Дорнодын уудам талд дураараа давхих цагаан зээрийг анх хараад л “дурласан” хүн бол Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн Байгаль хамгааллын судалгаа, шинжилгээний удирдагч Б.Бүүвэйбаатар.
Биологич, амьтан судлаач мэргэжилтэй тэрбээр ажлын гараагаа Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнаар эхэлснээс хойш 10 гаруй жил “дурлал”-даа үнэнч явна. Сүүлийн үед хийж буй судалгаа, зэрлэг амьтдын сонирхолтой амьдралын талаар түүнтэй ярилцлаа.
-Та магистрын ажлаа “Цагаан зээрийн нүүдэл, төмөр замын нөлөө” сэдвээр хамгаалсан юм билээ. Энэ талаараа товчхон ярихгүй юу?
-1960-аад оноос өмнө цагаан зээр Дорнодын уудам талаас эхлээд Увс аймаг хүртэл нүүдэлдэг байжээ. Харин төмөр зам тавьснаар цагаан зээрийн нүүдэллэх орчин хязгаарлагдсан. Үүнээс болж цагаан зээрийн ихэнх нь зүүн аймгуудад үлдсэн.
Цагаан зээрийн нүүдэлд төмөр зам нөлөөлж буй талаар судлаачдын ажиглалт, аман мэдээнээс өөр шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоо байгаагүй. 2002 онд япон эрдэмтэд манай улсад ирж, цагаан зээрийн нүүдлийн судалгаа хийхдээ оюутан шалгаруулж авсан юм.
Тэрэнд нь би шалгараад хамт судалгаа хийсэн. Эхлээд дөрвөн зээрэнд хүзүүвч зүүн, хиймэл дагуул ашиглан тухайн амьтан хаана байгааг цаг тутамд мэдэж авч байлаа. Ялангуяа өвлийн улиралд цагаан зээр төмөр замд ойртоод буцах тохиолдол олон гарч байсан.
Иймээс нэмж 30-аад зээрийг хүзүүвчтэй болгон судалгаа хийсэн. Төмөр замын хамгаалалтын өргөст тороор ганц ч зээр нэвтэрч чадаагүй. Өргөст торонд сүлбүүлж, шарх авснаасаа үхэх тохиолдол цөөнгүй гарсан. Төмөр зам зээрийн нүүдлийг хязгаарлахаас гадна үхэлд хүргэж буй нь тодорхой болсон.
Төмөр зам дагуу газарт 10- аад хоног судалгаа хийхэд 240 цагаан зээрийн сэг бүртгэсэн. Ганц жилийн дотор л 240 гаруй зээр төмөр зам гарах гэж байгаад үхсэн гэсэн үг.
-Гарц нь юу байна?
-Нүүдэллэдэг амьтдыг хамгаалах талаар олон улсын хурал ирэх наймдугаар сард манай улсад болно. Бид төмөр замын аль хэсгээр амьтан гарахыг хамгийн их оролдож буйг тогтоосон.
Тэдгээр газрын торыг нь авах, эсвэл өргөст торны хамгийн доод хэсгийг өргөсгүй төмөр утсаар хийх талаар “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийнхэнтэй ярилцсан.
Гэвч одоогоор үйл хэрэг болгож чадаагүй. Барууны орнуудад өргөст торыг нь авч, амьтдаа хамгаалдаг.
Мөн амьтдад зориулан нүхэн болон гүүрэн гарц гаргаж болно. Гэхдээ энэ нь өртөг өндөртэйгөөс гадна задгай уудам газар амьдардаг цагаан зээр түүнд ойртох, эсэх нь бас эргэлзээтэй.
-Танай байгууллагын судлаачид сүүлийн гурван жилд Өмнөговь аймагт судалгаа хийж байгаа. Уул уурхайн компаниудын үйл ажиллагаа зэрлэг амьтдын амьдрах орчин, идэш тэжээлд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Бидний зорилго уул уурхайн нөлөөнд орох магадлалтай, тоо толгой нь ховордсон, тархац нутаг багатай хар сүүлт, хулан зэрэг нүүдэллэдэг амьтдын тоо толгой хэд байна, хаагуур нутаглаж буй талаар суурь судалгааны мэдээ бэлтгэх юм.
Өнөөдөр тэдгээр амьтад ямар байдалтай байна “Оюутолгой”, “Тавантолгой” төсөл хэрэгжиж дууссаны дараа ямар байх вэ гэдэг нь маш чухал. Уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаа явуулж дууссаны дараа байгаль орчиндоо эерэг нөлөө үзүүлсэн байх ёстой.
