Эрт дээр цагаас л Төв Азийн бүс нутаг геополитикийн хувьд дэлхийн улс орнуудын анхаарлыг татаж, их гүрнүүдийн шуналыг хөдөлгөдөг газар нутаг байсаар иржээ. Өнгөрсөн XX зуунд Төв Азийн орнууд улс төр, нийгэм, соёлын хамгийн том өөрчлөлтүүдийг хийсэн билээ. Харин XXI зууны эхээр энэ бүс нутагт геополитикийн томоохон “тоглолтууд” явагдаж, Төв Азид ноёрхсон улс орон дэлхийд тэргүүлнэ гэсэн ойлголт хэдийнэ тогтоод байна.
Яагаад энэхүү хэсэг газар нутгийг дэлхийн их гүрнүүдээс гадна НҮБ, НАТО, Европын холбоо гэсэн олон улсын томоохон байгууллагууд сонирхон харж, ашиг сонирхлоо тогтоохыг оролдоно вэ? Юуны өмнө газар нутгийн таатай байршил, байгалийн асар их баялаг олны анхаарлыг татаж байна. Төв Ази хэмээх энэхүү бүс нутагт л Хятад улс “Шинэ торгоны зам, эдийн засгийн бүс” төсөл хэрэгжүүлэхээ зарлан тунхаглаад байгаа юм. БНХАУ-ын дарга Си Зиньпин 2013 онд Казахстаны нийслэл Астана хотод анх энэ төслөө танилцуулсан билээ.
Си Зиньпин орчин үеийн Хятад орны дэлхий дахинд гүйцэтгэх үүргийн талаар ярихдаа “Хятад арслан хэдийнэ сэрсэн. Гэхдээ энэ арслан энх тайванч, эелдэг зөөлөн, соёлтой арслан байх болно” гэсэн юм. Тэрбээр “Бид нэгэн хувь заяатай” гэсэн шинэ дипломат философийг олон улсын тавцанд нэвтрүүлж, хамтдаа орлого олж, хамтдаа хөгжицгөөе гэсэн уриаг дэвшүүлсэн. “Шинэ торгоны зам, эдийн засгийн бүс” төслөө хэрэгжүүлэхийн тулд БНХАУ “Торгоны зам” сан байгуулж, 40 тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байна.
Мөн шинээр байгуулсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк энэ төсөлд оролцож буй улс орнуудад тусламж үзүүлэхээр болоод байгаа. Анх Хятад улс Төв Азид нөлөөгөө тогтоох эхлэл мэт харагдаж байсан энэхүү төсөл одоо маш олон орны дэмжлэг хүлээж эхэлжээ. Учир нь энэ төсөлд улс төрийн ямар дэглэм, тогтолцоотойгоосоо үл хамааран хэн ч элсэж болох зам нь нээлттэй. Гэхдээ л “Шинэ торгоны зам, эдийн засгийн бүс” төсөл олны сонирхлоос гадна яагаад улс орнууд нийлж, энэ замыг байгуулах ёстой, энэ нь одоо байгаа тогтолцоотой зөрчилдөхгүй юү гэсэн олон эргэлзээг төрүүлж байгаа.
2013 онд Си Зиньпиний дэвшүүлсэн “Шинэ торгоны зам, эдийн засгийн бүс”, “XXI зууны тэнгисийн торгоны зам” төсөл нь үндсэн гурван үүрэгтэй. Үүнд, эдийн засгийн өсөлтийн замыг хайх, дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, бүс нутгийн шинэ маягийн харилцааг бий болгох үүрэг багтаж байна. Үндсэн зорилго нь улс төрийн харилцан итгэлцэл, эдийн засгийн хамтын ажиллагаа, соёлын харилцааны үндсэн дээр ижил сонирхол, үүрэг хариуцлагатай, нэгэн хувь заяатай нийгэм байгуулах гэж ойлгож болно.
