Наадмын өмнөхөн “Цогт тайж” киноны Франц улсад сэргээн засварласан эхийг хүлээн авах ёслолын арга хэмжээ Дуурь бүжгийн эрдмийн театрт болсон юм. Манай соёл урлагийн зүтгэлтнүүд, монгол киноны ахмадууд, “Цогт тайж” киноны уран бүтээлчдийн үр хүүхдүүд зэрэг олон хүн оролцсон эл арга хэмжээг хөтөлсөн гавьяат жүжигчин Г.Равдангийн ярианаас “Цогт тайж” киноны монгол найруулагч Бадрахын Гомбо гэх нэрийг сэтгэлдээ тогтоож авсан юм.
Эл ёслолын арга хэмжээний үеэр найруулагч Б.Гомбын охин Заяатай уулзан ярилцаж байхад “Цогт тайж” киноны найруулагчийн төлөвлөгөөг миний аав хийсэн. Тэрхүү төлөвлөгөө нь одоо бидний гар дээр байна” гэсэн нь анхаарал татав.
Хэд хоногийн дараа цаг болзон байж уулзан, гараар барьж нүдээр үзсэн эл сонирхолтой баримт одоо уншигч таны өмнө байна. Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 80, “Цогт тайж” киноны 70 жилийн ойн баяр давхцаж байгааг бэлгэшээн энэ киноны монгол талын найруулагч Б.Гомбын талаар бичихээр ном хэвлэл шүүрдэн үзэж, ахмадуудтай уулзан дурсамж юуг нь сэргээн ярилцсан юм.
Монгол Улсын ардын жүжигчин Ч.Долгорс үрэн “Алтан үеийнхний “Цогт тайж” кино” (УБ.2011) дурсамжийн номдоо, “...Манай киноны хоёрдугаар найруулагч нь “Герман” хэмээн нэрлэгдсэн Б.Гомбо байв. “Цогт тайж” киног хийхэд Гомбын гүйцэтгэсэн ажлыг бичихгүй байж хэрхэвч болохгүй.
Гомбо гуай герман, орос хэлийг сайн мэддэгээс гадна маш сайхан зурдаг хүн байж билээ. Гомбо гуай киноны найруулагчийн төлөвлөгөө хийхээс эхлэн киноны бэлтгэл ажлыг голчлон гүйцэтгэсэн хүн. Тэр үед орос хэлтэй хүн цөөн байсан болохоор Гомбо гуай бас орчуулагч хийж байв.
Мөн жүжигчдийг их сайн таньдаг учраас нийт жүжигчдийг шилэн сонгоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Цогтын бичээч нар, Далай ламын ордны шадрууд зэрэг олон хүнтэй хэсэгт оролцох улсыг сайн олж цуглуулсан байдаг. Гомбо гуай Далай ламд тоглуулахаар Сэрээтэр гэдэг яг бурхан шиг царайтай хүүхэд олсон юм.
Төвдийн гүнж Дулмаагийн дүрд манай жүжигчин Ө.Рэнцэнноров тоглох гэж байтал жирэмсэн болж амжихгүй болсонд тэр үед хэн ч танихгүй, циркийн хөгжимчин охин Л.Цогзолмааг Гомбо гуай олж ирсэн нь Рэнцэнноровоос илүү тохирсон. Тэр үед Тарич багш манай жүжигчдийг сайн танихгүй болохоор Гомбо гуай, Лувсанжамц гуай хоёр л тохирох болов уу гэсэн хүмүүсийг түүнд шалгуулж байсан нь лавтай.
Ер нь Гомбо гуай их шулуун шударга, хэнтэй ч маргахаас айдаггүй, өөрийн бодолтой, бусдаас боловсрол мэдлэгээр илүү болохоороо их юм сэдэж хийдэг хүн байсан юм. Үнэндээ тэр кино урлагт их юм бүтээсэн хүн. Миний мэдэхээр орос хэлнээс кино орчуулж, монгол хэлэнд дуу оруулах ажлыг хийсэн хамгийн анхны орчуулагч бол Гомбо гуай байсан.