Тиймээс суурь мэдээнд үндэслэн уул уурхайн компанийнхан хамгаалал, нөхөн сэргээлтийн ажил бодитой хийсэн, эсэхийг харьцуулахад чухал нөлөөтэй.
Жишээлбэл, Оюутолгойг 50 жил ашиглаад дууслаа гэхэд тухайн үед хар сүүлт хэд байгааг тоолно. 2015 онд 30 мянган хар сүүлт байжээ гэж бодъё, гэтэл 50 жилийн дараа 20 мянга болж цөөрчээ.
Ингэхээр уул уурхайн компанийнхан хар сүүлтийн тоо толгойг 30 мянгаас дээш болгон өсгөх, хамгаалах арга хэмжээ авах юм.
-Эртний дүр төрхөө хадгалж үлдсэн монгол бөхөнгийн янзаганы үхэл хорогдлын талаар та судалсан гэсэн. Ямар үр дүн гарав?
-Манай оронд бөхөнгийн сүрэг Шаргын говь, Хүйсийн говь, Ховдын Чандмань суманд төвлөрч амьдардаг.
Шаргын говь, Хүйсийн говийн бөхөнгүүд ургамлын гарц, хур тунадасны хэмжээнээс хамаарч хоорондоо нутаг сэлбэн нүүдэллэдэг. Таван км өргөнтэй коридороор гарч нүүдэлнэ.
Нүүдэл хийдэг коридорыг нь хамгаалахгүй, уул уурхайн үйл ажиллагаа явуулж, айл суурьшаад ирвэл бөх өнгүүд нүүдэллэх боломжгүй болно.
Тиймээс үүнд анхаарах талаар зөвлөмжийг БОНХАЖЯ-нд хүргүүлсэн. Өнгөрсөн зургадугаар сард генетикийн судалгаа хийх гэж бөхөнгийн янзаганаас дээж цуглуулсан. Бөхөнгийн ангилал зүй их маргаантай.
Зарим эрдэмтэн монгол бөхөнг бие даасан зүйл гэж үзэхэд хэсэг нь Казахстаны бөхөнгийн дэд зүйл гэдэг. Үүнийг нэг мөр болгон, тодорхойлдог нь генетикийн судалгаа.
Хэрэв монгол бөхөн бие даасан зүйл болох нь батлагдвал олон улсын байгууллагын анхаарлыг татаж чадна. Хэрэв дэд зүйл гэж үзвэл Монголд байгаа 10 мянга гаруй бөхөн устлаа ч Казахстанд 250-300 мянгаараа үлдэнэ гэсэн үг.
Тиймээс ангилал зүйг нь тодорхойлох нь их чухал.
-Монгол бөхөн, казахстан бөхөн гадна төрхөөрөө өөр, бие даасан хоёр зүйл гэж БОНХАЖЯ-ны мэргэжилтнүүд хэлдэг. Гэтэл энэ нь одоо болтол тодорхой болоогүй гэсэн үг үү?
-Эртний палеонтологийн олдворт үндэслэн монгол бөхөнг бие даасан зүйл гэсэн дүгнэлтэд хүрсэн. Орчин үеийн арга зүй ашиглан үүнийг тодруулах хэрэгтэй.
Монгол бөхөнг бие даасан зүйл гэдгийг эрдэмтэд дуу нэгтэй хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс өнгөрсөн жил Дани улсын Копенгагены их сургуулийн лабораторид шинжилгээ хийлгэхээр 60-аад бөхөнгөөс дээж авч явуулсан.
Тэд үүнийг сонирхон энэ жил ирж, нэмж 17 дээж цуглуулсан. Эдгээр нь генетикийн судалгаанд хангалттай дээж. 2007 онд найман бөхөнгийн дээжинд шинжилгээ хийгээд л Казахстаны бөхөнгийн дэд зүйл гэж үзсэн байдаг.
Энэ нь бодит үр дүн биш. Бидний явуулсан дээжнээс заримд нь шинжилгээ хийсэн гэсэн.
-Шинжилгээний хариу яаж гарч байгаа талаар хэлж болох уу?
-Монгол бөхөнгийн генетикийн олон янз байдал нь харьцангуй бага байгаа нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, цус ойртолт явагдаж байна гэсэн урьдчилсан мэдээлэл ирсэн.