Үүний тулд зам тээврийн дэд бүтэц, саад бэрхшээлгүй худалдаа, мөнгөний чөлөөт харилцаа, улс төрийн дэглэмийн ойртолт, ард түмний нөхөрлөл гэсэн таван чиглэлээр ажиллах гэж байгаа юм. Харин яагаад Хятадын төсөлд улс орнууд нэгдэн, хамтран ажиллах ёстой гэж? Дэлхийн түүхээс харахад аливаа улс орны хөгжил нь далай тэнгисээс эхэлдэг аж. Далайн эрэг дээр буй орнууд хөгжиж, цэцэглэн мандаж байхад далайд гарцгүй улсууд нь хөгжлөөрөө хоцорсон байдаг.
Тэгвэл энэ ялгааг арилгаж, бүх орон тэнгис далайд гарч, хөгжиж дэвжихийн тулд хамтран ажиллахыг шинэ төсөл ухуулж байгаа хэрэг. 2008 оны дэлхийн эдийн засгийн хямрал бол үнэн хэрэгтээ эдийн засгийн тэнцвэргүй байдлаас үүдсэн бөгөөд Америк, Барууны орнуудаас шалтгаалж, нийтээрээ хямралд автсан. Хямралаас хойш долоон жил өнгөрөөд байхад ч дэлхийн эдийн засгийг сэргээх хүч алга л байна.
Тэгвэл “Шинэ торгоны зам, эдийн засгийн бүс” төслийн хүрээнд дэлхийн эдийн засгийн шинэ төв бий болгож, дахин хямрал гарахад даван туулах чадварыг сайжруулах юм. Энэ төслөөр Хятадын хоцрогдсон хойд мужууд, далайд гарцгүй Азийн орнууд, тэр дундаа Монгол орны хөгжилд эергээр нөлөөлнө гэж үзэж байгаа юм байна. Өрнө, дорныг эртнээс холбосон Төв Азийн улс орнууд хөгжлийн хувьд Барууны орнуудаас хол хоцорсныг засаж залруулах нь ч бас нэгэн зорилго.
Ямар ч гэсэн Шанхайгаас Берлин хүрэх 12 мянган км урт, шинэ торгоны зам нь тэр чигээрээ худалдаа, наймааны нэгдсэн бүс болох бол далайн торгоны замаар Персийн булангийн орнуудыг Энэтхэгийн далай, Газрын дундад тэнгисийн орнуудтай холбох болно. Энэ төслөөр Европ хүртэлх торгоны замын дагуу олон тооны эдийн засгийн бүс, аж үйлдвэрийн парк байгуулан, цаашдаа Ази, Европ, Африкийг холбосон сүлжээ үүсгэх болно.
Үнэмшилгүй мэт сонсогдож болох ч ажил хэдийнэ эхэлжээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албанаас торгоны замын дагуу орших 15 орны 23 хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч, Хятадын Шинжаан-Уйгарын ӨЗО-ы Үрүмчи хотод форум зохион байгууллаа. Яагаад Шинжаан-Уйгарыг сонгон авсан нь ч ойлгомжтой байлаа. Төлөөлөгчдийг хүлээн авсан Шинжаан-Уйгарын ӨЗО-ы Засгийн газрын хэвлэлийн албаны захирал Ли Цуэцзунь “Шинжаан- Уйгар нь Хятадын мужуудаас хамгийн олон улстай хиллэдэг, 5600 км буюу хамгийн урт хуурай замын хилтэй муж.
Бид Монгол, ОХУ, Казахстан, Киргизстан, Тажикстан, Афганистан, Пакистан, Энэтхэгтэй шууд хиллэдэг. Нийт 47 үндэстэн ястнаас бүрдсэн 23 сая хүн амтай. Дэлхийн бүх шашин манайд бий” гэж ярьж байв. Монгол Улс тус төсөлд ямар байр суурь эзлэхийг сонирхоход Шинжаан-Уйгарын ӨЗО-ы Засгийн газрын хэвлэлийн албаны захирал Ли Цуэцзунь монгол хэлээр мэндчилэн, “Түүхэн баримтаас харсан ч танай улс чухал байр суурьтай” хэмээн хэлсэн юм.
