнхөн маань мал хуй гээд ид ажилтай байдаг үе, юун уулын ам руу орохтой манатай. Ер нь ойн цэвэрлэгээг жилийн дөрвөн улиралд хийх ёстой. Зуны нөхцөлд хөдөөгийнхөн хийхгүй. Мэргэжлийн хэдэн аж ахуйн нэгж л хийвэл хийнэ. “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийн хажуугаар ашиг сонирхлын зөрчилтэй янз янзын хүмүүс ирээд бужигнуулаад хаячих вий гэдэг болгоомжлол яамныханд ч, манайханд ч бий гэсэн юм.
Мөнгөнморьт дахь Сум дундын ойн анги дөрвөн хүний орон тоотой. Зургаан сумыг хариуцдаг томоохон ойн анги болохоор хүч хүч дутагддаг гэдгийг Ц.Азжаргал дарга хэлж байна. Тус ангийнхан өөрсдийн нөөц бололцоогоор хоёр жилийн өмнөөс зургаан га талбайд мод үрслүүлж, үрээр мод тарих хоёр хүлэмж шинээр байгуулжээ. Усалгааны мананжуулагч төхөөрөмж гар аргаар угсарч тавьсан нь ихээхэн үр дүнтэй байгаа төдийгүй үрнүүд нь эхнээсээ соёолоод эхэлжээ.
Тэнд шар хуайс, шинэс, гүйлс тарьж буй юм билээ. Улсын хэмжээнд 65 сая шоо метр мод уначихсан буюу хатсан, босоогоороо “хог” болж байдгийг дээр өгүүлсэн. Харин үүнийг цэвэрлэх гэхээр машин очих нь байтугай хүний хөл хүрэхэд ч бэрх ойн гүнд, уулын хярд байдаг аж. Тиймээс ойн зам гаргах, туулах чадвар сайтай төмөр хүлэгтэй байх, хүн хүч, бензин тос гээд багагүй зардал гарах тул чамгүй мөнгө шаардлагатай болдог юм байна.
Г.ГЭРЭЛ