Генетикийн олон янз байдал бага байх тусам монгол бөхөнгийн популяц цөөн тооны амьтнаас үүссэн магадлал өндөр.
-Зэрлэг амьтдыг судлахад хамгийн бэрхшээлтэй зүйл нь юу байдаг бол?
-Зэрлэг амьтныг судлах тодорхой тогтсон арга зүй ховор. Гадаадын судалгааны арга зүйг Монголынхоо хөрсөнд буулган судалж байна. Амьтад ургамалтай адил нэг газраа байхгүй шүү дээ.
Махчин амьтан судалдаг хүмүүс баавгайд дайруулахаас эхлээд эрсдэл ихтэй. Миний хувьд өвсөн тэжээлтэн амьтан судалдаг болохоор зэрлэг амьтны халдлагад өртөх зүйлгүй.
Харин зэрлэг амьтнаас хүнд халдварлах өвчин олон байдаг учраас аюулгүй байдлаа хангахыг хичээдэг. Хятадад шувууны ханиад дэгдсэн үед өвчтэй шувууны нүүдэл Монголоор дайрсан.
Удалгүй Хөвсгөл аймгийн Эрхэл нууранд шувууны ханиад гарч, бид очиж үхсэн хун, галуунаас шинжилгээний дээж авсан юм. Сүүлд нь сонсоход Монголоос цуглуулсан дээжинд үндэслэн шувууны ханиадын вакцин гаргаж авсан юм билээ.
-Гэхдээ л онгон дагшин байгальд амьдардаг зэрлэг амьтдыг судлах гэж хээр хөдөө олон хоногоор явахаас эхлээд бэрхшээл их гэж бодож байна.
-Тийм ээ. Санаанаас гардаггүй нэг зүйл сонирхуулъя. Монголд минж амьдардаг ганц газар нь Ховдын Булган гол. 1960-аад оноос Германы эрдэмтэд тэндээс минж зөөн, Ховдын Ховд, Увсын Тэс голд нутагшуулсан юм билээ.
2002 онд мөн нутагшуулах гээд Булган голоос 10 минж барихаар очлоо. Говь цөлийн нутагт наймдугаар сард маш халуун, шумуул ихтэй. Зузаан өмд, цамц өмссөн ч нэмэргүй, нэвт хазна.
Тэр үед олигтой ч майхангүй байв. Цүдийсэн улаан гэдэстэй шумуулнуудын дүнгэнэх дуу чихэнд сонсогдоод, нэг хэсэг бие загатнаад хэцүү байсан шүү. Дараа нь бодоход шумуулнууд минжийг “хамгаалж” байсан юм билээ.
Зундаа айлууд нь мөн л шумуулнаас болоод уул руугаа гарчихдаг. Минж бол голын эрэг дагуу нүх засан, бургасаар хооллодог амьтан.
-ОХУ-аас минж авчирч, Туул голд нутагшуулсан. Минж усны төвшнийг яаж нэмэгдүүлдэг юм бол оо?
-Минж голын эрэг доогуур нүх ухан амьдардаг болохоор усны төвшин багасаад ирэхээр нөгөө “гэр” нь ил гарч, амьтанд баригдах аюултай. Тиймээс далан барьж, усны төвшинг ихэсгэн, нүхнийхээ амсрыг нуудаг.
Экологийн “инженер” маань модны мөчир авчирч овоолон, далан барьснаар намагтай газарт ус тогтоож чаддаг.
-Амьтад ч гэсэн амьдрах тухтай орчин бүрдүүлэх, хоол тэжээлээ олох, дайснаасаа биеэ хамгаалах гээд байнга өрсөлдөөнд байдаг. Та 10 гаруй жил амьтан судлахдаа тэдний амьдралын талаар ажигласан л байх.
-Би голдуу цагаан зээр, бөхөн, хулан, хар сүүлт зэрэг ижил зүйлд багтдаг туруутан амьтад судалсан. Цагаан зээр маш уудам орон зайд хол нүүдэллэж байгаа нь үнэхээр гайхалтай. Нэг цагаан зээр жилд 70 мянган ам км нутагт нүүдэлдэг гээд бод доо.
Европын нэг жижиг улсын газар нутгийн хэмжээтэй талбайд амьдардаг нь ховор үзэгдэл. Өвөрмонгол манай улстай хиллэдэг хэсгээрээ цагаан зээртэй.