Шинжаан-Уйгарыг гадаадын эрдэмтэд дөрвөн их соёл иргэншил буюу Хятад, Энэтхэг, Лал, Грек-Ромын соёл хосолсон газар гэж үздэг гэнэ. Мөн тус ӨЗО эртнээс нааш Евразийн гол коридор хэмээн тооцогдож, стратегийн чухал төв болж иржээ. Зөвхөн Европ төдийг үй Хятад-Пакистан, Хятад-Монгол-ОХУ гэсэн эдийн засгийн коридорын чухал зангилаа болж чадах байрлалтай газар юм. Тиймээс Хятадын Засгийн газар “Шинэ торгоны зам, эдийн засгийн бүс” төслийнхөө Европ руу харсан цонхоор Шинжаан- Уйгарыг сонгон авчээ.
БНХАУ-ын дарга Си Зиньпин шинэ төслийг хэрэгжүүлэхэд Шинжаан-Уйгар онцгой үүрэгтэй гэдгийг онцлон дурдаж, дэд бүтэц, санхүүгийн салбарт нь нийт гурван их наяд юанийн хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдэн, эхний ажлууд нь гараанаас гарсан байна. Өнгөрсөн онд Шинжаан-Уйгарын ДНБ-ий хэмжээ 920 тэрбум юань болсон нь 10 хувь өссөн үзүүлэлт төдийгүй, Хятадын мужууд дундаа дөрөвдүгээр байрт оржээ.
Хот хөдөөгийн ард түмний жилийн орлого ч тогтмол нэмэгдэж байгаа аж. Үрүмчи хотоор аялахад хотын захын дүүргүүдэд олон тооны шинэ хороолол босож, зам тээврийн дэд бүтцийг үндсэндээ шийдсэн нь харагдлаа. Хотын төв өөр хурдны замын ажил эхэлж, гурван сая хүнтэй их хотод түгжрэл бараг үгүй. Хөдөө тосгон, шинээр баригдаж буй эдийн засгийн бүсүүдэд ч замаа тавьж эхэлсэн байна. Уйгарын салан тусгаарлагчид үе үе олныг сандаргадаг тул хотын чухал барилга, төрийн байгууллагуудын үүдэнд буутай цэрэг жижүүрлэж буй ч байдал удахгүй тогтворжино гэж албаны хүмүүс хэлж байлаа.
Засгийн газраас байдлыг сайжруулахын тулд үзэл суртлын асуудлыг ухуулан сэнхрүүлэх, соёлын асуудлыг соён гэгээрүүлэх замаар, уламжлалыг хүндэтгэлтэй харилцаагаар, шашны асуудлыг хуулийн хүрээнд, алан хядагчдын асуудлыг хатуу чанга, хууль ёсны арга хэмжээний дүнд шийднэ гэж ярьж байлаа. Ингэсний дүнд 2015 оны сүүлч гэхэд Шинжаан-Уйгарыг Хятадын дундаж ДНБ-тэй мужуудын тоонд багтааж, 2020 он гэхэд тогтвортой хөгжлөөр дундаж муж болгох зорилттой байгаа гэнэ.
Шинжаан-Уйгарын хөгжил, ард түмний амьдралын түвшинг дээшлүүлэх боломжоо тэд “Шинэ торгоны зам, эдийн засгийн бүс” төсөл гэж харж байна. Тиймээс аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэхгүйн тулд хичээж байгаа аж. Энэ төслийн ачаар Шинжаан-Уйгарын ӨЗО Төв Азийн тээвэр, худалдаа, ложистик, санхүү, соёл, боловсрол, анагаах ухааны төв болохоор ажиллаж эхлээд байна. Одоогийн байдлаар гурван их наяд юанийн 346 төсөл төлөвлөгдөөд байгаагаас нэлээд нь хэрэгжиж эхэлжээ.