Түүний хийсэн “Тангараг”, “Тосгоны багш” зэрэг олон кино байдаг. Би тэр киноны гол дүр багшид монгол хэлээр дуу оруулсан” гэжээ. Энэ дурсамжаас үзвэл “Цогт тайж” киноны найруулагчийн төлөвлөгөөг Б.Гомбо хийсэн нь батлагдахын зэрэгцээ түүний олон талтай уран бүтээлч байсныг харж болно.
Харин яагаад ерөнхий найруулагч Ю.М.Тарич өөрөө найруулагчийн төлөвлөгөөгөө хийгээгүй юм бол? Монгол найруулагчаар хийлгэсний учир юу юм бол? гэх асуулт сэтгэлд ургана. “Цогт тайж” киног бүтээсэн түүхтэй холбогдох зарим тодорхойгүй асуудлууд нэлээд байдаг бөгөөд энэ тухай урьд өмнө сонин хэвлэлд цөөнгүй гарч байсан.
Тэр бүхний тухай энд үл дурьдан, зөвхөн өөрийн сонирхсон хэмжээнд зарим зүйлийг тодруулахаар эрэлд гарсан билээ. Найруулагч Б.Гомбын нэр титрт (киноны бичиг) байдаггүй юм. Яагаад тэр юм бол гэж гайхан учрыг нь тодруулахаар “Монгол кино” үйлдвэрийн ерөнхий инженерээр ажиллаж байсан, судлаач С.Батчулуунд хандсан билээ.
Тэрбээр, -Гомбо гуай мэдлэг боловсрол сайтай, ажлын туршлагатай, тухайн үеийн урдаа барьдаг сэхээтний нэг байсан. Харин 1926- 1930 онд Герман улсад суралцсан нь түүнд гай тээг болсон байж магадгүй. Түүнээсээ болон баригдаж хоригдож ч байсан удаатай. Харин тэрбээр ДЯЯ-наас тулгасан хилс хэргийг огт хүлээгээгүй юм билээ.
Гомбо гуай орос, герман хэлтэй, боловсрол мэдлэгийн давуудаа эрдүү байснаас удирдах дээд зарим нөхдийн тооцоо судалгаагүй, муйхар зарим саналтай нийлдэггүйгээ ил цагаан шуудхан хэлдгээсээ болж хохирч байсан тал бий.
Түүний нэг жишээ нь “Цогт тайж” кино дэлгэцнээ гарахад түүний нэрийг киног бүтээгчдийн нэрэнд оруулалгүй хассан явдал юм гэв. “Цогт тайж” киног бүтээхэд эхнээс нь дуустал хүчин зүтгэсэн түүнийг кино бүрэн дуусахаас өмнө чөлөөлсөн аж.
Энэ тухай ардын жүжигчин Ч.Долгорсүрэн дурсахдаа “...Гомбо гуай “Цогт тайж” киноны бүх ажлыг хийлцсэн байж, дуусахын даваан дээр киноноос гарсан учраас киноны бичиг дээр нэр нь байдаггүй, бас шагнал сайшаалд Гомбо огт ороогүй юм.
“Цогт тайж” кинонд оролцсон хүмүүс бүгд л одон медаль авсан. Би тэр үед залуу байгаад юмны нарийн учрыг сайн ялгаж мэдээгүй, ямар шалтгаантай байсан юм бол доо. Гомбо гуай хэлмэгдэн баригдаж байсан хүн.
Түүнтэй холбоотой байсан юм болов уу гэж одоо боддог” гэжээ. Мөн энэ тухай батлах өөр нэгэн мэдээг Б.Гомбын эхнэр Д.Намжилмаа үлдээжээ. “Засгийн газрын мэдээ” сонины 1995 оны долдугаар сарын 5-ны дугаарт (№ 75) нийтлэгдсэн, сэтгүүлч У.Амарсайханы хийсэн ярилцлагад Б.Гомбын эхнэр Д.Намжилмаа дурсахдаа “...Миний нөхөр “Цогт тайж” киноны монгол талын найруулагч юм шүү дээ.