Тэндхийн бүх айл нь хашаатай болсноос цагаан зээр нүүдэллэх газаргүй болж, шахагдаж байна. Харахад зүгээр л давхиад байгаа мэт боловч нэг зээр долоо хоногт 200 гаруй км газар нүүдэлсэн байдаг.
Мөн Тамсагбулаг орчмоос Төв аймгийн Баянцагаан сумын нутаг хүртэл нэг дор 200 мянган зээр сүрэглэсэн тохиолдол бий.
-Зэрлэг амьтдыг судалсан нь ямар ач тустай вэ?
-Яах гэж судлаад байдаг юм гэж хүмүүс их асуудаг. Манай улсад зэрлэг амьтдыг агнах нь 1990-ээд оноос өмнө хяналт харьцангуй сайн байлаа. Түүнээс хойш зэрлэг амьтныг хороож, эд эрхтэнийг нь хилээр гаргах явдал газар авсан.
Тиймээс ямар нэг хамгааллын арга хэмжээ авах шаардлага гарсан. Байгалийн юм гээд зөнд нь орхивол хүн бүр хороогоод дуусна. Хамгаалахын тулд үндэслэл хэрэгтэй.
Үндэслэл гаргахад тоо толгойг тогтоох нь чухал. Жишээлбэл, хэдхэн жилийн өмнө тарвагыг хүн бүр намнаж, арьсыг нь зарж, махыг нь хүнсэндээ хэрэглэдэг байлаа. Тарваганы тоо толгой цөөрч байгаа талаар олон ажил хийсний дүнд улсаас тарваганы хорио тогтоох нь зөв юм байна гэж үзсэн.
Одоо тарвага сэргээн нутагшуулж байна. Хүчний байгууллагуудтай хамтран хууль бус агнуурын эсрэг хяналт шалгалт явуулсан. Нутгийн иргэдэд холбоо барих тодорхой дугаар өгч, хууль бус ангийн талаар мэдээлэл авдаг болсноор ховор амьтдыг хороох нь харьцангуй цөөрсөн.
Удахгүй Бичигтийн боомтоос Эрээнцав руу төмөр зам тавих гэж байна. Цагаан зээр уудам орон зайд нүүдэлдэг учраас шийдвэр гаргагчдад үүнд анхаарах гарын авлага бэлдсэн.
-Судалгаа хийгээд л байдаг. Гол нь үр дүнд хүрч, бодлогод нөлөөлөх нь чухал. Та бүхний судалгааны үр дүнд гарсан бодит жишээ хэлэхгүй юү?
-Манай улсад төмөр зам тавихдаа зэрлэг амьтанд ээлтэйгээр төлөвлөх талаар ямар ч хуулийн заалт, стандарт байгаагүй. Тиймээс энэ асуудлыг барууны оронд хэрхэн шийдвэрлэж буйг холбогдох хүмүүсийг нь авч явж танилцуулсан.
Үүний үр дүнд Хууль зүйн болон БОНХАЖЯ-наас ажлын хэсэг гарч, мэргэжлийн хүмүүсийн хамт стандарт боловсруулсан. Уг стандартыг баталж, мөрдөж эхэлсэн нь томоохон үр дүн гэж бодож байна.
-Монголоос өөр газар байхгүй мазаалайгаас эхлээд бөхөн, хавтгай зэрэг ховор амьтнаараа жуулчдыг татах боломж хэр байдаг бол?
-Амьтан ажиглах жуулчдад 100 хувийн баталгаа өгч байж ирүүлэх хэрэгтэй. Африкт зэрлэг амьтад нь хүнээс айхаа больчихсон учраас жуулчдын анхаарлыг татдаг.
Харин манайд Алтай таван богд руу явах аяллын маршрутад мазаалай, хавтгайн нутгаар дайрна гэсэн чиглэл гарган, жуулчдын сонирхлыг татаж болох юм. Хустайн нурууны тахь харуулдаг аялал үр дүн сайтай байгаа.
Тахь харж чадахгүй буцдаг жуулчин байхгүй. Зарим тахь нь хүнээс айж эмээхгүй, дунд нь явж, зургаа татуулдаг юм билээ.
-Тоо толгойг нь өсгөх зорилгоор нутагшуулж буй зэрлэг амьтан бий юү?
-Буга, тарвагыг нутагшуулж байна. Заарт харх гаднаас авчирч, Хар ус нууранд нутагшуулсан.
Ч.БОЛОРТУЯА