Форумын төлөөлөгчдийг Кашгар, Хоргос эдийн засгийн бүсүүдээр зочлуулж, ирээдүйн “Шинэ торгоны зам, эдийн засгийн бүс”-ийн гол газруудтай танилцууллаа. Хэдийгээр ажил дөнгөж эхэлж байгаа ч эдийн засгийн бүс үүд, хөрөнгө оруулалтын хэмжээний далайц асар том байгаа нь ажиглагдаж байв. Дэд бүтэц, хөгжлийн чиг хандлагаа хэдийнэ тодорхойлжээ. Хөрөнгө мөнгө хэрэгтэй ч байгалийн баялгаа яаран ухахгүй, “Ногоон уул, цэвэр ус нь алтнаас үнэтэй баялаг” гэсэн уриатайгаар, хамгийн гол нь нутгийн иргэдэд л ашигтай ажиллах зарчимтай гэнэ.
2010 оноос эхлэн Шинжаан-Уйгарт эдийн засгийн тусламж үзүүлэхээр Хятадын 19 хот, мужид даалгавар өгсөн нь энэ хугацаанд 47 тэрбум юанийн төсөл хэрэгжүүлжээ. Ялангуяа Кашгар хотыг Шанхай хот даан авч тусалж буй тул зам тээврийнх нь асуудлыг үндсэнд нь шийдээд өгчихсөн байна. Дан ганц худалдаа ч биш аялал жуулчлалын ачаар их мөнгө орж ирнэ гэж Төв Азийн орнууд найдан хүлээж байна. Узбекстан улс эртний алдарт Бухар, Самарканд хотуудаа торгоны замын аяллын брэнд болгохоор хэдийнэ бэлтгэж эхэлсэн бол манай орны хувьд Хархорин, Ховд хотууд ийм боломжтой.
Шинжаан-Уйгарыг Төв Азийн санхүү, юанийн төв болгон хувиргах энэ төслөөр дэлхий дахины эрх мэдэл, мөнгө санхүүгийн төв Европоос Азид шилжин ирэх болно. Анхны торгоны замын үед Ази тив дэлхийн төв байсан үе буцан ирнэ гэсэн үг. Дэлхийн эдийн засгийн газрын зургийг үндсээр нь өөрчлөх энэхүү торгоны замын дагуу орших улс орнууд хөгжин цэцэглэж, БНХАУ, ОХУ урьд өмнө байгаагүй хүч чадалтай болно гэж судлаачид үзэж байна.
“Шинэ торгоны зам, эдийн засгийн бүс” төслийг санаачлагч нь Хятад улс ч энэ төсөлд багтсан бүх орон хамтран ажиллах шаардлагатай. Торгоны замын дагуух орнууд хөгжлийн түвшин, улс төрийн тогтолцоо, ашиг сонирхол өөрөөр байгаа нь энэхүү мега төслийн хэрэгжилтэд саад болж болох ч хэрэгжүүлэхийн тулд Төв Азийн орнуудын ард түмэн, улстөрчдийн мэргэн ухаан, тэвчээр хатуужил, эр зориг ихээхэн хэрэг болох нь гарцаагүй.
Эртний торгоны зам нь худалдаа, наймаа төдийгүй ард түмэн хоорондын соёл, уламжлалын солилцох газар болж байлаа. Тэр үеийн худалдаа төгс төгөлдөр биш байсан байж болох ч гаднын ямар ч нөлөөнд автдаггүй, торгоны замын дагуух бүх оронд харилцан ашигтай эд байлаа. Орчин үеийн дэлхийн эдийн засаг нь тэрхүү торгоны замын эхлэлийг нь тавьсан харилцан ашигтай байх гэсэн зарчим дээр тулгуурлан хөгжиж, тогтсон юм.
Тэр цагаас хойш 2000 жил өнгөрсөн ч алдарт торгоны зам ахин сэргэх нь гарцаагүй болж байна. Хямралд ороод буй дэлхийн эдийн засаг сэргэж, өсөн дэвжих түлхэц нь ч торгоны зам байж болзошгүй. Монгол Улс энэ замын чухал хэсгийн хувьд өөрийн хувиа хүртэж, өсөн дэвжих замдаа орох боломж эндээс үүдэх юм.
Үргэлжлэл бий.
М.СУГАР-ЭРДЭНЭ