Ринчен гуай кино зохиолыг бичиж, Гомбо кино сценарийг нь бичсэн юм. ...Герман, орос, англи хэлтэй, өндөр боловсролтой хүн учраас зөвлөлтийн хүмүүстэй ажиллуулахаар “Цогт тайж” киноны монгол талын найруулагчаар авсан юм билээ.
Харамсалтай нь киног бүтээгчдийн нэрэнд миний нөхрийн нэрийг хассан байдаг юм. Энэ бол үнэнийг илт үгүйсгэсэн гутамшигт явдал. “Германы тагнуул” гэгдэж хилс хэргээр шоронд хоригдсоны үр дүн нь энэ. Гомбо “Цогт тайж”-д тоглох жүжигчдийг сонгоход хачин их хүчин зүтгэснийг би мэднэ. Тэдэнд яаж тоглох, ямар үг хэл цээжлэхийг уйгагүй хэлж зааж өгч байсан.
Шөнөжин унтахгүй ажиллаж байсан юм. Кино дуусаж хүмүүс шагнагдахад миний нөхөр хоосон хоцорсон. Ямар сайндаа зарим хүнлэг жүжигчин (Цагааны Цэгмид, Ичинхорлоо) нь сэтгэл зовсондоо шагналд авсан мөнгө, дээлийн даавуугаа Гомбод авчирч өгч байх вэ дээ. Гомбо нулимс нь цийлэгнээд баярлаж, талархсанаа тэдэнд илэрхийлж, шагналыг нь эзэнд нь буцааж өгч байсан юм” гэжээ.
Дээрх дурсамж ярианаас “Цогт тайж” кинонд найруулагч Б.Гомбын гүйцэтгэсэн үүргийг тодорхой мэдэж болно. Тэгээд ч тэрбээр “Монгол кино” үйлдвэрт нийтдээ 10 шахам жил ажилласан туршлагатай, манай улсын баримтат болон орчуулгын киноны хөгжилд томоохон хувь нэмрээ оруулсан, олон талтай уран бүтээлч байсныг нь мартах учиргүй билээ.
Тэрбээр 1946 онд “Тусгаар тогтносон Монгол Улс” бүрэн хэмжээний баримтат кинонд М.Болд найруулагчийн туслахаар хамтран ажиллаж, 1947 оноос Монголын анхны орчуулгын кино “Тангараг” болон “Тосгоны багш”, “Жинхэнэ хүний тууж”, “Берлиний уналт” зэрэг киног орчуулж, найруулагчаар нь ажиллаж явсан авьяаслаг найруулагч байжээ.
Ийм л нэгэн эрхмийг “Цогт тайж” киноны 70 жилийн ойн босгон дээр эргэн дурсъюу гэсэн юм аа. Энд зориуд цохон тэмдэглэхэд, эл бичлэгээрээ би “Цогт тайж” киноны ерөнхий найруулагчаар ажилласан Ю.М.Тарич, М.Лувсанжамц нарын гавьяаг үгүйсгэх буюу бууруулах зорилго огт тавиагүй билээ.
Мөн энэ кинонд найруулагч Б.Гомбын гүйцэтгэсэн үүргийг хэт дөвийлг өж, магтан товойлгохыг ч зорьсонгүй. Харин “Цогт тайж” киноны найруулагчийн төлөвлөгөөг Б.Гомбо хийсэн” гэдэг баримтыг уншигч олондоо танилцуулахыг хичээсэн билээ.
Эх орныхоо соёл урлагийн түүхийг сонирхогчид болон судлаачид, монгол киноны шастирыг тэрлүүлэх мэргэд эл баримтыг судлан шинжилж, Монголын түүхэн киноны сор бүтээл “Цогт тайж” киноны судалгаанд ашиглавал үзэг цаас нийлүүлсний минь хэрэг бүтэх нь тэр ээ.
Ч.БОЛД